Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1025

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга С.Нямсүрэн, 

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Азжаргал /өөрөө өөрийгөө өмгөөлөн/

шүүгдэгч Д.Лхагва /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Даваадашийн Лхагвад, Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Аавангынх овогт Баярхүүгийн Азжаргалд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03235 1446  дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн АБ.А, 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Смоук" авто засварын газарт будагчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 63-17 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.Л, 1994 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жингийн гол” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 6, эгч, ах, дүү нарын хамтаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 13-03 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Могойтын ам гэх газар хохирогч Д.Лхагватай маргалдаж, гараараа нүүр толгойн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь “баруун 4, 5, 6-р, зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, тархинд цус хуралт, баруун хацар, шанаа, хүзүү, цээж, хэвлий, зүүн бугалга, шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Могойтын ам гэх газар хохирогч Б.А-тай маргалдаж, улмаар чулуугаар толгойн тус газар нь цохиж, гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Д.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим найзууд болох Анужин, Амар-Эрдэнэ, Наранбайгаль, Өлзийхутаг, Өлзийхутагийн эхнэр Зулаа гэх хүмүүсийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын голын эрэг дээр очсон. Тэндээ ууж идээд 1 шил архи, 24 лаазтай пиво уусан. Тэгээд тухайн үед Өлзийхутагийн эхнэр архи, пивоноос уугаагүй хүүхэд нь жаахан уйлагнаад түрүүлээд явчихсан. Тэгээд буцаж залгаад “голд суучихсан байна” гэсэн. Тэгээд Амар-Эрдэнэ, Наранбайгаль нар чирч гаргахаар явсан. Тухайн үед голын эрэг дээр би Анужингийн хамт үлдсэн. Тэгсэн нэг танихгүй залуу Анужин гээд орилоод ирсэн. Би “тийм хүн байхгүй” гэсэн чинь “ямар том юм” гээд зодох гээд дайрахаар нь түлхсэн. Тэгсэн том чулуу аваад над руу шидсэн. Тэр нь миний толгойн орой хэсэгт оноод цус гарсан. Би хохирогчтой ноцолдож, хоёр цохьсон. Түүнээс манай найз нар цохьсон зүйл байхгүй, дараа нь ирсэн...” гэх мэдүүлэг /хх 6-7, 16 /,

Хохирогч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 27-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэсийн буудлаас хойд зүгт амралтаар Ганбаа, Мөнгөнчимэг, Анужин бид дөрөв яваад голын эрэг дагуу майхан бариад хоол идэж уугаад 2.5 литрийн 4 ширхэг пиво хувааж уугаад сууж байтал манай эмэгтэй Анужин гэдэг найз алга болчихоор нь би хайгаад “Анужин” гээд хашиграад явж байсан чинь нэг залуу ирээд томороод намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зууралдаад унагаагаад цохьсон. Би босож ирэхдээ газраас чулуу аваад шидсэн чинь нөгөө залуугийн толгойг хагалсан. Тэр үед манай найз Ганбаатар ирж бид хоёрыг салгасан. Одоо миний бие зүгээр байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 9-11/,

 Гэрч М.Анужин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэг согтуу залуу манай майханы гадаа ирээд Анужин гээд бахираад байхаар нь би хэн бэ гэж хэлсэн чинь чи биш гичий минь гээд хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр А майхнаас гараад энд чиний хайж байгаа Анужин байхгүй байна чи яв гэж хэлсэн чинь нөгөө залуу манай нөхрийг чи хэн бэ, үзэх үү гээд дайраад байхаар нь манай нөхөр чи яв гээд түлхсэн чинь нөгөө залуу газраас чулуу аваад шидсэн чинь манай нөхрийн толгойг оноод цус гараад тогтохгүй байхаар нь манай нөхөр шууд газар унагаагаад дараад авсан би болохоор хөлийг нь барьж авсан тэр үед нөгөө залуу манай нөхрийн зүүн талын ташаа хэсгээс хазсан тэгээд ноцолдоод байсан тэр үед нөгөө залуугийн найз гээд нэг залуу ирээд манай нөхрийн толгой руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь нөхөр бид хоёр босоод танай найз манай нөхрийн толгойг хагалчихлаа гэж хэлсэн чинь тэр залуу би буруу ойлгосон байна гээд уучлалт гуйж эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгнө одоо бэлэн мөнгө алга гээд иргэний үнэмлэхээ өгнө гээд байсан. Тэр үед манай найз Амарбаясгалан эхнэрийн хамт ирээд бөөн хэрүүл маргаан болоод цагдаа дуудсан. Түүнээс бол Амарбаясгалан зодоонд оролцоогүй сүүлд бүх зүйл болсны дараа ирсэн...” гэх мэдүүлэг /хх 21-22/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6588 тоот дүгнэлтэд: 

  1. Д.Л-ын биед баруун 4,5,6-р, зүүн 6.7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, духанд цус хуралт, баруун хацар, шанаа, хүзүү, цээж, хэвлий, зүүн бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-26/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6612 тоот дүгнэлтэд: 

  1. Б.А-ын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх шархнууд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-27/ шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32, 33/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 36, 37/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Могойтын ам гэх газар хохирогч Д.Л-тай маргалдаж, гараараа нүүр толгойн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь “баруун 4, 5, 6-р, зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, тархинд цус хуралт, баруун хацар, шанаа, хүзүү, цээж, хэвлий, зүүн бугалга, шуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Л-ын: “...2019 оны 5 дугаар сарын 27-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэсийн буудлаас хойд зүгт амралтаар Ганбаа, Мөнгөнчимэг, Анужин бид дөрөв яваад голын эрэг дагуу майхан бариад хоол идэж уугаад 2.5 литрийн 4 ширхэг пиво хувааж уугаад сууж байтал манай эмэгтэй Анужин гэдэг найз алга болчихоор нь би хайгаад “Анужин” гээд хашиграад явж байсан чинь нэг залуу ирээд томороод намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зууралдаад унагаагаад цохьсон. Би босож ирэхдээ газраас чулуу аваад шидсэн чинь нөгөө залуугийн толгойг хагалсан. Тэр үед манай найз Ганбаатар ирж бид хоёрыг салгасан. Одоо миний бие зүгээр байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Могойтын ам гэх газар хохирогч Б.А-тай маргалдаж, улмаар чулуугаар толгойн тус газар нь цохиж, гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь,

Хохирогч Б.А-ын: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим найзууд болох Анужин, Амар-Эрдэнэ, Наранбайгаль, Өлзийхутаг, Өлзийхутагийн эхнэр Зулаа гэх хүмүүсийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын голын эрэг дээр очсон. Тэндээ ууж идээд 1 шил архи, 24 лаазтай пиво уусан. Тэгээд тухайн үед Өлзийхутагийн эхнэр архи, пивоноос уугаагүй хүүхэд нь жаахан уйлагнаад түрүүлээд явчихсан. Тэгээд буцаж залгаад “голд суучихсан байна” гэсэн. Тэгээд Амар-Эрдэнэ, Наранбайгаль нар чирч гаргахаар явсан. Тухайн үед голын эрэг дээр би Анужингийн хамт үлдсэн. Тэгсэн нэг танихгүй залуу Анужин гээд орилоод ирсэн. Би “тийм хүн байхгүй” гэсэн чинь “ямар том юм” гээд зодох гээд дайрахаар нь түлхсэн. Тэгсэн том чулуу аваад над руу шидсэн. Тэр нь миний толгойн орой хэсэгт оноод цус гарсан. Би хохирогчтой ноцолдож, хоёр цохьсон. Түүнээс манай найз нар цохьсон зүйл байхгүй, дараа нь ирсэн...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.А-д Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

шүүгдэгч Д.Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А, Д.Л нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдав.

Шүүгдэгч Б.А, Д.Л нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А, Д.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч Б.А-д 500 нэгж, шүүгдэгч Д.Л-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

- Д.Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.А-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Л-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А, Д.Л нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.А, Д.Лхагва нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.А, Д.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР