Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 5209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78-1 байрны 1301 тоотод  байрлах, регистрийн дугаар 9898603, Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78А-2 дугаар байр 702 тоотод оршин суух, регистрийн дугаар ДЮ 82102864, Хөхөөгийн Жавзмаад  холбогдох

 

Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 839 635 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт жижүүрийн зардлыг 2014 оны 1-12 сарын 337 935 төгрөг, 2015 оны 1-12сарын 300 020 төгрөг, 2016 оны 1 - 8 сарын 201 680 төгрөг бүгд 839 635 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байна.“Очир хотхон" Сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа мздэгдэл өгч. төлбөр төлөхийг шаардаж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа тул бүгд 839 635 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Жавзмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Сууц өмчлөгчдйин холбооны мөнгө төлөхгүй байгаа учир нь анх тус байранд орсноос хойш СӨХ-ийн төлбөр төлж явсан хэдий ч албан ёсоор хурал хийж оршин суугчдын олонхийн саналаар СӨХ-өө байгуулаагүй. Анх СӨХ даргыг томилоод хэт өндөр үнэ тогтоосон. Дараа нь оршин суугчид бус дотроо  ярьж байгаад Далайдоржийг СӨХ-ийн дарга  томилогдоод  юу ч хийгээгүй  дур мэдэн өчнөөн сая төгрөгөөр камержуулсан.  Дараа нь олон сая төгрөгөөс камержуулсан. Дараа нь удирдах зөвлөл нь томилоод хэсэг хугацаанд ажилласан.Батцэцэг дарга СӨХ-ийн төлбөрийг 4500 төгрөгөөр багасгасан байдаг.Одоо ажиллаж байгаа даргыг оршин суугчид хуудас тарааж томилсон.Оршин суугчдын хурлаа ирц өндөртэй хийх, санхүүгийн тайлангаа тавих, бусад байрны СӨХ-ийн төлбөрийг судалж үнээ багасгах гэсэн шаардлагыг биелүүлэхийг нөгөө талаас хүсэж байна.Нэхэмжлэлийн шаардлага болох 839 635 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэзээ төлөхөө мэдэхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Х.Жавзмаад холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 839 635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 839 635 төгрөгийг  хариуцагч Х.Жавзмаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч  төлж барагдуулна гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь үндэстэй  байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 701 төгрөгийн  50  хувь болох 12 350  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 12 350 төгрөгийг улсын орлогоос, 12 350 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 839 635 /найман зуун гучин есөн мянга зургаан зуун гучин таван/ төгрөгийг хариуцагч Х.Жавзмаа төлж барагдуулна гэж зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн     24 701 төгрөгөөс 12 350 /арван хоёр мянга гурван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 12 350 /арван хоёр мянга гурван зуун тавин/ төгрөгийг улсын орлогоос, мөн 12 350 /арван хоёр мянга гурван зуун тавин/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН