| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0543/Э |
| Дугаар | 562 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овгийн Дамдинсүрэнгийн Отгонтөгсөд холбогдох эрүүгийн 1711003540701 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрийн 14 дүгээр хороо, Консулын 7 дугаар гудамжны 203 тоотод оршин суух хаягтай, одоогоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн 1-115 тоотод эхийн хамтаар оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 547 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 төгрөгөөр торгох ялаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 417 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Гөрөөчин овгийн Д.О., /РД: ...........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Яллагдагч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 89 дүгээр гудамжны 1298-г тоотод суух иргэн М.Уранбилэгийн гэрээс нь “самсунг эс-4” загварын гар утас, “делл” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 368.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... би 2017 оны 08 дугаар сард яг хэдний өдөр гэж хэлж мэдэхгүй байна би эх Маналжавын хамтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадвилан зусланд амьдардаг байсан. Тэгээд гэртээ харих замдаа зуслангийн чиглэлийн автобусаар үйлчлүүлж байгаад Батбаяр гэх автобусны жолоочтой танилцаж байсан юм. Би Бааяатай /Батбаяр/ найзалж эхэлснээс хойш түүний гэрийг мэддэг болоод гэмт хэрэг үйлддэг өдөр Бааяагийн гэрт нь очих гээд 7 буудал дээр архи уудаг хүмүүстэй архи хувааж уусан байсан юм. Тэгээд байж байтал гэр нь зусланд байдаг гэж мэддэг зүс таних Мөнх-Оргил гэж дууддаг залуу микроавтобустай явж байхаар нь намайг нэг айлд хүргээд өгөөч гэж хэлээд Бааяагийн гэрт нь хүргүүлсэн. Тэгээд тухайн үед Бааяатай цуг архи уухаар гэрт нь явж ороход Бааяа байхгүй түүний 3 хүүхэд нь байж байсан. Тэгээд гэрээс нь гарахдаа тухайн үед согтуу байсан, архины мөнгө олох санаатай том өрөөний ширээн дээр байсан хөх өнгийн загварыг нь мэдэхгүй гар утас болон хажууд нь байх хар өнгийн зөөврийн компьютер зэргийг аваад гарч явахад гадаа Мөнх-Оргил яваагүй байж байхаар нь түүний машинд суугаад Бааяагийн гэрээс гар утас болон зөөврийн компьютерийг нь хулгайлсан талаараа Мөнх-Оргилд хэлээгүй явж байгаад 7 буудал дээр хүргүүлээд тэндээсээ Мөнх-Оргилоос салаад явсан. Мөнх-Оргил намайг хулгай хийсэн тухай мэдээгүй, тэгээд би тухайн үед согтуу байсан гар утсыг нь үрэгдүүлсэн харин зөөврийн компьютерийг нь “Хүнсний 4” дэлгүүрийн орчимд байдаг ломбарданд тавиад мөнгөөр нь архи авч уугаад дууссан юм ...” гэх мэдүүлэг /хх-52-55х/,
Хохирогч М.Уранбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажлаа хийгээд Шадивлангаас “Чингэс соосэ” чиглэлд явж байхад салхитын автобусны буудал дээр манай нөхрийн найз гээд манайхаар орж гараад заримдаа хоноод явдаг Отгонтөгс гэх залуутай тааралдсан юм. Тэр залуу манай нөхрийг асуухаар нь өнөөдөр шугаманд явж байгаа гэж хэлсэн. Тэгвэл орой танайд очно гэж хэлж байсан. Тэгээд удалгүй 2 цагийн дараа манай хүүхэд надруу залгаад Отгоо ах сая манайд ирчихээд миний утсыг аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би за орой очоод больё гэж хэлээд утсаа салгасан. Орой гэртээ ирэхэд манай гэрийн шургуулганд байсан зөөврийн компьютер охины гар утсыг аваад явсан байхаар нь маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
Насанд хүрээгүй гэрч Б.Анужин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Отгоо гэж дууддаг ах манай гэрт орж ирээд аав, ээж хоёр байхгүй байгааг мэдээд манай дүү Тэмүүжин тухайн үед гэрт байдаг суурин компьютер дээр суугаад тоглоод байж байсан юм. Би гал тогооны өрөөнд аяга угаагаад сууж байсан. Тэгэхэд Отгоо ах орж ирээд гадаа халуун байна та нар зайрмаг авч идэх үү гэж хэлээд манай дүү Тэмүүжинд зайрмагны мөнгө өгөөд дэлгүүр ороод зайрмаг аваад ир гээд компьютер дээрээс босгоод өөрөө суугаад тоглосон юм. Тэгэхэд манай дүү Аялгуу тэр өрөөнд байсан. Тэгээд би тухайн үед Отгоо гэх ахыг нэг их тоогоогүй байж байхад Отгоо гэх ах гэдсээ дараад гараад яваад өгсөн. Тэгээд би Отгоо гэх хүний сууж байсан өрөөнд орж харахад компьютерийн хажуу талд байх олон залгуурт залгаад байж байсан миний “самсунг эс-4” загварийн гар утас алдагдсан байсан. Тэгээд би дүү Тэмүүжингийн гар утаснаас ээж М.Уранбилэгрүү залгаж хэлээд Отгоо орж ирж гараад явахдаа гар утсыг хулгайлаад аваад явлаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй ээж ирээд тэр хооронд манай дүү Аялгуу зөөврийн комьпютер хийсэн газар руу Отгоо ахын суугаад тоглож байсан компьютерийн хажуу талын шүүгээний шургуулганд байсан “делл” загварын зөөврийн компьютерийг шалгаж үзэхэд байхгүй байхаар нь алга болсон байсныг мэдсэн. Тэгээд Отгоо гэх ах гарахдаа гэдсээ тэврээд гарсан байсан гэдгийг мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/,
Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний “.. зах зээлийн үнэлгээний 369.000 төгрөг ...” тайлан /хх-ийн 39х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч шүүгдэгч Д.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.овгийн Д. О.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийн цагдан хоригдсон 16 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Оөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оөд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД