Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00061

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/04340 дугаар шийдвэртэй

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

 

70,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч нь ******* худалдааны төвд ахуйн хэрэглээний бөөний төв ажиллуулдаг. Тэрээр өдөрт 8,000,000-10,000,000 төгрөгийн тогтсон орлоготой тул хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлт тавьсан. Улмаар би зөвшөөрч, ******* банкнаас 30,000,000 төгрөгийн зээл, бусдаас 10,000,000 төгрөг авч, нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг хөрөнгө оруулсан мөнгөнөөс 9 хувийн ашгийг сар бүр авахаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу би 29,480,000 төгрөгийн ашиг авсан.

1.2. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нь дахин уулзаж жилийн эцсийн Анунгоо компанийн төлөвлөгөө биелэхэд 30,000,000 төгрөгийн худалдан авалт дутсан тул та үүнийг гаргаад өгвөл төлөвлөгөө биелэгдэж Турк улс явах эрх олгоно. Уг эрхийг танд өгье гэж хэлээд 30,000,000 төгрөгийг авсан. Үүнээс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16,050,000 төгрөг, нийт 29,050,000 төгрөгийг буцаан төлж, 950,000 төгрөг үлдсэн.

1.3. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нь дахин уулзаж хужаа барааны гэрээт борлуулагч болохоор хүсэлт илгээхэд шалгарсан. Тэгэхдээ 25,000,000 төгрөгийг байршуулаад 100,000,000 төгрөгийн эргэлтийн бараа нийлүүлэх юм байна, ашиг нь 3-4 дахин нэмэгдэн энэ боломжийг алдмааргүй байна туслаач, би 15 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлээд буцаагаад өгье гэж гуйсан. Иймээс би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 25,000,000 төгрөгийг түүний Капитрон банкны данс руу шилжүүлсэн. Уг мөнгөнөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4,500,000 болон 500,000 төгрөгийг авсан. Үлдэх 20,000,000 төгрөгийг аваагүй.

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажил дээр нь очиход лангуу дээр нь ямар ч бараа буугаагүй, түүний утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр уулзаж хөрөнгө оруулалт болон зээлсэн мөнгөө буцааж авъя гэхэд таны мөнгийг 8 сард өгнө гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дахин уулзахад 4 удаагийн давтамжтай мөнгийг нь буцааж олгоно гээд өөрийн гараар баталгаа бичээд гарын үсгээ зурсан. Улмаар эвлэрүүлэн зуучлалд хандахад түүний нөхөр ирж уулзаад эхнэрийн бие муудаад байна, би эхлээд энэ мөнгийг барагдуулна гэж хэлээд эвлэрсэн боловч *******г төлөөлөх итгэмжлэл байгаагүй учир эвлэрлийг хүчингүй болгосон.

1.4. Хариуцагч зээлээ буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул үнийн дүнгийн 0.5 хувийн алданги шаардан авах эрхтэй. Учир нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг хүлээн авсан бөгөөд үлдэх 20,000,000 төгрөгөөс 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 16 сар 11 хоногт алданги тооцоход 49,100,000 төгрөг байх ба алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй учраас алдангид 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагчаас хөрөнгө оруулсан 40,000,000 төгрөг, зээл 30,000,000 төгрөгийн үлдэгдэл 950,000 төгрөг, мөн зээл 25,000,000 төгрөгийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 70,950,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талууд хамтран ажиллаж байсан, улмаар мөнгө зээлсэн гэж байна. Тэгвэл нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөө авах эсхүл хамтран ажилласан учраас ашиг хувааж авна гэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч 70,000,000 төгрөг шилжүүлсэн ч 54,809,000 төгрөгийг буцааж төлсөн. Зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, өөр өөр гарын үсэгтэй байгаа тул зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Нэхэмжлэгч алданги тооцож байгаа боловч уг баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Түүнчлэн, 25,000,000 төгрөгтэй холбоотой зээлийн гэрээ эсхүл бүх мөнгөн дүнг нэгтгэж зээлийн гэрээ байгуулж түүнээс хүү тооцоод байгаа эсэх нь тодорхойгүй. Алдангийг гэрээний дагуу шаардсан тохиолдолд гэрээг бичгээр байгуулсан байх ёстой тул алданги шаардах боломжгүй.

2.3. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд ашиг, алдагдлыг хуваарилах зарчмаар хамтран ажиллаж байгаа этгээдүүд өөрсдөө тал хувиар эрсдэлийг хариуцахаар зохицуулсан. ******* нь *******тай хамтран ажиллах хугацаанд ашиг олж чадаагүй, алдагдал хүлээн маш их татварын өрөнд орсон тул талууд хамтран хариуцах ёстой.

Иймд хариуцагч нь 70,000,000 төгрөгийг аваад 54,000,000 төгрөгийг буцаан төлж, үүнээс 15,191,000 төгрөгийг төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 70,950,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 582,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талууд хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээгээр ******* нь үйл ажиллагаа, борлуулалтыг хариуцах, Д.Болдбаатар нь хөрөнгө оруулалтад 40,000,000 төгрөг оруулан хамтран ажиллаж, ашиг орлогыг хуваарилахаар тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний дагуу ашиг орлого, эрсдэлийг тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой байхад нэхэмжлэгч нь эрх, үүргээ хэрэгжүүлж хамтран хариуцлага хүлээгээгүй. Тодруулбал, үйл ажиллагаа бүрэн зогсож цаашид үргэлжлэх боломжгүй болж өр төлбөрийн талаар мэдэгдэж байсан ч нэхэмжлэгч туслалцаа үзүүлээгүй, ******* нь татварын эцсийн үлдэгдэл нийт 27,654,537 төгрөгийн өр төлбөртэй болсон. Тиймээс хариуцагч нь ашиг орлого олохгүй алдагдал хүлээж байсан тул хөрөнгө оруулалт болох 40,000,000 төгрөгөөс бага багаар буцаан төлөхөөс өөр аргагүй болж нийт 28,759,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

4.2. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу хүү шаардаж буй нь ойлгомжгүй. Хүүг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд шаардах эрхтэй байхад шүүх нэхэмжлэгчийн ойлгомжгүй шаардлагыг хангасан. Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, хэлцлийн дагуу 25,000,000 төгрөг болон 10,000,000 төгрөгийн алдангийг шаардсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад алдангийн талаар тодорхой дурдагдаагүй, тооцоолол байхгүй байхад шүүгч удаа дараа тодруулж, энэ талаар мэтгэлцэх боломж олголгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын 10,000,000 төгрөгийн алдангийг тодорхой гэх байдлаар тайлбарласан. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, хэлцэл нь зохигч талуудын бичгийн хэлбэр мөн эсэх нь тодорхойгүй, тус баримтанд нэмж бичилт хийсэн байх боломжтой эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байдаг.

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 25,000,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс хариуцагч нь 25,329,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн. Тухайбал, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1,800,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16,050,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, Капитрон банкны данснаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,800,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 1,800,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,100,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Гэвч шүүх хэргийн нотлох баримтуудыг дутуу үнэлж, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчид хуулийг ашигтайгаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийг буруутгаж, хариуцагчийн эрхээ хэрэгжүүлж нотлох баримт цуглуулах, нотлох боломжийг олголгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хамтран ажиллах гэрээгээр 40,000,000 төгрөг зээлж, сар бүр ашиг авна гэж тохиролцсон боловч сүүлд нь анхнаасаа ашиггүй байсан тул 40,000,000 төгрөгийг 2 хуваагаад буцааж өгсөн гэж хариуцагч тал тайлбарладаг. Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгөө гаргаад хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлээд анх ашигтай ажиллана гэж гэрээ байгуулаад сарын 9 хувийн ашигтайгаар 40,000,000 төгрөгийг авсан. Уг харилцаа үргэлжилсээр 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр уулзах үед ******* нь 40,000,000 төгрөгийг буцааж өгөх талаар бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ашиггүй байсан учраас хамтран ажиллах гэрээний 40,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэж маргасан нь үндэслэлгүй.

5.2. Зээл олгохдоо анунгоо марафон гэх утгатай гүйлгээ хийсэн, энэ талаар хариуцагч маргаагүй, 950,000 төгрөг үлдсэн. Гэвч хариуцагч тал энэ үйл баримтын талаар анхан шатны шүүх хуралдаанд 30,000,000 төгрөг аваагүй, зөвхөн 70,000,000 төгрөг авсан гэх үйл баримт ярьсан, харин гомдолдоо 30,000,000 төгрөгийг авсан гэж дурдсан. Зээлдүүлсэн 25,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг буцааж төлж, 20,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч *******д нийт 95,000,000 төгрөгийг дансаар олгосон. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал 70,000,000 төгрөг авсан гэж тайлбарладаг боловч бодитоор 95,000,000 төгрөг авсан. Түүнчлэн, давж заалдах гомдолд зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг дурдсан. Анх зээлийн гэрээг хоёр тал хамт сууж, тохиролцоод гэрээг бичгээр үйлдсэн. Дараа нь нэхэмжлэгч дансаар Капитрон банкин дахь *******гийн данс руу 25,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Энэ үйл баримтыг татварын өртэй холбож тайлбарласан боловч уг асуудал нь 2023 онд үүссэн бөгөөд уг хэргийн үйл баримтын тухайд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр уулзаж, хамтран ажиллах гэрээний 40,000,000 төгрөгийг буцаан өгөх баталгааг ******* өөрөө гаргаж өгсөн.

5.3. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр хүү шаардаагүй, зөвхөн хамтран ажиллах гэрээний дагуу үлдсэн ашгийг авсан. Гэвч гэрээгээр байгуулсан үйл баримтад ашиг 43,200,000 төгрөг авах байсан боловч 29,480,000 төгрөгийг авсан. Нэгэнт 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд баталгаа гаргаж өгсөн учраас энэ хугацаанаас хойш ашгийг нэхээгүй. Зөвхөн ашигтай байсан хугацааны ашгийг авсан. Тухайн цаг үеэс хойш ашиггүй ажилласан шалтгаан нь Турк улс руу аялуулна гэж олон хүмүүсийг залилж, хууран мэхэлсэн үйлдэлд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдоод тэнсэн харгалзах ял авсан учраас үүнтэй холбоотойгоор хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн хөрөнгө оруулсан мөнгөн хөрөнгөө шаардсан. Мөн зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл мөнгийг ямар нэгэн хүү, алдагдалгүйгээр 950,000 төгрөгөөр шаардсан. Урд нь зээлсэн 25,000,000 төгрөгийг бичгээр үйлдээд дансаар шилжүүлсэн үйл баримттай холбоотой үлдэгдэл 20,000,000 төгрөгийг шаардсан. Тухайн 20,000,000 төгрөгийн тооцооллын алдангийг тооцохдоо 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг ******* нь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, 06 дугаар сарын 24-ний өдөр зээл олгосон, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэл гаргасан учраас нийт 16 сар 12 хоног болсон бөгөөд 20,000,000 төгрөгийн 0,5 хувийн алданги нь өдрийн 100,000 төгрөг буюу нийт 49,100,000 төгрөг болсон. Үүнээс үлдсэн 20,000,000 төгрөгийн алдангийг 50 хувиас хэтрэхгүй байх шаардлагын хүрээнд 10,000,000 төгрөгийг алданги гэж нэхэмжилсэн. Түүнчлэн, зээлийн гэрээг байгуулахдаа анз төлөх талаар нэмж бичсэн гэх боловч нэмж бичсэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйлд зааснаар талууд өөрсдөө нотлох үүрэгтэй. Уг нотолгооны ач холбогдол бүхий баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй тул анхнаасаа хоорондоо харилцан тохиролцсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалтын зардалд төлсөн 40,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлүүлсэн 30,000,000 төгрөгийн үлдэгдэл 950,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зээлүүлсэн 25,000,000 төгрөгийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 70,950,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хамтран ажиллах гэрээний тухайд:

3.1. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 32,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг тус тус хариуцагч *******д шилжүүлсэн байх ба талууд хамтран ажиллахаар дор дурдсан агуулгатай бичгийн баримт үйлджээ. Тодруулбал, *******аас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 40,000,000 төгрөгийг бараа материал татаж авахаар авсан үнэн болно. Хөрөнгө оруулалтын хугацааг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гээд оруулсан 40,000,000 төгрөгийн ашгийг сар бүрийн 10, 8-нд 9 хувиар тооцож, 2 хувааж өгөх, хариуцагч байгууллагын үр дүнгийн урамшуулалын 30 хувийг тооцож олгох, хөрөнгө оруулагч сарын бүрийн бараа матераилын тооллогод оролцох, мөн Капитрон банкны пос машины хуулга, татварын цахим бүртгэлийн системээр баталгаажуулж болно. Хамтран ажиллах хөрөнгө оруулалтыг дуусгавар болгохдоо 2022 оны 10 дугаар сарын 06-нд оруулсан 40,000,000 төгрөгийг Болдбаатарын ******* дансанд хийж дуусгавар болгоно гэх агуулга тусгагджээ. /хх-ийн 14/

3.2. Үүний дараа талууд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн ахуйн хэрэглээ, гоо сайхан, бичгийн хэрэгсэл, гэр ахуйн барааны жижиглэн болон бөөний хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар бараа татан авалт, борлуулалтын хэмжээг өсгөн үйл ажиллагааг дэмжиж 40,000,000 төгрөгт багтаан хөрөнгө оруулалт оруулах, хариуцагч ******* нь бөөний худалдааны бараа захиалга, татан авалт, борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн хариуцахаар гэрээг 1 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцсон. /хх15-16/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

 

3.3. Нэхэмжлэгч ******* нь хамтран ажиллах гэрээний хураамжид 2021 оны 10 дугаар сарын 06-10-ны өдрийн хугацаанд нийт 40,000,000 төгрөгийг хариуцагч *******д, харин хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч *******гаас 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд нийт 29,480,000 төгрөгийг нэхэмжлэгч *******т тус тус шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /хх19-30, 149-163, 174-227/

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээ цуцлагдсан тул гэрээгээр тохирсон хөрөнгө оруулалтын зардалд гаргасан 40,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулна гэж тодорхойлжээ.

 

4.1. Хэргийн баримт, талуудын тайлбараас үзвэл хамтран ажиллах гэрээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилж энэ хугацаагаар гэрээ хэрэгжсэн байна.

 

4.2. Талуудын хамтын үйл ажиллагаа буюу борлуулалтын үйл ажиллагаа муу, хариуцагч ажлаа хийхгүй байсны улмаас хамтын үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болж гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар гэрээ дуусгавар болж, улмаар мөн хуулийн 480.3 дахь хэсэгт заасан үр дагавар буюу үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж талуудад хуваарилах нөхцөл байдал бий болжээ.

 

4.3. Нэхэмжлэгч нь гэрээний хураамжийг мөнгөн хэлбэрээр, хариуцагч нь үйл ажиллагаа явуулах хэлбэрээр тохиролцож нэхэмжлэгчээс хариуцагчид 40,000,000 төгрөг шилжүүлснийг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт заасан хураамж гэж үзэх ба энэ нь мөн хуулийн 477.3 дахь хэсэгт заасан талуудын дундаа өмчлөх хөрөнгө болно.

 

4.4. Хамтран ажиллах гэрээг цуцлах, дуусгавар болох хэсгийн 3-т ...гэрээ дуусгавар болоход *******ын ******* тоот дансанд хөрөнгө оруулалтыг буцаан шилжүүлэх нөхцөлийг тусгасан ба хариуцагч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн бичгийн баримтад Болдбаатар эгчтэй 7.21 өдөр уулзаж цаашид ажиллах тухай хэлэлцлээ. Үндсэн мөнгө болох 40,000,000 төгрөгийг 8.1-нд барьцаа гаргаж өгч чадахгүй бол хамтран ажиллах гэрээ дуусаж 8 сард 4 удаагийн давтамжтай хийж үндсэн мөнгийг дуусгавар болгоно гэжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гэрээний хураамжид шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг гэрээ дуусгавар болоход буцааж өгөхөөр тохирсон, үүнээс гадна хамтын үйл ажиллагаанд хэдий хэмжээний зардал, алдагдал гарсан талаар хариуцагч нотлоогүй байх тул уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй байна. /хх14/

 

5. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний ашиг хуваарилах журмын 2-т зааснаар тооцон 29,480,000 төгрөгийн ашиг авсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээний хураамжид төлсөн 40,000,000 төгрөгийг хэсэгчлэн буцаан төлсөн гэж тус тус зөрүүтэй тайлбарлан маргажээ.

 

5.1. Хариуцагчаас нэхэмжлэгчид 29,480,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн баримтын цаг хугацаа, үнийн дүнг харьцуулбал 40,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

5.2. Харин нэхэмжлэгч нь уг төлбөрийг гэрээний дагуу ашигт шилжүүлсэн гэж тайлбарласан нь агуулгын хувьд буруу биш боловч хураамжид шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөс 9 хувиар тооцсон нь дор дурдсанаар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3, 476.3.5-д бичгээр байгуулах хамтран ажиллах гэрээнд ашиг, алдагдлыг хуваарилах журмыг тусгахаар заасан ба талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээний ашиг хуваарилах журмын 2-т үйл ажиллагааны ашгийг сар бүрийн 10 ба 18-нд тооцон үзэж сарын ашгийн 9 хувиар тооцож *******т 2 хувааж олгоно гэж тохиролцжээ.

Гэвч хэрэгт сард хамтран ажиллах гэрээгээр ямар хэмжээний ашиг олсон талаар баримт авагдаагүй тул гэрээний ашиг хуваарилах журмын 1-д хамтын үйл ажиллагааг энэ гэрээ байгуулагдах үеийн тооцоогоор сарын 162,000,000 төгрөгийн эргэлтийн бараатай, үүнээс 21,100,000 төгрөгийн ашигтай гэж жишиг тооцоо хийсэн гэж тусгасныг үндэслэн ашгийг тооцож дүгнэх нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Тодруулбал, 21,100,000 төгрөгийн 9 хувь 1,899,000 төгрөг болох ба 10 сарын хугацаанд ашиг хуваарилсан гэж үзвэл 18,990,000 төгрөг /21,100,000*9%*10=18,990,000/ хамтран ажиллах гэрээний ашигт тооцогдоно.

 

5.3. Дээрх тооцоогоор хариуцагчийн шилжүүлсэн 29,480,000 төгрөгөөс 18,990,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний ашигт тооцож, үлдэх 10,490,000 төгрөгийг нэхэмжлэгчийн гэрээний хураамжид төлсөн 40,000,000 төгрөгөөс хасаж тооцож, хариуцагчаас 29,510,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

6. Зээлийн гэрээний тухайд:

 

6.1. Нэхэмжлэгч ******* нь ХААН банк дахь өөрийн ******* тоот данснаас хариуцагч *******гийн ХААН банк дахь ******* тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөгийг Анунгоо марафон гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн, хариуцагч дээрх 30,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хэргийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Хариуцагч нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөг зээлээгүй гэж маргасан боловч дээрх мөнгөн хөрөнгө түүний дансанд шилжин орсноос гадна тэрээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16,050,000 төгрөг, нийт 29,050,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх 19, 24, 69/

6.2. Мөн талууд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ, хэлцэл гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 25,000,000 төгрөгийг зээлдэгч *******д 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлэх, уг 25,000,000 төгрөгөөс нэг сарын хүү 3,750,000 төгрөгийг зээлдүүлэгч суутган авч, үлдэх 21,250,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-17/

 

а. Анхан шатны шүүх дээрх харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

б. Зээлдүүлэгч ******* нь гэрээний үүргээ биелүүлж, ХААН банк дахь өөрийн ******* тоот данснаас *******гийн Капитрон банк дахь тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нийт 21,250,000 төгрөгийг Болдбаатараас зээлэв гэх утгатайгаар шилжүүлсэн, хариуцагч дээрх 21,250,000 төгрөгийг хүлээн авч, үүнээс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4,500,000 төгрөг болон 500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон.

 

6.3. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас 30,000,000 төгрөгийн зээлээс үлдэх 950,000 төгрөг, 25,000,000 төгрөгийн зээлээс үлдэх 20,000,000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,950,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

7. Талууд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ, хэлцэл гэх нэртэй гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Гэрээний энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч нь мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

7.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь алдангийг 10,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь хуульд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэн, хариуцагчаас 10,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

 

7.2. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн нийт 34,050,000 төгрөгийг зээлээс хасаж тооцон, хариуцагч *******гаас 30,950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...зээлийн гэрээ, хэлцэл гэх баримт эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч *******гаас хамтран ажиллах гэрээ дуусгавар болсны үр дагаварт 29,510,000 төгрөг, хоёр зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл 20,950,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 60,460,000 төгрөгөийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,490,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/04340 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 60,460,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,490,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...582,650 гэснийг ...460,250 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 512,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ