| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/01413/И |
| Дугаар | 210/МА2025/00062 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00062
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******, ******* нарын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн зөрүү 32,897,205 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Бид *******тай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах, мөн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээг тус тус байгуулсан. Гэрээгээр ,,, *******,******* тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийг өргөтгөлийн хамт нийт 107 м.кв талбайг 320,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон.
1.2. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр*******0,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг *******ийн нэр дээр гаргуулсан.
1.3. Гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсны дараа мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхэд нийт талбай нь 107 м.кв биш 96 м.кв байсан. Өөрөөр хэлбэл, ******* нь 11 м.кв талбай дутуу өгсөн байсан. Бид нийт 107 м.кв талбайг 320,000,000 төгрөгөөр худалдан авсан тул 1 м.кв талбайн үнэ 2,990,655 төгрөг болно. Худалдан авсан гэх үл хөдлөх хөрөнгө бодит байдал дээр талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаас 11 м.кв талбайгаар бага байгаа тул талбайн зөрүүнд тохирох төлбөрийг буцаан шаардах эрхтэй.
Иймд м.кв-ын зөрүү төлбөрт 32,897,205 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
Миний бие *******ыг төлөөлөн зарах гэж буй объектоо танилцуулан бүхэлд нь үнэлж зарсан болохоос 1 м.кв тэд гэж үнэлгээгүй. Тухайн үед манай оффис улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 49.18 мкв гэж бичигдсэн, өргөтгөл нь гэрчилгээгүй. Харин Нийслэлийн ерөнхий архитекторын зөвшөөрлөөр баталсан зураг төсөлтэй, оршин суугчдын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн гарын үсэг бүхий зөвшөөрөлтэй гэдгийг танилцуулж, өөрөө хүлээн зөвшөөрч худалдан авсан.
2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэсэн гарчигтай хэлцлийг нэхэмжлэгч нарын хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээ авах зорилгоор хийсэн. *******ын надад олгосон 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлд 107 м.кв объект худалдах итгэмжлэл олгоогүй, харин 49.18 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрх олгосон. Уг итгэмжлэлийн дагуу гэрээний тохиролцоо 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бүрэн хэрэгжиж дууссан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******аас 32,897,205 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт ...нөгөө талаар хэрэгт авагдсан баримтаар гэрээний зүйл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ 107 м.кв гэж үзэх баримт авагдаагүй гэжээ. Гэтэл маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг хариуцагч талын зүгээс анх 107 м.кв гэж хэлж тохиролцсон. Тодруулбал, үзлэг хийсэн тэмдэглэлд ...******* хаягнаас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 33 минутанд hi hugshuun niit m.k2 107 gesen bizde гэх бичвэр илгээсэн байна. ******* хаягнаас хариуд нь Hi barnii yu Tiin 107 гэх хариу бичвэр илгээсэн. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр хариуцагч талын зүгээс би өмнөх худалдаж авсан хүнээсээ 107 м.кв гэж авсан тэр хэмжээгээр л явж байгаа, 107 м.кв гэж миний хэлсэн хэмжээ гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Дээрхээс үзвэл талууд гэрээний зүйл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг анх 107 м.кв гэж тохирч байсан болохыг хэргийн оролцогч нарын чатанд үзлэг хийсэн тэмдэглэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан хэргийн нотлох баримтанд хамаарч байхад шүүх үнэлээгүй, дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.2. Шүүхийн шийдвэрт ...Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан бөгөөд талууд гэрээгээр 49.18 м.кв хэмжээг 320,000,000 төгрөгөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдсон тул биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн үзэх үндэслэлгүй гэжээ. Гэвч нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар төлбөрөө бүрэн төлж дуусгасны дараа гэрээний 6.2-т талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсвэл, энэ тухайгаа саналаа нөгөө талдаа мэдэгдэж харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж гарын үсэг зурах бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ хийсэн.
Дээрх гэрээгээр ,,, *******,******* тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийг өргөтгөлийн хамт нийт 107 м.кв талбайг 320,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэж өөрчилсөн. Нэхэмжлэгч нарын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсаныхаа дараа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах зорилгоор үл хөдлөх эд үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлж үзэхэд нийт талбай нь 107 м.кв биш харин 96 м.кв байсан. Өөрөөр хэлбэл, ******* нь 11 м.кв дутуу талбай буюу биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч талын зүгээс талбайн хэмжээ 107 м.кв гэж хэлж зарсан болохыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар тогтоогдсон. Харин хариуцагч талын зүгээс уг талбайн хэмжээг үгүйсгээгүй, мөн дахин хэмжилт хийлгэх талаар ямар нэг хүсэлт гаргаагүй нь хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг илтгэдэг.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
Талууд 2022 оны 04 дүгээр сард оффисын зориулалттай 48 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг *******аас надад олгосон итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулагдсан. Уг гэрээний биелэлт 2022 оны 08 дугаар сард дуусгавар болсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн. Мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болоод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн, гэрээний үүрэг биелэгдээд тооцоо бүрэн хийгдэж дууссан.
Нэмэлт гэрээ байгуулсан шалтгаан нь нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сард уг үл хөдлөх эд хөрөнгийн өргөтгөлд гэрчилгээ гаргуулах гэж байна. Энэ үл хөдлөх эд хөрөнгө нь ямар хэмжээтэй вэ, нэмэлт гэрээ хийгээд өгвөл бид гэрчилгээ хөөцөлдөхөд хэрэг болж байна гэж тайлбарласны үндсэн нэмэлт гэрээ байгуулагдсан бөгөөд нэмэлт гэрээ нь үндсэн гэрээтэй хамааралгүй. Түүнчлэн талуудын өмнөх шүүх хуралдаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө 48 м.кв талбай гэж тайлбарласныг хэргийн оролцогчид бүгд мэднэ гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 11 м.кв дутуу талбайн үнэд 32,897,205 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнд 1 м.кв талбайн үнэ тохироогүй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээн дээр 49.18 м.кв талбайтай гэж бичигдсэн, өргөтгөл гэрчилгээгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авах зорилгоор нэмэлт гэрээ байгуулсан гэж тайлбарлан, маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хариуцагч *******аас *******д 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ,,, *******,******* тоот хаягт байрлалтай, 49.18 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, түрээслүүлэх, арилжах үүнтэй холбоотой гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоог хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгожээ. /хх-18/
3.2. Дээрх итгэмжлэлийг үндэслэн хариуцагч *******ыг төлөөлж ******* нь нэхэмжлэгч *******тэй 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь ,,, *******,******* тоот хаягт байрлалтай, 49.18 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь 320,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-7/
3.3. Нэхэмжлэгч нар гэрээнд заасан төлбөрийг төлж, хариуцагчаас орон сууцыг хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн талаар талууд маргаагүй болно.
3.4. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсны дараа талууд худалдах, худалдан авах гэрээнд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээ байгуулж, энэ гэрээгээр ,,, *******,******* тоот хаягт байрлалтай, 49.18 м.кв талбайтай оффисын зориулалттай гэснийг ,,, *******,******* тоотын өргөтгөлийн хамтаар 107 м.кв талбай бүхий оффисын зориулалттай гэж өөрчилсөн байна.
3.5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч нь гэрээнд зааснаас дутуу хэмжээтэй оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн эсэх, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авсны дараа талбайн хэмжилт хийлгэхэд Хотол архитектс ХХК нь 2020 оны 9 дүгээр сард 96.36 м.кв талбайтай болохыг тогтоосон тул гэрээнд зааснаас 11 м.кв дутуу өгсөн талбайн үнэд 32,897,205 төгрөг илүү төлснийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
4.1. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.
4.2. Нэхэмжлэгч нь худалдан авсан оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ бага, гэрээнд зааснаас дутуу талбай бүхий доголдолтой үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж маргасан.
4.3. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх, үүргийг зохицуулсан ба мөн зүйлийн 254.3-т энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж, мөн зүйлийн 254.4-т худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж тус тус заажээ.
4.4. Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээний зөрүү нь тоо хэмжээний доголдол байх ба уг доголдлыг худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авахдаа илрүүлэх боломжтой байсан. Учир нь худалдан авагч нь оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ гэрээнд заасантай тохирч байгаа эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр эд хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй. Иймээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алдана.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг дараах байдлаар залруулав.
5.1. Нэхэмжлэгч нар хариуцагчаас худалдан авсан оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн доголдлыг арилгах мөнгөн хөрөнгийн хэмжээгээр буюу дутуу талбайд төлсөн төлбөрөө буцаан авахаар шаардсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь заалтыг нэмж баримтлахаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
5.2. Нөгөөтэйгүүр маргааны зүйл болох оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 49.18 м.кв талбайтай гэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн, өргөтгөлийг улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байхаас гадна талууд гэрээний үнийг үл хөдлөх эд хөрөнгийн талбайн 1 м.кв талбайг хэдэн төгрөгөөр, хэрхэн тодорхойлох талаар тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...талууд үл хөдлөх эд хөрөнгийг 107 м.кв гэж тохирсон, биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн... гэх гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/04332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...243 дугаар зүйлийн 243.1 гэсний дараа, 254 дүгээр зүйлийн 254.2 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын*******-ны өдөр урьдчилан төлсөн 322,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ