Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 11

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

       баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун би: “Сүүн орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдох, “Хэрлэн сумын 1 дүгээр сургуулиас зарласан Хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулах ЗА-01/2017 тендер шалгаруулалтад “Дорнын алтан тал” хоршоог тендерийн багц-4 мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, ЗА-01/2017 тендер шалгаруулалтын багц-4 мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад “Сүүн орд” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч “Сүүн орд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Орон нутгийн өмчийн газраас Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд бүтээгдэхүүн нийлүүлэх ЗА-01/2017 тендерт “Сүүн орд” ХХК нь тендерийн баримт бичигт заасны дагуу баримт бичиг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцсон. Уг тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд /хуудас 23/ ТОӨЗ 24.1-д тендер хүлээн авах эцсийн хугацаа нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минут гэж заасан боловч хугацаа хоцорч 10 цаг 02 минутад өгсөн “Дорнын алтан тал” хоршоог тендерийн багц 4 мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад шалгаруулсан.

            Дээрх үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 “Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана” гэсэн заалтыг зөрчсөн.

            Үүнээс болж хуулийн хугацаандаа, шаардлага хангаж тендерээ ирүүлсэн манай компанийн гэрээ байгуулан уг ажлыг гүйцэтгэх хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

            Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын Хэрлэн сумын 1 дүгээр сургуулиас зарласан хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулах ЗА-01/2017 тендер шалгаруулалтад “Дорнын алтан тал” хоршоог тендерийн багц-4 мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, ЗА-01/2017 тендер шалгаруулалтын багц-4 мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад хуулийн дагуу материалаа бүрдүүлэн, хамгийн бага үнийн санал гаргаж оролцсон “Сүүн орд” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

           Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын дарга Ч.Нэргүй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Хэрлэн сумын 1 дүгээр сургуулиас ирүүлсэн хүсэлтээр ЗА-01/2017 дугаартай “Сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх” тендер шалгаруулалтыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд манай байгууллага зохион байгуулсан. Тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.6 дахь хэсэгт заасны дагуу 5 багц бүхий нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу явуулсан бөгөөд 5 оролцогч хүлээн авах эцсийн хугацаанд багтаж тендер ирүүлсэн байна. Тендерийн тогтоосон хугацаанд нээхэд тендерийн нээлттэй холбоотой “Сүүн орд” ХХК болон бусад оролцогчдоос аливаа асуудал, маргаан гаргаагүй бөгөөд энэ тухай нээлтийн тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

           Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх тендер шалгаруулалтын 3 дугаар багцад нэг оролцогч болох “Сүүн орд” ХХК, 4 дүгээр багцад “Сүүн орд” ХХК болон “Дорнын алтан тал” хоршоо тус тус санал ирүүлсэн. Үнэлгээний хороо “Сүүн орд” ХХК-ийн тендерийг хянан үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан мэдэгдэл, тендерийн баримт бичгийн 18.1/б/ дэх хэсэгт заасан санхүүгийн тайлан, 18.2 дахь хэсэгт заасан өмнө нь хэрэгжүүлсэн ажлын гэрээ дүгнэсэн акт, харилцагч банк болох “ХАС” банкны тодорхойлолт, 12.1/ё/ дахь хэсэгт заасан хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл, 18.1/а/ дахь хэсэгт заасан нийлүүлэх бараа бүтээгдэхүүний гарал үүслийн талаарх мэдээллийг тус тус ирүүлээгүй алдаа дутагдал байсан байна. Иймд Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэг, “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу багцуудын хамгийн сайн үнэлэгдсэн буюу хамгийн үр ашигтай байх хувилбар, багц тус бүрт шалгуур хамгийн сайн хангасан тендерийг шалгаруулах зарчмаар 3 дугаар багцад “Сүүн орд” ХХК, 4 дүгээр багцад “Дорнын алтан тал” хоршоог тус тус шалгаруулсан гэжээ.

            Гуравдагч этгээд “Дорнын алтан тал” хоршооны захирал Б.Оюунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн нээлттэй тендерт манай хоршоо 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 59 минутад тендерийн материал хүргүүлсэн. Тендерийн нээлтэд бусад компаниудын хамтаар оролцож, ямар нэгэн санал гомдолгүйгээр төлөөлөгч болгон маягтан дээр гарын үсэг зурсан болно. Хэрлэн сумын 1 дүгээр сургуулиас манайхыг тендерийн 4 дүгээр багцад сайн тендер гэж үнэлж гэрээ байгуулах албан бичгийн дагуу бараа бүтээгдэхүүнээ шилжүүлж байна. “Дорнын алтан тал” хоршоо нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерт оролцож шалгарсан гэж үзэж байна.

            Иймд “Сүүн орд” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

            Нэхэмжлэгч “Сүүн орд” ХХК-ийн захирал Н.Энхмөрөн нь:  Миний бие Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын “Хэрлэн сумын 1 дүгээр сургуулиас зарласан Хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулах ЗА-01/2017 тендер шалгаруулалтад “Дорнын алтан тал” хоршоог тендерийн багц-4 мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, ЗА-01/2017 тендер шалгаруулалтын багц-4 мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад “Сүүн орд” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч дээрхи гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч  “Сүүн орд” ХХК нь Хэрлэн сумын 1 дүгээр сургуулиас зарласан хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулах ЗА-01/2017 тендер шалгаруулалтад “Дорнын алтан тал” хоршоог тендерийн багц-4 мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, ЗА-01/2017 тендер шалгаруулалтын багц-4 мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад “Сүүн орд” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгахуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” мөн хуулийн  66 дугаар зүйлийн 66.2-д “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасны дагуу, нэхэмжлэгч “Сүүн орд” ХХК-ийн захирал Н.Энхмөрөн нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа  2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ  нь:

             1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Сүүн орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдох, “Хэрлэн сумын 1 дүгээр сургуулиас зарласан хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулах ЗА-01/2017 тендер шалгаруулалтад “Дорнын алтан тал” хоршоог тендерийн багц-4 мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, ЗА-01/2017 тендер шалгаруулалтын багц-4 мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх багцад “Сүүн орд” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд нь  уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

                            

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ОЮУН