| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 129/2024/00335/и |
| Дугаар | 211/МА2025/00002 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 211/МА2025/00002
211/МА2025/00002
Д.Өы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 129/ШШ2024/00474 дугаартай шийдвэртэй
Т овогт Дгийн Өы нэхэмжлэлтэй
Б овогт М Пид холбогдох
8.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Өы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Ө
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М
Хариуцагчийн өмгөөлөгч О.Б
нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Нэхэмжлэгч Д.Ө анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Оёдолчны холбоонд оёдолчноор ажилладаг, М.Поос такси үйлчилгээ авдаг байсан. Ингээд М.П жолооч надад хамтран ажиллах санал тавьж хамт 2 жил ажилласан. Гэтэл сүүлдээ гэр орон ажлын байранд байнга дарамталж сүүлдээ зодож 2 шүдийг цөм цохисон. Тухайн үедээ цагдаа шүүхэд хандахгүйгээр тохиръё шүдийг чинь төлнө гээд тохиролцсон. Эхлээд хиймэл шүд хийлгэе дараа нь суулгаж шүд хийлгэхээр тохирсон. Гэтэл одоо уг М.П нь утсаа ч авахаа больсон. Суулгаж хийх шүд нэг ширхэг нь 4 сая төгрөг, 2 шүд 8 сая төгрөг болсон. Ингээд уг хүн төлж өгөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Гомдлыг минь барагдуулж өгнө үү” гэжээ
1.2 Хариуцагч М.П анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Д.Ө нь 2022 онд таксинд явж байтал тосч сууж ярилцаад манай оёдлын 5, 6 эмэгтэй хамтран гутал хийдэг юм. Манайд жолоочоор ажиллахгүй юу гэснээр тэр эмэгтэйчүүдтэй хамтран ажилласан юм. Эхний үеүдэд таксины мөнгө төлөөд Б, Н, Ц, А худалдааны төвүүдээр гутлын хэв материал солилцох, авах өгөх, ажлуудыг хийсэн. Д.Ө аймгийн 100 жилээр манай оёдлын эмэгтэйчүүд хоёр хоёр сая төгрөг гаргаж материал авч оёдол хийж орлого олно. Маш их орлого ордог юм. Чи хоёр сая төгрөг гаргачих гэж удаа дараа шаардаж байгаад надаас 2 сая төгрөг авсан юм. Оёдолчид нь мөнгөө өгөөгүй юм байна лээ. Үндсэндээ намайг залилаж мөнгө авсан. Дараа нь би мөнгөө авъя гэсэн. Мөнгөгүй тул 1 гутал сая төгрөгөөр ав гэхээр нь авч охиндоо өгсөн. Тэгээд 1 жил надтай мөнгөтэй, мөнгөгүй таксидах хугацаанд шүдний талаар юу ч яриагүй. Энэ жил юм хийх гэсэн юм мөнгө байхгүй гээд байхаар нь 2 удаа 100,000 төгрөг өгсөн. Буцааж өгөөгүй. Д.Ө нь мөнгө төгрөг авах болохоор маш сайхан ааш зан гаргаад мөнгөгүй болохоороо харааж зүхэж цохиж авах зэрэг арга зальтай архинд маш дуртай. Барьцгүй хүн байгаа юм. Мөнгөний хэрэгтэй болоод хүнээр заалгаж надаас мөнгө нэхсэн байна. Д.Ө нь хүний үгэнд их оромтгой зан харьцааны доголдолтой архи их уудаг, болсон болоогүй хүнтэй мөнгөтэй л бол холбогддогийг нь аймгийн таксины жолооч нар андахгүй юм билээ. 4 сард надад өгөх 1,200,000 төгрөгөө өгч чадахгүй ямар нэг асуудал гаргахгүй ингээд цэглэе гээд гар барьж тохирсон. Саяхан архи уусан үедээ намайг дуудаад явж байгаад надад ажил гарсан тул гэртээ буучих гэсэн чинь уурлаад цайныхаа саваар машины урд цонхыг хагалж би цагдаад аваачиж өгсөн. Мөнгөгүй тул би өөрөө 500,000-аар шилжүүлсэн. Иймд Д.Өы нэхэмжилж байгаа 8 сая төгрөгийг төлөх ямар ч үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Д.Ө нь 2023 оны 06 сард намайг таксинд явж байхад хүрээд ир таксинд явъя гэсэн юм. Намайг яваад ортол хэл амаар асар их доромжилж, түлхэн хөөж туусан. Би чи л намайг дуудаа биздээ гэтэл чи гадуур банзалдаж яваад ирээ биз хар гуйлгачин гэх мэт аймаар муухайгаар гутаасан юм. Би тэсэхээ байгаад гарынхаа араар 1 удаа алгадсан. Шүд ам руу цохиогүй. Тэгээд маргааш нь зөв зүгээр надтай таксидаад хүмүүстэй уулзаад явсан. 1 жил гаруй шүдний талаар огт яриагүй байж байгаад гэнэт мөнгө төгрөг нэхэж байгаа нь надад ойлгомжгүй байна. Д.Ө нь гэрлийн мөнгөгүй боллоо, утас сунгаад өгөөч гэхээр нь тухай бүрт нь мөнгө өгдөг байсан. Өмнө нь Д.Ө байнга шүдний модоор урд 2 шүдээ ухдаг байсан. Суларсан шүдээ эмчид үзүүлж авхуулаад шүд хийлгэнэ гэж ярьж байснаас мөнгө төгрөг огт ярьдаггүй байсан. Д.Ө нь Т сумын Х, Т нуур, Ц сумын Т, Ч баг, Э сумдаар явахдаа энэ талаар огт яриагүй зүв зүгээр идэж уугаад л явсан. Би Д.Өы нэхэмжилсэн 8 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Биологийн насны онцлогоор өмнө нь хөдөлж суларсан шүдээ авхуулахгүй бол төвөгтэй юм гэж авахуулчихаад одоо намайг цохиж унагаасан мэтээр гүтгэж байгаа нь хүнээс мөнгө салгах арга гэж бодож байна. Д.Ө нь хүнтэй харьцах харьцаа муутай, хүнтэй дандаа хэрэлдэж байдаг маш их зальтай өр шир ихтэй хүнээс байнга мөнгө нэхдэг хүн юм. Би энэ хүнээс мөнгөний авцаатай болохоос биш мөнгө өгөх асуудал байхгүй. Ийм учир хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.
2.1 Нэхэмжлэгч Д.Ө анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анх 06 дугаар сард Пийг цохиход нь би өөрийн эгч дүү нартаа хэлээгүй. Хамт ажилладаг төрөл О хэлж байсан. П гуай 2,000,000 төгрөг нийлүүлээд манай ажлынхантай хамт 100 жилээр юм хийхээр болсон. Гэнэт нэг өдөр гадаа юм гагнуулаад сууж байтал хөлөөрөө тангарчихсан. Энэ үед шүд маань нэлээн доргичихсон байх. Дараа нь цохихдоо П балай юмны том шүд бөгж хугалчихлаа гэж хэлж байсан. Мөн дараа нь бөгжөө гагнуулж байгаа гэж хэлж байсан. Тэгээд би эхнэр рүү нь залгаад танай нөхрийн мэдрэл зүгээр үү, нэг юм байх шиг байна, утсаа авахгүй байна гээд цохичихлоо, галзуу юм биш биз, та мэддэг үү гэж асууж байсан. Гэтэл эхнэр нь цагдаад өг гэж хэлж байсан. Би хамтарч ажиллаж байгаа болохоор цагдаад мэдэгдэж чадаагүй. П цагдаад битгий хэлээрэй, манайханд битгий хэлээрэй гэж гуйгаад байсан болохоор би цагдаад мэдэгдээгүй. Ингээд намар болтол мөнгө өгөөгүй. Тэр жил мөсний баяр болох гээд би нүүдлийн соёл тайлбарладаг тул ярих гэхээр шүд байхгүй эвгүй, хүмүүс миний яриаг ойлгохгүй байсан. Тэгээд би мөсний баяр болохоос өмнө шүдээ хийлгэе гэж бодоод Поос мөнгөө нэхэхэд П 1,000,000 төгрөг суутгачихъя гэж байсан. Сүүлд нь нэг ирэхээр нь би айгаад цүнхтэй мөнгөө хаяад зугтаачихсан. Цагдаа 2 хүүхдийн хамт миний цүнхийг олж өгсөн. Бид нар мөнгө нийлүүлж хийсэн ажлынхаа ашгийг хуваах гэж бөөн юм болсон. Пийн 2,000,000 төгрөгийн оронд зүү ороох оёдлоор оёсон гутал өгсөн. Энэ ажил ер нь ямар ч ашиггүй байсан. Би олон зүйл яримаар байгаа хэдий ч шүдний асуудлаа л тодруулъя. Пийн өгсөн 1,000,000 төгрөгөөр нь би уян шүд хийлгэсэн. Гэтэл шүд нь таарахгүй байсан тул дахиж Улаанбаатар явж авхуулсан, эмчилгээ хийлгэсэн. Ингэж нааш цаашаа яваад 1,000,000 төгрөг нь дуусчихсан. Шүд хийлгэх мөнгөнийхөө талаар Пид хэлэхээр за гэчихээд яваад байсан тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа П чи нэхэмжлэлээ авчих, шүд хийлгэхэд 3,000,000 төгрөг болдог гэж байна, би чамд 6,000,000 төгрөг өгье гэж хэлж байсан. Тэгээд төлөөгүй. Өмгөөлөгч аваад өөрөө шүүх хуралдаанд оролцохгүй, би цохиогүй гээд хэлчихээр болчихно гэж бодсон байх...2023 оны 06 сард Улаанбаатар хотоос ирж байхад утас руу залгасан байсан. Би утсаа унтраагаад унтчихсан юм. Тэгээд гэртээ ирээд унтаж байтал П орж ирээд гутлаараа өшиглөсөн. Тэгэхэд нэлээн цус гарсан. Тухайн үед миний шүд хөдөлсөн байх. Намайг 2, 3 удаа цохиж байсан. Би өнөөдөр ганцхан шүд цохисон талаар л ярьж байгаа. Бусад зүйлийг нь ярихгүй байгаа. Нэг нь уначихсан. Нөгөө нь хөдлөөд байхаар нь эмнэлэгт үзүүлтэл авахаас өөр аргагүй. Авч байж шүд хийнэ гэж хэлсэн. ” гэжээ.
2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Д.Ө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа П миний хоёр шүдийг цөм цохиж унагасан. Тухайн үед цагдаа шүүхэд хандахгүйгээр тохиръё гээд өнөөдрийг хүртэл явж байгаа. Би 1 шүдээ 4,000,000 төгрөгөөр үнэлж, 2 шүдний 8,000,000 төгрөг нэхэмжилж байна гэсэн. Нэхэмжлэлийг гардаж аваад хариуцагч хариу тайлбар өгсөн. Хариуцагч хариу тайлбартаа би шүд рүү нь цохисон асуудал байхгүй, энийг би хариуцахгүй, хамтарч юм хийгээд 2,000,000 төгрөг өгөөд буцааж авч чадаагүй. 1,000,000 төгрөгт нь гутал авсан. Ингээд 1,000,000 төгрөг үлдсэн. Дараа нь Ө 100,000 төгрөгөөр 2 удаа надаас мөнгө зээлсэн. Ө надад 1,200,000 төгрөгийн өртэй. Би сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч Өаас авах авлагатай хүн. Тэрнээс биш надад мөнгө төгрөг өгөх асуудал байхгүй гэсэн тайлбар бичгээр гаргасан байгаа. Мөн хариуцагч Өы гуйлтаар таксинд явсан. Нэг өдөр яваад очтол хаагуур базалдаад яваад ирэв, хар гуйлгачин минь гэх мэтээр хараагаад байсан болохоор нь гарынхаа алгаар хацар луу нэг удаа алгадсан. Алгадахдаа шүд рүү цохиогүй. Үүнээс хойш зүгээр ингээд ажлаа хийгээд явдаг байсан. Тэгсэн хэр нь шүүхэд нэхэмжлэл гаргаад мөнгө нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Нэхэмжлэгч 8,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа боловч нэхэмжлэгчийн эрүүл мэндэд нь ямар гэмтэл учирсан юм бэ, гэм хор учруулсан зүйл байгаа юм уу, ямар хор уршиг гарсан юм бэ гэдэг нь нотлогдон тогтоохгүй байгаа. Нэхэмжлэгч олон зүйлийн талаар ярьж, янз янзаар тайлбар гаргадаг хэдий ч нэхэмжлэлийн шаардлага болон яриад байгаа зүйлээ нотолсон баримт шүүхэд өгөөгүй буюу энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл хоёр шүдийг нь унагаж гэм хор учруулсан, хиймэл шүд хийлгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон гэрч асуулгах хүсэлт гаргаж, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаж байсан. Тэр болгоныг нь шүүх хангаж шийдвэрлэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр л гэхэд 2 гэрч асуулгана гээд аваад ирчихсэн байна. Өы шүдэн тус газар нь буюу шүд рүү нь хариуцагч цохисон зүйл байхгүй. Энэ нь нотлогдон тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч тал шүд ямар хүчин зүйлийн улмаас, хэзээ унасан, хэний, юуны буруутай үйлдэл, эсвэл байгалийн жамаараа унасан юм уу гэдгийг тогтоолгохоор шинжээч томилуулсан шинжээчийн дүгнэлтээр Өы хоёр шүд унасан талаар тухайн үеийн эмнэлгийн баримт бичиг байхгүй учраас шүд хэзээ унасныг, яаж унасныг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч зүгээр л миний 2 шүдийг П цөм цохисон гэж яриад байгаа хэр нь үүнийгээ нотолж чадахгүй байна. Мөн нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сард Тана арцад гэдэг эмнэлэгт 30,000 төгрөгийн төлбөр төлөөд 1 шүдээ авхуулчихсан байна. Төлбөрөө Должинсүрэн гэдэг касс дээр төлсөн байна. Цохиулсан гэж яриад байгаа өдрөөсөө хойш бараг хагас жилийн дараа яваад хагас жилийн дараа дахиад нэг шүдээ авхуулсан байна. Мөн саяхан энэ 09 дүгээр сард амбулаторийн шүдний эмч дээр очиж ёзоороо авахуулсан байна. Үүнээс харахад 2 шүдийг нь цөм цохиж унагаасан зүйл байхгүй байна. Мөн хариуцагч хэлэхдээ Ө өөрөө шүдээ оролдоод байсан байдаг гэж хэлдэг. Ингээд нэхэмжлэгч шүдээ өөрөө зургаан сарын хугацаатай авхуулчихсан байна. Нэхэмжлэгч хэзээ болсон үйл явдал гэдгийг ч мэддэггүй. Цохисон гээд л яриад байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр өмнөх тайлбаруудаасаа өөр буюу орой унтаж байхад утсаа авсангүй гээд гутлаараа цохисон гэсэн тайлбар гаргаж байна. Ө Пийг эхнэрээс нь илүү харааж, зүхдэг. Хамтран амьдраад байгаа юм уу, хамтарч ажиллаад байгаа юм уу. Үүнийгээ ялгадаггүй. Мөн нэхэмжлэгч орой үдэш согтуу залгаад миний амьдрал ахуй доройтоод байвал та нараас болж байгаа шүү, та нараас болж миний амьдрал хэцүүдэж байна гэх мэтээр залгаж дарамталдаг гэж гэрч Гүнжидмаа мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Үүнээс харахад нэхэмжлэгч ямар ч хамааралгүй хүнээс амандаа орсон тоогоо хэлээд мөнгө нэхээд шүүхэд нэхэмжлэл гаргачихсан юм биш үү гэсэн хардлага төрүүлэхээр тайлбар гаргаж байна. Тухайн үедээ шүдээ цохиулаад цус гараад хугараад уначихсан юм бол эмнэлгийн байгууллагад хандахгүй яасан бэ. Эмнэлгийн байгууллагад хандсан гэсэн баримт хэрэгт аваагдаагүй байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэжээ.
А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 129/ШШ2024/00474 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Өы хариуцагч М.Пид холбогдуулан гаргасан 8,000,000 (найман сая)төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60.1, 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан мөнгөн бөгж 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласан байна.
Нэхэмжлэгч Д.Ө давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Д.Өы нэхэмжлэлтэй М.Пид холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 129/ШШ2024/00474 дугаартай шийдвэрийг 2024.11 15-ны өдөр гардан авч, давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна Хариуцагч М.П нь хамгийн анх аймгийн 100 жилийн ойгоос өмнө 6 сард намайг гэртээ хажуу тийшээ хараад хэвтэж байхад гаднаас орж ирээд “танай нүүдлийн соёлыг ажиллуулдаг С яагаад ирэхгүй байгаа юм бэ, чамтай цуг ирнэ гээд надаас мөнгө аваа биз дээ” гэхээр нь “арай ирэх болоогүй ээ” гэж хэлтэл уурлаад гутлынхаа ар өсгийгөөр миний хамрын үзүүр, уруул хоёрын дунд хэсэг рүү тангарсан. Тэгэхэд миний хамраас их хэмжээний цус гарсан. Түүнээс хэдхэн хоногийн дараа би мөн гэртээ хүнээр гагнуур хийлгэж байхад мөн гаднаас орж ирээд “залгаад байхад утсаа яагаад авахгүй байгаа юм бэ” гээд уурлаад хашаанд байсан мэс /алх сүх, рмотур/ хараад байхаар нь гагнуур хийж байгаа хүнээс санаа зовоод гэртээ ортол араас орж ирээд намайг гэрийн орны дээд булан руу шахаад баруун гараараа шүд рүү 2 удаа цохиход тэр даруй уүдэн нэг шүд нь унаж, нэг шүд нь хөдөлсөн. Ингэж хөдөлсөн шүд сүүлдээ санжганаад, өвчин ороод байхаар нь шүд хийлгэх зорилгоор авхуулсан. Би тэр даруй Пийн эхнэр Гүнжидмаад “нөхөр чинь миний шүд рүү цохиод унагачихлаа” гэж хэлтэл “наадхаа цагдаад өг гэж хэлсэн” нь үнэн гэтэл Г нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлээгүй гэж худал мэдүүлэг өгсөн, сүүлд өмгөөлөгч гэрчийг шүүх хуралд дахин оролцуулах хүсэлт гаргаж шүүх хуралд Г нь дахин мэдүүлэг өгөхөөс татгалзаж буй үйлдэл нь түүний өмнөх мэдүүлэг үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Хариуцагч М.П нь бөгжтэй баруун гараараа цохиж миний нэг шүдийг булгалж, нэг шүдийг хөдөлгөчхөөд өмнө хамтран ажиллах зорилгоор надад өгсөн 2 сая төгрөгийн үлдэгдэл нэг сая төгрөгөөр шүдээ янзлуулаарай гэж хэлэхдээ “чи намайг шүдийг чинь цохисон талаар хэнд ч битгий хэлээрэй” гэж ятгаад, гуйгаад байсан Түүнээс хойш одоо ингээд наад хиймэл шүдээрээ болгочих гээд байхаар нь би имплант шүд зоож хийлгэнэ хотод нэг имплант шүд 4 сая төгрөг гэж байна гэхэд “хариуцагч зөвшөөрч 7 сарын 11-ний өдөр хадгаламжийн хүү орж ирэхээр нь би шүдний чинь мөнгийг өгье, тэр болтол дуугарч болохгүй шүү” гэж байснаа хот явж ирчхээд “хотод нэг имплант шүд 3 сая болсон байна" гээд байсан. Түүнээс хойш удахгүй өгнө гэж худал хэлж хуурч явсаар өнөөдрийг хүрсэн Би М.Пийг өөрийн эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан гэж гүтгэх ямар ч шаардлага байхгүй. М.П нь над руу хүйтэн мэс далайж сэрдүүлдэг байсан. Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгч миний тайлбарыг бүрэн сонсоогүй, хариуцагчийн өгсөн худал тайлбаруудыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож: шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэж байгаа учраас А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 129/ШШ2024/00474 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шил цохисон гэж тайлбарлаад байна. Шил цохиход 100 жилийн ойгоор цүнхтэй мөнгө алга болоод Цагдаагаас байцаалт авъя гэхэд очихгүй мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаад байсан. Тэгэхээр зүгээр очоод юу харснаа хэлээд өгчих чамайг ямар хулгай хийгээд авсан гэж хэлж байгаа биш гэж хэлсэн. Сүүлдээ цагдаа нар нь тэр хүн чинь утсаа авахгүй, хаягтаа байхгүй байна та очоод уулзаадах гэсэн. Тэгээд очоод мэдүүлэг өгөөдөх гэж хэлтэл очиж чадахгүй гэхээр нь усны сав авч шидсэн. Гэтэл такси дуудаад ирэхгүй болохоор нь сав авч шидсэн гэж худлаа яриад байна. Би ямар ч гэм хийгээгүй, шүдээ цохиулах гэм хийсэн бол яахав. Мөн 2,000,000 төгрөг авъя гэж ерөөсөө яриагүй. Манайд ажилладаг Соёлоо гэх эмэгтэйг хотоос ирүүлбэл 2,000,000 төгрөг өгмөөр байна гэсэн.Түүнээс бол надад өгөөгүй байж ингэж худлаа яриад байгаа. Шил цохисон асуудал нь цагдаагаар шалгагдаж байгаа асуудал, үүнтэй ерөөсөө хамаагүй. Над руу хүйтэн мэс гаргаж нүүрийг нь цусаар угаана гэсэн. Би ямар ч гэм хийгээгүй байгаа нь ойлгомжтой байхад сум дундын шүүх шүд цохисон хүний талд ороод байх юм. Би худлаа яриад яваад байдаг хүн биш, хариуцагч үнэхээр худлаа ярьдаг. Авгайд нь хэлэхэд би хүчрэхгүй миний хоолойг шахдаг, чи цагдаад л өгчих гэсэн. Би яаж хамтарч юм хийж байгаа хүнээ өгөхвээ дээ гэсэн. Харахад их томоотой байж байснаа гэнэтхэн хувь салхи шиг галзуурчихдаг. Хорлогдсон юм биш үү юу юугүй цагдаад хэлээд яахав гэж байсан. Гэхдээ сүүлдээ цагдаад хэлж үзсэн, тэгсэн дараа нь шууд хүйтэн мэстэй харьцаж байна лээ. Тэгээд хүүхдэд нь хүртэл аавдаа хууль уншиж өгөөч ээ гэж хэлсэн. Бид хоршоо байгуулчихсан хууль дүрэмтэй, хамаагүй хүйтэн мэс барьж орж ирж болохгүй гэсэн. Гэтэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа худлаа худлаа бичсэн байна. Би ерөөсөө Эрдэнэмандал сум руу авч яваагүй. Тэгсэн намайг хүчээр авч яваад хаячихаад ирсэн гэж цагдаад худлаа мэдүүлсэн. Тухайн үед миний шүд хөдлөөгүй байсан. Хэчнээн удаан цохиод ийм болгосон. Үүнийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Энэ хүний худлаа яриад байгааг мэдэх цаг болсон, худлаа яриад гаршсан. Ямар ч гэм хийгээгүй хүнийг цохидог хүн гэж байхгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч П гэдэг хүний хууль бус үйлдлээс шалтгаалаад биеийн эрүүл мэндийн хохирол авчихлаа. Хохирлоо харилцан тохиролцохдоо 2 шүд имплантаар хийлгэе нэг шүдээ 4,000,000 сая гэдэг байдлаар тохиролцсон. Үүний улмаас 8,000,000 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн утгатай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар нэг удаа өөрийн биеэр тайлбар өгсөн байдаг. Энэ талаарх нотлох баримт шинжлэн судална. Үүний дараагаас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд томилж оруулаад урьд гаргасан тайлбараасаа өөр утга агуулга бүхий тайлбаруудыг гаргаад явдаг. Мэдээж итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх нь байгаа ураас уг эрхийнхээ эдлээд явж байгаатай анхан шатны шүүхэд маргалдаагүй. Анхан шатны шүүхэд шийдвэр гаргахдаа хэд хэдэн утга агуулгаар ингээд тодорхойлоод байна гэдэг үндэслэлээр эргэлзээтэй байдлаар шүүхийн шийдвэрт бичсэн байдаг. Өмгөөлөгч миний зүгээс нэхэмжлэгчийн хувьд болсон үйл явдлаа цаг хугацаатай тодорхой мэдүүлээгүйгээс энд тэнд нь оруулж, нэг болсон үйл явдлаа эхэлж ярьж дуусгалгүйгээр дараагийн үйл явдал руу орж ярьснаас тухайн шүүхэд энэ хүнийг үнэн зөв мэдүүлэг өгч байгаад нь эргэлзээ төрөөд байна, эсвэл худал мэдүүлэг өгөөд байна гэсэн эргэлзээ төрүүлсэн байхыг үүсэхгүй гэж бодож байгаа. Тэгэхдээ нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий бодит нөхцөл байдал нь давж заалдах гомдолд дурдагдсан ийм үйл явдал болсон юм байна лээ. Хариуцагчийн давж заалдах гомдолд одоо өгсөн хариу тайлбартай нэхэмжлэгч бид хоёр сая л танилцлаа. Үүнтэй холбоотой хариуцагч нэхэмжлэгчтэй тодорхой хэмжээний харилцаатай буюу ажил хэргийн шугамаар тодорхой хэмжээний харилцаатай байсан үйл баримтууд тогтоогддог. Хоорондоо ямар нэгэн байдлаар уулзаж учирч ажил хөдөлмөрийг хамтран хийж явсан үйл явдал тогтоогддог. Хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар болон өнөөдрийн давж заалдах гомдол, өгсөн тайлбар зэргээр нотлогдож байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж дүгнэгдээд байгаа тэр дүгнэлт нь хариуцагчийг нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр гаргаж ирдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчийн буюу зохигчийн тайлбарыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх ийм боломжтой гэж харж байгаа. Гэтэл энэ хоёр хүний тайлбараар ийм үйл явдал болж байсан болох нь тогтоогддог. Энэ хоёр үйл явдал зөвхөн энэ хоёр хүний хооронд болсон үйл явдал байгаа. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа энэ үйл явдал болох үед нэхэмжлэгч хариуцагчаас гадна өөр хүн огт байгаагүй. Тийм учраас дамжмал байдлаар бусад байдлаар нотлох баримт бүрдүүлэх ийм нөхцөл байдал үүсээгүй. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн ажиллагаанд оролцоход энэ хүн намайг энгийн гараараа цохиогүй хуруундаа товгор бөгжтэй металл бөгжтэй гараар цохисон гэдэг зүйлийг ярьсан. Үүний дагуу хариуцагчаас тухайн металл бөгж гаргаж хэргийн материалд эд мөрийн баримтаар тооцуулж хавсаргаж өгөөч ээ гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан, уг хүсэлтийг шүүх хүлээж авсан. Бөгжийг нэхэмжлэгч харангуутаа энэ бөгж биш ээ энэ бөгжөөс гадна өөр товгор хээтэй металл бөгж байгаа гэдэг. Тэгээд хариуцагчийн ашигладаг фэйсбүүк аккаунт буюу П Манлай гэсэн фэйсбүүк аккаунтыг гаргаж ирж надад үзүүлсэн. Энэ фэйсбүүкть байгаа зураг дээр баруун гартаа зүүчихсэн байгаа энэ металл бөгж юм байгаа юм. Энэ бөгжөөр намайг цохисноос шалтгаалаад доод хэсгээрээ эвдрээд гагнуур хийлгэсэн гэдэг байдлаар надад хэлж байсан гэдэг зүйлийг нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэлдэг. Үүний дагуу миний бие анхан шатны шүүх хуралдаанд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шатанд дараах нотлох баримтууд бүрдүүлж байж энэ хэрэг ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Тийм учраас шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьж гурван удаагийн гурван үндэслэл бүхий хүсэлт тавьсан. Харамсалтай нь анхан шатны шүүх хуралдаанд миний хүсэлтийг хангахаас татгалзсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан анхан шатны шүүх хуралдаанд илэрсэн нөхцөл байдал гэж үзэж шинэ нотлох баримт бүрдүүлэх хүсэлт тавьсан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй. Өөрөөр хэлбэл хүсэлтийг нь хангахаас татгалзсан шүүхийн тогтоол гаргачхаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлээд явсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэргийн 170 дугаар зүйлийн 170.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасан энэ оролцогчийн эрхийг хязгаарлаж, зөрчиж байгаа ийм үйлдэл гаргасан. Нөгөө хоёр хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай юм уу гэдэг байдлаар тодорхой хэмжээний тайлбарыг хэлэх нь зүйтэй байх. Давж заалдах гомдолд дурдагдаагүй байгаа ч гэсэн давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг хянах хуулийн зохицуулалт байгаа учраас өмгөөлөгч миний зүгээс яриад байгаа юм. Хоёр дахь хүсэлт нь хохирогчийн эрүүл мэндэд хоёр шүд хугарсан үйл баримт байдаг. Хоёр шүд нь хоёулаа хугарчихсан үүдэн хоёр шүд нь байхгүй одоо ч хэвээрээ, нэг шүд нь тухайн цохиулах үед унасан. Нэг шүд нь хөдөлчихсөн байж байгаад 2024 оны 01 дүгээр сард байх нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдах байх. Амбулатори эмчлүүлэгчдийн картад бичигдсэн оношоор шүдээ авхуулсан гэсэн байдлаар хангалттай хэмжээний картууд хийгдээд авагдсан байдаг. Тухайн онош нь шүдний ёзоор гэмтэх гэсэн ийм онош юм байна лээ. Тэгэхээр ийм оноштой нотлох баримт илэрчхээд байгаа. Энэ хүний шүд үнэхээр гэмтлийн гаралтай унасан уу эсхүл тодорхой хэмжээний хүний насны онцлог, бусад нөхцөл байдлаас шалтгаалаад унасан байна уу гэдэг нөхцөл байдлыг тогтоож өгөөч ээ гэдэг байдлаар шинжээч томилж өгөөч ээ гэдэг хоёр дахь хүсэлтийг гаргасан. Үүнийг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй хамааралгүй гэдэг байдлаар хүлээн авахаас татгалзсан. Нөгөө хүсэлт нь Манлай П гэсэн энэ фэйсбүүк хаяг шүүх хуралдаанд илэрсэн учраас тэр хүний ашигладаг фэйсбүүк дээрх зургийг гаргаж ирээд П гэдэг хүн мөн үү гэдэг байдлаар асууж лавлаж байгаад фэйсбүүкийн аккаунтын энэ фотос дотор байгаа энэ зураг дээр байгаа энэ бөгжийг миний үйлчлүүлэгч цохисон бөгж гэж үзэж байна, яг энэ бөгжөөр цохисны улмаас ийм ул мөр илэрсэн байгаа гэж байна. Тийм учраас энэ фэйсбүүк аккаунт үзлэг хийж уг бөгжийг нотлох баримтад эд мөрийн баримтаар тооцож хэргийн материалд хавсаргаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан боловчиг хангахаас татгалзсан. Миний үйлчлүүлэгч тухайн болсон үйл явдлын талаар маш олон зүйлийг олон талаас нь тайлбарлаад байна. Нэг болсон үйл явдлаа эхнээс нь дуусгахгүйгээр дараагийн үйл явдал руугаа ороод ахиад нөгөөдөх рүүгээ ороод хооронд нь хольж хутгаад ийм тайлбар гаргаад байна. Тухайн үед сэтгэл зүй нь хямарсан хүнд нөхцөл байдалтай байна. Тийм учраас энэ нөхцөл байдалд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх нөхцөл байдал байна уу үгүй юу гэдэг дээр шинжээч томилж өгөөч ээ, магадгүй үүнтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 123 дугаар зүйлд заасан нөхцөл байдал илэрхийг үгүйсгэхгүй ийм нөхцөл байдал байна гэхэд мөн хангахаас татгалзсан. Шүүхийн тогтоолдоо гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Эдгээрийг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.7-д зааснаар шүүх нотлох баримт бүрдүүлэхдээ 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт энэ хуулийн гучин наймын зургаад заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн өөрөө анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн хуулийн зохицуулалт байгаа учраас нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс энэ хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж харж байна. Хоёрдугаарт 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогч болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэсэн энэ хоёр үндэслэлийг гаргаж энэ хоёр үндэслэлийг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөрчсөн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болох шийдвэрийг хангаагүй гэдэг байдлаар давж заалдах гомдолд нэмж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Тийм учраас энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв. гэв.
Хариуцагчийг өмгөөлөгч О.Б давж заалдах шатны шүүх хурал дээр гаргасан саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Пийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Хариуцагчийн анхан шатны шүүхэд болон давж заалдах шүүхэд гаргасан тайлбаруудыг дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгч Д.Ө нь Поос эрүүл мэндэд буюу шүд үндэсний хохирол 8,000,000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд хоёр гэрч болон шинжээч томилсон нотлох баримтуудыг бүрдүүлсэн байгаа. Хэргийн оролцогчийн өөрийнх нь хүсэлтээр хийгдсэн ажиллагаа байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бас нотлох баримтуудаа бүрдүүлж өгөх үүрэгтэй байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа 2, 3 хүсэлт гаргасан гэж байна. Тэдгээр баримтаа нэхэмжлэгч гаргаад өгөх боломжтой. Хувийн эмнэлгээс ямар шалтгаанаар унадаг вэ гэдэг байдлаар мэргэжлийн эмчийн зөвлөгөө аваад дүгнэлт гаргуулах ч гэсэн бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалыг харахаар П нэхэмжлэгчийн шүд рүү нь цохиод 8,000,000 төгрөгийн хохирол учруулаад байгаа үйл баримтууд огтхон ч тогтоогдохгүй байгаа. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан 7 үндэслэл энэ хэргийн үйл баримтын тухайд тогтоогдохгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар хэвээр шийдвэрлүүлэх байр сууриас оролцож байна. Нэхэмжлэгчийн тайлбартай уялдуулаад хоёр тайлбар хэлье. Нэхэмжлэгч хариуцагчийг мэс барьж дайрдаг, догшин, ширүүн араншинтай гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Үүнийг нотолсон баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Мөн дээр нь машины шил хагалсан гэдэг байдал нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Хариуцагч хариу тайлбартай иймэрхүү нөхцөл байдал гаргадаг учраас шүүх хуралдаанд оролцохгүй гэдэг талаар тайлбарласан тайлбар төдий байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна, ямар шаардлага гаргаад байгаагаа тодорхойлоогүй гэдэг байдлаар шийдвэр гарсан гэж хэлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийг харахад энэ талаар дурдсан нэг өгүүлбэр үг байхгүй. Фэйсбүүкт байгаа гартаа зүүсэн бөгжний зураг хавтаст хэрэгт авагдсан. Тэр бөгжийг тухайн үед цохисон бөгж мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт хийлгүүлэх хүсэлт тавьсан эсэхийг анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй учраас мэдэхгүй байна. Хэргийг шийдвэрлэхэд анхан шатны шүүх уг хүсэлтүүдийг хангахгүй хэрэгт ач холбогдолгүй гэдэг байдлаар хангахаас татгалзсан үндэслэлтэй гэж үзэж байгаа. Эдгээр хүсэлтүүдийг гаргаад яг юу шийдвэрлүүлэх гээд байгаа. Нэхэмжлэгч Д.Ө хариуцагч Пид зодуулаад хоёр шүд нь унасан ийм асуудлыг нотлуулах гээд байгаа юм уу, тэр зүйлийг эдгээр гурван хүсэлтүүдээр огтхон ч нотолж чадахгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Д.Ө хариуцагч М.Пид холбогдуулан 2 суулгац шүд хийлгэх зардал 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.
Хариуцагч М.П нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч М.Пийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Өы шүд нь унаж, эрүүл мэндэд нь гэмтэл учирсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Ө “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгч миний тайлбарыг бүрэн сонсоогүй, хариуцагчийн өгсөн худал тайлбаруудыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож: шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцээгүй учир шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Өы шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Б.Г, Ж.О нараас гэрчийн мэдүүлэг авах, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах, хариуцагч М.Пийн бөгжийг эд мөрийн баримтаар шаардан авч, үзлэг хийх зэрэг зохигчийн хүсэлтээр шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлжээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нэхэмжлэгч Д.Өы шүд унасан болон хариуцагч М.П шүд рүү нь цохисны улмаас шүд болон зөөлөн эдэд гэмтэл учирсан талаар эмнэлэгт үзүүлсэн баримтгүй, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгагдсан баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч М.Пид цохиулсны улмаас шүд нь унасан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Гэхдээ гэм хор учруулсан болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байж гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч М.П, нэхэмжлэгч Д.Өы эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь тогтоогдохгүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхийн этгээдээс шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч Д.Ө 2 шүд /суулгац/ хийлгэх шаардлагатай гэж 8.000.000 /найман сая/ төгрөг нэхэмжилж байгаа нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардаж буй мэт боловч зайлшгүй суулгац шүд хийлгэх шаардлагатай талаар, суулгац шүд хийлгэх төлбөр 8.000.000 төгрөг болох талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, мөн хариуцагч М.Пийн үйлдлийн улмаас дээрх гэм хор учирсан болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Өы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Өы давж заалдах гомдлыг хангаагүй учир түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 129/ШШ2024/00474 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Өы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч Д.Өы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Т.ГАНЧИМЭГ