| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0530/Э |
| Дугаар | 552 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхас овгийн Лхагваагийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 1811014220723 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Алтан Дорнод ХХК-ийн зүлэгжүүлэгч ажилтай, ам бүл 5, хүргэн ах, эгч, нагац дүү охины хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны 3-70 тоотод оршин суух.
Урьд 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг 5 жилийн хугацаагаар тэнссэн,
2000 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 9 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял,
2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Лхас овгийн Л.О., /РД: .............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Яллагдагч Л.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 57-690 тоотод Х.Оюунбаярын хэтэвчтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 488.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр миний хамтран амьдрагч гэж байсан эмэгтэй болох Оюунбилэгийн гэрт нь түүний найз гээд Оюунбаяр гэх эмэгтэй ирсэн бөгөөд бид гурав хамтдаа хоол унд хийж идээд Оюунбаярын авч ирсэн архийг нь хувааж уугаад байж байхдаа Оюунбаяр дахин архи авч ирүүлэхээр Хаан банкны картаа надад өгч дэлгүүр рүү явуулахдаа надад картныхаа нууц дугаарыг хэлж өгсөн юм. Тэр өдөртөө бид нар хамтдаа архи хувааж ууж хоноод маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үргэлжлүүлэн архи ууж байгаад Оюунбаяр согтуухан орой 21 цагийн орчим намайг Оюунбилэгийн гэрээс хөөгөөд эвгүй хандаад байсан. Тухайн үед Оюунбаяр, Оюунбилэг нар архи ууж байсан бөгөөд би “надад ганц хийгээд өгчих, гэсэн чинь чамшиг юманд архинаасаа өгөхгүй гээд Оюунбаяр нь агсраад намайг хөөгөөд байхаар нь би хөөгдөж гарахдаа орны хөлд байсан Оюунбаярын хар өнгийн жижиг цүнхний халаас нь онгорхой байхаар нь дотроос нь түрүүвчийг нь тэд нарт мэдэгдэлгүй аваад гарсан. Гадаа гараад автобусны буудал дээр ирээд түрүүвчийг нь нээж үзэхэд дотор нь Оюунбаярын надад өгч дэлгүүр рүү явуулаад байсан Хаан банкны карт байхаар нь би нууц дугаарыг нь мэддэг болохоороо АТМ-ээс мөнгө авах гэсэн чинь чадахгүй болохоор буудал дээр таарсан нэг хүүхдийг гуйж байгаад уг картнаас нийт 455.000 төгрөгийг 2 хувааж аваад тэндээсээ такси бариад Офицер орчим байдаг найзындаа очиж уг мөнгийг нь үрж дуусгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51х/,
Хохирогч Х.Оюунбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед найз эмэгтэй Оюунаа над руу залгаад хоёулаа уулзалдах юмсан уулзалгүй 2 жил боллоо гээд ярьсан. Ингээд би Хайлаастын эцэст байх Хаан банктай буудал дээр таксидаад очтол Оюунаа намайг тосож авсан юм. Би яаж айлд хоосон орох вэ гээд дэлгүүрээр ороод сүү, тараг, боов, ундаа, зайрмаг, архи аваад хамт гэрт нь очсон. Гэрт нь очиход хар нүдний шилтэй хүүхэн хэвтчихсэн, нэг танихгүй залуу хоол унд хийгээд яваад байсан. Тэгээд сууж байгаад хоол ундыг нь идээд авчирсан архиа гаргаж Оюунаа болон түүний хамтран амьдрагч гэх залуу бид гурав хувааж ууцгаасан. Тэнд байсан залуу өөрийгөө Отгонбаяр гэж танилцуулсан. “...би Отгонбаярт нь түрүүний утас болон саяны утсыг хоёуланг нь авч нуулаа гээд уурлатал Улаанаа Отгонбаярыг аваад гарсан. Тэгтэл удалгүй Отгонбаяр гаднаас орж ирээд уурлаад гал тогооны шүүгээн дээрээс заазуүр аваад над руу дайраад далайгаад духны дээд хэсэг, хэвлийд заазуурны үзүүрээр чичээд зүүн талын нүд рүү заазуурынхаа ишээр цохиод миний хүзүүнд заазуураар зүссэн юм ...”. “...Тэгээд Отгонбаяр байж байгаад гарч яваад эргэж орж ирээгүй юм. Би тэр өдөртөө тэндээ дахиж хоноод Маргааш нь гэр лүүгээ явсан юм. Отгонбаяр гарч явсанаас хойш утсаа цэнэглээд утсаа нээтэл 456.000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирэхээр нь гайхаад цүнхээ уудлаад түрийвчиндээ картаа үзэх гэтэл миний түрийвч тэр чигээрээ байхгүй болсон байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-45х/
Х.Оюунбаярын эзэмшлийн Хаан банкны дугаар бүхий дансны гүйлгээний хуулга /хх-ийн 92х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.
Иймд шүүгдэгчид хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лхас овгийн Л О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Л.От хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.От хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД