Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 996

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н, Э.С нарт холбогдох эрүүгийн 1902 00035 0091 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц.Н, 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 147 дугаар байрны 21 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, /

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.С, 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд Салхитын 37-526 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лайк нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай буюу 0.6638 грамм “өвс” мэт зүйл, цагаан өнгийн цаасан дээр тавьсан 7.3933 грамм “өвс”-ний нунтаг мэт зүйл, хэрэглүүр бүхий 1 ширхэг шатаж бохирлогдсон тугалган цаас, 1 ширхэг “Кока кола” гэсэн бичигтай хайлсан ундааны сав зэргийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Э.С нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лайк нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай буюу “Crиme 21” гэсэн бичиглэл бүхий дотроо нунтаг “өвс” мэт зүйлтэй тосны сав, “AR4154663” серийн дугаартай 1.000 төгрөгний дэвсгэрт зэргийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг  шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Ц.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гэрч Д.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хүү Нямдаваа 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод 2 дугаар амаржих газар айлын ууган хүү болж мэндэлсэн. 2005 онд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуульд элсэж, 1 жил сураад 2 дугаар ангиасаа 23 дугаар сургуульд шилжиж 10 жилийн боловсрол эзэмшсэн. Дунд сургуулиа төгсөөд ямар нэгэн их сургуульд суралцаагүй юм. Учир нь гэвэл Н-ийн аав Цогзол бид хоёр Солонгос улсад ирэн очин байдаг учир Н-г их сургуульд сургах гэж байхдаа Солонгос яваад амжаагүй юм. Н бага наснаасаа буюу 15 настай байхдаа Солонгост амьдарч хүнд ажил хийж гэр бүлдээ нэмэр тус болдог байсан. Энэ үзсэн туулсан зам нь түүнийг хатуужилтай, тууштай, зоримог хүн болж төлөвшихөд нөлөөлсөн. Н дунд ангид суралцаж байх үеэсээ эхлээд уралдаан тэмцээнд алгасалгүй оролцдог нийгмийн идэвхитэй хүүхэд байсан. Хүү минь бага насандаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж байсан. Одоо холитог тулааны урлагаар хичээллэх гээд багш дасгалжуулагч хайж байгаа. Зан араншингийн хувьд сэтгэл хөдлөл өндөртэй, ил цагаан зантай, илэн далангүй, бусадтай эвтэй найртай дотно харилцаатай одоо хүртэл 10 жилийн ангийн багштайгаа холбоотой байдаг. Нийгмийн идэвхи өндөртэй хүн байгаа юм. Саяхан манай нөхөр Солонгос улсад ажиллаж байх үедээ зуурдаар нас барсан. Энэ явдал нь Н-ийн хувьд цочир их хүнд мэдээ болоод байгаа. Хүүгээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг эсэх талаар нь би урьд өмнө нь огт мэдээгүй. Цагдаагийн байгууллагад ирээд л энэ талаар дуулаад их цочирдлоо...” /1хх-ийн 72-73/,

Гэрч Э.Сувд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Намуун бид 2 нүүрээ янзлах гээд ариун цэврийн өрөөнд ороод ойролцоогоор 30-аад минут болсон. Тэгээд гарч ирэхэд Энхүүш 3 залуугийн хамт байж байсан. Тэгээд тэр өвсөө нэг ундааны савтай зүйл байсан үнэр гэж аймаар зүйл байхаар нь би та нар айдаггүй юмуу гэсэн чинь Энхүүш угаасаа ямар ч өвс байхгүй гэсэн. Тэгээд би ширээн дээр байсан цагаан алчуурыг аваад ариун цэврийн өрөө орчихоод ирэхэд Намуун нэг сорж харагдсан. Тэгээд ханиалгаад байсан. Тэгэхээр нь би болиоч тэнэг юм уу гэж хэлсэн. Тэгээд тэр зүйлээ хийхээ больсон. 2 том пиво, жижиг савтай ундаа, 1 том түмний кола байсан. Тамхины үнсний сав, үнсний саванд мөнгөлөг цаас байсан. Нойтон салфетька, 2 аяга, хуйлаастай мөнгө, хайрцагтай парламент нэртэй тамхи, улбар шар өнгөтэй тосны сав гэсэн зүйлүүд байсан...” /1хх 75/,

Гэрч Б.Билгүүн дахин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...зочид буудалд очоод бид нар хамтдаа сууж байхад Н өөрийнхөө өмсөж явсан куртикны халаасан дотроос цагаан цаасанд боосон бага хэмжээтэй өвсийг гаргаж ирээд "Өвс татах уу" гэж бид нараас асуусан бөгөөд бид нар ч зөвшөөрч тэр өвсийг хамтдаа татацгаасан. Намайг тухайн зочид буудлын өрөөнд байхад Энхбаясгалан, Эрка нар биедээ өвс хадгалж байгаагүй, өөрийнхөө биенээс өвс гаргаж ирээгүй. Тиймээс уг зочид буудалд байхад хэрэглэсэн өвс нь Н-ийн биенээс гарч ирсэн өвс..., Миний харсанаар бол тухайн өвс Нямдаваагаас гарсан. Эрка тэр өдөр бид нарыг Зочид буудалд очсоны дараа удалгүй гадагшаа яваад удалгүй буцаж орж ирээд юмаа мартчихаж гэж хэлээд түлхүүрээ аваад явсан.., Энхбаясгалангаас өвс гараагүй." гэх мэдүүлэг /1хх-ийн 91 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.Намуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Эрка ажилдаа явахаар болж буудлаас явсан бөгөөд Сувд-Эрдэнэ, Энхбаясгалан бид гурав үлдсэн. Энхбаясгалан өөрийнхөө утаснаас Н-ийн утас руу залгаад хүрээд ир гэсэн бөгөөд Нямдаваа, Хас-Эрдэнэ, Билгүүн нар хамтдаа буудалд оройн 17 цагийн үед ирсэн. Тэд нарыг орж ирэх үед С бид хоёр ариун цэврийн өрөөнд ороод нүүрээ будаж байгаад гарч иртэл өрөөнд Энхбаясгалан, Нямдаваа, Хас-Эрдэнэ, Билгүүн нар байсан бөгөөд өрөөний ширээн дээр битүүлж ороосон дөрвөлжилсөн цаастай зүйл байсан.., Тухайн зүйлсийг дэлгээд ширээн дээр тавьсан байхыг нь харахад дотор нь өвс шиг зүйл байсан. Н надаас шинэ мөнгө байна уу гэхээр нь тухайн үед надад байсан шинэ хорьтын дэвсгэртийг гаргаж өгсөн. Энхбаясгалан нэг ундааны савны бөөрөн дээр цоолсон бөгөөд Хас-Эрдэнэ, Билгүүн, Энхбаясгалан нар ээлжилж сорсон.., Сгите 21 бичигтэй улбар шар өнгийн тосны сав бол ямартай ч С-ийн цүнхэнд удаан хадгалагдаж чи мэдүүлэг өгөхдөө цагдаа нар чамаас "тэр өвс нэхээс гарч ирсэн бэ" гэж асуувал Эркагаас гарч ирсэн гэж хэлээрэй. Эркагийн талаар асуувал мэдэхгүй гэж хэлээрэй. Өөр илүү дутуу юм битгий яриарай.., Н бид хоёр уулзаж энэ талаар ярилцсан. Эркагаас өвс гарч ирсэн гэж хэлсэн нь зөв юм байна. Н бид хоёр нөгөө хэддээ бас хэлнэ" гэж ярьж байсан.." гэх мэдүүлэг /1хх-ийн 96-99 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Намуунаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд "...С-ийн мэдүүлэг худал гэдгийг дахин хэлмээр байна. Эркагийн өвс биш ээ. Эрка бол уг хэрэгт огт хамааралгүй хүн. Өмнө өгсөн мэдүүлэгтээ би Энхбаясгалангийн хувцас хунарыг нэгжиж үзсэн талаараа мэдүүлсэн. Тухайн үед Энхбаясгалангийн биед ямар ч өвс байгаагүй. Би өөрөө тухайн үед мөнгө хайж бүх хувцасныг нь үзсэн болохоор мэдэж байна.." гэх мэдүүлэг /1хх-ийн 100-101/,

 

Гэрч О.Хас-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Бид гурав очоод өрөөнд орох үед тухайн өрөөн дотроос ямар нэгэн өвсний эвдэв үнэр ханхлаагүй байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 110/,

 

Гэрч Б.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би тэр гуравтай уулзсанаас хойш гадуур яваад, зочид буудалд хамт хоноод би маргааш нь уг зочид буудлаас явах хүртэл эдгээр гурван хүнд өвс болон бусад мансууруулах төрлийн бодип байгаагүй " гэх мэдүүлэг /1хх-ийн 124-125/,

Гэрч Ж.Энхбаясгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Тэр гуравыг ирэхээс өмнө буудлын өрөөнд ямар ч өвс байгаагүй.." гэх мэдүүлэг /1хх-ийн 131-132/,

Яллагдагч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: "..Үнэнийг хэлэхэд Creme 21 гэсэн бичигтэй тосны сав нь миний эд зүйл мөн. Creme 21 бичигтэй улбар шар өнгийн тосны саванд урьд өмнө би жаахан өвсний үлдэгдэл хийсэн байсан. Тэр савыг хаяагүй.., шалтгаан нь гэвэл анхнаасаа Эркагийн эд зүйл гэж хэлэхээр тохиролцсон байсан учраас би өөрийн эд зүйл гэж хэлээгүй юм.." гэх мэдүүлэг /1хх-ийн 177-178/,

Яллагдагч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Биднийг яваад очих үед зочид буудлын өрөөнд Энхбаясгалан, Намуун, С 3 хамтдаа байж байсан. Тухайн үед Эрка байгаагүй, гараад явчихсан байсан. Бид нар хамтдаа пиво ууцгаасан. Өвсийг хэн гаргаж ирсэн талаар би мэдээгүй. Өвс байсан талаар цагдаад баригдаад мэдсэн. Эдгээр хүмүүс дундаас Энхбаясгалан, Хас-Эрдэнэ, Билгүүн нартай бусдыг нь бодоход дотно харилцаатай, Намуун С нарыг урьд өмнө нь нэг удаа харж байсан. Би тухайн буудалд орохдоо биедээ ямар нэгэн мансууруулах бодис авч ороогүй. Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уг бодисыг буюу өвсийг хэрэглээгүй. Уг шээснээс гарсан бодисыг би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 173-175/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 65/, Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлсийг хүлээлцсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 61-64/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 976 дугаартай дугаартай дүгнэлт:

1. "...Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №2 гэж дугаарласан цагаан өнгийн цаасанд боосон өвс мэт зүйл, №3 гэж дугаарласан "Coca Cola" гэсэн бичиглэл бүхий, хайлсан ундааны сав, №4 гэж дугаарласан гадуураа хальсан уутаар ороосон, мянган төгрөгийн дэвсгэрт тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

2. Шинжилгэнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн 2, 4 гэж дугаарласан дээжүүд нь бага хэмжээтэй ирүүлсэн тул жинг тогтоох боломжгүй байна..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 138-140/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 612 дугаартай дугаартай дүгнэлт:

1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. ...Б.Билгүүн гэсэн хаягтай шээс, А.Намуун гэсэн хаягтай шээс, С гэсэн хаягтай шээс, Н гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно..." гэх дүгнэлт /1хх-ийн 144-147/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх 123, 128/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 57, 1хх-ийн 195/, Нямдаваагийн хувийн байдалтай холбоотой баримт /1хх 2015-259/, шинжилгээний обеъкт, шинжээч томилсон /1хх 149/, зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лайк нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай буюу 0.6638 грамм “өвс” мэт зүйл, цагаан өнгийн цаасан дээр тавьсан 7.3933 грамм “өвс”-ний нунтаг мэт зүйл, хэрэглүүр бүхий 1 ширхэг шатаж бохирлогдсон тугалган цаас, 1 ширхэг “Кока кола” гэсэн бичигтай хайлсан ундааны сав зэргийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь,

Шүүгдэгч Э.С нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лайк нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай буюу “Crиme 21” гэсэн бичиглэл бүхий дотроо нунтаг “өвс” мэт зүйлтэй тосны сав, “AR4154663” серийн дугаартай 1.000 төгрөгний дэвсгэрт зэргийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Гэрч Б.Билгүүний: "...зочид буудалд очоод бид нар хамтдаа сууж байхад Н өөрийнхөө өмсөж явсан куртикны халаасан дотроос цагаан цаасанд боосон бага хэмжээтэй өвсийг гаргаж ирээд "Өвс татах уу" гэж бид нараас асуусан бөгөөд бид нар ч зөвшөөрч тэр өвсийг хамтдаа татацгаасан. Намайг тухайн зочид буудлын өрөөнд байхад Энхбаясгалан, Эрка нар биедээ өвс хадгалж байгаагүй, өөрийнхөө биенээс өвс гаргаж ирээгүй. Тиймээс уг зочид буудалд байхад хэрэглэсэн өвс нь Н-ийн биенээс гарч ирсэн өвс...," гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч А.Намууны: "...С-ийн мэдүүлэг худал гэдгийг дахин хэлмээр байна. Эркагийн өвс биш ээ. Эрка бол уг хэрэгт огт хамааралгүй хүн. Өмнө өгсөн мэдүүлэгтээ би Энхбаясгалангийн хувцас хунарыг нэгжиж үзсэн талаараа мэдүүлсэн. Тухайн үед Энхбаясгалангийн биед ямар ч өвс байгаагүй. Би өөрөө тухайн үед мөнгө хайж бүх хувцасныг нь үзсэн болохоор мэдэж байна.." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 100-101/,

Гэрч Ж.Энхбаясгаланы: "...Тэр гурвыг ирэхээс өмнө буудлын өрөөнд ямар ч өвс байгаагүй.." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 131-132/ болон шүүгдэгч нар өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.С, Ц.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.С, Ц.Н нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.С, Ц.Н нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, түүний үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн 0.6638 грамм “өвс” мэт зүйл, цагаан өнгийн цаасан боосон 7.3933 грамм “өвс”-ний нунтаг мэт зүйл, хэрэглүүр бүхий 1 ширхэг шатаж бохирлогдсон тугалган цаас, 1 ширхэг “Кока кола” гэсэн бичигтэй хайлсан ундааны сав, “Сreme21” гэсэн бичиглэл бүхий дотроо нунтаг “өвс” мэт зүйлтэй тосны сав зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст, “AR4154663” серийн дугаартай 1.000 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Н, Э.С нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.С, Ц.Н нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох, сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, Э.С, Ц.Н нарт тус бүр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 /гурван/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн 0.6638 грамм “өвс” мэт зүйл, цагаан өнгийн цаасан боосон 7.3933 грамм “өвс”-ний нунтаг мэт зүйл, хэрэглүүр бүхий 1 ширхэг шатаж бохирлогдсон тугалган цаас, 1 ширхэг “Кока кола” гэсэн бичигтэй хайлсан ундааны сав, “Сreme21” гэсэн бичиглэл бүхий дотроо нунтаг “өвс” мэт зүйлтэй тосны сав зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, “AR4154663” серийн дугаартай 1.000 төгрөгийн дэвсгэртийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Монгол банкинд даалгасугай.

 

4. Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.С, Ц.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, Э.С нь 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.С, Ц.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР