Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01187

 

Э.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00933 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1170 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Э.Ч-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Б-, М.Б-нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 670 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ч-, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ариунзаяа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн С.Б- болон түүний нөхөр М.Б-нар 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүрэгт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24 дүгээр байр, 17 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204009602 дугаар гэрчилгээ бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. 

Зээлдэгч С.Б-, М.Б-нар 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 20 000 000 төгрөг, 3 сарын хугацааны хүүний төлбөр 4 200 000 төгрөг, нийт 24 200 000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 4 200 000 төгрөг, зээлийн гэрээний 2.5-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны 70 хоногийн алданги 8 470 000 төгрөг, нийт 32 670 000 төгрөг болсон.

Иймд 32 670 000 төгрөгийг хариуцагч С.Б-, М.Б-нараас гаргуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24 дүгээр байр, 17 тоотод байрлах, 18 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2204009602 дугаар гэрчилгээ бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжилсэн 32 670 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Э.Ч-тэй 2016 оны 08 дугаар сард гэрээ хийсэн. 20 000 000 төгрөгийг 08 дугаар сарын 01-нд 4 500 000 төгрөг авч, 08 дугаар сарын 21-нд 6 000 000 төгрөг, үлдэгдэл 9 500 000 төгрөгийг 09 дүгээр сарын 02-нд Эрээн хотод өөрөө авч ирсэн. Уг зээлийг автомашины сэлбэг авахад зарцуулсан. Миний нөхөр болох М.Б-мөнгийг авсан гэжээ.

Хариуцагч М.Б-шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие үндсэн зээл болох 20 000 000 төгрөгийг бөөн аваагүй. Эхлээд 4 000 000 төгрөг авсан, дараа нь 6 000 000 төгрөг авсан. Эрээн хотод очсон хойно 500 000 төгрөг авсан. 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн биеэр Эрээн хотод 9 500 000 төгрөг авчирч өгсөн. Э.Ч- нь өөрийн биеэр цуг явж машины сэлбэг авсан. Авсан сэлбэгэнд эвдрэл гэмтэлтэй олон зүйл байсан учир зээл төлж чадаагүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00933 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Батдэлгэрээс 24 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ч-т олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 8 470 000 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагыг, мөн хариуцагч С.Б-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Батдэлгэрээс 278 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ч-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1170 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00933 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Б-, М.Б-нараас 32 670 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ч-т олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсэгт “2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204009602 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 24 дүгээр байрны 17 тоот байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай” гэсэн 2 дахь заалт нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4”, 4 дэх заалтыг “5” дахь заалт болгож өөрчлөн, 3 дахь заалтын “...хариуцагч М.Батдэлгэрээс 278 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ч-т олгосугай” гэснийг “хариуцагч нараас 321 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ч-т олгосугай” гэж өөрчлөн шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Ч-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

С.Б- миний нөхөр М.Б-2016 оны 07, 08 сард нэхэмжлэгч Э.Ч- гэх залуутай анх машинаа барьцаалж зээл авч байсан. Улмаар 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Э.Ч- нь байрны чинь гэрчилгээг чинь чөлөөлж хамтран өмчлөгч байсан Ж.Сүххуяг, Ц.Цэцэгмаа, С.Бадамгарав нарыг хасч нөхөр чинь зээл авсан чиний байрыг барьцаалах болохоор чи зээлийн гэрээнд гарын үсэг зур гэж надаар өөрийн наториат гэх хүн дээр дагуулан ирж дээр дагуулж очиж гэрээн дээр гарын үсэг зурсан. Миний бие анхнаасаа тухайн зээлийг аваагүй гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлсээр ирсэн.

...М.Б-хариу тайлбар бичэхэд миний бие гарын үсэг зурсан төдий. Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан тус тусдаа хариуцагчийнхаа хувьд хариу тайлбарыг тусдаа гаргаж өгсөн. Хэрэв анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн бол хариуцагч нарын тус тусдаа гаргаж өгөөд байгаа тайлбарт хэрхэн үнэлэлт дүгнэлт өгсөн мөн талуудын шүүхэд гаргаж өгөөд байгаа тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу үнэлэх боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Э.Ч- бидний хооронд хэдий зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл надад шилжээгүй мөн зээлийн гэрээний харилцаа анхнаасаа бидний хоорондын тохиролцоо биш. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн нотлох баримтын үндсэн дээр гарах хуулийн шаардлагыг хангаагүй байх тул магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасан зохицуулалтаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх, хүлээлгэн өгсөнд тооцох зэрэг эрх зүйн ойлголтуудыг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн маргаанд хамааруулан хэрэглээгүй ба давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгч Э.Ч- нь хариуцагч С.Б-, М.Б-нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, алданги шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлдээ заажээ. Хариуцагч С.Б- нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч зээлийг аваагүй гэж, харин хариуцагч М.Б-нь үндсэн зээл болон хүү төлөхийг зөвшөөрч, алданги төлөхөөс, мөн барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг татгалзжээ.

Нэхэмжлэгч Э.Ч- нь хариуцагч С.Б-тэй 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, С.Б- өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болжээ.

Зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох 20 000 000 төгрөгийг С.Б-т бус харин түүний нөхөр хариуцагч М.Батдэлгэрт өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зээлдэгчээс алданги гаргуулахгүй байх үндэслэл болгосныг давж заалдах шатны шүүх буруу гэж үзсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1., 211.2.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1., 211.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ба үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцдог байна.

Хариуцагч М.Б-гэрээний зүйл болох мөнгийг С.Б-ийн байгуулсан гэрээний дагуу авсан, С.Б- гэрээний дагуу өөрт нь мөнгө өгөхийг зээлдүүлэгчээс шаардаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгч Э.Ч-ийг хариуцагч нарт мөнгө зээлдүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэв.

Зээлийн гэрээний нөхцөлд хүү бодох, үүргээ гүйцэтгээгүй бол алданги тооцох тухай тусгагдсан ба зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Э.Ч- нь үндсэн зээл, хүү, алдангийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Дээрх зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан ба барьцааны гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хуульд заасан агуулга, хэлбэрээр байгуулсан байх тул нэхэмжлэгчийн шаардлагаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхийг давж заалдах шатны шүүх магадлалдаа заасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1170 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН