| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0201/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/218 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид С.Цэрэнханд, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч П.Итгэл,
Иргэдийн төлөөлөгч Г.Дэлгэрцэцэг,
Хохирогч Р.У,
Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 1938000000191 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг “Нарийн буриа” гэх газар хадам ах Р.Угалт зэвсгээр буудан амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг “Нарийн буриа” гэх газар хадам ах Р.Угалт зэвсгээр буудан амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938000000191 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь хүн алчихлаа гээд Энхбат эгч уйлж байсан. Би гартаа буу барчихсан Нямдалайгийн гэрт орчихсон байсан...Би хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болоод ийм зүйл болсон болохоор хийсэн хэргээ хүлээж байна. Мөн намайг нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-21 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 23, 25-р хуудас/,
Хохирогч Р.У-ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Энэ айлын түшиг тулгуур нь болсон харж ханддаг хүн нь байсан. Эдний гэр бүлийн сайн сайханы төлөө л явдаг байсан. О.Б гэдэг залууд муу санаж явсан юм байхгүй. О.Б архи уухаараа гэр бүлд нь агсам тавьдаг, ээжийгээ айлгаж сүрдүүлдэг байсан гэсэн. Тэр болгонд нь манай ах өмгөөлж, хамгаалдаг байсан...Эцсийн эцэст ээжийг нь хамгаалахаар явж байхад миний ахыг санаатайгаар онц хэрцгийгээр буудаж алсан. Би маш их гомдолтой байгаа. Энэ хүн манай ахыг алсныхаа дараа огт гэмшсэн зүйл байхгүй байсан гэсэн...Бид бүхэнд хэлж баршгүй том гарз тохиосон. Гэхдээ бид нар оршуулгын зардал 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...Ээжийг нь хамгаалсан хүнийг буудаж алсан. Бид бүхэнд энэ их хагацал учруулсныхаа төлөө энэ хүнд ямар нэгэн хуулийн хөнгөлөлт байхгүй байх гэж бодож байна. Бид бүхэн маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Б босож ирээд гэр лүүгээ гүйж ороод хаалгаа хаачихсан. Удаанбаяр араас нь ирээд байшингийн хаалгыг онгойлгох гэхэд хаалга дотроос нь түгжсэн байх шиг байсан. Байшингийн хаалгаа онгойлгохгүй байхаар нь манай нөхөр хаалганаас нь холдоод явж байхад О.Б байшингийн дотроос буу бариад гараад ирсэн. О.Б буу барьж гарч ирээд буун дуу гарсан. Буун дуу гарангуут манай нөхөр О.Б дээр гүйж очоод зууралдаад байснаа газарт уначихсан...буун дуу гарснаас хойш 2-3 минутын дараа нөхөр маань газарт уначихсан. Тэгэхэд би нөхрийгөө газарт үлдээгээд гэрлүүгээ гүйгээд утсаараа эмнэлэг дуудсан...Манай нөхөр О.Бгийн араас очоод байшингийн хаалга татсан чинь хаалга нь дотроосоо түгжээтэй онгойхгүй байхаар нь нөхөр маань буцаад урд зүгт буюу гэрийнхээ зүгт алхсан. Тэгтэл байшингийн хаалга онгойгоод О.Б буу барьж гарч ирэхэд нь нөхөр маань О.Бгийн зүгт эргэж хараад гүйх шиг болсон, яг энэ үед буун дуу гарсан, тэгэнгүүт би айгаад байшингийн баруун талд байсан машины цаагуур орчихоод буцаад нөхрийнхөө байсан газарт ирэхэд О.Б нөхрийг маань зуураад авсан ноцолдож байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр нь би гүйгээд очиход нөхөр маань газарт унасан...О.Бг гэрээс гарч ирэхэд нөхөр маань байшингаас барагцаагаар 3-4 м орчим зайтай, тун ойрхон байсан. О.Б байшингаас буу бариад гараад ирэнгүүт манай нөхөр өөдөөс нь гүйх шиг болсон. Тэгээд буу дуугарсан. Харин одоо бодоод байхад нөхөр маань О.Бгийн өөдөөс гүйх гэхдээ доошоо тонгойсон шиг бодогдоод байгаа юм...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-33 дугаар хуудас/,
Гэрч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал 18 цаг 30 минутын үед Удаанбаярын эхнэр Энхбат манай эхнэрийн утас руу залгаад Удаанбаяр хүнд зодуулчихлаа хурдан ирээрэй гээд уйлаад байхаар нь би хэн зодсон юм гэхэд Энхбат О.Б буудчихлаа гэж хэлсэн...Удаанбаярын гэрт очиход талийгаач О.Бгийн байшингийн урд талд газарт дээшээ хараад хэвтчихсэн, Энхбат болохоор нөхрийнхөө толгойг тэврээд битгий үхээч дээ гээд уйлаад сууж байсан. Машины хашааны дэргэд О.Б юу ч болоогүй юм шиг сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
Гэрч Л.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Удаанбаяр ахын тэнд очиход Удаанбаяр ах О.Бгийн байшингийн урд газарт хэвтчихсэн, эхнэр нь толгойг нь тэвэрсэн уйлаад сууж байсан. Надтай очсон эмч ахыг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Юу болсон юм бэ? гэхэд Энхбат О.Бг байшингийн үүдэн дээр буудчихсан гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/,
Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эхнэр гадаа гараад удалгүй гэрийн гаднаас юун буу барьсан яваа юм, юу болоод байгаа юм бэ? гэсэн яриа сонсогдохоор нь гэрээсээ гараад харсан чинь О.Б буу барьчихсан байсныг манай эхнэр гараас нь татаж аваад хойд тал руугаа шидсэн. Тэгээд дүүгийнхээ гараас бариад юун буу бариад яваа юм. Юу болсон юм бэ?, гэрт орж цай уу гээд гэрлүүгээ дагуулаад орохоор нь би газарт байсан бууг амбаар дээр шидчихээд нэг л биш юм болсон санагдаад байхаар нь мотоциклио унаад О.Бгийн гэр лүү явсан. Тэгээд байшингийнх нь гадаа ирээд зогсоход Удаанбаяр ах газарт хэвтчихсэн, эхнэр нь толгойг нь тэврээд сөхрөөд суучихсан уйлаад байсан... Цамцийг нь сөхөөд үзсэн чинь зүрхнийх нь хавьцаа нүх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-46-р хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэртээ хариад байж байтал 19 цаг болох гэж байхад манай гэрийн утас руу Энхбат яриад О.Б Удаанбаярыг буудчихлаа гэж хэлсэн. Тэгээд би мотоциклио унаад эргээд О.Бгийн гэрт очсон чинь хүмүүс цугларчихсан. Сумын төвөөс эмнэлэг ирсэн байсан. Удаанбаярыг болохоор газарт хэвтүүлсэн дээгүүр нь дээлээр хучсан байсан. Тэгээд би юу болов яав ийв гэсэн чинь О.Б нь Удаанбаярыг буудсан гэж байсан. Бас Лхагвасүрэн ах надад хандаж О.Бг яах гэж гэрт нь согтуу авч ирсэн юм бэ? гэж загинаж байгаад, О.Бгийн хажууд байж бай удахгүй цагдаа ирнэ гэхээр нь би үхрийн хашааны ёроолд сууж байсан. О.Бгийн дэргэд байж байсан. Би хажууд нь сууж байхдаа О.Бд яаж байгаа юм. Яагаад ийм юм болчихов гэж загинасан чинь О.Б өөдөөс уур хүргээд байсан юм. Одоо өнгөрч гэж хэлэх шиг болсон. Тэгээд өөр юм надад яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
Гэрч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Б гэрийнхээ тэндээс ганцаараа алхаад ирж байгаа харагдсан. Тэгээд дөхөөд ирэхээр нь гарт нь буу байгаа харагдахаар нь би яасан бэ?, юун буу бариад алхаж байгаа юм бэ? гэж хэлээд өөдөөс нь очоод гараас нь бууг нь аваад хойш нь шидсэн. Энэ үед нөхөр миний араас гарч ирсэн. Би О.Бгаас юун буу бариад явж байгаа юм бэ? гэсэн чинь О.Б юм хэлэхгүй уйлаад газарт явган суучихсан. Тэгэхээр нь би дүүгээ за тайвшир, юу болсон юм, гэрт оръё гээд аргадаад гэр лүү дагуулж орсон. О.Б бид хоёр гэрт ороход манай нөхөр мотоциклио унаад давхиад явсан. Би О.Бг гэртээ оруулаад цай хийж өгөөд яасан юу болсон юм бэ? гэсэн чинь О.Б уйлаад надад юм хэлэхгүй дуугүй суугаад байсан. Би дүүг уйлаад байхаар нь тайвшруулах санаатай сууж байтал манай нөхөр гэрт орж ирээд Удаанбаяр ахыг нас барсан талаар хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад О.Бгийн гэрийн зүгт гүйсэн. Би ганцаараа гүйгээд очиход Удаанбаяр ах газарт хэвтчихсэн, эгч маань ахын толгойг тэврээд газарт сууж байсан. Намайг очиход эмнэлэг ирсэн, хүмүүс цуглаж байсан...Би О.Бгаас бууг нь авахад бууны замаг нь хойш татагдсан байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,
Гэрч Ч.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянмөнхөд Нямдалай утсаар залгаж ярьлаа О.Б хүн буудсан байна гэж хэлэхэд Баянмөнх О.Б руу очихоор явсан. Манай нөхөр Баянмөнх шөнө 00 цагийн үед ирээд О.Б Удаанбаярыг буудаж амь насыг нь хохироосон байна. Гэр барьж ажил явдалд нь оролцоод ирлээ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,
Гэрч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Молор-Эрдэнэ бид хоёр Содон-Од гэж айлд очтол эхнэр Агиймаа нь надад танай ангийн О.Б хүргэн ах Удаанбаярыг буудчихсан байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,
Гэрч Д.М-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Бгийн гэрт очтол О.Б гэрийнхээ үүдэнд буу барьчихсан зогсож байсан. Тэгтэл зүс танихгүй эмэгтэй бууг нь аваач гэж уйлж хашгираад байхаар нь бууных нь хоёр ширхэг сумыг авсан. Тэгээд мотоциклио унаад явсан...Маргааш нь Сумъяатай хамт явж байгаад нэг айлд ортол тухайн айлын эмэгтэй Сумъяад танай ангийн О.Б хүн буудсан байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,
Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Иргэн Удаанбаярыг О.Б буудаж алсан байна гэх дуудлага мэдээллийн дагуу хэрэг учрал болсон газар очсон. Байшингийн урд хэсэгт дээшээ харсан байдалтай хэвтсэн хүнийг давуун зүйлээр бүтээсэн байсан...Бууг гэрийн ар талын пүнзэн дээрээс авч ажлын өрөөндөө аваачиж тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай:
...9. Р.У нь галт зэвсгийн ойрын зайн нэг удаагийн буудалтын улмаас нас барсан байна.
10. Үхлийн шалтгаан нь цээжний зүүн дээд хэсэгт 2, 3-р хавирганы завсар 1.0x0.7 см хэмжээтэй нийлүүлж үзэхэд эдийн дутагдалтай, зулгаралтын оромтой сумны орсон нүхтэй, 3-р хавирганы дээд ирмэгийг нэвт гарсан, зүүн уушигны дээд дэлбэн, үнхэлцэгний зүүн дээд хэсэг, зүрхний зүүн ховдлын дээд хэсэг, зүрхний орой, үнхэлцэгний баруун доод хэсэг, элэгний зүүн дэлбэнгийн 2-р сегмент, ходоод бүдүүн гэдэсний холбоосыг дайрсан хөндлөн чиглэлтэй эргэн тойрны зөөлөн эдэд харлаж үхэжсэн цус хуралттай, сумны суваг бүслэхий 4-р нугалмын зүүн хэсгийн хөндлөн булчинд сумны шарх бүхий гэмтлүүдээр батлагдаж байна... гэх дүгнэлт /хх-ийн 64-65-р хуудас/,
Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Буудлагын зайг холын зай, ойрын зай, тулган буудалт гэж гурав ангилдаг. Удаанбаярын биед тулган буудалтын тамганы зай /штанцмарк/ үүсээгүй, тортогны хэмжээ бага байгаа зэргээс үзэхэд ойрын зайнаас буудсан. Энэ зай нь ойролцоогоор 5-6 орчим метр зай байх боломжтой...Амь хохирогчийн буудагдах үедээ босоо байдалд тонгойсон байх боломжтой. Эсвэл газарт уначихаад босч байх үед нь буудсан байх боломжтой. Сумны хошуу орсон байдлыг харахад хошуу хүний биеийн дээд хэсгээс доош чиглэлтэй 45 градусын налуу байдлаар орсон байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Түвшинбаатарын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2659 дугаартай:
....6. Шинжилгээнд ирүүлсэн хонгио, хошуу нь сангийн анги 6063 дугаартай, замаг 6701 дугаартай гар хийцийн галт зэвсгээр буудаж загвар болгон авсан хошуу, хонгиотой буудлагын явцад галт зэвсгийн эд ангиудаас үүссэн мөрүүдийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна…гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-89-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-121, 124-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938000000191 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг “Нарийн буриа” гэх газар хадам ах Удаанбаярыг галт зэвсгээр буудан амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 10-13-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-21 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 23, 25-р хуудас/,
Хохирогч Р.У-ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э-ын /хх-ийн 26-33 дугаар хуудас/, гэрч С.Л-ийн /хх-ийн 38-39-р хуудас/, гэрч Л.Ш-ын /хх-ийн 40-42-р хуудас/, гэрч Д.Н-ийн /хх-ийн 43-46-р хуудас/, гэрч Б.Б-ийн /хх-ийн 48-49-р хуудас/, гэрч О.Энхцэцэгийн /хх-ийн 51-52-р хуудас/, гэрч Ч.Ц-ийн /хх-ийн 53-54-р хуудас/, гэрч Ц.С-ийн /хх-ийн 58-59-р хуудас/, гэрч Д.М-ий /хх-ийн 61-62-р хуудас/, гэрч М.Э-ын /хх-ийн 62-р хуудас/, шинжээч Б.Цолмонгийн /хх-ийн 73-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Т-ын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2659 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-89-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түргэн ууртай, уурласан үедээ бие барьдаггүй зан чанар зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч О.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч О.Б нь Р.Уамь насыг хохироосон бөгөөд хохирогч Р.Унь оршуулгын зардал 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч О.Б нь ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938000000191 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмөр 6063 дугаартай, замаг 6701 дугаартай гар хийцийн бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938000000191 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Бгийн цагдан хоригдсон 55 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б9 /ес/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 9 /ес/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бгийн цагдан хоригдсон 55 /тавин тавь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1938000000191 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмөр 6063 дугаартай, замаг 6701 дугаартай гар хийцийн бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
6. Эрүүгийн 1938000000191 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.Унь оршуулгын зардал 3.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД С.ЦЭРЭНХАНД
Б.ОТГОНЦЭЦЭГ