| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1050/Э |
| Дугаар | 1056 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 1056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1906 03012 1313 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Э, 1983 оны 9 дүгээр сарын 24- ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхоны 23 дугаар байрны 11 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвийн орчимд иргэн Д.Энхсайхантай машин тавихаас үүдэн маргалдаж, улмаар Д.Энхсайханы нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гардаг өдөр би Нарантуул захын Баялаг Ундраа төвийн үүдэнд машинтай очиод хаалгаар орох гэхэд намайг оруулаагүй. Би ороод авсан зурагтаа өгөх гэсэн юм гээд учраа хэлэхэд оруулахгүй байснаас болж маргаан гарсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 20 минутын орчим ажил дээрээ байж байтал 17-92 УБҮ дугаартай саарал өнгийн альфард маркийн машин ирээд хашаа руу орно гэхээр нь “нэвтрэх үнэмлэхээр ордог юм” гэж хэлтэл урдаас хэл амаар доромжилж эхэлсэн. Тухайн хүмүүс орно гээд нилээн удаан гуйсан. Дарга нар цаанаас оруулахгүй гэсэн шаардлага тавьсан учир би оруулаагүй. Тухайн машинаас болоод түгжрэл үүсээд хүмүүс бухаимдаад эхэлсэн. Гэтэл жолооч болох залуу хэл амаар доромжилж “манаач минь” гэх мэтээр хэлж байсан аа дохиураараа цаашаа гээд холдуулах гэж байхдаа машинд нь дориураараа хүрчихсэн. Гэтэл жолооч залуу бууж ирээд миний машинд хүрдэг хэн бэ? гэж дайраад харааны шилний гадна талаас нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хажууд сууж явсан 40 гаран насны эрэгтэй намайг холдуулаад машин руу түлхсэн....Баруун талын нүд хөхөрч хавдсан. Хамрын үзүүрт халцарсан, нүдний шил хагараад халцалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч О.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...машинаас эрэгтэй жолооч бууж ирээд Энхсайханыг цохиж баыйсан....Энхсайханы нүдний шил хаграад газар уначихсан, станц бас газар байсан. Тэгээд би Энхсайханыг дотогш оруулсан. Энхсайхан тэр өдөр ажлаа хийж чадаагүй, толгой, нүд өвдөөд байна гээд хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6046 тоот дүгнэлтэд:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвийн орчимд иргэн Д.Энхсайхантай машин тавихаас үүдэн маргалдаж, улмаар Д.Энхсайханы нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Д.Энхсайханы: “...2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 20 минутын орчим ажил дээрээ байж байтал ...нэвтрэх үнэмлэхээр ордог юм гэж хэлтэл урдаас хэл амаар доромжилж эхэлсэн. Тухайн хүмүүс орно гээд нилээн удаан гуйсан. Дарга нар цаанаас оруулахгүй гэсэн шаардлага тавьсан учир би оруулаагүй. Тухайн машинаас болоод түгжрэл үүсээд хүмүүс бухаимдаад эхэлсэн. Гэтэл жолооч болох залуу хэл амаар доромжилж “манаач минь” гэх мэтээр хэлж байснаа дохиураараа цаашаа гээд холдуулах гэж байхдаа машинд нь дориураараа хүрчихсэн. Гэтэл жолооч залуу бууж ирээд миний машинд хүрдэг хэн бэ? гэж дайраад харааны шилний гадна талаас нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хажууд сууж явсан 40 гаран насны эрэгтэй намайг холдуулаад машин руу түлхсэн....Баруун талын нүд хөхөрч хавдсан. Хамрын үзүүрт халцарсан, нүдний шил хагараад халцалчихсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Энхсайхан нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Б.Э-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал прокурор гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Э-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР