| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2023/04562/И |
| Дугаар | 210/МА2025/00275 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00275
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/05411 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох
24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь *******тай 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 50 маркийн ковшийг 1 сарын 8,000,000 төгрөгөөр 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаанд түрээслэхээр тохиролцсон.
1.2. Гэтэл хариуцагч нь 2019 оны 08 дугаар сард *******ийн ковшийг авч яваад 1 сарын хугацаанд огт түрээсийн мөнгө хийгээгүй, гэрээг бичгээр хийнэ гэж явсаар өнөөдрийг хүрсэн.
1.3. ******* нь түрээсийн төлбөрийн урьдчилгаанд 3,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 20,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний танил ах болох геологч н.*******тай 2018 оны өвөл таарахад тэрээр бичил уурхайны талаар ярьсан ба түүнээс хойш зун 6 сард гэнэт залгаад Дундговь аймаг Говь-Угтаал суманд руу хамт явахаар ярилцсан. Хамт явж ирээд техник татах тухай яриад тусламж хэрэгтэй шүү, ах нь Дундговь аймагт ажилтай явж байна, 3 техник ярьж тохирсон, очиж амжихгүй бол чи эзэдтэй нь уулзаад замчлаад ирэхэд болно гэсэн. Миний хувьд хотод таксинд явдаг тул зөвшөөрсөн. Удалгүй ковшийн эзэн болох ******* надтай ирж уулзсан. Надтай анх удаа өөрөө ирж танилцсан ковшоо өгч явуулах тухай ярьсан. Тухайн ковш бүрэн бүтэн, асуудалгүй, ажилд бэлэн эсэх ойр зуур юм асуугаад н.******* гуайн хэлснээр яриа дууссан.
2.2. Гэтэл ******* надаас гэрээ хийх талаар хэлэхэд би үүнд хамаагүй, зөвхөн ачуулж өгөх л үүрэгтэйг тайлбарлаж түрээслэгч уурхайн эзэдтэй нь гэрээгээ хийгээрэй гэхэд ******* би одоо явахгүй, дараа нь очихдоо гэрээ хийнэ гээд уулзаад салсан. 2-3 хоногийн дараа над руу танихгүй дугаараас залгаж Налайх өнгөрөөд явж байгаагаа хэлсэн. Би яваад очиход ачилтын том машин дээр экскаватор, ковш хоёр ачаад гарсан байсан. Тухайн үед экскаватор, ковш хоёрын жолооч том машинд сууж, миний хажууд экскаваторын эзэн сууж Дундговь аймгийн Говь-Угтаал орсон. Миний ажил ердөө ингээд дууссан.
2.3. За ингээд миний мэдэхээр сар гаруй хугацаа өнгөрч н.******* ахын ажил болохгүй дүгнэлт гэх бичиг хүлээгээд гарахгүй болсон тул дээрх 3 техник 2 сар шахуу ажилгүй байсан тул бүгд буцсан. Эхлээд хово 7 дугаар сард түрүүлж яваад араас нь ковш 2 сар хүрээгүй буцаасан.
2.4. Үүнээс хойш 5 жил өнгөрч байхад ******* гэх залуу гэнэт 2022 онд утсаар залгаж ковшийн эзэн байна 5,000,000-10,000,000 төгрөг өг гэж мөнгө нэхэн гарч ирсэн. Ингээд хэсэг хугацаа өнгөрч 2023 оны хавар Чингэлтэй дүүргийн цагдаад намайг өгсөн байсан. Би хариу тайлбар үнэн учраа хэлж хэрэгсэхгүй болсон. Гэтэл дахиад иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Ямар учраас н.Гантөгс гэх залуу яагаад надаас мөнгө нэхэж дарамтлаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Дээрх 3 техникээс ганц ковшийн эзэн гэх ******* нь яагаад ямар ч гэрээ, нотолгоо, хаанаас хэн анх ярьж холбож өгсөн, хэн түрээсээр явсныг өөрөө 100 хувь мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 287 дүгээр зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч *******ас 20,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 260,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* нь ор үндэсгүй болоод хуурамч бичиг цаас бүрдүүлсэн. Шүүх илтэд 1 талыг барьсан шийдвэрийг гаргасан тул шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байхад мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж алдаатай дүгнэснийг залруулна.
3.1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******тай экскаватор хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч нь талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж маргасан талаар анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч ******* нь энэ үүргийн хүрээнд өөрийн эзэмшлийн, Хаан банк ХК дахь ******* тоот дансны хуулга, хариуцагч *******гын гараар бичсэн баталгаа гэх бичмэл нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн.
3.2. Хариуцагч ******* нь Ковш түрээс нэртэй бичмэл баримтыг өөрийн гараар үйлдэж нэхэмжлэгч *******өд өгсөн байх бөгөөд уг баримтад 8 сарын 8 наас 11 сарын 8 хүртэл түрээс өгөх болноо. Нийт түрээс 24 сая төгрөг гэж бичиж гарын үсэг зурж, утасны дугаарыг ******* гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч ******* эзэмшлийн, Хаан банк ХК дахь ******* тоот дансны хуулгаас үзвэл хариуцагч ******* нь өөрийн эзэмшлийн, Хаан банк ХК дахь ******* тоот данснаас 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 3,500,000 төгрөгийг *******өд шилжүүлэхдээ утга хэсэгт ******* гэж бичсэн байна.
3.3. Дээр дурдсан нотлох баримтуудыг хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаах үүрэгтэй. Тэрээр уг баримтуудыг няцаагаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж буй бол тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт зааснаар уг баримтуудыг нотлох баримтаас хасуулах, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг шүүхэд гаргах боломжтой байжээ. Тэрээр ийнхүү хүсэлтийг огт гаргаагүйгээс гадна мөн зүйлд зааснаар бичмэл баримт хуурамч гэж мэдэгдэхээр бол энэ тухайгаа нотлох үүргийг мөн хүлээх юм.
Түүнээс гадна тэрээр тухайн мөнгөн хөрөнгийг н.*******гийн өмнөөс нэхэмжлэгч *******ийн данс руу шилжүүлсэн гэх тайлбараа мөн баримтаар нотлоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийг хуурамч бичиг баримтыг үндэслэн шийдвэр гаргасан гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
3.4. Нэг тал болох ******* нь өөрийн эзэмшлийн экскаваторыг аж ахуйн үйл ажиллагаанд зориулж ашиглуулахаар шилжүүлсэн, нөгөө тал болох ******* нь төлбөр төлөх үүргийг хүлээснийг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх юм.
Хариуцагч *******ас Ковш түрээс нэртэй бичмэл баримтыг нэхэмжлэгч *******өд өгсөн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасан хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн тал болох *******гын хүсэл зоригийг илэрхийлсэн бичмэл баримтыг нөгөө тал болох ******* хүлээн авсан тул тэдгээрийн хооронд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ.
3.5. Хариуцагч *******гын эзэмшилд түрээсийн гэрээний зүйл болох экскаватор 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд байсан бөгөөд эд хөрөнгийг ашиглаагүй нь түрээсийн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
4. Иймд *******ас түрээсийн гэрээний үүрэгт 20,500,000 /24,000,000-3,500,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжэгч *******өд олгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.
5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/05411 дугаар шийдвэрийг 1 дэх заалтыг 287 дугаар зүйлийн 287.1 гэснийг 318 дугаар зүйлийн 318.1 гэж өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА