| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1049/Э |
| Дугаар | 1055 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 1055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1906 02655 1265 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн б.э, 1985 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр, 15 дугаар баг, Рашаант, 26 гудамж, 02 тоотод оршин суудаг хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 38-912а тоотод түр оршин суудаг, Ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай,
Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2003 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2006 оны 11 дүгээр сарын 17-ны ялын хугацаа дуусаж суллагдсан,
.Сонгинохайран дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147.2, 181.3, 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 9 жилийн хорих ял оногдуулсан,
Багануур дүүргийн эрүүгийн 'хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил, 7 сар, 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил, 10 сар, 3 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 сарын баривчлах ял оногдуулж эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 7 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар суллагдсан,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, /
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Дарь-Эхийн Ганцын буудал орчимд иргэн Б.Золзаяагийн гар цүнхийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Золзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Ард нэг цайвар өнгийн хувцастай эрэгтэй хүн явж байсан. Гэтэл нарийн жалгаар гарах гээд явж байтал нөгөө хажуугаар орж ирээд миний нүүр хэсэг рүү цохисон ба би газарт унахад миний толгой, ар нуруу хэсэг рүү өшиглөөд хувцаснаас татаад чирэхээр нь би хашааны банзнаас зуураад авраарай, туслаарай гээд орилтол намайг жалга руу оруулах гээд зулгаагаад толгой, нүүр, ам хэсэг рүү цохиод байсан тэгсэнээ мөнгөө өг гээд цүнхнээс татахаар нь цүнхнээсээ тавихгүй зулгаахад цүнхнээс татаад намайг чирсээр байгаад цүнхний оосор тасраад цүнхийг аваад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Г.Дэмчиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ийнхүү уг дуудлагыг хүлээн аваад дуудлагын дагуу очиж шалгахад 55-60 орчим настай, хар бараан хувцастай эмэгтэй нь намайг гэрлүү явж байхад энэ согтуу залуу миний хойноос ирээд намайг үстэж аваад, нүүр амруу цохиж чирээд миний цүнхтэй эд зүйлсийг дээрэмдэж аваад зугтсан... Тухайн үед хохирогчийн хамарнаас цус гарсан, өмсөж байгаа хувцас нь шороо болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх 30/,
Гэрч Б.Батхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бол гэж сонирхоод харсан чинь доод талын гудманд нэг согтуу эрэгтэй нэг эмэгтэйг доороо оруулчихсон зодож байсан...” гэх мэдүүлэг, / хх 32/,
Яллагдагч Б.Э мөрдөн шалгах ажиллагааднд мэдүүлэхдээ: “...Би хохирогч эмэгтэй болох Б.Золзаяаг ганцын буудлаас дээш өгсөх гудамжинд явж байхыг нь хараад очоод эд зүйлсийг дээрэмдье гэж бодож очоод түүний тус газарт нь гараараа цохиж унагаад цүнхийг нь дээрэмдэж авсан..” /хх 80/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5670 дугаартай дүгнэл
Хөрөнгө үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 23- ны өдрийн Б32-19-349 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх 40-41/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлстийн ахлах ахлагч Н.Барсболд, ахлах ахлагч Г.Дэнчиг нарын илтгэх хуудас, /хх 5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7/, эмчилгээний зардал хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, Мөнган гүүр эмнэлгийн компьютер томографикийн оношлогоо /хх 12/, хохирогч Б.Золзаяагийн гаргаж өгсөн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх 13-19/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 61/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт, эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Дарь-Эхийн Ганцын буудал орчимд иргэн Б.Золзаяагийн гар цүнхийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Б.Золзаяагийн: “...Ард нэг цайвар өнгийн хувцастай эрэгтэй хүн явж байсан. Гэтэл нарийн жалгаар гарах гээд явж байтал нөгөө хажуугаар орж ирээд миний нүүр хэсэг рүү цохисон ба би газарт унахад миний толгой, ар нуруу хэсэг рүү өшиглөөд хувцаснаас татаад чирэхээр нь би хашааны банзнаас зуураад авраарай, туслаарай гээд орилтол намайг жалга руу оруулах гээд зулгаагаад толгой, нүүр, ам хэсэг рүү цохиод байсан тэгсэнээ мөнгөө өг гээд цүнхнээс татахаар нь цүнхнээсээ тавихгүй зулгаахад цүнхнээс татаад намайг чирсээр байгаад цүнхний оосор тасраад цүнхийг аваад зугатаасан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Дэмчигийн: “...Ийнхүү уг дуудлагыг хүлээн аваад дуудлагын дагуу очиж шалгахад 55-60 орчим настай, хар бараан хувцастай эмэгтэй нь намайг гэрлүү явж байхад энэ согтуу залуу миний хойноос ирээд намайг үстэж аваад, нүүр амруу цохиж чирээд миний цүнхтэй эд зүйлсийг дээрэмдэж аваад зугтсан... Тухайн үед хохирогчийн хамарнаас цус гарсан, өмсөж байгаа хувцас нь шороо болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Батхишигийн: “...Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бол гэж сонирхоод харсан чинь доод талын гудманд нэг согтуу эрэгтэй нэг эмэгтэйг доороо оруулчихсон зодож байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э-оос бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 419.200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Золзаяад олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э-д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял болон хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хуульд зааснаар нэмж нэгтгэн, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
Мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг нэг өдрийн хорих ялд тооцож, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний бүгд биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 40 /дөч/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ос 419.200 / дөрвөн зуун арван есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Золзаяад олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР