Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 211/МА2025/00001

 

211/МА2025/00001

 

                                        

                            

Ц.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2024/00462 дугаартай шийдвэртэй

Тайж овгийн Цэрэнлхамын Угийн нэхэмжлэлтэй

Боржигон овгийн Доржготовын Дид холбогдох

31.000.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань /цахимаар/

Хариуцагч Д.Д

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б

Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч Ц.У анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Би 2021 оны 9 сарын 05-ны өдрөөс 2021 оны 9 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд самар заруулахаар 1 килограммыг нь 18000 төгрөгөөр тооцож, 2 тн 640 кг самрыг В.Бөд нийлүүлсэн. Нийлүүлсэн самар зарагдсаны дараа мөнгөө авахаар В.Бөөс шаардахад чиний самрын мөнгө 40,000,000 төгрөгийг Д.Дид шилжүүлсэн. Д.Доос мөнгө авсны дараа чиний 40,000,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Би 40,000,000 төгрөг Д.Дид шилжүүлэх зөвшөөрлийг В.Бөд өгөөгүй. Би В.Бөд самрын мөнгө 40,000,000 төгрөгийг чамаас авах ёстой гэж шаардсаны дагуу В.Б Д.Дид хандаж самрын үнэ 40,000,000 төгрөгийг Ц.Уд өгөөрэй гэж хэлсэн байдаг. В.Бийн хэлсний дагуу Д.Д 2,000,000 төгрөг, Р.Б 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг надад өгсөн. Одоо би хариуцагч Д.Доос В.Бийн авах 31,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ

1.2 Хариуцагч Д.Д анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: 2021 оны 10-р сард Улаанбаатар хотод оршин суудаг В.Б, Г.М 2 над руу утасдаж Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад бид нар самар авахаар болсон та хүрч ирж бид нартай хамт самар авалцаач, бид нар мөнгө гаргаж байгаа, та ч бас тодорхой хэмжээний мөнгөтэй ирээрэй гэсэн санал тавьсан. Би ганцаараа очиж чадахгүй, Р.Бын хамт очно гэдгээ хэлэхэд зөвшөөрч биднийг хүрээд ир гэсэн. 2021 оны 10 сарын 05-нд очиход В.Б, Г.М нар Зүүнхараагийн харьяат Ж.М, н.М хоёрыг танилцуулж энэ 2 хүн нутгийн иргэд учир самранд явах найдвартай хүмүүстэй гэрээ хийнэ, та 2 ирсэн самрын чанарыг шалгаж Улаанбаатар хот руу ачуулна гэсэн бөгөөд тус бүр өөрсдийн ажлыг зөвшөөрсөн. 2021 оны 10 сарын 10-нд В.Бөөс миний дансанд 40 сая төгрөг орж ирсэн. Би тэр өдөр нь В.Б, Г.М хоёрын хэлсний дагуу н.М, Р.Б нарын зөвшөөрлөөр Уын Хаан банкны данс руу 12,000,000 төгрөг, Батзоригийн Хаан банкны данс руу 10,000,000 төгрөг, Эын Хаан банкны данс руу 9,000,000 төгрөг, Бгийн Хаан банкны данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.1 Нэхэмжлэгч Ц.У болон өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа В.Бийн гаргасан самар худалдаж авах саналыг Д.Д хүлээн зөвшөөрсөн учраас 2021 оны 10 сарын 10-нд Д.Дийн данс руу В.Б самар авах зорилгоор 40,000,000 төгрөг шилжүүлсэн. В.Бөөс 40,000,000 төгрөг хүлээн авсантай Д.Д маргадаггүй бөгөөд В.Б, Д.Д нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн  бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу самар авахаар 40,000,000 төгрөгийг В.Б хариуцагч Д.Дид шилжүүлж, В.Б, Д.Д нар самар худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан.  40,000,000 төгрөгийг Д.Дид шилжүүлсэн нь нотлох баримтаар нотлогдож байна. Д.Доос самраа хүлээж аваагүй нь гэрч Б, М нарын мэдүүлгээр тогтоогддог. Хариуцагч тал В.Бийг самар хүлээж авсан гэдгийг нотлох баримтаар нотлоогүй. В.Б самраа хүлээж аваагүй учраас Д.Доос шилжүүлсэн мөнгөө шаардах эрхтэй. Энэ мөнгөө Ц.Уд өг гэж Д.Дийн хэлсний дагуу Ц.Уд 9,000,000 төгрөг өгсөн. Д.Доос самрын мөнгө шаардах эрхээ В.Б Уд шилжүүлсэн. Энэ шаардах эрх шилжүүлсэн гэрээний дагуу Ц.У Д.Доос 31,000,000 төгрөг шаардах эрхтэй байна. Гэрч Р.Б мөнгөө хүмүүсээс авчихвал Ц.Уд өгнө гэж хэлдэг. Хариуцагч тал В.Бтэй самар авахаар хамтран ажилласан гэж тайлбарлаж байгаа боловч ашиг, алдагдал, хаяг байршил, оруулах хөрөнгийн хэмжээ, хүлээх үүрэг, хариуцлага зэргээ харилцан тохиролцсон нь тодорхойгүй, хамтран ажилласан нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолж чадахгүй байна. В.Б, Д.Д нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа зүйл тусдаа гэрээний асуудал буюу Д.Д самар авахдаа н.М, Р.Б гэх хүмүүстэй хамтарч ажиллах, дундаас нь ашиг авах зэрэг нь хариуцагчийн асуудал. Энэ талаар тусдаа шаардлагаа гаргаад явж байгаа юм байна. В.Б, Д.Д нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээнд шаардах эрхээ бусдад шилжүүлэхийг хориглох талаар заагаагүй учраас Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу В.Б шаардах эрхээ Ц.Уд шилжүүлсэн. Д.Д самрын үнийн үлдэгдэл төлбөр 31,000,000 төгрөгийг өгнө гэдэг боловч одоог хүртэл өгөөгүй учраас шаардах эрх шилжүүлэх хэлцлийн үндсэн дээр В.Бийн мөнгийг Д.Доос нэхэмжилж байна. Ц.У В.Бөөс хичнээн төгрөг авах байсан нь энэ маргааны үйл баримтад огт хамаагүй.  Үүнээс үл хамаарч В.Бийн Д.Доос шаардах самрын үнийг нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Доос самрын үнэ 31,000,000 төгрөгийг гаргуулж Ц.Уд олгож өгнө үү гэжээ.

 

2.2 Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа В.Б, Г.М нар Улаанбаатар хотод самар зарах, н.М, н.М нар хүмүүстэй гэрээ хийж самар авах, Д.Д, Р.Б хоёр самрын чанарыг нь шалгаж Улаанбаатар хот руу ачуулах зэргээр гүйцэтгэх ажил үүргээ амаар харилцан тохиролцож н.М, н.М, В.Б, Г.М, Д.Д, Р.Б нар хуш модны самар бэлтгэн нийлүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. В.Б Д.Доор дамжуулж самар бэлдэж байгаа жолооч нарт 40,000,000 төгрөг өгсөн. Хэргийн үйл баримтаас харахад Д.Д нь В.Бтэй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Энэ 6 хүн хамтарч самар авч компанид өгөх зорилготой байсан. В.Бөөс 40,000,000 төгрөг орж ирсний дараа ямар хүмүүс рүү шилжүүлэх талаар н.Мөөс асууж н.М, Р.Б нарын зөвшөөрөл, Г.М, В.Б нарын хэлсний дагуу н.У н.Батзориг, н.Э, н.Б нарын данс руу уг мөнгийг шилжүүлсэн. В.Бөд өгөх мөнгийг л Ц.Угийн данс руу 9,000,000 төгрөгийг Р.Б шилжүүлсэн. Ц.Угийн мөнгийг зарцуулаагүй. В.Б, Д.Д нар хамтран ажиллах гэрээний дагуу бусдад мөнгөө өгчхөөд самар авч чадалгүй адилхан хохирсон учраас В.Б Д.Доос самрын мөнгө шаардах эрхгүй. Мөн Ц.У А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 7 сарын 03-нд нэхэмжлэл гаргасан болохоос В.Б нэхэмжлэл гаргаагүй. Ц.У нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 9 сарын 9-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх хэлцлийн дагуу В.Бийн өмнөөс самрын мөнгө нэхэмжилж байна. Ц.У өөрийнхөө эсхүл В.Бийн мөнгийг нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй. Д.Д нь Ц.Угийн, В.Бийн өмнө үүрэг хүлээсэн этгээд биш. Ц.У В.Бөөс самрын мөнгө шаардаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03912 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.У В.Бөөс мөнгө авах эрхгүй нь энэ шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Ц.У өөрөө, мөн В.Бийн өмнөөс мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд Ц.Угийн самрын үнэ 31,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2024/00462 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Доос 31,000,000 (гучин нэгэн сая) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Доос 312,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгож, Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй,  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид дээрх хугацаанд гардуулах, гардуулах боломжгүй бол 7 хоногийн дотор хүргүүлж, хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарласан байна.

            Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10-р сарын 21 ний өдрийн 129\ШШ2024\00462 дугаартай шийдвэрийг 2024 оны 11 дугаар сарын 19өдөр х\,.ээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Угийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Дид холбогдох 31,000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ иргэний хууль , болон гэрээг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Д.Д нь В.Бтэй самар бэлтгэн нийлүүлэх гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байхад, анхан шатны шүүхээс гэрээгээр хүлээсэн самар нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Д.Д, В.Б нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний зүйл буюу ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн байхад шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн байна. Энэ талаар хавтаст хэрэгт маш тодорхой нотлох баримт авагдсан төдийгүй гэрч нар болон хэргийн оролцогчид тодорхой тайлбарласан байгаа. 1. Хариуцагч Д.Дийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэгт тодорхой байгаа. 2. Хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх талаар шүүхэд, хариуцагчийн зүгээс хүсэлт гаргаад байхад,анхан шатны шүүхээс түүнийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн хамт биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар хэлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д давж заалдах гомдолдоо: А аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10-р сарын 21 өдрийн 129/2024/00462 дугаартай шүүхийн шийдвэрийг өөрийн емайл хаягаар 2024 оны 11 сарын 21 өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Угийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д надад холбогдох 31 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн болсон үйл явдалд буруу дүгнэлт хийж иргэний хуулийг буруу хэрэглэж, хариуцагч миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хариуцагч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Хариуцагч Д.Д би нэхэмжлэгч Ц.Угээс нэг ч төгрөг бэлнээр болон дансаар хүлээн аваагүй юм. Б М хоёр нь Згийн харьяат М М хоёрыг Р.Б болон миний бие болох Д. Д нарыг танилцуулж зургуулаа мөнгөө хамтарч гарган нэг баг болон хамтран ажиллахаар болсон. М болон М хоёр нь баталгаатай хүмүүстэй гэрээ хийж самарт явуулах үүрэгтэй. Б болон М хоёр нь Улаанбаатарт борлуулалт хийх үүрэгтэй. Р.Б болон миний бие Д.Д нь самрын чанарыг шалгаж ажиллахаар тус тус тохирсон. М самарт явах 13 хүнтэй тус бүрд нь 12 сая төгрөг хүртэлх хэмжээний гэрээ хийсэн. Тухайн гэрээн дээр Р. Б нь мөнгийг олгож цохож өгөхөөр болсон. Ингээд анх ярилцсаны дагуу 6 хүн мөнгөө нийлүүлж эхлэхэд Р.Бын данс руу миний бие Д.Д 48 сая төгрөгийг шилжүүлсэн. Р.Б өөрийнхөө мөнгөтэй миний 48 сая төгрөгийг нийлүүлээд гэрээ хийсэн 13 хүндээ тус бүрд нь цохож өгөхөд 40 сая төгрөг дутсан бөгөөд тиймээс В.Б Г.М М М нарыг өөрсдийн мөнгөө шилжүүлнэ үү гэхэд Б гэрээгээ урьдчилаад хийчих би хот ороод шилжүүлье гэсэн. Үүний дараа гэрээгээ хийчхээд А аймагт Р.Б болон миний бие Д.Д нар нь буцаж ирсэн. Ингэхэд гэрээ хийсэн хүмүүс нь Р.Быг мөнгөө шилжүүлэхийг шаардсан. 2021 оны 10-р сарын 10-ны өдөр Р.Б нь би хөдөө явлаа Бөөс 40 сая төгрөг орж ирэхээр нэр бүхий эдгээр хүмүүст үлдэгдэл мөнгийг нь шилжүүлээрэй гэсэн. Би Бөөс 40 сая төгрөг орж ирэнгүүт Мтэй утсаар ярьж Р.Бын хэлсэн эдгээр хүмүүс рүү мөнгө шилжүүлэх зөвшөөрөл аван мөнгө шилжигдэж орж ирсэн тухайн цагт нь хэлсэн хүмүүст нь тоо ёсны дагуу шилжүүлсэн. 2021 оны 11 сараас 2022 оны 3-р сар хүртэл Зд байрлан орж ирсэн самруудаа Улаанбаатар хот руу хэд хэдэн удаа ачуулсан бөгөөд М болон М нар Улаанбаатар хотод аваачиж тушаасан. Гэрээ хийсэн хүмүүсээс Б, Ц, Э Э У М нар нь гэрээний дагуу самраа авчирч өгөөгүй бөгөөд эдгээр хүмүүсээс одоог хүртэл мөнгөө авах гэж Р.Б болон миний бие Д. Д нар одоог хүртэл хөөцөлдөж байна. Хамтарч ажиллаж байсан Б М М М нар нь энэхүү асуудалд хариуцлага үүрэхгүйгээр зугтаагаад байна. Р.Б бид хоёр Бтэй холбогдон М С М та дөрөв бид хоёртой хамтран мөнгө өгөөгүй хүмүүсээсээ мөнгөө олж авъя гэж ярихад за гэх боловч ямар ч үйлдэл гаргахгүйгээр сүүлдээ утсаа авахаа больсон. Анх ярилцахдаа дор бүрнээ хариуцлага үүрнэ гэсэн боловч анхнаасаа хариуцлагагүй хандаж ярилцсаны дагуу төлөвлөсөн мөнгөө ч хийгээгүй болно. Р.Б бид хоёр дийлэнх мөнгийг гаргаж ажилласан бөгөөд бид хоёрын ачуулсан самраас 500 килограмм самрыг чанарын шаардлага хангахгүй байна гэж агуулахдаа Б авч үлдсэн. Ингээд намайг чанар шалгах хариуцлагаа үүр гээд орхисон бөгөөд үүнийг нь би ганцаараа ямар ч асуудалгүйгээр үүрсэн. М нь 5 тонн самар Б М нарт аваачиж өгөхөд самрынх мөнгөнөөс 13 сая төгрөг гэрээний дагуу авах байхад хэлээд байхад авалгүйгээр Мт суутгалгүйгээр өгсөн байсан. М нь анх Бийн танилцуулсан бидэнтэй хамтарч ажиллаж байсан М болно. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 д зааснаар хариуцагч Д.Д надаас 31 сая төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.У олгохоор шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Миний бие В.Б болон Ц.У нарт самар худалдах болон худалдан авах гэрээ байгуулаагүй. Мөн шүүхээс энэ талаар олон гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар би одоог хүртэл мэдээгүй, шүүхээс надад мэдэгдээгүй. Мөн хариуцагч миний бие нь хавтаст хэргийн материалтай одоог хүртэл бүрэн гүйцэт танилцаагүй байгаа. Шүүхээс шүүх хуралдаан хэдийд болох, түдгэлзсэн хэрэг хэдийд сэргээгдсэн талаар хариуцагч миний бие одоог хүртэл мэдээгүй. Учир нь миний бие хэрэг түдгэлзсэн байх үед буюу 2024 оны 7 сард хувийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас АНУ явах шаардлагатай болсон. Учир нь охин маань авто машины осолд орон эмнэлэгт хэвтсэн. Иймээс яаралтайгаар АНУ руу явж охиноо тэнхрүүлэх шаардлагатай болсон. Охин маань эмнэлгээс гарсан боловч тодорхой хугацаанд гэрт нь байж харж хандах шаардлагатай болсон. Энэ хугацаанд дээрх асуудалтай холбогдолтой шүүх хурал миний биеийг байцуулалгүйгээр явагдсан. Мөн би тухайн хэрэг түдгэлзсэн хойно АНУ руу явсан иймд миний бие гомдолтой байна. Иймээс А аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10-р сарын 21 өдрийн 129/шш2024/00462 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар хэлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхлээд өмгөөлөгчийн гаргасан гомдолд тайлбар хэлнэ. Дараа нь Д.Дийн гаргасан гомдолд тайлбар хэлнэ. Өмгөөлөгч шүүхэд 3 үндэслэлээр гомдол гаргасан байна. Нэгдүгээрт гэрээний харилцааг буруу дүгнэсэн гэсэн  байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрч Бийн мэдүүлэг гэрч Бын мэдүүлэг, Д, Угийн гурван удаагийн мэдүүлэг, мөн шилжүүлээд байгаа энэ үг баримтыг харьцуулан дүгнэж худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна гэж дүгнэлт хийсэн. Эсрэгээрээ хариуцагч тал хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж өнөөдрийн хурал дээр яриад байна. Анхнаасаа шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр тайлбар гаргахаасаа авхуулаад  ийм зүйлийг ярьж хэлсэн. Гэвч үүнийгээ нотолж чадаагүй. Нотлох үүргийн дагуу хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй. Хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж ингэж тайлбарлаад байдаг боловч хамтран ажиллах гэрээний талууд ямар ямар хураамж гаргасан, хэн ямар үүрэг хүлээсэн юм, хэнийн дундын өмчийн хөрөнгө байсан, хэн нь хэдэн төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм. Хамтран ажиллах гэрээнээсээ нэг нь гараад дуусгавар болдог юм уу эсвэл тэр хугацаа нь дуусаад дуусгавар болдог юм уу, хамтран ажиллах гэрээ нь хэрхэн яаж үргэлжилж дууссан юм гэдэг ямар ч үйл баримт тодорхой биш. Энэ талаар ерөөсөө нотлох баримт байхгүй. Ийм тодорхой биш зүйл дээр шүүх яаж дүгнэлт хийж хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэж шийдэх юм. Өөрсдөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүхийг буруутгаад байгаа нь үндэслэлгүй байна. Эсрэгээрээ хариуцагч талын хүсэлтээр шүүхэд гэрчээр дуудагдсан Б хамтран ажиллах гэрээний нэг тал гээд байгаа. Бын мэдүүлгээр хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй ээ гэдэг нь хариуцагчийн хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэг татгалзал үгүйсгэгдээд байгаа. Б шүүхэд хариуцагчийн хүсэлтээр хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Эхний өгсөн мэдүүлэгтээ  хамтран ажиллах гэрээний мөнгө нэхэмжлээгүй, нэхэмжлэлээр зөвхөн 40 сая төгрөг шаардаж байгаа гэдэг. Энэ 40 сая төгрөгийг төлөхгүй гэдэг хариуцагчийн татгалзлын гол үндэслэл дөрвөн хүн рүү хуваагаад шилжүүлсэн гэж татгалздаг. Энэ талаар Б гэрчийн мэдүүлэг өгөхдөө юу гэж тайлбарладаг вэ гэхээр У Э мөнгөө төлчихсөн, үүнээс Ц. Угийн 9 сая төгрөгийг төлсөн. Бусад хүмүүсээс мөнгө нь ороод ирэхээр мөнгийг нь өгнө гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Дараа нь шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дахин Баас гэрчийн мэдүүлэг авсан. Энэ үед мэдүүлэхдээ 40 сая төгрөгийн хүрээнд л ярьдаг. Мөн хариуцагч Д хүртэл гомдолдоо тодорхой биччихсэн байна л даа. Хариуцагч Дийн гомдолд зургаан хүнийг нэрлэн заагаад энэ энэ хүмүүс самраа өгөөгүй учраас хохирсон гэсэн байна. Энэ зургаа хүнийх нь нэр дээр мөнгө шилжүүлсэн гээд байгаа 2 хүнийх нь мөнгө байхгүй байгаа тохиолдолд мөнгөө авах үндэслэл бүрдчихээд байхад татгалзаад байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаар үндэслэл нь Д.Дийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хэргийн материалтай танилцаагүй гэж гомдсон байна. Хавтаст хэргийн материалтай танилцсан үүрэг нь хариуцагчийн өөрийнх нь хүлээсэн үүрэг байгаа. Өнөөдөр энэ хүнийг шүүх рүү оруулахгүй гээд нүдийг нь боогоод амыг нь таглаад байсан зүйл байхгүй. Шүүхээс өөрөө шүүх хуралдааны товоо тодруулах үүрэгтэй байхад шүүхийн буруу мэтээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өнөөдөр хүртэл хэргийн материалтай танилцаж болох байсан. Өнөөдөр энэ хэрэг шүүхээр яваад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Д.Д хангалттай тайлбар гаргаад хангалттай хүсэлтээ гаргаад явж болох байсан. Хариуцагчийн гаргасан бүх хүсэлтийг шүүх хангаж шийдсэн. Гурван гэрч асуулгая гэсний дагуу Б, Б, Мөнхзулыг асуусан. Мөн бүх хүүхэд нь гадаадад байгаа гэж тайлбарладаг боловч энэ талаар хэрэгт авагдсан баримт байдаггүй. Гэрчийн хаяг тодорхойгүй байхад шүүх тэр хүнийг дуудаж авчраад ажиллагаа хийх ямар ч боломжгүй. Баянгол дүүргийн хаягтай гээд даалгавар гүйцэтгүүлэхээр явуулсан боловч хаягтаа байгаагүй. Хариуцагч тал өөрсдөө хаягаа тодруулж өгөөгүй байхад шүүхээс хийх ажиллагаа байхгүй. Биечлэн оролцуулаагүй гээд байгаа тохиолдол Д гуайн яриад байгаа нөхцөл анхан шатны шүүхэд яригдсан, энэ талаар хангалттай мэтгэлцсэн. Өнөөдөр анхан шатны шүүхэд буцаалаа гэхэд ямар ажиллагааг хийх юм. Ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй байна. Өнөөдөр давж заалдах шатны шүүхэд өөрөө биеэрээ оролцоод хангалттай тайлбарлаад явах боломжтой. Хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх талаар шүүхэд, хариуцагчийн зүгээс хүсэлт гаргаад байхад, анхан шатны шүүхээс түүнийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой гэсэн байна. Гэхдээ яг юунд гомдолтой байгаагаа дурдаагүй байна. Мөнхзул гадаадад байх явцад Солонгос улсын шүүхээр даалгавар гүйцэтгэх ажиллагааг хэлээд байх шиг байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд шүүхийн даалгавраар ямар ажиллагааг гүйцэтгэх вэ гэдгийг нь тодорхой заасан байгаа. Шүүх ямар тохиолдолд даалгавар гүйцэтгүүлэх вэ гэхээр орон нутгийн шүүхэд даалгавар гүйцэтгэх талаар хуульд нарийвчлан зохицуулсан, гадаадын шүүх гэрчийг асуух талаар яаж даалгавар гүйцэтгэх талаар процесст тодорхой зохицуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д ямар ажиллагааг шүүх гүйцэтгэх вэ гэхээр хувь хүний болон төрийн нууцтай холбоотой өөрөө олж авч чадахгүй байгаа баримтыг л шүүх даалгавраар гүйцэтгэх ийм зохицуулалттай. Тэгэхээр гэрчийн мэдүүлэг үүнд хамаарахгүй. Гэрчийн хаяг тодорхойгүй байгаа асуудлыг мөн Солонгосын хаана ямар хаягт байгааг яаж мэдэж даалгавар гүйцэтгэх юм. Хариуцагчийн хүсэлт өөрөө тодорхойгүй ийм байхад шүүх буруу дүгнэсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Дараагийн дугаарт нь энэ 30 сая төгрөгөө 11 дүгээр сарын 07-ны өдөр Бөд шилжүүлсэн. Хариуцагчийн анхны тайлбар уг мөнгийг нь дөрвөн хүн рүүгээ хуваагаад шилжүүлчихсэн учраас төлөхгүй ээ гэдэг. Шүүх хуралдааны явцад самар өгсөн гэж тайлбарладаг. Харин өмгөөлөгч нь зөвхөн зуучилсан хүн нь хариуцах үүрэгтэй гэдэг. Хэргийг анхан шатны шүүхэд буцаалгахын тулд өөр харилцааны улмаас шилжүүлсэн мөнгөө өнөөдөр гаргаж ирээд шүүгч нарын толгойг эргүүлсэн зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм уу гэхээр 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаад дараа нь шаардах эрхээ шилжүүлсэн байна. Анхнаасаа шаардлагыг шилжүүлсэн байсан гэдэг нь тодорхой байгаа. Нэхэмжлэгчийн тайлбараар У энэ мөнгийг шилжүүлээрэй гэж Баярмөнхийн хэлсний дагуу Доос У 3 удаагийн гүйлгээгээр 9 сая төгрөг шилжүүлсэн байна. Шаардах эрхээ хүнд шилжүүллээ гэхэд 40 сая төгрөгийн үйл баримтын хүсэл зоригоо Дид илэрхийлсэн. Үүнийг хүлээн аваад У төлөөд явж байсан ийм үйл баримт хавтаст хэрэгт авагдсан өөрсдийнх нь тайлбараар тогтоогдож байгаа. Тэгэхээр анхнаасаа У шаардах эрх шилжүүлсэн байсан гэдэг нь тодорхой байна. Угийн өмгөөлөгч нарын зүгээс хууль зүйн хувьд нотлох баримтын шаардлага хангуулаад холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардах эрхийг шилжүүлсэн байсан гэдгийг нь өөрсдөө хүлээн зөвшөөрөөд өмгөөлүүлээд явж байсан энэ баримтаар өнөөдрийн гаргасан гомдол үгүйсгэгдэж байна. Шүүх 40 сая төгрөгийн асуудлыг авч хэлэлцсэн. 40 сая төгрөгийг Д руу шилжүүлсэн, Б самар нийлүүлэх зорилгоор 30 сая төгрөг шилжүүлсэн гэдгийг шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлчихсэн. Самраа хүлээж аваагүй гэдэгт талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэрээний дүнгээр самраа авч чадаагүй байна гэдэг ийм зүйл тогтоогдчихсон. Өнөөдөр 40 сая төгрөгийн бүх үйл баримт тодорхой болчихсон, шүүхийн дүгнэлт үр дүн гаргасан. Дахин буцааж ажиллагаа хийлгэх шаардлага байхгүй. Энэ талаар гаргаад байгаа хариуцагчийн гаргаад байгаа гомдол үндэслэлгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн нэг зүйл хэлэхэд шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй гэж байна. Энэ талаар хавтаст хэргийн материалд тодорхой баримтууд авагдсан. 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 303 тоот, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 312 тоот албан бичгээр хариуцагчид аймгийн Засаг даргаар дамжуулж шүүх хуралдаан зарлагдсан талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн байсан. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт зааснаар хүлээн авсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д  зааснаар хариуцагч оршин суугаа газраа шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Өөрөө шүүхээс  хурлын товоо асууж сураглах үүрэг нь хуулиар олгогдсон байгаа. Үүргээ хэлэлцүүлэхгүй байж шүүхийг буруутгаад байгаа нь үндэслэлгүй. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байгаа этгээдийн хариуцлага гэж юм байна уу. Үүнийг нэг талаасаа гайхаад байна. Самар худалдан авах зорилгоор мөнгө шилжүүлчихсэн, тэгээд самраа нийлүүлсэн үү үгүй юу гэдгээ энэ хүмүүс маш тодорхой самраа нийлүүлж чадаагүй гээд та хэдээс авсан мөнгөө цааш нь өгөөд авч чадахаа больчихлоо л гэж байгаа. Уг маргааныг шийдэхэд тодорхой гэж харж байна. Д мөнгө аваад цаашаагаа хэдэн хүнд өгснийг бид нар мэдэхгүй, сүүлдээ дундаас нь яаж ашиг олсныг ч бид нар мэдэхгүй. 2023 оны 02 дугаар сард 3 удаа 9 сая төгрөгийг Д руу шилжүүлсэн үйл явдал байгаа. Доос тусдаа төлбөр авахаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр гарсан байгаа. Хамтран ажиллах гэрээ үүсээгүй, хамтран ажиллах гэрээний оролцогч гэж яриад байна. Бийн шилжүүлсэн мөнгө анхдагч сурвалж болж байгаа. Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу мөнгө нэхэмжилж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гээд байгаа юм уу энэ нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдахгүй байгаа. Б өмгөөлөгч саяын яриад байгаа зүйлээ жил гарны турш ярьсаар байгаад шийдүүлж байгаа, энэ нь ерөөсөө анхны зүйл биш. Нөгөө талдаа нэг нэгнийгээ таньж мэддэг байсан байгаа олон харилцаа үүсэж байсан байдал байгаа. Тэр болгоныгоо энэ зөрчилтэйгөө холбож янз бүрийн тайлбар өгөөд явах нь утгагүй юм. Тиймээс мөнгө өгөөгүй гэдэг нь тодорхой байгаа учраас уг мөнгийг эрх олгосон этгээдэд нь гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Давхардуулахгүй хэлэхэд яагаад над руу 40 сая төгрөг шилжиж орж ирсэн бэ гэхээр тухайн үед бид нар зургуулаа сууж байгаад ажлаа хуваарилж мөнгөө хамтраад гаргая гэсэн. Тухай үед хүмүүс бүгд мөнгөө хийсэн. Тэгсэн 4 хүний мөнгө дутахад Б бид нар мөнгөө хийчихнэ хийчихнэ та нар гэрээгээ хийчих гэсэн. Мөнгө хийгээгүй хүмүүсээ хийчхээрэй гэж хэлээд А аймагт ирсэн чинь Б  би хөдөө Цагаан сүм явах ажилтай байна. Чи Бөөс мөнгө орж ирэхээр нь гэрээ хийсэн хүмүүс рүүгээ хийгээрэй гэж хэлсэн. Б Бын данс руу мөнгө хийтэл Б яваад өгсөн. Хоорондоо хамтарч ажиллаж байгаа улсууд чинь утсаар яриад л мөнгө орж ирэхээр нь хийх ёстой хүмүүс рүүгээ хийгээд тухайн мөнгө хамтарч боссон. Мөн самар огт нийлүүлээгүй гэж ярьсан байна. Бид нар хамтраад дөрвөн удаагийн ачилтаар мөнгө нийлүүлсэн байгаа. Б мөнгөө суутгаж авъя аа гээд ярихад дахин машин явуулж 5 тнн самар ачуулъя гэсэн. Тэгээд самраа тушаахаар 12 сая төгрөгөө авна шүү гэхэд бид нарт өгөхгүйгээр нөгөө самар авчирч өгсөн хүндээ дахиад аваад ирээ гээд мөнгө өгөөд явуулчихсан. Нөгөө хүн нь өгөхгүй, алга болсон ийм ийм асуудлууд байна. Шүүх хуралд оролцоогүй шалтгаан нь хүүхэд  аваарт ороод явсан. Тэр үед хэрэг түдгэлзсэн байсан. Холбогдох баримт бичгээ явуулж байсан. Иймд  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Би хэргийн материалтай  бүрэн танилцаагүй. Б самар огт нийлүүлээгүй гэж худлаа ярьсан байна.  Им асуудлууд байна. Тухайн үед самар 22,000, 23,000 төгрөгийн үнэтэй байсан. 5 тнн самрыг 16,000 төгрөгөөр аваад 23,000 төгрөгөөр зарсан. Ингээд 20 гаруй 30 гаруй сая төгрөгийн ашиг олсон. Бид нар хамтраад ажиллах ёстой байтал сүүлдээ зугтаагаад алга болчихсон. Б утсаа авдаггүй, энэ 40 сая төгрөгт ерөөсөө санаа зовохгүй байна. М ял эдлээд шоронд явсан, Б бид хоёр хоёр жил эр мөнгөний араас хөөцөлдлөө. Зүүнхараагийн М, Мөнхзул хоёр бас байхгүй болчихсон. Би өөрөө хохирсон байхад нэмээд дарамтлаад байгаа асуудал байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болох энэ нөхцөл шаардлагыг хангаагүй. Яагаад хайгаагүй вэ гэхээр хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь тогтоох энэ ажиллагааг нь хийж чадаагүй, зарим нотлох баримтуудыг хариуцагч Америкийн нэгдсэн улс явсан учраас одоо нотлох баримтуудаа өгч чадахгүй, өгөх нотлох баримт зөндөө байна. Анхан шатны шүүх хариуцагч Д.Д, нэхэмжлэгч Ц.У нарын хэргийг шийдвэрлэхдээ Дийг, Бтэй самар бэлтгэн нийлүүлэх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна гэж дүгнэх хэсэгт дүгнэсэн байгаа. Тэгэхээр худалдах худалдан авах гэрээ худалдан авагчийн гэрээ, биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй, эрхийн холбоотой худалдан авагчийн өмчид шилжүүлэх буюу барааг бэлтгэн нийлүүлэх мөнгө төл гэсэн үүрэг хүлээж үүргийг тус тус хүлээсэн байх ийм гэрээний үндсэн шаардлагатай байдаг. Гэтэл Д.Д болон Б нарын хооронд ямар иргэний эрх зүйн харьцаа үүссэн бэ гэдгийг гомдолдоо тодорхой бичсэн байна. Д Б нарын хооронд хамтран ажиллах гэрээ үүссэн. Өөрөөр хэлбэл 2021 оны 10 дугаар сард  Б, М, М, М, Б, Д гэсэн энэ зургаан хүн уулзаад бүгдээрээ самар худалдаж аваад нэг компанид зарж ашиг олъё гэж хамтарч ажиллахаар тохирсон. Энэ хамтарч ажиллахаар тохирсон энэ асуудал нь хэрэгт тодорхой байгаа. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ буюу ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн ийм асуудал байдаг. Тэгэхээр энэ Иргэний хуулийн 476 дугаар зүйлд хамтран ажиллах гэрээ тодорхой байгаа. Хариуцагчийн хариу тайлбар болон шүүхэд цугларч байгаа нотлох баримтыг үзүүлэхээр 477 дугаар зүйлд заасан оролцогчдын хувь хэмжээ,хураамж энэ асуудал хэрэгт тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээнд орж байгаа талууд нь мөнгөн буюу эсхүл хөрөнгө түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр нэгдэж төлж болохоор ийм хуулийн заалт байдаг. Хамтран ажиллах гэрээгээр ажиллахдаа үүргүүдээ тодорхой хуваагаад авчихсан. Өөрөөр хэлбэл мөнгөө тодорхой хэмжээгээр гаргана. Тийм ч учраас Дийн хувьд 42 сая төгрөг гаргачихсан Б, Мийн хувьд тодорхой хэмжээний мөнгө гаргасан гэсэн. Иймээс Б тодорхой хэмжээний мөнгө гаргах шаардлагатай болж байгаа. Иймээс 40 сая төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бөөс Дийн дансанд 40 сая төгрөг орж ирсэн. Энэ мөнгөөр самар аваад өгөөрэй гэсэн биш хамтран ажиллах гэрээнд самар худалдаж авахад гэрээ хийсэн хүмүүст хуваарилж тараагаад өгчхөөрэй гэж шилжүүлсэн. Тийм учраас 10 дугаар сарын 10-ны өдөр Б, М хоёрыг хэлсний дагуу М, Б нарын зөвшөөрлөөр Д тодорхой хүмүүсийн нэр бүхий данс руу мөнгөнүүдийг хувиараа шилжүүлсэн. Тухайлбал Уын Хаан банкны 000000000000 11,500,000 төгрөг, мөн яаралтай хэрэгтэй гээд 500,000 төгрөг нийт 12,000,0000 төгрөгийг шилжүүлсэн. Батзоригийн Хаан банкны тоот данс руу 10,000,000 төгрөг, Эын хаан банкны данс руу 9,000,000 төгрөг Бгийн хаан банкны данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь Бийн оруулсан мөнгөний хувь хэмжээ юм. Энэ мөнгийг Д хүлээж аваад тэр хүмүүс рүү шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн хүмүүстэй хэн гэрээ хийсэн нь хэрэгт тодорхой байгаа. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуш модны самар бэлтгэн нийлүүлэх гэрээ өмнө нь хийсэн байна. Өөрөөр хэлбэл Б цохоод Д мөнгө шилжүүлсэн. Мөн М, У гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу мөн Б цохоод шилжүүлсэн. У хүлээж авлаа гээд гарын үсгээ зурсан. Гэтэл шүүх хуш модны самар бэлтгэн нийлүүлэх гэрээ Д Б хоёрын хооронд үүсчихсэн учраас Б Доос мөнгөө нэхэмжлэх эрхтэй мэтээр шийдвэрлэсэн байгаа. Тэгэхээр энэ гэрээний харьцаа буюу Иргэний хуулийн зүйлчлэлийн асуудлыг буруу шийдвэрлэсэн ийм асуудал байгаа юм. Дараагийн асуудал хариуцагч Д шүүх хуралдаанд биечлэн орох эрхийг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Д хүсэлт тавьсан. Хариуцагчийн хувьд яаж байна гэхээр М гэдэг хүнийг гэрчээр асуулгая, энэ хүн гэрээ байгуулчихсан. Д 31 сая төгрөгийг нэр бүхий хүмүүсээс нэхэмжлэх ийм хууль зүйн үндэслэлгүй болно. Бүх хүмүүстэй М гэрээ байгуулсан. Ийм учраас шүүхэд юу гэж хүсэлт тавьсан гэхээр хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай юм байна гэрчээр Мийг асууж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Уг асуудлыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаарх асуудлыг Д.Д одоо хүртэл мэдээгүй. Хэрэг түдгэлзэх үед Д.Д нь ар гэрийн гачигдал гараад Америкийн нэгдсэн улс явсан. Тэр хооронд шүүх хэргийг сэргээж шийдсэн. Түдгэлзсэн үндэслэл яаж арилсан, миний хүсэлтийг яаж шийдсэн бэ гэдэг асуудлыг тавих боломжгүй болчихсон. Үүнтэй холбогдуулаад хэрэгт зарим нотлох баримтууд цуглаж орж ирсэн. Хэргийн материалтай одоо хүртэл танилцаагүй. Хүсэлт гаргахдаа хэргийн материалтай танилцсан, тэрнээс хойш ямар ажиллагаа явагдаад байгаа, хэргийг хэзээ түдгэлзүүлээд хэзээ сэргээгээд байгаа, хэрэг сэргээсний дараа ямар ажиллагаа явуулж байгаа тэр нотлох баримттай одоог хүртэл танилцаагүй. Дараачийн нэг асуудал нь шүүх хуралдаанд оролцох асуудал юм. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэдэг хүсэлтээ тавьсан. Мөн ар гэрийн гачигдалтай байна. Америкийн нэгдсэн улсад хүүхэд аваарт орчихсон асарч хандахгүй бол болохгүй байна гэдгээ шүүгчийн туслахтай холбоо бариад холбогдох материалаа явуулсан. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээгүй шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ хэрэгтэй холбоотой шинэ нотлох баримтууд их гарч ирээд байгаа. Тухайлбал Бөөс Д 40 сая төгрөг шилжиж орж ирсэн өдөр нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр юм бол буцаагаад Доос Бөд мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ нь хэргийн үйл баримттай хамааралтай. Өөрөөр хэлбэл ямар нотлох баримт байна гэхээр Д, Бөд 30 сая төгрөг шилжүүлсэн. Энэ нь хэрэгт байхгүй. Тэгсэн мөртлөө Бөд 30 сая төгрөгийн өртэй Ц.У нэхэмжлэх эрхтэй гэж шийдчихсэн. Гэтэл тэр мөнгийг нотлох баримттай шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Доос Б рүү 000000000 тоот дансанд 30 сая төгрөг шилжүүлсэн. Энэ нөхцөл байдлыг шалгаж тогтоохгүй бол болохгүй. Дараа нь гэрээний үүрэгтэй холбоотой хуш модны самар бэлтгэх худалдан авсан аж ахуйн нэгжийн бүртгэл гэж байгаа. М бусад хүмүүсээс самруудаа худалдаж аваад Д самбарынхаа чанарыг шалгаад Бын тээвэрлээд Бтэйгөө нийлээд Б гэсэн энэ хувьцаат компанид самраа зардаг. Түүнээс бол Д, Бөд самар зараад байгаа зүйл биш. Хамтран ажиллах гэрээнийхээ дагуу ашгаа хувааж хүртэх зорилготой. Энэ нөхцөл байдлыг шүүх ялгаж салгаж тогтоогоогүй. Дараачийн асуудал нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. А овогтой Цын Угийн нэхэмжлэлтэй хариуцагч Дын Д холбогдох самрын үнэ 31 сая төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Тухайн нэхэмжлэл гарах үед Ц.У Д.Доос нэхэмжлэх эрхтэй байсан уу гэдгийг шүүхээс яагаад харж үзэхгүй байгаа юм.2 сар 27 хоногийн дараа шаардах эрх 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Бөөс Ц.Уд олгосон байдаг. Ц.У, Д.Доос мөнгө нэхээд байгаа юм уу эсвэл Бийн шаардах эрхээр Ц.У нэхэмжлэл гаргаад байгаа юм уу, цаг хугацааны хувьд өөр байна. Ц.У чи миний мөнгийг авсан гээд Доос нэхээд байдаг. Гэтэл шаардах эрхээр Б нь миний мөнгө учраас миний мөнгийг У нэхэх хэрэгтэй гээд 2 сар гаруй хугацааны дараа шаардах эрхээ шилжүүлж өгөөд байдаг. Нэхэмжлэл яаж үүссэн, иргэний хэрэг яаж үүссэн. Иргэний хэрэг Ц.Угээс Доос нэхэмжилж байгаа гэдэг учраас шаардах эрх үүсээгүй байсан. Энэ нөхцөл байдлыг шүүх бас харж үзээгүй. Хэрэг цугларсан нотлох баримт болон бусад нотлох баримтыг хараад үзэхээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох нөхцөл байдал шаардлагаа бүрэн хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл Дийн шүүх хуралдаанд биечлэн орох эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шалгах тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох энэ үндэслэл үүсээд байгаа юм. Хэргийн материалыг нэг бүрчлэн тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судалж үзээд ямар ч байсан анхан шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Доос 31 сая төгрөгийг  гаргуулж Уд олгож байгаа энэ нөхцөл байдал буруу байгаад байгаа. У, Д хоёрын хооронд 243 дугаар зүйлд заасан худалдах худалдах авах гэрээ үүссэн юм. Доос У самар худалдаж авах гээд байгаа юм уу, тийм гэрээ байхгүй. Гэрээний нөхцөл байдалд тодорхой зүйл заагаагүй байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Доос 31 сая төгрөг гаргуулаад нэхэмжлэгч Уд олгоод байгаа. Тодорхойлох хэсэгтээ юу гэж бичиж байна гэхээр гэрээний үүргээ биелүүлээгүй гэж байгаа. Хариуцагч Д нь Бтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн самар нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь гэж байна. Энэ нь гэрч Бийн мэдүүлгээр нотлогдож байгаа учраас гэрээний үүргээ биелүүлсэн ч нотлох баримтаар нотлоогүй тул гэж шийдээд байх юм. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тэр худалдах худалдан авах гэрээнд байхгүй. Худалдах худалдан авах гэрээ нь М болон хуш модны савыг бэлтгэн нийлүүлэх тэр арван хоёр нөхдүүдтэй байгуулсан гэрээ л байгаа. Түүнээс бол худалдах худалдан авах гэрээ Дид эсхүл Б, бусад таван этгээд ажил үүргээ хуваарилаад авчихсан. Худалдах худалдан авах гэрээг нь хэн хийж байна гэхээр М хийсэн. Ийм нөхцөл байдлыг шүүхээс ялгаж салгаж тогтоохгүйгээр шийдвэрлэсэн тул гомдол гаргасан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны  шүүхэд нь буцааж өгнө үү. Бидэнд дахин гаргах нотлох баримт байна. Дийн хувьд Бөд гучин сая төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлчхөөд Б нь шаардах эрхээ Уд өгөхөөр дахин 30 сая төгрөг төлөх гээд байна. Ийм асуудал байж болохгүй учраас хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох ёстой. Зарим нотлох баримтуудыг бид нар анхан шатны шүүхэд гаргаж өгье. Ингээд оролцогчийн эрхийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байх энэ үүргээ биелүүлээгүй байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. гэв

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Хариуцагч Д.Д 2024 оны 05 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч В.Бөөс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр гүйцэтгүүлэхээр даалгаж, даалгаврыг гүйцэтгэж ирүүлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх даалгаврыг гүйцэтгэж ирүүлсэн гэсэн үндэслэлээр 2024 оны 08 сарын 30-ны өдрийн 129/ШЗ2024/02095 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, улмаар 2024 оны 09 сарын 11-ний  өдрийн 129/ШЗ2024/02209 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 09 сарын 30-ны өдрийн 10 цагт хийхээр товложээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Дид гардуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байна.

2024 оны 09 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Д.Д оролцоогүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б гэрч Р.Баас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 15 цаг хүртэл хойшлуулж, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг А аймаг дахь шүүхийн Тамгын газрйг 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 334 тоот албан бичгээр А аймгийн Э сумын 3 дугаар багийн Засаг даргад хүргүүлжээ.

Хариуцагч Д.Д 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 13 цаг 43 минутанд шүүхийн цахим хаягаар “...Миний бие 2024 оны 7 сард АНУ-д оршин суудаг охин Ц 0-0 насны 3 хүүхдийн хамт машины осолд орон, эмнэлэгт хэвтэж байгаад одоо гэрээр асаргаанд байгаа тул асран сувилж байна. Тус шалтгааны улмаас 2024 оны 12 сарын 10 хүртэл АНУ-д байх бөгөөд хэргийн материалтай танилцаж, өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаа тул хурлыг тус хугацаанд хүртэл түдгэлзүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

Шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн “...Хариуцагч Д.Д хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна гэж ойлгож байна. Хүсэлтдээ хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн байсан. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан нь хэргийг түдгэлзүүлэх шалтгаан биш байна. Иймд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байх. Хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул татгалзах зүйл байхгүй...” гэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань “...Хариуцагч өөрөө шүүх хуралдаанд оролцоно гэж байгаа тул оролцох боломжоор нэг удаа хангах боломжтой гэж харж байна...Иймд шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулаад энэ хугацаанд төлөөлөгч юм уу, эсвэл өөрөө цахимаар оролцох нөхцөлөө бүрдүүлсэн нь дээр байх гэж бодож байна...” гэсэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б “...Хариуцагч шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийн материалтай танилцах хүсэлт ирүүлсэн байна. Сүүлд авагдсан баримтуудтай огт танилцаагүй байгаа. Гадаад улсад байгаа тул ирэх хүртлээ хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байна. Нэхэмжлэгч тал хариуцагчийн хүсэлтийн талаар татгалзах зүйл байхгүй гэж байх тул шүүх хуралдааныг хойшлуулж болно гэж харж байна...” гэсэн санал гаргасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Д.Дийн хүсэлтдээ хавсаргасан гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулагдаагүй учир түүний хүндэтгэн үзэх шалтгаантай нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хариуцагч Д.Дийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэн, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүх хариуцагч Д.Дтой хүсэлт ирүүлсэн цахим хаягаар холбогдож, хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн нотлох баримт шаардлага хангахгүй байгаа талаар  мэдэгдэж,  хариуцагчид хэргийн материалтай танилцсанаас хойш нэмж бүрдүүлсэн нотлох баримтыг танилцуулж, хуульд заасан хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй атал АНУ-д байгаа хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй гэж дүгнэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй болжээ.

Мөн хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гэрч В.Бөөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл хуульд заасан шаардлага хангаагүй байхад мэдүүлгийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б нарын  гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож бгаа тул нэхэмжлэлийн шаардлагын тухайд дүгнэлт хийгээгүй болно.

 

Хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  312.950 / гурван зуун арван хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2024/00462 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч Д.Дийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 312.950 / гурван зуун арван хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..             

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                  Т.ГАНЧИМЭГ