| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 138/2024/00531/И |
| Дугаар | 201/МА2025/00003 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 201/МА2025/00003
*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШШ2024/00881 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Зээл, зээлийн хүү 4 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 6 сарын 6-нд Алтанзулд сарын 10 хувийн хүүтэй 2,000,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 30-нд мөн 10 хувийн хүүтэй 1 сая төгрөг тус тус зээлдүүлсэн. 2024 оны 2 сараас эхлэн хүү болон зээлдүүлсэн мөнгөө төлөөгүй. Иймд Алтанзулаас үндсэн зээл 3,000,000 төгрөг, 4 сарын хүү 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би энэ мөнгийг хүнээс авч өгсөн юм. Тэр хүндээ би өөрөө зээлийг нь төлсөн. Иймд нийт 4,200,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь *******ээс 2023 оны 06 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг өөрийн Хаан банкны ******* дугаартай дансаар авсан. ******* нь нэхэмжлэгчийн ******* дугаартай дансаар нийтдээ 1,779,100 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* дугаартай дансаар шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын дунд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч зээлийн хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөгөөс хариуцагч *******ын 1,779,100 төгрөгийн төлбөрийг хасаж 1,220,900 төгрөгийг хариуцагч *******аар төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.... Анх ******* нь 10 хувийн хүүтэй мөнгө авсан боловч бичгээр хийсэн гэрээ байхгүй тул хүү төлөх үндэслэлгүй, өмнө төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлттэй байна. гэжээ.
3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч *******аас зээл 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 1,200,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч *******аас 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс 3 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч ******* нь 3 000 000 төгрөгийг зээлэн авсан үйл баримттай маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгч хариуцагч нарын дунд бичгээр хийсэн зээлийн гэрээ байхгүй тул хүү төлөх хууль зүйн үндэслэл хариуцагчийн үүрэгт байхгүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгч *******т 1 779 100 төгрөг төлсөн байдаг. Үүнийг зээлээс хасаж, 1 220 900 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх мөнгө зээлдүүлэх үедээ жирэмсэн байсан тул Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирж гэрээ хийх боломжгүй байсан. Би энэ мөнгийг өөрөөсөө өгөөгүй гэдгийг хариуцагч мэдэж байгаа. Хүнээс аваад өгөөч гэж удаа дараа гуйгаад байхаар нь би бусдаас авч өгч байсан. Дараа нь 11 сард надаас дахиад 10 сая төгрөг олж өгөөч гэсэн. Би энэ үед нь яг төрөх гэж байсан. Тиймээс ямар ч боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Энэ үеэс зээлийн хүүгээ төлөхөө больсон. Тиймээс асуудалтай хүн юм байна гэж бодоод өөрөө хүнээс авч өгсөн мөнгөө төлж барагдуулсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлж байж буцахын тулд нялх хүүхэдтэйгээ хамт Дорнод аймагт 3 сар орчим болж байна. Тиймээс төлбөрөө бүрэн дүүрэн авмаар байна гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ямар ч байсан 3 сая төгрөгийг дансаараа дамжуулан авсан юм байна лээ. Миний хувьд хууль зүйн үүднээс зээлийн хүүг гэрээгээр баталгаажуулах ёстой байсан гэсэн тайлбарыг гаргаж байгаа гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Зээл, зээлийн хүүд 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: Миний бие 2023 оны 06 сарын 06-нд *******д сарын 10 хувийн хүүтэй 2,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 30-нд мөн 10 хувийн хүүтэй 1,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. 2024 оны 02 сараас эхлэн хүү болон зээлсэн мөнгөө төлөөгүй. Иймд *******аас үндсэн зээл 3,000,000 төгрөг, 4 сарын хүү 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч: ...******* нь *******ээс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны ******* дугаартай дансаар авсан. ******* нь нэхэмжлэгчийн ******* дугаартай данс руу нийт 1,779,100 төгрөгийг өөрийн ХААН банкны ******* дугаартай дансаар шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч зээлийн хүүг шаардах эрхгүй. Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөгөөс 1,779,100 төгрөгийг хасч, хариуцагчаар 1,220,900 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй. ... гэж мэтгэлцжээ.
6. Нэхэмжлэгч ******* нь ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас 2023 оны 06 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг zeel olgov 10% huutei 30 honog ni гэсэн утгатайгаар, 2023 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг Зээл олгов 10 хувь хүүтэй 30 хоног нь гэсэн утгатайгаар хариуцагч *******ын эзэмшлийн ******* тоот дансанд тус тус шилжүүлсэн байх ба хариуцагч ******* нь 2023 оны 07 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оын 08 сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 09 сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 10 сарын 14-ний өдөр 210,400 төгрөг, 2023 оны 11 сарын 16-нд 214,700 төгрөг, 2023 оны 12 сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 12 сарын 22-ны өдөр 221,600 төгрөг, 2024 оны 01 сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 02 сарын 02-ны өдөр 332,400 төгрөг нийт 1,779,100 төгрөгийг нэхэмжлэгчийн харилцах дансанд зээлийн хүү гэх утгатайгаар төлсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ба анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.
8. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан ба хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэхь заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.
9. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд 2023 оны 6 сарын 06-ны өдөр, мөн 2023 оны 10 сарын 30-ны өдөр тус тус зээлийн гэрээний харилцаа үүссэн байгаагаас үзвэл уг гэрээ нь нэг удаагийн шинжтэй бус, мөн ашиг олох зорилготой болох нь тогтоогдож байх ба зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангагдаагүй байх тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй, мөн хариуцагчийн хүүнд төлсөн мөнгөө үндсэн зээлээс хасч тооцуулна гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
10. Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт төлсөн 1,779,100 төгрөгийг үндсэн зээл 3,000,000 төгрөгөөс хасч, үлдэх 1,220,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,979,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШШ2024/00881 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШШ2024/00881 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 1,220,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,979,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын 62,950 төгрөг гэснийг 33,852 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,425 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Ц.ЭРДЭНЭЗУУ