Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1012

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  М.Баярмаа,                            

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ж-д холбогдох эрүүгийн 1806 09198 0867 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц.Ж, 1971 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан станцын удирдлагын мэргэжилтэй, "Тул Эрд" ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо 23 дугаар байрны 40 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол, Шинэ зуун хотхоны 24 дүгээр байрны 13 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, 

Шүүгдэгч Ц.Ж нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 15 дугаар гудамжны 175 тоотод байрлах “Тул-Эрд” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.7, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтууд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаар тушаалаар баталсан “Уурын ба ус халаах зуухыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 9.1.1, 9.2.1 дахь заалтудыг хэрэгжүүлэлгүй, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсний зөрчин, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох болон аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий эрсдэлтэй ажлын байрны сургалтанд хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтныг галчаар авч ажиллуулан, MNS 4949:2000 стандартын 4.16-д заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэхийн өмнө аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгөх үүргээ биелүүлээгүйгээс галч Г.Бадрахын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би эхнэрийгээ эмчилгээнд оруулчихаад хойшоо зуслангийн байшиндаа засвар хийхээр явж байхад над руу залгаад зуух дэлбэрчихлээ, галч түлэгдчихсэн юм шиг байна гэсэн. Би түргэний машин дуудчихлаа. Түргэний машин шууд гэмтэл дээр очих юм байна гэхээр нь би гэмтэл дээр очсон. Тэгтэл найдвар бага байна түлэгдэл өндөр байна гэж хэлсэн. Маргааш нь би байцаалт өгсөн. Тодорхой хэмжээгээр миний буруутай зүйл байгаа, би галчаа сургалтанд суулгаагүй, тэр үед эхнэрийн бие муу байсан тул цалгардсан зүйл байгаа. Гэхдээ мэргэжлийн хяналтаас сургалт аюулгүй байдал зэргийг шалгаад үйлдвэрийн хананд бичээд өгчихдөг, үйлдлийн дараалал ийм зүйл хийх ёстой гээд зуухны дараалалд байгаа. Амь хохирогчийн хувьд өмнөх 2 жилд галчаар ажиллаж байсан, манайд нийт 3 жил ажиллаж байсан. Би амь хохирогчийг сайн хүн гэж боддог байсан. Эхнэр нь нас барсны дараа бага зэрэг уудаг болсон. Би тухайн үед талийгаачийг болиулчихъя гэж бодож байсан ч өөрийн гэсэн орох оронгүй учраас чадаагүй. Миний талаас ийм юм болсон гэв. 

Хохирогч Г.Бумчин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач нь 1968 онд Архангай аймагт төрсөн айлын бага хүү юм. 4 жилийн өмнө Улаанбаатар хотод орж ирээд 2018 оны 5 сард эхнэр нь хорт хавдрын улмаас нас барсан. Нэг хүүхэдтэй, хүү Б.Отгонбаяр нь үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн 1-р курсэд сурдаг. /2002.11.06-д төрсөн/ Талийгаач маань сүүлийн 3 жил Тул Эрд компанид галч манаач хийж байсан. Оршуулгын ажилд 11.700.000 төгрөгийн зардал гарснаас компани 6 сая төгрөгийг гаргасан. Хүнийг цаг хэтрүүлэн ганцааранг нь ээлжгүйгээр ажиллуулж байсанд гомдолтой байгаа. Талийгаачийн хүүд 20 сая төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 151/,

Гэрч Ц.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018.11.13-ны өглөө 10 цагийн үед ажилдаа ирэхэд халаалтын хэсгийн хаалга болон яндангаас утаа гарч байсан. Шалгахаар очиход хаалганаас уур гараад байхаар нь галч Бадрахыг дуудахад хариу дуугараагүй. Тэгснээ халаалтын хэсэг дотор хүн дуугарах шиг болохоор нь дотогш ортол битүү уур болоод юу ч харагдахгүй болохоор гараараа тэмтчээд явтал Бадрах газарт уначихсан байсан. би үйлдвэрийн токийг нийтээр нь унтрааж ажилчдаар Бадрахыг гэрт зөөлгөж оруулсан. Бадрах манай байгууллагад манаач, өвөлд нь давхар галч хийдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч Ц.Баярсайхан дахин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим ажил дээр иртэл Уурын зуухнаас уур гарахаар нь би уурын зуух руу явж очоод талийгаач Бадрахыг дуудтал хариу өгөөгүй. Тэгэхээр нь би юмыг яаж мэдэх үү гээд зуухны өрөө рүү ороод хартал Бадрах зуухны ертөнцийн зүгээр хойд зүгт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд талийгаач миний өөдөөс нэг юм яриад байсан. Тухайн үед хажуу талд сэнсний чимээ дуунаас болж ярьсан зүйлийг сонсож чадаагүй. Тэгээд би талийгаачийг зуухны өрөөнөөс үүдний өрөө хүртэл чирч аваачсан. Тэндээ талийгаачийг үлдээгээд би үйлдвэр рүү гүйж ороод ажилчдыг дуудаад манай ажилчид талийгаачийг гэр рүү өргөж оруулсан. Би тэндээс гараад төв шийд рүү явж бүх тогоо салгаад зуухны дотор байрлах унраалгыг салгачихаад талийгаачийн гэр рүү орсон. Тэнд байсан манай ажилтан түргэн, цагдаа руу залгаж дуудсан. Тэгээд удалүй түргэн ирээд талийгаачийг аваад явсан. Манай байгууллагын зүгээс өдөр бүр аюулгүй ажиллагааны дүрмийг бичгээр би танилцуулах ёстой. Г.Бадрах ямар нэгэн сургалтанд сууж эрхийн үнэмлэх аваагүй. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр танилцуулаагүй. Харин 2018 оны 10 дугаар сарын үед зуухны галлагаа эхлэх үед амаар талийгаачид хэлж байсан. Тэрнээс хойш улирал бүр амаар шалгалт авдаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/,

Гэрч Э.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...талийгаач Г.Бадрах утсаар залгаад ахдаа нэг пиво аваад өгчих манай гэрт хүрээд ир гэхээр нь бид гурав бааранд орох гэснээ болиод шууд Г.Бадрахын гэр болох буцаад ажлын байр руугаа явсан. Тэгсэн Г.Бадрах ах нэг шил пиво авчихсан уучихсан сууж байсан. Бид гурав замаасаа дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад тэрийгээ Г.Бадрах бид нар хувааж уусан. Тэгээд манай ажилд ажилд шинээр орсон Эрдэнчимэг, Мөнгөнцоож, Батчимэг гэх 3 хүүхэн Улаанбаатар нэртэй 0.75 литрийн нэг шил архитай ирээд тэрийгээ талийгаачийн гэрт уг архи, пиво хувааж уусан. Тэгсэн удалгүй гаднаас Ганаа гэх залуу манай ажлын газрын залуу 2.5 литрийн 2 савтай пиво авч ирсэн. Г.Бадрах өдөр архи уусан байдалтай байсан. Тухайн үед Г.Бадрах нь 3-4 хундага архи, мөн 3-4 аяга пиво уусан. Г.Бадрах нь өөрийгөө хянах чадвартай байсан эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 106/,

Гэрч М.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаачийг согтуу гэдгийг мэдсээр байж үйлдвэр хариуцсан ажилтан Баярсайхан ямар нэгэн шаардлага тавиагүй тоохгүй яваад өгсөн. Тухайн үед ямар нэгэн арга хэмжээ авсан бол ийм зүйл болохгүй байх байсан гэж бодож байна...” /хх-ийн 111-113/,

Шинжээч Г.Гантөмөр дахин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.Бадрах нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ашиглалтын гормыг зөрчсөн тул үйлдвэрийн осол гэж үзэхгүй. Тахир дутуу хүнийг ажиллуулахгүй гэсэн ямар нэгэн хориглосон заалт, байхгүй. Тэгэхээр энэ ажлын байрны нөхцөл шаардлагад нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130/,

Шинжээч Г.Гантөмөр дахин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”Тул-Эрд” ХХК нь агаарын чанарын хяналтын хэлтэст мэдээлсэн тэр мэдээлэл нь хөдөлмөр нийгэм хангамж тусгай хяналтын хэлтэст мэдэгдсэн байсан. Ослын акт гарсан эсэхийг мэдэхгүй байна. Ослын актыг ажил олгогч гаргах ёстой. Хэрэв ослын акт гарсан бол манайд мэдэгдэх ёстой. Өнөөдрийн байдлаар ослын акт ирээгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2546 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Талийгаач Г.Бадрахын цогцост биеийн 100 хувийг хамарсан ШАБ зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд дөлний үйлчлэлээр үүссэн байна.

3. Талийгаач дээрх биеийн 100 хувийг хамарсан IIIАБ зэргийн түлэгдэлтийн улмаас түлэнхийн шокоор нас баржээ.

4. А/II/ бүлгийн цустай.

5. Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

6. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ” гэх дүгнэлт   /хх-ийн 30-33/,

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэхэд хийсэн Н-2018/32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37/,

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэхэд хийсэн Н-2018/32 дугаартай шинжээчийн дүгнэлт:    /хх-ийн 35-37/,

Шинжээч Г.Гантөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тул Эрд компаний зүгээс аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, хамгийн гол нь зуухан дээр ажиллах хүн нам даралтын аюулгүй ажиллагааны дүрэмд зааснаар сургалтанд сууж, эрхийн үнэмлэхтэй байх ёстой заалтыг зөрчсөн. /хх-ийн 38-39-р хуудас/,

Гочоо овогтой Бадрахыг 2016.09.10-ны өдрөөс эхлэн гэрээт ажилтнаар томилох тухай "Тул-Эрд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Жаргалсайханы 2016.09.08-ны өдрийн А/16, 2016.11.01-ний А/25 тоот тушаал, Ц.Ж, Г.Бадрах нарын хооронд 2016.09.12-ны өдөр байгуулсан 16/53 дугаартай хөдөлмөрийн гэрээ, "Тул-Эрд" ХХК-ийн галчийн ажлын байрны тодорхойлолт, үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг бичгийн баримтууд /хх-ийн 41-44, 48, 117/, Цэрэнжав овогтой Жаргалсайханыг гүйцэтгэх захирлын ажилд томилсон тухай "Тул-Эрд" ХХК-ийн захирал Т.Уранчимэгийн 2012.01.01-ний өдрийн 1/20 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичгийн баримтууд /хх-ийн 159-161/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 6-13/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,  шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 133/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 120/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Ж нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 15 дугаар гудамжны 175 тоотод байрлах “Тул-Эрд” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.7, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтууд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаар тушаалаар баталсан “Уурын ба ус халаах зуухыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 9.1.1, 9.2.1 дахь заалтудыг хэрэгжүүлэлгүй, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсний зөрчин, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох болон аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий эрсдэлтэй ажлын байрны сургалтанд хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтныг галчаар авч ажиллуулан, MNS 4949:2000 стандартын 4.16-д заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэхийн өмнө аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгөх үүргээ биелүүлээгүйгээс галч Г.Бадрахын амь насыг болгоомжгүй хохироосон болох нь:

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэхэд хийсэн Н-2018/32 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэхэд хийсэн Н-2018/32 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шинжээч Г.Гантөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тул Эрд компаний зүгээс аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, хамгийн гол нь зуухан дээр ажиллах хүн нам даралтын аюулгүй ажиллагааны дүрэмд зааснаар сургалтанд сууж, эрхийн үнэмлэхтэй байх ёстой заалтыг зөрчсөн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Ж-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумчин нь хохирол төлбөрийг барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ж нь бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ц.Ж-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Ж-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ж-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР