Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 16

 

О.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1327 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ДШМ/1072 дугаар магадлалтай, О.О-т холбогдох 2203001840261 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, *** оны 3 дугаар сарын 28-ны өдөр ***аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Б-” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт *** тоотод түр оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ****овогт О.О-/РД: ***/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1327 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт О.О-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  зааснаар  шүүгдэгч  О.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.О- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, О.О-ын 1244782 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ДШМ/1072 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1327 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч А.Кадирбек нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гомдлын тухайд: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гол үндэслэл болж буй мөрдөгчийн магадлагаа буюу шүүгдэгчийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үйл баримтыг давж заалдах шатны шүүх бүхэлдээ үгүйсгэж, мөрдөгчийн магадлагаа хууль бус үндэслэлгүй гарсан байна гэж дүгнэсэн боловч хэрэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт” хэргийг хяналтын шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх замаар тайлбар гаргаж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хууль тогтоомжид заасан бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь уг хэргийн обьектив тал буюу хуулиар тогтоосон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйгээс гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Иймээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт” хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий этгээд гэмт хэрэг үйлдсэн этгээд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг хэрхэн яаж, зөрчсөн талаарх үйл баримтыг тогтоох үүднээс тусгай мэдлэг эзэмшсэн этгээдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулдаг.

Энэхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн этгээдийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсоны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл бүрддэг юм.

Гэтэл шүүгдэгч О.О-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 4 заалтыг зөрчсөн гэж буруутгаж буй мөрдөгчийн магадлагаа хууль бус шүүгдэгчийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг өөр өөр агуулгаар нь тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймээс дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэж буй нөхцөл байдлыг арилгах, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт” хэргийг нэг мөр ойлгож хэрэглэх үүднээс О.О-т холбогдох хэгийг хяналтын журмаар хянан хэлэлцүүлж өгнө үү.

Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гомдлын тухайд: 2.1. Анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ ... Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргасан өмгөөллийн дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэж ... мотоциклийг “тээврийн хэрэгсэл” гэх ерөнхий ойлголтод цөм багтаж байна гэж дүгнэдэг.

Гэтэл Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “тээврийн хэрэгсэл” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг гэж мөн зүйлийн 3.1.2 “механикжсан тээврийн хэрэгсэл” гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ерөнхийд нь 2 ангилсан байдаг.

Үүнээс “механикжсан тээврийн хэрэгсэл” гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг гэж ангилсан бол Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.25 дахь хэсэгт “мотоцикл” гэж хөдөлгүүрийн ажлын багтаамж буюу чадал, эсхүл техникийн дээд хурд нь мопедынхоос илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийг гэж журамласнаар мотоцикль бол механикжсан тээврийн хэрэгсэл гэх ангилалд хамаарахаар байна.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” уг хэргийг үйлдсэн бол гэж тухайн гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан нь “механикжсан тээврийн хэрэгслийг” жолоодож яваад уг зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд нэгэн адил хамаарах эсэх нь Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймээс ЭХХШтХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч О.О-ыг “Механикжсан тээврийн хэрэгсэл” жолоодох эрхгүй үед гэмт хэрэг үйлдсэн гэж түүний үйлдсэн хэргийг ЭХТА-ийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэх зүйл ангиар хүндрүүлэн зүйлчилснийг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхийг хяналтын гомдлын үндэслэл болгож байна.

2.2. О.О-т холбогдох эрүүгийн 2203001840261 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.О-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 4 заалтыг зөрчсөн талаарх мөрдөгчийн магадлагаа гардаг ба уг мөрдөгчийн магадлагаа хууль бус буюу үндэслэлгүй гарсан талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс маргаж, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбар гаргасан.

2.3. Харин давж заалдах шатны шүүх мөрдөгчийн магадлагаа хууль бус үндэслэлгүй гарсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол анхан шатны шүүх үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй харин мөрдөгчийн магадлагааг шүүгдэгчийн гэм буруугийн нотлох баримт болгож үнэлсэн учир, үүнтэй холбоотой дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

ЭХХШтХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтооно гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл гэдэг ... гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн хүчин зүйл, тэдний хоорондын хамаарал шалтгаан нөхцөл, уялдаа холбоо нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд шууд нөлөөлсөн байхыг шаарддаг.

Гэтэл мөрдөгчийн дугаар 453 тоот магадлагаанаас үзэхэд жолооч О.О- нь ЗХД-н 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, ... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх боловч энэ тухайн зам тээврийн осол гаргах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлд шууд хамааралгүй, холбоогүй болно.

Түүнчлэн мөрдөгчийн магадлагаанд жолооч О.О- нь ЗХД-н 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэх боловч зам тээврийн осол гарсан нөхцөл байдал, хэргийн газрын үзлэг, схем зураг зэргээс үзэхэд жолооч О.О- нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсох үед түүнийг мөргөөгүй харин ч урдаа яваа тээврийн хэрэгсэл нь зүүн гар тийш буцаж эргэх үйлдэл хийх үед тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан нөхцөл байдал тогтоогддог. Иймээс жолооч О.О-ыг ЗХД-н 11.14 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй болно.

Мөн мөрдөгчийн магадлагаанд жолооч О.О- нь ЗХД-н 13.2 дахь заалт дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно, в/ урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед, 13.4. Дараахь газруудад гүйцаж түрүүлэхийг хориглоно, а/уулзвар болон гарц дээр гэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргадаг боловч хэргийн газрын үзлэг, схем зураг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд жолооч О.О- нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй ... , өөрөөр хэлбэл гүйцэж түрүүлэх гэдгийг ЗХД-н 1.2.9. “гүйцэж түрүүлэх” гэж явж байгаа эгнээнээсээ урсгал сөрж урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх, буцаж эгнээндээ орох үйлдлийг гэж журамласан байгаа. Тэгэхээр жолооч О.О-ын хувьд эсрэг урсгал сөрж урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл хийгээгүй гэдэг нь осол гарсан замын схем зураг зэрэг баримтуудаар нотлон тогтоогдож байна.

Мөн шүүхийн шатанд томилогдсон “Цагаан шонхорын жигүүр НҮТББ” гаргасан шинжээчийн дүгнэлтээр уг осол болсон гэх замын хэсгийг гарц гэж үзэх үндэслэлгүй гэж гарсан дүгнэлтээр мөрдөгчийн магадлагааны 13.4 дэх заалт “уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэх үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ “Тоёото королла маркийн автомашин нь автобусны буудлын харалдаа баруун талд тодорхой зай гармагц баруун тийш эргэмэгцээ зүүн тийш эргэх буюу даялах хөдөлгөөн хийсэн нь тодорхойлогдож байх бөгөөд тухайн төрлийн замд хурдыг хасалгүйгээр эргэх хөдөлгөөн хийх боломжгүй нь нийтэд илэрхий үйл баримт” гэж Тоёото королла маркийн автомашины жолоочийн үйлдлийг зөвтгөн дүгнэсэн байна.

Гэтэл Замын хөдөлгөөний дүрмийн 10.13 дугаар зүйлд “дараах газруудад буцаж эргэхийг хориглоно” гэж “в” заалтад “чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр” гэж журамласан байна.

Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтаас үзэхэд тээврийн хэрэгслийн жолооч чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэх үйлдэл хийхийг хориглосон байдаг. Гэтэл дээрх хэргийн зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл нь Тоёото королла маркийн тээврийн хэрэгслийн жолооч БЗД-н 22-р хорооны нутаг дэвсгэр ганцын автобусны буудалд буцаж эргэх үйлдэл хийснээр зам тээврийн осол гарсан юм.

Энэхүү тухайн зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн гол шалтгаан нь Тоёото королла маркийн тээврийн хэрэгсэл хориглосон газар буцаж эргэх үйлдэл хийснээр тухайн тээврийн хэрэгслийн ард явж байсан мотоциклийн жолооч О.О- буцаж эргэх үйлдэл хийсэн машины урд хэсгээр мөргөллдөж авто осол гарсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх Тоёото королла маркийн автомашины жолоочийн ЗХД-ийн заалтыг зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийхгүйгээр, харин ЗХД-н заалтыг зөрчсөн үйлдлийг зөвтгөн дүгнэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.О-ыг цагаатгаж өгнө үү” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч О.О-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 4 заалтыг зөрчсөн гэж буруутгаж буй мөрдөгчийн магадалгаа хууль бус, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг өөр агуулгаар тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч О.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. Мөрдөгчийн магадалгаанд дурдсанчлан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, жолоодон явсан тээврийн хэрэгсэл улсын дугааргүй байдал нь тухайн хэрэг гарах болсон гол шалтгаан нөхцөл биш юм. Өөрөөр хэлбэл мөрдөгчийн магадалгааны заалт, хэрэг гарсан нөхцөл байдал нь хоорондоо газар тэнгэр шиг ялгаатай. Миний үйлчлүүлэгч 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Ганцын автобусны буудлын орчим мотоцикл жолоодон явсан бөгөөд урд нь явсан Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл автобусны буудал руу ороод буцаж эргэх үйлдэл хийх үед О.О- гүйцэж түрүүлэх үйлдэл хийж хоорондоо мөргөлдсөн байдаг. Тэгэхээр аль жолоочийн үйлдэл Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хэргийг шийдвэрлэхэд чухал болохоос миний үйлчлүүлэгчийн тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, тээврийн хэрэгсэл улсын дугааргүй зэрэг нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл биш юм. Иймээс мөрдөгчийн магадалгаа нь бүхэлдээ хууль бус, миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1.1 дэх заалтад “тээврийн хэрэгсэл гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг” мөн зүйлийн 3.1.2 дахь заалтад “механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг” ойлгохоор зохицуулсан буюу ерөнхийд нь 2 ангилсан байдаг. Харин Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.25 дахь заалтад “мотоцикл гэж хөдөлгүүрийн ажлын багтаамж буюу чадал, эсхүл техникийн дээд хурд нь мопедоос илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийг” гэж журамласнаас үзэхэд мотоцикл нь механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд хамаарахаар байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тээврийн хэрэгсэл гэх ойлголт хамаарах ба хоёр шатны шүүх мотоциклийг тээврийн хэрэгсэл гэх ерөнхий ойлголтод хамааруулан тайлбарласан нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зарчмуудыг зөрчсөн. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ шүүгдэгчид ашигтай дүгнэлт гаргасан буюу тус дүгнэлтээр мөрдөгчийн магадалгааны 4 дэх заалт үгүйсгэгдсэн. Хэрэг гарсан газарт гарц, уулзвар байгаагүй, тухайн газар автобусны буудал болох нь “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын гаргасан дүгнэлтээр тогтоогдсон. Тэгэхээр Замын хөдөлгөөний дүрмийн 10.13 дугаар зүйлийн B-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэхийг хориглосон учир хохирогчийн буруутай үйлдэл бий. Гэтэл шүүх хохирогчийн буруутай үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч О.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийг шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна. О.О-т шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон боловч зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын хэмжээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасныг хэт өргөн хүрээгээр хэрэглэсэн байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оршин суух газрын хамгийн бага нэгж нь дүүргийн хувьд хороо байхаар зохицуулсан байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд О.О-ыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 11 дүгээр хорооноос гарахыг хориглосон өөрчлөлт оруулах нь зүйтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгохоор тодорхой заасан учир мотоцикл бол тээврийн хэрэгсэл мөн. Түүнчлэн тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй гэдэг нь гэмт хэрэг гарах нөхцөл мөн юм. Өөрөөр хэлбэл, унадаг дугуй унаж чадахгүй хүүхдийг уна гээд явуулбал тодорхой хэмжээнд бэртэж гэмтэхтэй адил юм. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодох дадлага, туршлага эзэмшээгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээрийн осол гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын гаргасан гомдлыг үндэслэн О.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос О.О-ын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цаг 20 минут орчимд Б дүүргийн * дугаар хороо, ** дугаар худгийн баруун замд КТМ-250 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож замын хөдөлгөөн оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Тоёота королла маркийн **-** УНП улсын дугаартай автомашинтай мөргөлдөж өөрийн жолоодож явсан мотоциклийн зорчигч Г.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход уг шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж олж авсан, бэхжүүлсэн байх, түүний эх сурвалж тодорхой, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотолсон байх ёстой.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт тус бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт нь автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа байдаг.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн 2022 оны 05 дугаар 04-ний өдрийн 453 дугаартай магадлагаанд “... Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр; гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч мотоциклийн зорчигч Г.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн боловч уг магадлагаа нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн “... осол болсон гэх замын хэсгийг гарц гэж үзэх үндэслэлгүй байна. ... чиглэлийн тээврийн хэрэгслийн буудалд хамаарна” гэсэн дүгнэлтээр үгүйсгэгдсэн.

Гэвч дээрх шинжээчийн дүгнэлтээр зөвхөн осол гарсан гэх замын хэсгийг гарц гэж үзэх эсэх, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудалд хамаарах эсэхийг тогтоосон. Харин осол гарах болсон шалтгаан нөхцөл, осолд холбогдсон жолооч нарын гэм буруугийн хэр хэмжээг шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй тогтоосон гэж үзэхгүй. 

Мөн хэрэгт авагдсан баримтаар хохирогч Г.Г- “... Мөргөлдсөн машин зүүн гар тийш эргэж байсан. Зүүн гар тийш эргэхдээ баруун гар тал руугаа бага зэрэг шахаад зүүн гар тал руугаа эргэж байсан” /1 хх 16 х/, гэрч Д.М “... Ц ах автобусны буудал дээр баруун гар тийш шахаад зүүн гар тийш эргэсэн” /1 хх 34 х/, гэрч Б.Ц “... Тухайн зам нь нарийн зам. Эгнээгээрээ явж байгаа тээврийн хэрэгсэл буцаж эргэхэд багтхааргүй нарийн зам” /1 хх 36 х/ гэж тус тус мэдүүлсэн байх ба Тоёота королла автомашины жолооч Г.Ц автобусны буудал дээр баруун гар тийш шахаад зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн нь осол гарахад нөлөөлсөн эсэх талаар шалгавал зохих нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд шалгаагүй байна.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, мөрдөн шалгах ажиллагааны алдааг зөвтгөлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1327 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ДШМ/1072 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

                ДАРГАЛАГЧ                                               Б.БАТЦЭРЭН         

                 ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                     Б.ЦОГТ