| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2024/00973/И |
| Дугаар | 201/МА2025/00005 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 201/МА2025/00005
*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2024/00993 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ад холбогдох
Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэг буюу ажилгүй байсан хугацааны цалин 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан түүний хууль бус үйлдлийн улмаас эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас урьд эрхэлж байсан ажлаа эрхлэх боломжгүй болсон тул 6 сарын цалин 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Танкад байрлах Содмонгол клонкын урд талын төв замын хажууд мотоциклоо засаж байхад Харриер маркийн машин араас ирж хүчтэй мөргөсөн. Уг машины жолооч ******* нь тухайн үед согтуу байсан. Замын цагдаагийн газраас үзлэг шалгалт хийн жолооч Эрдэнэбат буруутай болохыг тогтоосон. Миний бие нуруу болон баруун хөлөндөө хүнд бэртэл авсан бөгөөд намайг хүнд хүчир ажил хийж болохгүй 6 сар эмнэлгийн хяналтад байх ёстой гэж хэлсэн. Миний бие ******* ******* ХХК-д жолоочийн ажил хийдэг байсан ба сарын 1 000 000 төгрөгийн цалин авдаг байсан. Намайг мөргөж гэмтэл учруулсан *******аас 6 сарын цалин болох 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгчийн тухайн үеийн хохирол болох мотоциклийн төлбөр, хот явж эмнэлэгт үзүүлэх тээврийн зардал, эмчилгээний төлбөр, эм тариа, нурууны бүс, байрны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлж өр төлбөрийн хохиролгүй болгосон. Шүүх шинжилгээний дүгнэлтээр нэхэмжлэгч нь зөөлийн эдийн гэмтэлтэй, ажил хийх бүрэн боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нь хүчингүй байсан ба зөрчлийн торгууль болох 200 000 төгрөгийг нь мөн төлж барагдуулсан. Миний бие 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж, 400 000 төгрөгөөр торгуулж шүүхээр шийдвэрлүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 6 000 000 төгрөгийг төлөх боломжгүй. гэжээ.
3. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2-т тус тус зааснаар хариуцагч *******аас 1 460 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 540 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 38 310 төгрөг гаргуулж ******* аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би нэхэмжлэгч *******ын гомдлыг тухайн үед нь бүрэн хохиролгүй болгож, тэр ч өөрөө хүлээн зөвшөөрч өөр гомдолгүй болохоо батламжилж цагдаад бичиг хийж өгч байсан. Энэ нь тухайн үеийн хавтаст хэрэгт байгаа өөрийнх нь гараар бичсэн баримт бичгээр баталгаажна. Тухайн үеийн хохирол болох мотоциклийн төлбөр, хот явж эмнэлэгт үзүүлэх тээврийн зардал, эмчилгээний төлбөр, эм тариа, нурууны бүс, байрны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулж ******* гомдолгүй гэдгээ баталгаажуулж гарын үсгээ зурж цагдаад өгсөн баримт нотолгоо хавтаст хэрэгт байгааг энэ хэрэгт татан авах, баримт болгон оруулах хүсэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь худал хэлж үндэслэлгүй 6 000 000 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед жолоочийн ажил эрхэлдэггүй, ажилгүй иргэн байсан нь шүүх хуралдаанд өгсөн ажлын газрын тодорхойлолт нотлох бичиг баримт байхгүй, мөн миний бие 200 000 төгрөгийн жолоодох эрхийн үнэмлэхгүй байсны торгуулийг нь төлж өгч байсан нотлох баримтуудаар 100 хувь нотлогдохоор байна.
Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр нэхэмжлэгч нь зөөлөн эдийн гэмтэлтэй, ажил хийх бүрэн боломжтой нь нотлогдсон бөгөөд тухайн иргэний тухайн үеийн гомдлын дагуу төлбөрийг бүрэн барагдуулсан, ажил төрөл хийх боломжтой атал, дахин түүнээс хойшхи 6 сарын цалин үндэслэлгүй нэхэмжилж байгааг гайхаж байна.
Би эмчилгээний зардал болон бусад зардлаас гадна ажилгүй байгаа гэхэд нь 2 500 000 төгрөгийг өгсөн. Үнэхээр хүнд гэмтэл учруулсан байсан бол 1 460 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэвч өөрөө ажил хийгээгүй үеийнхээ мөнгийг хүнээс нэхэмжлэх нь зүй бус бөгөөд жолоочийн ажил хийж байснаа нотлоогүй, жолоочийн ажил хийх эрх зүйн хувьд үндэслэлгүй, жолооны эрх хүчингүй болсон зэрэг холбогдох нотлох баримт бичиг, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж уг шийдвэрийг дахин нягталж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Эрдэнбатад холбогдох бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэг буюу 6 сарын цалин 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол буюу ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин 6 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагчийн намайг мөргөсөн авто ослын улмаас нуруу болон хөлөндөө хүнд бэртэл авсан тул 6 сар эмчийн хяналтанд байх шаардлагатай болсон, Би ******* ******* ХХК-д жолоочоор ажилладаг, сард 1 000 000 төгрөгийн цалин авдаг байсан тул ажилгүй байсан 6 сарын цалин 6 000 000 төгрөгөө гаргуулна. ... гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргадаг ба нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... нэхэмжлэгчийн биед зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн гэмтэл учирсан болохыг шинжилгээний байгууллага тогтоосон тул ажил эрхлэх боломжтой байсан. Түүний эмчилгээний зардал, эвдэрсэн мотоциклийн үнэ, эмчилгээнд явах зардал зэргийг бүгдийг төлсөн, мөн надаас ажилгүй байна гээд 2 500 000 төгрөг авсан тул 6 000 000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. ... гэж тодорхойлсон.
5. Хариуцагч ******* нь 2024 оны 6 сарын 14-ний өдөр автомашин жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгч *******ыг мөргөж, түүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан талаархи бичгийн баримт хэрэгт авагдаагүй боловч дээрх үйл баримтын талаар, мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгчид эмчилгээний зардал болон эвдэрсэн мотоциклийн үнэд 2 014 300 төгрөг төлсөн, түүнээс гадна нэхэмжлэгчид 2 500 000 төгрөгийг төлсөн талаар зохигч талуудын хэн алин нь маргаагүй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 505.2-т гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй болохыг тус тус зохицуулсан.
Тухайлбал, гэм буруутай этгээдийн учруулсан хууль бус үйлдлийн улмаас хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсанаас урьд хийж байсан ажлаа эрхлэх боломжгүй болсон бол дутуу авсан цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон цалин тэтгэмжийн зөрүүгээ гэм буруутай этгээдээс нэхэмжлэх, ийнхүү цалин хөлсний хэмжээг тодорхойлох боломжгүй, цалин хөлс орлогогүй байсан бол гэм хор учрах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас үзвэл тэрээр нөхөн төлбөр нэхэмжлээгүй, харин авто ослын улмаас хөдөлмөрийн чадваргүй болж, 6 сар ажлаа хийх боломжгүй байсны улмаас өөрийн аваагүй цалин хөлсөө хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг гаргасан байх ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн гаргасан шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй.
Гэтэл хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар хариуцагчийн гаргасан авто ослын улмаас нэхэмжлэгч *******ын биед гэмтлийн зэргийн хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирлын аль нь учирсан, хөдөлмөрийн чадвар алдсан бол хэдэн хувь алдсан, гэмтлийн улмаас урьд эрхэлж байсан ажлаа эрхлэх боломжгүй болсон, улмаар 6 сар эмчийн хяналтанд байх шаардлагатай байсан эсэх үйл баримтууд тус тус тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ талаар шүүхэд нотолж чадаагүй байна.
Тухайлбал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтууд болох ******* ******* ХХК-ийн 2024 оны 9 сарын 16-ны өдрийн № 25, 26-ны өдрийн тус компанид ******* нь жолоочийн ажил эрхэлж байсан, сарын 1 000 000 төгрөгийн цалинтай байсан талаархи тодорхойлолтууд, Мед Траума эмнэлгийн 2024 оны 6 сарын 20-ны өдрийн дүрс оношлогооны шинжилгээний хариу, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, түүнд бичигдсэн эмчилгээ, яаралтай тусламжийн хуудас, рентген зураг /хх 6-17/ гэсэн бичгийн баримтуудаар ******* нь авто ослын улмаас 6 сарын хугацаанд жолоочийн ажлаа эрхлэх боломжгүй болж, уг хугацаанд эмчийн хяналтанд байх шаардлагатай болсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийг гэм хор учрах үед цалин хөлс орлогогүй байсан гэж дүгнэн хариуцагч *******аас тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 1 460 000 /660 000х6=3 960 000 - 2 500 000/ төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцээгүй байх ба анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
9. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.4-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргаан бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр заасан.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч *******ад холбогдох Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас үүсэх үүрэг буюу ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин 6000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2024/00993 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч *******ад холбогдох Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас үүсэх үүрэг буюу 6 сарын цалин 6000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй ба шүүхийн эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
Г.УРТНАСАН