| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0631/Э |
| Дугаар | 636 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн, улсын яллагч П.Ганбаатар, шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гэгээн овогт Өлзийсайханы Болортуяад холбогдох эрүүгийн “1909015580729” дугаартай, 186/2019/631/Э индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 35 настай, дээд боловсролтой, эрүүл ахуйн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 77-31 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө Б /РД:ФБ84011803/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 77-51 тоотод нөхөр Н.Батсайханыг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун зүүн хацар, хүзүү цээж, баруун зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт, баруун зүүн чихний дэлбээнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Ө.Б нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Нөхрийнхөө биед гэмтэл учруулсан гэж үзсэн. Би удаа дараа зодуулж байсан. Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.Батсайханы:..Би 2019 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 00 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 9 дүгзэр хороо Алтай 77 дугаар байрны 51 тоот гэртээ ганцаараа орж ирсэн. Тухайн үед гэрт миний хүү Ариунболд, эхнэр Болортуяа нар байсан. Дараа нь би том өрөөнийхөө буйдан дээр суугаад унтаж амрах гэж байтал манай эхнэр Болортуяа гэнэт над дээр хүрч ирээд чи миний фэйсбүүк хаягийг блок хийдэг хэн бэ чи гэж хэлээд хоёр гараараа миний нүүр, цээжийг маань майжаад, самардаад, үснээс зулгаагаад, хоёр гарыг маань хазаад нүүр царайг минь хүн харахын эцэсгүй болтол урж майжаад тэгээд сүүлд нь би эхнэрээсээ чи яагаад намайг ингэж байгаа юм бэ гэж хэлсэн чинь эхнэр надад хандаж чи миний фэйсбүүк хаягийг блоколсноос болоод ингэсэн шүү гэж хэлээд миний хацар нь дээр үнсээд жижиг өрөө рүү орсон. Би Болортуяад эсэргүүцэл үзүүлээгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би өөрийн эхнэр Ө.Бд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг надад эхнэр Ө.Б учруулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-н 18-19/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Мөнхбатын:...2012 билүү 2013 онд анх Батсайхантай уулзаад танилцаад хэсэг уулзаж байхад түүний эхнэр гэх Болортуяа нь гэнэт гаднаас орж ирээд ямар ч яриа, мэнд усгүй нөхөр Батсайханыгаа үгийн зөрүүгүй толгой руу нь алгадаад аваад гарч байсан. Түүнээс хойш энэ хоёр хоорондоо маргалдаж, хэрэлдэж муудалцдаг болсон байсан. Тухайн маргалдах үе бүртээ Батсайханы толгой нь хагарсан, нүүр амаа битүү маажуулцан байдаг байсан. 2016-2017 онд Батсайхан бид хоёр болон өөр бусад залуустайгаа хамт нэг газар суугаад 1-2 пиво уугаад хоол идэнгээ хөзөр тоглож байтал гаднаас эхнэр Болортуяа нь орж ирээд нөхөр Батсайханлуугаа дайраад зодоод тэр газарт хэрэлдэж байгаад гарж байсан. Тухайн үед би Болортуяа Батсайхан руу дайраад цохиж нүдээд байхад нь би Болортуяаг Батсайханаас салгаж байсан гэх мэдүүлэг. /хх-н 25/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ц.Батсүхийн:...Батсайхан, Болортуяа хоёр нь хоорондоо их маргаантай хэрүүл тэмцэлтэй байдаг. Анх 2016 онд Батсайхан би эхнэртээ зодуулчихлаа Болороо намайг хий худлаа зүйлээр өөр эмэгтэй хүнтэй хардаад миний нүүр амыг хүн харахын эцэсгүй болгочихлоо гэж хэлж байсан. Түүнээс хойш тэр хоёр их хэрүүл маргаантай байдаг байсан. Нэг удаа Батсайханы эхнэр Болортуяа нь ломбарданд орж ирээд нөхөр Батсайханыгаа үгийн зөрүүгүй толгойн тус газарт гараараа нүдээд балбаж байсан. Ер нь Батсайхан ажил дээрээ эхнэртэйгээ маргалдлаа, муудалцлаа гэж ирэх бүртээ чих, хацар, нүүр, ам,
бүсэлхийнээс дээшээ хэсэг бүгд маажиж, самардаж зулгарсан ирдэг байсан гэх
мэдүүлэг. /хх-н 27/,
2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Ганзоригийн:...Миний мэдэж байгаагаар анх 2014 онд Батсайхан, Болортуяа хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаж болсон. Би яг хэдэн онд болсныг нь сайн санахгүй байна, тухайн үед би тэр хоёрыг салгах гээд очтол Болортуяа нөхрийгөө заамдаад нүүр рүү нь цохиж байсан удаатай. Энэ үед Батсайхан нь эхнэрийнхээ биед гар хүрээгүй. Энэ ингээд байх юм гэж хэлээд Болортуяаг түлхэж байсан. Дараа нь тэр хоёрыг салгаад Батсайханыг би гэрт нь хүргэж өгч байсан үйл явдал болж байсан. Үүнээс хойш Батсайхан нь эхнэртээ цохиулчихлаа нүүрээ майжуулж, самардуулчихлаа гэж хэлээд ажилдаа удаа дараа ирдэг байсан. Тэр үед нүүр биеийг нь харахад гарыг нь хазсан шүдний ором орсон, хүзүү, нүүр энд тэндгүй хумсны шинэхэн цус нь гойжсон сорвитой орж ирдэг байсан гэх мэдүүлэг. /хх-н 29/,
2.5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4792 тоот актын:
1.Н.Батсайхан-н биед зүүн нүдний зовхи, баруун зүүн хацар, хүзүү, цээж, баруун, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт, баруун, зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт.
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 77-51 тоотод нөхөр Н.Батсайханыг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун зүүн хацар, хүзүү цээж, баруун зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт, баруун зүүн чихний дэлбээнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.Батсайхан, гэрч М.Мөнхбат, Ц.Батсүх, Б.Ганзориг нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Н.Батсайхан нь санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Бг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ө.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ