| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2023/02694/И |
| Дугаар | 210/МА2025/00230 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/00230
******* ХХК-ийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баягол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/04508 дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: ******* ХХК
Нэхэмжлэгч: *******
Дампуурсанд тооцож, татан буулгуулах иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн агуулгаа:
1.1. ******* ГХОХХК нь 2005 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр хувь нийлүүлсэн хөрөнгө 36,000,000 төгрөгөөр 4 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдсан. 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үйл ажиллагаанд саун, зочид буудал, зоогийн газрын үйл ажиллагаа эрхлэхээр нэмж бүртгүүлсэн.
1.2. 2010 оноос эхлэн компанийн үйл ажиллагаанд доголдол үүсэж төлбөрийн чадвар алдагдан компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй болж их хэмжээний алдагдалд орсон тул хөрөнгө оруулагч нараас хүлээн авсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлж чадахгүй санхүүгийн хүндрэл үүссэн.
Хэдийгээр компанийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг зорьж ажилласан боловч нэгэнт төлбөрийн чадваргүй болж үүссэн нөхцөл байдлыг даван туулах чадамжгүй болсны улмаас сүүлийн 10 гаруй жил компанийн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалд орсон.
Иймд ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 166,165,599.80 төгрөг, иргэний үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогоос суутгасан албан татварын төрлөөр 23,846,460 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр 46,933,300 төгрөг, татварын торгууль 42,923,627.90 төгрөг, татварын алданги 71,9,379.90 төгрөг, нийт 351,408,367.60 төгрөгийн татварын өр төлбөрийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Түр хэрэг гүйцэтгэгч ХХК дүгнэлтдээ:
3.1. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хугацаанд хариуцагч, хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаж болно. ******* ХХК нь сүүлийн 10 гаруй жил санхүүгийн тайлан, татварын тайлан мэдээ гаргаж тайлагнаж байгаагүй, үйл ажиллагаагаа явуулаагүй. Татварын байгууллагад /улсын төсөвт/ 351,5 сая төгрөгийн өр төлбөртэй байгаа нь дампууруулах үндэслэл байна гэж үзэх саналтай байна гэжээ.
4. Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ:
4.1. ******* ХХК /ГХО/ нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, , төвийн байранд байрлаж ажиллахаар БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай гадаадын хөрөнгө оруулалтөөр 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 4 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 36,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зочид буудал, саун, зоогийн газар эрхлэх үйл ажиллагааг, 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчээс 3 гишүүн хасагдаж 1 болж өөрчлөгдсөнийг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн бүртгүүлснийг, 2006 оны 12 сарын 08-ны өдөр дүрмийн санг нэмэгдүүлж 942,000,000 төгрөг болсныг тус тус бүртгүүлжээ.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан. Тус компанийн өр төлбөрийг *******ийн нэхэмжлэлийг оролцуулан тооцоход ******* ХХК-ийн өр төлбөр нь өөрийн хөрөнгийн 17.17 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй төлбөрийн чадваргүй болсон байна.
Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна гэж тайлбарласныг үндэслэн *******ийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний 1/641 дугаартай нэхэмжлэлээр тогтоогдож буй өр төлбөрийг нэмж тооцвол ******* ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараахь байдлаар илэрхийлэгдэж байна. Үүнд: өр төлбөрийн дүн 351,408,367.60 төгрөг, эздийн өмч 942,000,000 төгрөг, хуримтлагдсан ашиг /алдагдал 164,337,800 төгрөг, эзний өмчийн бусад хэсэг 940,732,900 төгрөг, эзний өмчийн дүн 2,047,070,700 төгрөг, өр болон эзний өмчийн дүн 2,398,479,067.60 төгрөг, өр төлбөр/ өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа 17.17 хувь байна.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай нийцэж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 102/Ш32024/09178 дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
******* ХХК-ийн үйл ажиллагаа 2012 оноос хойш бүрэн зогссон, компанийн хувьцаа эзэмшигч Монгол улсын нутаг дэвсгэрээс гарч эргэн ирээгүйгээс тус компанийн үйл ажиллагаа зогсоон дахин үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй болгож, төлбөрийн чадваргүй болох гол эрсдэл болсон байна.
Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.
******* ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэнд удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд мэдүүлснээр ******* ХХК-д Худалдаа хөгжлийн банкны тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 10,473.95 төгрөг, Голомт банкны тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 1,055.04 төгрөг байх ба өөр мөнгөн хөрөнгө болон хөрөнгийн эрхийн бүртгэл бүртгэгдээгүй байна.
Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк болон Голомт банк ХК дахь харилцах дансны үлдэгдэл 11,528.99 төгрөг хуваарилагдах хөрөнгөд хамааралтай байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 сарын 02-ны өдрийн 102/Ш32024/09178 дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өнөөдөр сонины 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 105/7920/ дугаарт нийтэд мэдээлэлсэний дагуу ******* нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд: Баянгол дүүргийн татварын хэлтэс 351,408,367.60 төгрөг, нийт нэхэмжлэлд эзлэх хувь 100 хувь байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32024/09178 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн анхны хурлыг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутад шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр товлосон ба хурал бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100 хувийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна. Уг хурлаар:
1. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар,
2. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар тус тус шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100 хувиар батлагдаж хүчин төгөлдөр болсон байна.
Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь ******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлалтай тувшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.
Иймд Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул дампуурсанд тооцож, татан буулгах тухай ******* ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ******* ХХК-иас татварын өр төлбөрт 351,408,367.60 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар дампуурлын ажиллагаанд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулж байсан эсэхээр нь шалгуур тавьдаггүй, харин үйл ажиллагаа явуулж байсан үеийнх нь сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргуулдаг. Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ шаардлагатай мэдээллийг оруулаагүй буюу ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн түүхчилсэн лавлагаа, мэдээллийг орхигдуулсан байхад үл хөдлөх эд хөрөнгө худалдахдаа үнийг бууруулсан гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд нь ******* ХХК-ийн өмчлөлд байсан, эсхүл тус компанийн хувьцаа эзэмшигчийн өмчлөлд бүртгэлтэй байсан эсэх нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн нотлоогүй нь хэрэг гүйцэтгэгч хуульд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлсэн эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.
Өөрөөр хэлбэл хэрэг гүйцэтгэгч хуульд заасан зайлшгүй шаардлагатай ажиллагаануудыг орхигдуулсан байхад шүүх нэмэлт ажиллагаа хийлгэж, дахин дүгнэлт гаргуулахгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. ******* ХХК нь 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаагүй гэж маргадаг. Гэтэл 2014, 2015 онуудад компанийн нэр дээр бүртгэлтэй байсан эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-******* дугаартай 1,001,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлсэн. Энэ талаар өөрийн компанийн татварын болон санхүүгийн тайлан блансад тусгаж тэмдэглээгүй. Мөн холбогдох татваруудыг төлөөгүй байсан учраас акт үйлдэж, хариуцлага тооцсон. Компаниа дампуурч байгаа гэж тайлбарлан улсыг хохироож байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч ******* ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт гаргасан байна.
3. Анхан шатны шүүх дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зөрчил гаргаагүй.
3.1. Дээрх хүсэлтэд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэсэн.
3.2. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/09178 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцон, энэ тухай Өнөөдөр сонины 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 105/7920/ дугаарт нийтэлж, ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон анхны хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр явуулах тухай нийтэд мэдээлсэн.
3.3. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 351,408,367.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
3.4. Нэхэмжлэгчдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг үндэслэн анхан шатны шүүх А.Энхболдыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон.
3.5. Хэрэг гүйцэтгэгч тайланг 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гаргаж шүүхэд ирүүлсэн.
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/8372 дугаартай албан бичигт ... ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө тоот хаягт байршилтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эдхөрөнгийн өмчлөх эрхийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ******* ХХК /*******/-ийн өмчлөлд,
Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК /*******/-ийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгэгдсэн гэжээ.
5. Дээрх хөрөнгийг худалдан борлуулахдаа холбогдох татварыг төлөөгүй нь нэхэмжлэгч *******ээс тус компанийн 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хамаарагдах санхүүгийн байдалд татварын хяналт шалгалтаар илэрч, уг зөрчилд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0299739 тоот шийтгэлийн хуудсаар нийт 351,408,367.60 төгрөгийн төлбөр төлүүлэхээр болжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай 4185 дугаар захирамж, мөн огноотой 128/гх2022/0200 дугаар гүйцэтгэх хуудас бичиж Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хүргүүлжээ.
6. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулснаас олсон орлогыг ******* ХХК санхүүгийн тайланд тусгаагүй байдлыг харгалзан үзэж санхүүгийн хүндрэлд орсон гэж дүгнээгүй нь зөв болжээ.
Түүнчлэн хэрэг гүйцэтгэгч нь ******* ХХК-ийн 2008 онд 256,676,000 төгрөгийн, 2009 онд 244,451,600 төгрөгийн, 2010 онд 417,907,700 төгрөгийн, 2011 онд 450,367,400 төгрөгийн, 2012 онд 446,3,000 төгрөгийн борлуулалтын орлого олсон гэх дүгнэлтийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэж, ******* ХХК орлогоо хэрхэн юунд зарцуулсан, эдгээр орлогоос ямар шалтгаанаар татварын өр төлбөрийг төлөөгүй шалтгаан нөхцөл тодорхойгүй гэж дүгнэсэн нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг заасантай нийцжээ.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/04508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА