Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00216

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогч М.А, Д.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Б.Ганчимэг,

Шүүгдэгч Г.Б, Ц.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н, Г.Б нарт холбогдох эрүүгийн 1838007130426 дугаар хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б, Ц.Ннар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 5-6-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ойролцоох Хужиртын давааны ам гэх газраас иргэн М.А151 бог малыг хулгайлж 12.240.000 төгрөгийн хохирол, иргэн Д.Б2 тооны хонийг хулгайлж 180.000 төгрөгийн хохирлыг тус, тус учруулж нийт нийт 153 бог мал буюу олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Г.Б, Ц.Ннар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 5-6-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ойролцоох Хужиртын давааны ам гэх газраас иргэн М.А151 тооны бог малыг, иргэн Д.Б2 тооны бог малыг нийт 153 тооны бог малыг бэлчээрээс нь хулгайлж, нийт 12.420.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1838007130426 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би тэр үед Мөрөн сумын хойно байх наадмын талбай дээр, далангийн хойд талд явж байтал, нохойн хөөсөн хэсэг ямаа явж байхаар нь би очоод хөөж явсан нохойг нь чулуугаар шидэж явуулчихаад нөгөө хэдэн ямааг нь буцаагаад нохойноос хөөгдөж ирсэн газар луу нь туучихаад би цааш өөрийнхөө хоньруу явж байтал дахиад нөгөө хэдэн ямааг нохой хөөчихсөн явж байхаар нь дахиад очиж нохойноос нь салгаад нохойг нь хөөчихөөд эргээд иртэл хэсэг ямаа миний тууж явсан хонь руу нийлцэн байсан. Тэгээд би цааш хэсэг ямааны хамт хонио туугаад услахаар явж байтал Ц.Нирсэн. Ц.Нирээд энэ юун ямаа вэ? гэж надаас асуухаар нь нохой хөөж явсан ямаа юмаа гэж хэлсэн. Тэр үед Ц.Нэнэ ямаагаар яах гэж байгаа юм гэхээр нь би эзэнгүй юм шиг байна заръя гэтэл Ц.Найлын мал зарж яах гээд байгаа юм гээд дургүйцээд байсан. Тэгж хэлчихээд Ц.НХадбаатар ахын хонь луу явсан. Тэгээд би хонио туугаад явж байтал хөх портертой нэг ах ирээд хонь айлын хоньтой нийлчихлээ гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь энэ танай хонь юм уу гэж асуухад үгүй ээ би мал худалдаж авч байгаа бойнд оруулах гэж байгаан гэж хэлэхээр нь би та ямаа авж байгаа юу гэж асуутал тэр ах авч байгаа нэг ямааг 60.000 төгрөгөөр авч байгаа миний утасны дугаарыг авсан. Би Ц.Нийг дуудаад энэ ямааг зарчихуу гэхэд Ц.Нуурлаад байсан. Тэгээд явж байтал хэсэг хонь туусан нэг банди явж байхаар нь Ц.Нбид 2 хамт очоод мэнд мэдэлцээд би тэр бандиас энэ танай хонь уу гэхэд үгүй ээ энэ манай хонь биш худалдаж авч байгаа манай аав ченж гэсэн. Тэгэхээр нь би ямаа авч байгаа юу гэж асуухад авч байгаа гэхдээ би ааваас асуугаад хэлье гэж хэлсэн. Тэгээд ааваасаа асуучихаад аав одоо ирж байна гэж хэлсний дараа аав нь бололтой нэг хүн ирсэн тэр хүнтэй би уулзаад тэр хүнээс та ямаа хэдээр авч байгаа юм гэж асуухад би нэг ямааг 40-50 мянгаар авч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 12 ямаа зарна гээд Ц.Нийг дуудаад нөгөө ямааг хамт ялгалцаад би нөгөө 12 ямааг тууж очоод зарсан. Би тэр 12 тооны ямааг нийтэд нь 420.000 мянган төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Дулаан хан уулын өвөрт явж байтал араас Г.Б ирсэн. Тэгээд би отроор явж байсан Хадбаатар гэдэг айлын хүүхэд хониндоо явж байхаар нь очоод буцаад хонин дээрээ яваад иртэл Г.Б айлын хэсэг ямаа туусан явж байсан. Тэгээд намайг дуудахаар нь яваад очтол Г.Б энэ ямаануудыг нохой хөөсөн явж байна гэсэн. Тэгээд нөгөө ямаа манай хонируу нийлсэн. Г.Б надад хэлэхдээ 12 тооны ямаа байна гэж хэлж байсан. Би тэр ямаануудыг нь ямар насны, ямар зүснийх байсныг нь сайн анзаараагүй. Тэгээд Г.Б хонио туугаад голруу явсан. Би харин буцахад нөгөө Хадбаатар гэдэг айлын Улаанкаа гэдэг хүүхэдтэй хонийг нь голруу туулцахаар явсан. Тэгээд хонио услаад гаргаж ирсэн. Манай хонь Хатгал явах засмал замын баруун талд байсан. Энэ үед Г.Б намайг дуудсан Хадбаатар гэдэг айлын хонийг туулцаж явахад дуудсан. Тэгэхээр нь ирэхэд Г.Б энэ ямаануудыг зарчих уу гэхээр нь би хүний ямаа зарж яах гээд байгаа юм вэ? гэж хэлсэн. Г.Б би энэ ямаануудыг зарахаар болчихлоо ялгалцаад өгөөч гээд гуйхаар нь нөгөө нийлсэн байсан ямааг ялгаж өгөхөд 12 тооны ямаа байсан. Г.Б нөгөө ямаагаа тууж яваад нэг танихгүй хүнд зараад ирлээ 420.000 төгрөг боллоо гээд ирсэн. Энэ мөнгөнөөсөө надад 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манайх хоттой хониноосоо 153 ширхэг бог мал хулгайд алдсан. Тэр малан дотор 106 хонь, 47 ямаа явсан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа Мөрөн сумын ард “Дулааны энгэр” гэх газарт тууварт явж байсан айлын малнаас 69 хонь, хурга голдуу мал ялгаж авсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Энэ хоёр залуу манай 12 ямааг хүнд зарсан байсан. Хадбаатарын хониноос 24 хонь, Цогоогийн хониноос 45 хонь ялгаж авсан. Нямдорж, Г.Б нар нь ямаа зарсан. Ганболдоос гадна Халтар гэдэг хүнээс хонь, ямаа худалдаж авах уу гэж асуусан байсан. Хонь, ямаа нийлсэн 153 тооны малнаас хонь-69, ямаа-12 тооны малыг олсон. Одоогоор 72 тооны мал дутуу байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17-р хуудас/,

 Хохирогч М.А-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 9-р сарын 5-ны өдөр 153 тооны мал алга болсныг мэдсэн. Тэр өдөр малчин Баасанжаргал хүүхдээ авахаар 4:30 цагт орж ирсэн байдаг. Явахдаа хонь руугаа очсон байдаг. Хөх хүзүүтэй доголон хурга хоцорч явахаар нь тэрийгээ хониндоо нийлүүлчихээд Мөрөн рүү орж ирсэн байдаг. Тэгээд тэр хавиараа нилээд хэд хоног хайсан...Сүхийн ам гэдэг газарт 12 ямааг зарсан байдаг. Ганболд гэдэг хүн хоёр морьтой залуу ирж зарсан. Олны өтөг талаас нилээн олон хоньтой хэд хоноод мөрөнгийн гол руу орж хонио усалдаг гэж хэлсэн. Би очоод 153 тооны хонь алдчихаад явж байна гээд хонио асуусан. Хадбаатар, Г.Б гээд гурван залуу гарч ирээд манай хонинд айлын хонь байхгүй. Манай мал тоондоо байгаа гэсэн. Дараа манай аав очиж хонь асуухад бас л байхгүй гэсэн гэдэг. Тэгээд би Баасанжаргалын ээжтэйгээ хонинд нь очоод үзээрэй гэсэн. Тэгээд хонинд нь үзэхэд хонь байсан. 69 тооны 60 хурга 9 эм хонь ялгаж авсан. Ялгаж авахад хөх хүзүүтэй доголон хургыг ялгаж авсан байдаг. Ер нь бол том малнууд нь байхгүй байсан. Одоо 72 тооны малын хохирлыг барагдуулж авна. Иймд 8.400.000 төгрөгийг гаргуулж авна...” гэх мэдүүлэг,

      Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай малын эзэн Аварзэдийн малнаас 153 тооны бог мал хулгайд алдагдсан. Энэ мал дотор миний эзэмшлийн 2 тооны хонь байсан. Хар халзан шүдлэн эм хонь, бор халзан шүдлэн эм хонь байсан. Баяр эх гэх газар байх айлаас 60 хурга, 9 эм хонь, мөн Дулааны энгэрт байх мах маркетийн малнаас 8 эм ямаа, 4 ишиг авсан. Тэр дунд байгаагүй. 69 хонь 12 тооны ямаа нь Аварзэдийн эзэмшлийнх минийх биш. Би 2 тооны хонио төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 21-22, 133 дугаар хуудас/,

     Хохирогч Д.Б-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 9-р сарын 5-ны өдрийн орой 4 цагийн үед хүүхдээ авахаар эхнэртэйгээ хамт Мөрөн орж ирсэн. Туухад явдаг хөх хүзүүтэй хурга байдаг байсан. Явах замдаа тэр хургыг хоцорсон байхаар нь хониндоо нийлүүлж тавиад явсан. Би 6 цагийн үед ирсэн. Тэгээд хонин дээрээ ирэхэд тэр хурга харагдахгүй байсан. Маргааш нь хонио тоолоход 153 хонь дутсан байсан... Хөх хөзүүтэй хурга Цогтбаярын хониноос гарч ирсэн. Эдний хонь дотор буруу хонь байдаггүй тул тасардаггүй байсан. Хонь дийлэнхдээ нисэх тийшээ гол руу болон баруун хойшоо хядга тал руу бэлчдэг байсан. Олны өтөг тал руу бэлчдэггүй байсан...Миний хоёр хонь байсан. Тэр хоёр хонины 180.000 төгрөгийг төлөөд өгчихвөл сайн байна...” гэх мэдүүлэг,

     Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 07 цагийн үед манай хонь бэлчээд би хонио хариулаад явж ирээд орой ирэхэд доголон хөх хүзүүтэй хурга байхгүй байсан. Мөн ямаа цөөхөн харагдаад байхаар нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө хонь, ямаагаа тоолж үзэхэд нийт хонь, ямаа, хурга, ишиг нийлсэн 153 тооны мал дутсан. Тэгээд тухайн өдрөөс хойш 4 өдөр хайгаад 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Дулааны энгэрт байх мах маркетийн нядалгааны малаас хонь, ямаагаа шүүж үзэхэд 8 ямаа, 4 ишиг байсан. Тэгэхээр нь би энэ ямаа хаанаас ирсэн бэ? гэж асуухад ямаа худалдаж авсан хүн хэлэхдээ 2 морьтой хүн ирээд ямаа авах уу, ямаа зармаар байна гэж асуугаад байсан. Тэгээд зарчихаад явсан гэж хэлсэн. Мөн ямаа худалдаж авсан залуу тухайн хоёр хүний зургийг дараад үлдсэн байсан. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Үертийн ам гэх газар байх ямаа зарсан 2 залуугийн малнаас 60 хурга, 9 эм хонь авсан. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мах маркетийн малнаас 8 эм ямаа, 4 ишиг авсан одоогоор нийт эм хонь, хурга, эм ямаа, ишиг нийлсэн 81 мал олдсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35, 37 дугаар хуудас/,

     Гэрч Ч.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…4 ишигтэй ямаа нийт 12 ширхэг хар ямаа байсан. Тэгээд би 420.000 төгрөгөөр худалдаж авсан. Хул морь, бор морь хоёртой явсан. Би ямаагаа худалдаж авчаад юмыг яаж мэдэх үү? гэж бодоод зургийг нь дараад үлдсэн. Хэд хоногийн дараа цагдаа ирээд манай ямааг хохирогчид хүлээлгэж өгсөн. Би ямаа худалдаж авсан 420.000 төгрөгөө авсан. Надад өөр нэмж ярих зүйл гомдол, санал алга. Би тэр хоёр залуугийн нэрийг нь бол мэдэхгүй. Энэ хоёр залуу хоёулаа ямаа зарах талаар манай хонины хажууд яриад хоёулаа ямаагаа ялгаж өгөөд явсан. Мөнгөө хоёулаа цуг тоолж аваад явсан. Тэгээд хоёулаа хонио туугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26, 142-143 дугаар хуудас/,

Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед санаж байна. Би хойд тал дээр машинтайгаа хониндоо явж байсан чинь тал дээр нэлээн их хонь туусан 2 залуу явж байхаар нь мэнд мэдэх гээд яваад очтол тэр хоёр залуу хонь, ямаа худалдаж авах уу? гэж надаас асуусан. Би авахгүй гэж хэлээд яваад өгсөн. Нэг нь бор морьтой, нэг нь хул морьтой байсан санаж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28, 55-56 дугаар хуудас/,

Гэрч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манай хонинд цэнхэр зосоор сэрвээ хондлой дээрээ будсан нилээн олон хонь нийлсэн байсан...Тэр хонинууд манай хонинд хоёр хоносон 3 дахь хоног дээр нь эзэд нь ирээд аваад явсан. Ялгаад аваад явахдаа 69 байна гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30, 47-48 дугаар хуудас/,

Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…манай 2 хүүхэд дулааны энгэрийн урд хонио усанд оруулах гээд явж байгаад наадмын талбайн энд байдаг постын энд явж байхад Г.Бтой нохой хөөж явсан 12 тооны ямаатай таараад тухайн нохойноос нь ямааг салгаад өөрийн хонилуу 12 тооны ямааг туугаад гэж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Г.Б Нямдорж нараас асуухад танихгүй айлын 4-н ишиг 8-н том ямааг нохой хөөчихсөн явахаар нь хонь ямаатайгаа нийлүүлсэн гэж хэлж байсан. Тэгсэн тэр 4-н ишиг 8-н том ямааг мал авч явсан хүнд 420.000 төгрөгөөр зарчихсан байсан. Би яагаад зарчихсан юм бэ? Гэхэд ямаа авъя гэсэн хүн байхаар нь өгчихсөн юм гэж тэр хоёр хэлцгээж байсан. Мөнгөө яасан юм бэ? Гэхэд бид 2 үрчихсэн юм аа гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр оройн 17-18 цагийн үед малаа эргүүлээд зам дээр явж байтал Аварзэдийн өвөлжөөний баруун хойд “Нарийн хөндий” гэх газар хөндийгөө уруудаад ойролцоогоор 1000 орчим хонь туусан 2 морьтой хүн явж байсан. Нэг нь цагаан зүсмийн морьтой, нэг нь бараандуу зүсмийн морьтой хүмүүс явж байсан. Хонь туугаад Мөрөнгийн зүгт явж байсан. Аварзэдийн хонь гэрийнхээ ойролцоо байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 51 дүгээр хуудас/,

Гэрч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…9 дүгээр сарын 07-ны өдөр тоолоход 106 хонь, 47 ямаа дутсан байсан. Энэ талаар манай мал бүртгэлийн дэвтэр дээр тодорхой бичигдсэн байгаа. Энэ дэвтрийг би өөрөө хөтөлдөг юм. Надтай цуг манай малчин Баасанжаргал түүний эхнэр Бямбаа нар хамт малаа тоолсон. 9 дүгээр сарын 13-ны өдөр 12 ямааг дулааны энгэрт зарсан байхад нь авсан. 69 тооны хонийг олон өтгийн аманд байх Цогоо, Хадбаатар нарын хониноос авсан. Одоо 37 хонь, 35 ямаа дутуу олдоогүй байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-54 дүгээр хуудас/,

Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…9 дүгээр сарын 07-ны өдөр тоолоход 106 хонь, 47 ямаа дутсан байсан. 9 дүгээр сарын 13-ны өдөр 12 ямааг дулааны энгэрт зарсан байхад нь авсан. 69 тооны хонийг олон өтгийн аманд байх Цогоо, Хадбаатар нарын хониноос авсан. Одоо 37 хонь, 35 ямаа дутуу олдоогүй байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 138-139 дүгээр хуудас/,

Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…9 дүгээр сарын 07-ны өдөр тоолоход манай хониноос 106 хонь, 47 ямаа дутсан талаа манай эхнэр Энхтуяа утсаар хэлсэн. Манай мал миний нэр дээр байдаг боловч манай хүү Аварзэд бидний дундын өмч юм. Аварзэд хохирогчоор оролцох нь зүй ёсны хэрэг. Энэ хэрэгт хохирогчоор үргэлжлүүлэн оролцоно гэдгийг хэлмээр байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 138-139 дүгээр хуудас/,

Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллогын маягтын хуулбар /ХХ-ийн 90-92 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 58, 64, 69, 118 дугаар хуудас/,

Мал бүртгэлийн дэвтрийн хуулбар /ХХ-ийн 165-168 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Нийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, Байнга оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /ХХ-ийн 85, 87, 88, 94 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Бийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, Байнга оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /ХХ-ийн 84, 86, 89, 95 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1838007130426 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б, Ц.Ннар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 5-6-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ойролцоох Хужиртын давааны ам гэх газраас иргэн М.А151 тооны бог малыг, иргэн Д.Б2 тооны бог малыг нийт 153 тооны бог малыг бэлчээрээс нь хулгайлж, нийт 12.420.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Б, Ц.Ннарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч М.А, Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Гэрч Д.Б/ХХ-ийн 34-35, 37 дугаар хуудас/, гэрч Ч.Г-ын /ХХ-ийн 25-26, 142-143 дугаар хуудас/, гэрч С.Х-ын /ХХ-ийн 27-28, 55-56 дугаар хуудас/, гэрч Ц.Х-ын /ХХ-ийн 29-30, 47-48 дугаар хуудас/, гэрч Н.Ц-ын /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч Ц.У-ын /ХХ-ийн 46 дугаар хуудас/, гэрч Ц.Б-ийн /ХХ-ийн 51 дүгээр хуудас/, гэрч Э.Б-ийн /ХХ-ийн 52-54 дүгээр хуудас/, гэрч Д.Э-ийн /ХХ-ийн 138-139 дүгээр хуудас/, гэрч С.М-ын /ХХ-ийн 138-139 дүгээр хуудас/, Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллогын маягтын хуулбар /ХХ-ийн 90-92 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 58, 64, 69, 118, 207 дугаар хуудас/, Мал бүртгэлийн дэвтрийн хуулбар /ХХ-ийн 165-168 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б, Ц.Ннарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Г.Б, Ц.Ннар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Б, Ц.Ннар нь бүлэглэн хохирогч М.А151 тооны бог мал буюу 12.240.00 төгрөгний хохирол учруулснаас 81 тооны бог малыг хохирогч М.А нь олж авсан, үлдэгдэл 70 тооны бог малыг буюу 8.400.000 төгрөгний хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч Д.Б2 тооны бог мал буюу 180.000 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлөөгүй байна.  

Иймд шүүгдэгч Г.Б, Ц.Ннараас хохирогч нарт учирсан хохирлыг тавь тавин хувиар тооцож гаргуулах зүйтэй  гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Боос 4.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Аэд, 90.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, шүүгдэгч Ц.Нээс 4.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Аэд, 90.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б, Ц.Ннарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б, Ц.Ннар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 94-95 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.  

Шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 1, ганцаараа амьдардаг, шүүгдэгч Ц.Ннь анх удаа гэмт хэрэг үйлдсэн ам бүл 4, эцэг, ах, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Эрүүгийн 1838007130426 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б, Ц.Ннарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Н2 /хоёр/  жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Нт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

     4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Боос 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Аэд, 90.000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, шүүгдэгч Ц.Нээс 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Аэд, 90.000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б нарт тус тус олгосугай.

     5. Эрүүгийн 1838007130426 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Ц.Ннарт урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР