| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/00059/И |
| Дугаар | 210/МА2025/00093 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00093
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/04740 дугаар шийдвэртэй
*******ын нэхэмжлэлтэй,
*******т холбогдох
157,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
Миний бие 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр *******аас 2018 онд үйлдвэрлэсэн, 2022 онд Монголд импортлосон Lexus RX-450 маркийн автомашиныг 155,000,000 төгрөгөөр худалдан авахаар мөнгийг шилжүүлсэн. Автомашиныг худалдан аваад *******-ийн Тоёотагийн засвар үйлчилгээний төвд явах эд ангийн оношилгоо, хөдөлгүүрийн тос солих үйлчилгээг хийлгэсэн боловч удалгүй үе үе мотор хүчгүй болж, доголдол үүссэн. Хөдөлгүүрт үүссэн доголдлыг арилгуулахаар дээрх газарт компьютер оношилгоо, бусад үзлэгт оруулж, засвар үйлчилгээг хийлгэж засуулах гэсэн боловч хөдөлгүүрийн доголдлын шалтгааныг олоогүй. Бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож болохгүй тул зогсоолд байршуулсан.
Харин 2023 оны 6 дугаар сарын 02-ны болон 9 дүгээр сарын 19-ний өдрийн оношилгооноос уг машины хөдөлгүүрийн доголдлын шалтгааныг мэдэж, автомашины ослын түүхийн нээлттэй мэдээллийн үйлчилгээний www.carhistory.or.kr цахим хуудсаар хайхад БНСУ-д осолд орсон, даатгалын нөхөн төлбөрөөр засвар үйлчилгээ хийлгэсэн боловч ашиглах боломжгүй гэх тэмдэглэл хийж бүртгэлээс хасагдсан байсан. Хариуцагч нь бүрэн гүйцэд мэдээлэл өгөөгүй байхаас гадна эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгө шилжүүлээгүй үйлдэл нь хууль зөрчсөн.
Иймд тээврийн хэрэгсэлийн үнэд төлсөн 155,000,000 төгрөг, автомашины оношилгоонд зарцуулсан зардалд 2,000,000 төгрөг, нийт 157,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Би ******* Lexus RX-450 маркийн автомашиныг худалдан борлуулсан, эвдрэл гэмтэлтэй автомашин худалдан борлуулаагүй. Уг автомашиныг БНСУ-аас 2022 оны 01 дүгээр сард импортолж орж ирсэн байдаг боловч би оруулж ирээгүй, харин Монгол Улсад орж ирсний дараа хүнээс худалдаж авсан. Өмнө нь осолд орж байсан болохыг мэдсэн бол би худалдаж авахгүй байсан.
Бид автомашин худалдан хоорондоо наймаа хийгээд ******* нь тухайн автомашиныг өөрийн өмчлөлд 1 жил, 6 сар байлгасны дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Энэ хугацаанд автомашин элэгдэж хорогдсон, мөн ямар байдлаар автомашиныг хэрэглэснийг мэдэх боломжгүй, гамгүй хэрэглэвэл ямар ч тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтэх боломжтой.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******аас гэрээний дагуу тээврийн хэрэгслийн үнэд шилжүүлсэн 155,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д кааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 932,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, шинжээчийн зардалд 385,000 төгрөг гаргуулан шинжээч *******-д тус тус олгож,
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Гэвч нэхэмжлэгчийн хувьд автомашиныг хүлээж авсан цаг хугацаанаас хойш 1 жил, 6 сарын дараа шүүхэд хандсан. Уг хугацаанд автомашин эвдрэл гэмтэл гарах боломжтой эсэх, доголдол хэзээ илэрсэн тухайд дүгнэлт эргэлзээтэй.
Учир нь шинжээчийн дүгнэлтийн 3-т нэхэмжлэгч тал уг автомашиныг БНСУ-д байхдаа осолд орж байсан талаарх мэдээлэл олсон гээд баримтыг өгөв гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй буюу хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн шинжээч нэхэмжлэгчийн аман яриагаар доголдол бий болсон хугацааг тодорхойлсон. Нэхэмжлэгч энэ талаарх баримт хэрэгт авагдсан гэх боловч уг баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, эх сурвалж тодорхойгүй баримтыг орчуулсан байдаг.
4.2. Шүүхийн шийдвэрт Хариуцагчийг машин борлуулдаг хүмүүс, мөн өөрөө унах гэж БНСУ-аас оруулж ирсэн сайн чанарын машин гэсэн худалдагчийн хувийн байдал болон аман тайлбарт итгэж нэхэмжлэгч худалдан авалт хийж үнийг бүрэн төлсөн атал тухайн хөрөнгийн талаар хариуцагч үнэн зөв бүрэн мэдээлэл өгөөгүй, тээврийн хэрэгсэл ашиглагдах боломжгүй, хөдөлгүүрийн өндөр эргэлтэд хурдны хайрцаг чичирхийлдэг хөдөлгөөнтэй гэмтэл бүхий биет байдлын доголдолтой хөрөнгө худалдсан, хөрөнгө шилжих үед доголдол байсан нь тогтоогдож байх тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан.
Учир нь хариуцагч автомашин борлуулдаг ажил эрхэлдэггүй, энэ тухай хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад мөн тайлбарладаг боловч шүүх нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн нотлох баримтгүйгээр өөрийн үзэмжээр хариуцагчийг автомашин борлуулдаг мэтээр дүгнэсэн. Түүнчлэн, үнэн зөв бүрэн мэдээлэл өгөөгүй талаар дүгнэсэн нь хэргийн үйл баримтад нийцээгүй. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд маргаан бүхий автомашины доголдол нүдээр хараад илрүүлэх боломжгүй гэж тодорхойлсон. Шүүх шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэлийг болгож байгаа тохиолдолд бүрэн, үнэн зөв тайлбарлаж үндэслэлээ болгох нь хуульд нийцнэ.
4.3. Биет байдлын доголдолтой хөрөнгө худалдсан, хөрөнгө шилжих үед доголдол байсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч нүдээр хараад мэдэх боломжгүй доголдлыг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь мэдэх боломжгүй байхад хариуцагч үүргээ зөрчсөн мэтээр дүгнэсэн. Нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээн авахдаа шалгаж авах үүргээ биелүүлээгүй тухайд дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай болсон. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж мөн хуулийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Тухайн автомашин нь лап байхгүй гэх боловч хэзээ байхгүй болсон нь тодорхойгүй, мөн автомашин нь хөдлөх эд хөрөнгө учир түүнийг хүлээж авснаас хойш хугацааны эрсдэл худалдан авагчид шилжихээр заасан.
Маргаан бүхий автомашиныг худалдаж шилжүүлсэн цаг хугацаа 2022 оны 06 сарын 24-ний өдөр мөн нэхэмжлэгч нэхэмжлэлээ худалдан авсны дараа хөдөө орон нутаг явах үед доголдол илэрсэн гэж, мөн 2023 оны 06 сарын оношилгооноос тус тус хөдөлгүүрийн доголдлын шалтгааныг мэдсэн гэх боловч 2023 оны 12 сарын 28-ны өдөр шүүхэд хандсан байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуульд заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандсан нь тогтоогдож байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Хариуцагч тал маргаан бүхий автомашиныг доголдолтой байсан болохыг хүлээн зөвшөөрсөн, мөн шинжээчийн дүгнэлт гаргах үед маргаагүй. Иргэний хуулийн ерөнхий ангид заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Нэхэмжлэгч маргаан бүхий автомашиныг яагаад доголдож байгаа болохыг илрүүлэхийн тулд засварын газруудад үзүүлсэн боловч тогтоогдохгүй байсан. Харин сүүлд шинжээчийн дүгнэлтээр яагаад автомашин доголдож байсан болох нь тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч тайлбар гаргахгүй байсаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа дуусаж байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан автомашины үнэд төлсөн 155,000,000 төгрөг, оношилгоо, засвар үйлчилгээний зардалд зарцуулсан 2,000,000 төгрөг, нийт 157,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. ******* нь *******аас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Лексус ар экс-450 /Lexus RX450h/ маркийн ******* улсын дугаартай, автомашиныг 155,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, гэрээний дагуу 155,000,000 төгрөгийг худалдан авагч буюу ******* төлж, автомашиныг хүлээн авсан, худалдагч буюу ******* нь уг автомашиныг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн үйл баримт зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 8, 14-15/
4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.
5. Дээрх автомашин доголдолтой байсан эсэх, хэрэв доголдолтой байсан бол уг доголдол худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө байсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашиныг хүлээн авснаас хойш удалгүй эвдэрч, доголдол илэрсэн үйл баримт тогтоогдсон.
5.2. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж зохицуулсан.
5.3. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг доголдолтой байсан эсэх талаар ******* нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 316 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан, уг шинжээчийн дүгнэлтэд ...автомашинд үүссэн гэмтэл хурдны хайрцагны суурийн бэхэлгээ лап байхгүйгээс болж байна. Хөдөлгүүрийн өндөр эргэлтэд хурдны хайрцаг чичирхийлэх хөдөлгөөнтэй болсноос хурдны хайрцагны голд гажилт өгч хөдөлгүүрт нөлөөлж байна. Суурийн бэхэлгээ лап нь их биеийн хэв гажилтаас болж байнга эвдэрдэг байх магадлалтай. Энэхүү доголдлыг нүдээр хараад илрүүлэх боломжгүй. Гэмтэл нь автомашин Монгол Улсад импортлохоос өмнө бий болсон гэж дүгнэсэн. /хх 48-56/
Энэ дүгнэлтээс үзвэл, худалдан авагч нь автомашиныг худалдан авах үед доголдлын талаар мэдэх боломжгүй байснаас дээрх доголдлыг илрүүлэх боломжгүй байсан гэж үзнэ. Уг автомашин нь эвдэрч доголдол илэрснээр худалдан авагч доголдлыг мэдсэн болох нь хэргийн баримт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь доголдлыг мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг хүлээж авсан гэж үзэхгүй.
6. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй. Эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байгаа тохиолдолд худалдагч доголдолгүй эд хөрөнгө шилжүүлснээ нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.
7. Талууд автомашинд оношилгоо хийлгэсэн гэх боловч шинжээчийн дүгнэлтээр энэ доголдлыг худалдан авагчид эрсдэл шилжихээс өмнө байсан гэж үзэх үндэслэлтэй. Иймээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, үнийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
8. Анхан шатны шүүх хариуцагч *******аас 155,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь зөв байна. Нэхэмжлэлээс хохирол 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/04740 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 932,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ