Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 211/МА2025/00004

 

211/МА2025/00004

 

                                        

                             

Я.Г, Ц.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2024/00517 дугаартай шийдвэртэй

Х овгийн Яын Г, С овгийн Цийн М нарын  нэхэмжлэлтэй

М овгийн Дын Б, М овгийн Гийн Х нарт холбогдох

2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, А аймгийн Э сум, Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 мкв талбайтай 0 тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, нэхэмжлэгч Ц.М, Я.Г нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Я.Г /цахимаар/

Нэхэмжлэгч Ц.М /цахимаар/

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.М /цахимаар/ 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Довдонням овогтой Б нь А аймгийн засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байхдаа 2013 оны 12 сарын 18-ны өдөр Ц.М, Я.Г бид нараас Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр барьж буй А аймгийн Э сум дахь орон сууцны “Г” цогцолбор 0 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 0 тоот хаалга бүхий орон сууцны барилгаас 1 өрөө 60720000 / жаран сая долоон зуун хорин мянган / төгрөгний үнэ бүхий орон сууцыг авахдаа Ггийн Х гэх хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулан авчхаад 60720000 / жаран сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг өгөхгүй удаашруулж хохироож байна. Бидний зүгээс 44 м/кв талбайтай орон сууцны нийт үнэ болох 60720000 / жаран сая долоон зуун хорин мянган / төгрөгийг удаа дараа шаардахад 2022 оны 11 сарын 20-ны өдөр байрны үнэ гэж 2.500.000 төгрөгийг Д.Б нь өөрийнхөө ХААН банкны 00000000 дугаартай данснаас, Ц.М миний дансыг иргэний хэргийн шүүхээс битүүмжилж хориг тавьсан байсан учир миний төрсөн эгч Ц.Мгийн 00000000 дугаартай данс руу шилжүүлсэн.Иймд орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний үүргээ биелүүлээгүй тул дээрхи нэр бүхий 60720000 / жаран сая долоон зуун хорин мянган / төгрөгний үнэ бүхий 14 м,кв 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 1 дэх :эсэгт зааснаар нэхэмжлэгчийг хохиролгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн төлсөн 461550 төгрөгийн хамт гаргуулан өгнө үү... гэжээ

1.2 Нэхэмжлэгч Ц.М анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээгээр Д.Б А аймгийн Э сум, Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 м кв талбайтай 0 тоот, 1 өрөө байрыг 60,720,000 төгрөгөөр худалдаж авсан боловч тухайн үед байрны төлбөрийг бүрэн төлөөгүй. Д.Б 2023 оны 9 сарын 15-нд 9,000,000 төгрөг хийж Г цогцолбор 0 тоот орон сууцны тооцоог дуусгаад 2022 оны 11 сарын 20-нд миний эгчийн дансаар 2,500,000 төгрөг шилжүүлж 0 тоот 1 өрөө байрны төлбөрийг төлснөөс хойш огт төлөлт хийгээгүй. Тухайн үед Д.Б аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, 0 тоот байрны төлбөрөө бүрэн төлчихсөн учраас Д.Бд итгэж түүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй байна гэх гуйлтаар 0 тоот 1 өрөө байрны төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн бичиг хийж өгсөн. Д.Б А аймгийн Э сум, Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 м кв талбайтай 0 тоот, 1 өрөө байрны төлбөрийг огт төлөхгүй байсан учраас би А аймагт биечлэн очиж Д.Бэс орон сууцны төлбөрөө төлөхийг шаардаж, байнга чат, мессеж бичиж, шүүхэд хандана, байраа буцааж авъя гэж түүнд хэлж байсан. Д.Б засаг солигдоод би ажилгүй болчхоод байна, миний хүү Австралид бие нь муу байгаа учраас сахиж байна, очиж байгаад тооцоо хийе, газар өгье гэх зэргээр хэлж шалтаг, шалтгаан тоочсоор А аймгийн Э сумын 2 дугаар баг 0 дүгээр байрны  44 м кв талбайтай, 0 тоот 1 өрөө байрны төлбөрийг одоо болтол төлөөгүй. Гэрээнээс татгалзаж, байраа буцааж авна. Иймд орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, А аймгийн Э сумын 2 дугаар баг, Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 м кв талбайтай, 60,720,000 төгрөгийн үнэ бүхий 0 тоот 1 өрөө байрыг биет байдлаар нь буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

2.1 Нэхэмжлэгч Я.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Улсын бүртгэлийн байгууллага үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийн тулд төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн тодорхойлолт гаргаж өгөхийг шаарддаг байсан. Д.Б төлбөрөө дараа нь найдвартай төлчихнө, төлбөр дууссан гэдэг тодорхойлолтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөөч гэж гуйж байсан. Д.Б тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учраас өндөр албан тушаал эрхэлж байгаа хүн худлаа ярихгүй байх гэх итгэлцэл дээр түүний тавьсан шаардлагыг бид биелүүлж төлбөр төлөгдөж дууссан гэсэн баримтыг 2014 оны 2 сард нотариат болон улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн. 0 дүгээр байрны 44 м кв талбайтай 0 тоот, 1 өрөө байрны төлбөр 60,720,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Манай гэр бүлийн хүн Д.Бтэй утсаар, мессежээр байнга холбогдож орон сууцны төлбөрөө бүрэн төлөхийг шаардаж, шүүхэд хандах талаар өөрт нь мэдэгдэж байсан. Д.Б мессежээр төлбөрөө төлнө гэсэн хариу ирүүлдэг байсан боловч одоог болтол 0 дүгээр байрны 44 м кв талбайтай, 0 тоот, 1 өрөө байрны төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй. Г.Хтай уулзаж, харьцаж байгаагүй, түүний утасны дугаар, оршин суугаа хаягийг мэдэхгүй учраас түүнтэй холбогдох боломж байгаагүй. Д.Б өөрөө орон сууцны төлбөрийг хариуцна гэсэн учраас Г.Хтай холбогдох шаардлага байгаагүй. Иймд орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, А аймгийн Э сумын 2 дугаар баг, Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 мкв талбайтай, 60,720,000 төгрөгийн үнэ бүхий 0 тоот 1 өрөө байрыг биет байдлаар нь буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.

 

2.2 Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа..... Тухайн үед Д.Б А аймгийн Э сумын 2 дугаар баг, Г цогцолбор 0 айлын орон сууцнаас 0, 0 тоот гэсэн 2 байр авч, 0 тоот орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байдаг. Харин 0 тоот 1 өрөө байрны төлбөрийг хийгээгүй, орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний үүргээ биелүүлээгүй. Д.Б аймгийн Засаг даргын албан тушаал эрхэлж байсан учраас нэхэмжлэгч нар түүний албан тушаалд итгэж гуйлтаар орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн учраас Д.Б 0 тоот 1 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан байна. Д.Б, Г.Х нар Г цогцолбор 0 айлын орон сууцны байрны 44 м кв талбайтай, 0 тоот 1 өрөө байрны төлбөр 60,720,000 төгрөгийг бүрэн төлсөн гэдэг боловч энэ талаарх баримт байхгүй. Д.Бэс 0 тоот байрны төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад мессежээр 0, 0 тоот байрны төлбөрийг бүрэн төлсөн гэсэн хариу өгсөн байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй бөгөөд Д.Бэс 0 тоот 1 өрөө байрны төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад тэрээр 2022 оны 12 сарын 20-нд Мгийн төрсөн эгч Мгийн данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Иймд 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, А аймгийн Э сумын 0 дугаар баг, Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 м кв талбайтай, 60,720,000 төгрөгийн үнэ бүхий 0 тоот 1 өрөө байрыг биет байдлаар нь буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

2.3 Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ....Г.Х, Ц.М нар 2013 оны 12 сарын 28-нд Г цогцолбор 0 айлын орон сууцнаас 44 м кв талбайтай, 0 тоот 1 өрөө байрыг 60,720,000 төгрөгөөр худалдаж авахаар орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ бичгээр байгуулсан. Г.Х гэрээний үүргийг биелүүлж, 60,720,000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь Ц.Мгийн төлбөр зуун хувь төлөгдсөн гэх тодорхойлолт, Я.Гийн 2014 оны 02 сарын 06-ны өдрийн тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт зэрэг баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч нар нь Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 м кв талбайтай, 0 тоот, 1 өрөө байрны захиалгын гэрээг Г.Хтай байгуулсан учраас уг гэрээний маргаан Д.Бд хамааралгүй. Д.Б Г цогцолбор 0 айлын 0 тоот орон сууцны төлбөрт Х гэсэн утгаар 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч 0 тоот 1 өрөө байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй байсан учраас Д.Бийн гуйлтаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийн тулд түүний эрхэлж байсан албан тушаалд итгэж төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн баримт гаргаж өгсөн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, мөн 10 гаруй жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 м кв талбайтай, 0 тоот, 1 өрөө байрны төлбөр бүрэн төлөгдсөн учраас хариуцагч талаас төлбөр төлөх хугацааг хойшлуулах санал гаргах шаардлага байгаагүй. Нэхэмжлэгч 2021 оноос төлбөр шаардаж чат бичсэн байдаг. Үүнээс өмнө шаардлага гаргаж байгаагүй учраас Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох нөхцөл үүсээгүй байна. Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний 3.3.1-д “захиалагч талаас гэрээний 2.4-2.7-д заасан төлбөрийг бүрэн хийгээгүй тохиолдолд захиалагчид энэ талаар 3 удаа сануулсан тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээг цуцлах талаар хариуцагч Г.Хт мэдэгдээгүй. Хариуцагч Г.Х нь Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 м кв талбайтай, 0 тоот, 1 өрөө байрны төлбөр 60,720,000 төгрөгийг нэхэмжлэгч талд бүрэн төлсөн учраас одоо тус байртай холбоотой үлдэгдэл төлбөрийн асуудал байхгүй, байрыг буцааж өгөх боломжгүй, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах асуудал үүсэхгүй. Иймд 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, А аймгийн Э сум, Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 м кв талбайтай 0 тоот, 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

    А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2024/00517 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 03 дугаар зүйлийн 03.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын нэхэмжлэлтэй Г.Х, Д.Б нарт холбогдох 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, А аймгийн Э суманд байршилтай Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 м кв талбайтай, 0 тоот, 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 04-ний өдрийн 129/ШЗ2024/02409 дүгээр шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй,  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласан байна.

 

            Нэхэмжлэгч Ц.М, Я.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Мөнх-Очир би, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.3.17 дэх хэсгийг удирдлага болгон А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 129/ШШ 2024/00517 дугаартай шүүхийн шийдвэрт дараахь гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.М, Я.Г нараас хариуцагч Д.Бэс өөрийн малчин Г.Хын нэр дээр 2013 оны 12 сарын 28-ны өдөр Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр барьж буй А аймгийн Э сум дахь орон сууцны “ Г ” цогцолбор 0 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 0 тоот хаалга бүхий орон сууцны барилгаас 1 өрөө 60720000 / жаран сая долоон зуун хорин мянган / төгрөгний үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн. Нэхэмжлэгч Ц.М аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Бд итгэж түүний гуйлтаар нь 0 тоотын 1 өрөө байрны төлбөр төлөгдсөн гэж гэрээн дээр бичилт хийж өгсөн. А аймгийн Э сум дахь орон сууцны “ Г ” цогцолбор 0 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 0 тоот хаалга бүхий 1 өрөө байрны төлбөрийг огт төлөхгүй байсан учраас Д.Бтэй биечлэн очиж уулзаж, байнга чат, мессеж бичиж байраа буцааж авъяа гэж түүнд хэлж байсан. Гэрээнээс татгалзаж байраа буцааж гаргуулахыг шаардсан. Хавтаст хэрэгт Д.Бэс 1 өрөө орон сууцны мөнгийг шаардахад 2022 оны 11 сарын 20-ны өдөр байрны үнэ гэж 2.500.000 төгрөгийг Д.Б нь өөрийнхөө ХААН банкны 00000000 дугаартай данснаас, Мгийн төрсөн эгч Мгийн 00000000 дугаартай данс руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа нь дээрхи орон сууцны мөнгийг төлөөгүй болохыг баталж байна. Засаг дарга асан Д.Б нь “Г” цогцолбор 0 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 0 тоот хаалга бүхий 1 өрөө орон сууцыг авахдаа Гийн Х гэх хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулан авахын тулд 2014 оны 02 сарын 06-ны өдөр А аймгийн улсын бүртгэлийн хэлтэст дээрх орон сууцны төлбөр болох 60720000 төгрөгийг 100% төлсөн тул Г.Хт үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг олгоход туслана уу гэх тодорхойлолтыг иргэн Я.Гоор хийлгүүлж дээрхи үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Учир нь төлөлтийг 100% төлсөн тохиолдолд үл хөдпөх хөрөнгийн гэрчилгээ гардаг тул засаг дарга Д. Бий гуйлтаар төлбөрийг дараа нь төлөх боломжтой гэж итгэлцлийн үүднээс зөвшөөрсөн талаар Я.Гоос шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хавтаст хэрэгт Г овогтой Х, Д овогтой Б нараас “Г” цогцолбор 0 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 0 тоот хаалга бүхий орон сууцны барилгаас 1 өрөө 60720000 / жаран сая долоон зуун хорин мянган / төгрөгний үнэ бүхий орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж иргэний хариуцагч Г.Х, Д.Б нараас орон сууцны төлбөрийг хэрхэн барагдуулсан талаар тайлбар гаргуулж аваагүй, орон сууцны төлбөр төлж барагдуулсан баримт байхгүй байхад нэхэмжлэгчийн гэрээн дээр төлбөр төлөгдсөн гэсэн бичилтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч татгалзлын үндэслэл тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргээ хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юмаа. Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний: 3.3.1 Захиалагч тал гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь бүрэн хийгээгүй тохиолдолд захиалагчид энэ тухай 3 удаа сануулсны эцэст гэрээг цуцлах эрхтэй. 3.3.2 Захиалагч нь гэрээнд заагдсан төлбөрүүдийг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд уг гэрээг хүчингүй болгож тухайн орон сууцыг өөр байгууллага хувь хүнд худалдаж алданги суутган авах эрхтэй. 4.1 Захиалагч нь төлөх ёстой төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 %-иар хоног дутамд алданги төлнө. 4.2 Захиалагч тал гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээг дангаар цуцлах эрхтэй. г.м гэрээний заалтуудыг хариуцагчаас зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3охигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. 42.4.Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.3.Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.гэсэн хуулийн заалт хэрэгжээгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан. Нэхэмжлэгч Ц.М, Я.Г нартай Д.Б орон сууцыг ирээдүйд худалдан авах тухай аман хэлцлийг Г.Хын өмнөөс хийж үүрэг хүлээсэн учир орон сууцыг Г.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нь зүйд нийцэх байсан. Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 0.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан. Дээрх зохицуулалтаар эд хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрх нөгөө этгээд түүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд хангагдах учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэлээ шүүх хуралдаанд тодорхой тайлбар өгч , нотлох баримтыг болох 2500000 төгрөгний төлбөр төлсөн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй болохыг нотолсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан байхад хариуцагч нар орон сууцны төлбөр төлсөн баримт болон тайлбараа баримтаар нотлох үүргээ огт хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч Ц.М, Я.Г нар нь өөрийн өмчлөлийн орон сууцаа Г.Х, Д.Б нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Э сум дахь орон сууцны “Г” цогцолбор 0 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 0 тоот хаалга бүхий орон сууцны барилгаас 1 өрөө орон сууцыг хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж, А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 129/ШШ 2024/00517 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргав.... гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлыг бүрэн гүйцэт илтгэсэн шүүгчдээ талархаж байна. Анх энэ 2 хоёр байрыг Засаг дарга байсан Б 0, 0 дугаар байрыг захиалж авсан. Өөрийн малчин Х гэдэг хүний нэр дээр гаргуулж авсан боловч төлбөр Х биш Б гэсэн данснаас байрны төлбөрөө төлөөд 0 дугаар байрны төлбөрийг зуун хувь төлж дуусгасан. Харин нэг байрны төлбөр төлөгдөөгүй яваад байсан. Бие биенээ таньдаг учраас итгэлцлийн үндсэн дээр төлбөрөө төлнө гэдэгт итгээд яваад байсан. Анхан шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ гэрээнд зуун хувь төлсөн гэсэн Ц.Мгийн бичгийг үндэслээд төлөөд дууссан гэж хэлдэг. Бид нар төлбөр төлөгдсөн байхад нэхэмжлэл гаргаагүй. Сүүлийн нэг өрөө байрны 60,720,000 төгрөгийг төлсөн бол энэ талаар хавтаст хэргийн материалд баримт авагдсан байх ёстой. Гэтэл хавтаст хэргийн материалд төлбөр төлөгдсөн материал авагдаагүй байхад Засаг дарга асан Бат-Эрдэнийг төлбөрийг зуун хувь төлсөн гэсэн гэрээний 2 дугаар хуудсанд байгаа авагдсан гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч яриад байгаа. Энэ бичгийг Б хүлээн зөвшөөрсөн миний бичиг гэдэг. Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахын тулд компанийн албан бичиг хийгээд өг гэхэд нь Я.Г хүлээн зөвшөөрөөд хийж өгсөн. Засаг дарга хүн байсан учраас төлбөрөө төлөхгүй байх боломжгүй гэсний үндсэн дээр хийсэн байгаа. Хамгийн сүүлд орон сууцны төлбөр 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгийг Засаг дарга Б өөрийн данснаасаа шилжүүлсэн байгаа. Үүнийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно. Иргэний хуулийн 78 дугаар зүйлд ч гэсэн заасан байгаа. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн хугацаанд гэж заасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас анхан шатны шүүх төлбөр төлсөн эсэх талаар ямар ч нотлох баримт гаргуулж аваагүй байгаад гомдолтой байгаа. Тэр хүмүүс бидэнд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Улсын бүртгэлийн газар төлбөр төлөгдсөн гээд манай эхнэрээр бичиг хийлгүүлж авсан. Х гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж нэг ч удаа таарч байгаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уулзаж төлбөр мөнгөө авсан гэж тайлбарлаад байдаг. Бид ерөөсөө тэр хүнтэй уулзаж байгаагүй гэдгээ хэлье, тэр хүнээс нэг төгрөгийн төлбөр аваагүй гэв.

 

Нэхэмжлэгч Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х гэдэг хүнийг огт танихгүй. Гэрээ хийгээд 60,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн үгэнд нь итгэсэн. Тухайн үед Засаг даргын өндөр албан тушаал хашиж байсан учраас итгэж гэрээ хийсэн. Х гэдэг хүнийг анхнаасаа огт, харж үзээгүй. Энэ хүний  иргэний үнэмлэхийг авчирч гэрээ хийсэн. Сүүлд сонсоход энэ хүн Засаг дарга Бат-Эрдэнийн малыг хардаг байсан гэж сонссон. Гэхдээ Б даргатай байнга холбогдож мөнгөө нэхдэг байсан. Тэгээд 2020 Улаанбаатар хотод уулзаад хэлэхэд ойлголоо гэсэн төлнө гэж хэлж байсан. Тэгэхээр нь та гарын үсгээ зураад тэдэн төгрөгийг тэдний өдөр өгнө гэсэн бичиг хийгээд өгчихөө гэхэд тухайн үедээ ямар нэгэн байдлаар бичиг хийж өгдөггүй байсан. Гэхдээ  ямар нэгэн байдлаар та нарыг хохиролгүй болгоно гэж хэлдэг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш төлбөр хийгээч гэхэд хүүхэд тийм байна ийм байна гээд хийгээгүй, өдийг хүргэсэн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч, хариуцагч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотолсон байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чаддаггүй. Өнөөдөр Хтай уулзаж байгаагүй, гэрээ огт байгуулж байгаагүй, төлбөрийг Б төлж байсан гэсэн тайлбар гаргалаа. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ нөхцөл байдал тогтоогддоггүй. Гэрээг Хтай байгуулсан байдаг. Тухайн гэрээнд Х гэж гарын үсэг зурсан байгаа. Х гарын үсэг зураагүй, энэ гарын үсэг нь биш, ийм гэрээ байгуулаагүй гэдэг талаар хавтаст хэргийн материалд авагдсан баримт байхгүй. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна.  Үүнээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа орон сууцны үнэ болох 60,720,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй учраас хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаад орон сууцыг биет байдлаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр нэгдүгээрт гэрээнээс татгалзахын тулд хууль болон гэрээнд заасан нөхцөл байдлууд бүрдсэн, тогтоогдсон байх ёстой. Өөрөөр хэлбэл гэрээгээр ямар нөхцөл байдал үүссэн тохиолдолд талууд гэрээнээс татгалзах эрхтэй юм. Мөн хуульд юу гэж заасан гэхээр урьдчилсан нөхцөл бүрдсний дараа гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгч талд бүрдэнэ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хууль болон гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогддоггүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд юу гэж заасан гэхээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д захиалагч тал гэрээнийхээ төлбөрийг бүрэн хийгээгүй тохиолдолд захиалагчид энэ талаар 3 удаа сануулсан тохиолдолд  цуцлах эрхтэй гэж заасан. Гэтэл гэрээнд зааснаар гэрээний захиалагч хэн бэ гэхээр Х байдаг. Гэтэл Хт ганц ч удаа мэдэгдээгүй. Өмнөх шүүх хуралдаанд болон өнөөдөр ч гэсэн Хтай огт харилцаж байгаагүй гэж хэллээ. Х гэрээ цуцлах талаар огт мэдээгүй байдаг. Гэрээнд заасан урьдчилсан нөхцөл биелээгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байгаа. Гэрээнээс татгалзах хуульд заасан үндэслэл ч гэсэн тухайн хэргийн хувьд бүрдээгүй. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн төлж барагдуулсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан гэрээнд тэмдэглэгдсэн зуун хувь төлөгдсөн гэсэн бичилтээс гэдгээс гадна тухайн нэхэмжлэгч талаас Улсын бүртгэлийн хэлтэст тодорхойлолт хийж өгсөн. Гэрээнийхээ төлбөрийг зуун хувь төлж барагдуулсан гэсэн талаар Я.Гийн гарын үсэгтэй 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт байдаг. Мөн хэрэгт авагдсан захиалгаар барьсан орон сууцны жагсаалт зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээнд зуун хувь төлбөр төлсөн гэсэн бичилт, тодорхойлолтыг Б даргад хуйвалдаад хийж өгсөн. Тухайн албан тушаалд нь итгээд хийгээд өгсөн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон тайлбараа нотолсон зүйл хэрэгт байдаггүй. Б даргад гуйгаад хийж өгсөн юм уу, яагаад үүнийг хийж өгсөн юм, магадгүй төлбөрөө зуун хувь төлсөн учраас хийж өгсөн юм уу гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй. Энэ тохиолдолд хэрэгт авагдсан баримтаар захиалагч тал гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлсэн байна. Төлбөрөө зуун хувь төлсөн гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Үүнээс гадна шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан үндэслэлээр дуусаагүй байх ёстой. Гэтэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-т заасныг үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Энэ хэрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар байна. 75.2.2-т заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 6 жил байна гэж заасан. Энэ хоёр хугацааны аль алинаар нь тоолоод үзэхэд өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Өмгөөлөгч нь 2,500,000 төгрөгийг гэрээний үүрэгт биелүүлсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлаж байна. Хэрвээ 2,500,000 төгрөгийг тухайн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дуусах үндэслэлд хамаарахгүй, харин тухайн төлсөн үүргээ буцаан шаардах эрх нь хариуцагч талд үүсэх болохоос хөөн хэлэлцэх хугацаа нэгэн адил дууссан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэтэл 2,500,000 төгрөгийн маргаан зүйл болоод байгаа 0 тоот орон сууцын үнийг хариуцагч талаас төлөөгүй байдаг. Энэ ч гэсэн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Яагаад гэхээр Х нь 2 орон сууцыг худалдаж авсан байдаг. 0 дугаар орон сууцны төлбөрийг зуун хувь төлж барагдуулсан. Нэхэмжлэгч талаас 2 орон сууц худалдаж аваад 1 орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж байна. 0 дугаар байрны орон сууцны үнийг хэсэгчилж төлөөд дууссан нөхцөл байдал харагдаж байгаа. Талуудын хооронд харилцсан зурвасаас ч гэсэн 0 дугаар орон сууцны төлбөр төлөгдсөн. 0 дугаар байрны орон сууцны төлбөрт 2,500,000 төгрөг төлсөн гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тийм учраас хэрэгт авагдсан баримтаар нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан шаардлага гаргах эрх байхгүй. Хоёрдугаарт хууль болон гэрээнд заасан гэрээнээс татгалзах нөхцөл байдал бүрдээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар хариуцагч Д.Б, Г.Х нарт холбогдуулан, 2013 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, А аймгийн Э сум, Г цогцолбор 0 айлын орон сууцны 44 мкв талбайтай 0 тоот 60,720,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нэхэмжлэлийн хувийг гардаж авсны дараа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, одоо тус байртай холбоотой үлдэгдэл төлбөрийн асуудал байхгүй тул байрыг буцаан өгөх боломжгүй, маргааны зүйл болсон уг орон сууцыг нэхэмжлэгч нар хариуцагч Г.Хтай гэрээ байгуулан худалдан борлуулсан бөгөөд энэхүү асуудал хариуцагч Д.Бд хамааралгүй гэсэн тайлбар гаргасан байна.

 

Анхан шатны шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага, ба татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч нар хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзах хууль буюу гэрээнд заасан үндэслэл тогтоогдохгүй, хариуцагчийн төлөөлөгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.М, Я.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.М нар “...хариуцагч Г.Х, Д.Б нар “Г” цогцолбор 0 айлын орон сууцны 44 м/кв талбайтай 0 тоот хаалга бүхий орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй,  хариуцагч Г.Х, Д.Б нар орон сууцны төлбөрийг хэрхэн барагдуулсан талаар тайлбар гаргаагүй, хариуцагчийн төлөөлөгч татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэгчийн гэрээн дээр төлбөр төлөгдсөн гэсэн бичилтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах гомдол үндэслэлтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Х, нэхэмжлэгч Я.Гийг төлөөлж Ц.М нар 2013 оны 12 сарын 28-ны өдөр А аймгийн Э суманд байршилтай 0 дүгээр байрны 0 тоотын, 44 м2 талбайтай, 1 өрөө, 60.720.000 төгрөгийн үнэтэй байрны захиалгын гэрээ байгуулсан үйл баримттай маргахгүй байна, талууд гэрээний саналыг зөвшөөрч, гарын үсэг зурж, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б маргааны зүйл болсон уг орон сууцыг нэхэмжлэгч нар хариуцагч Г.Хтай гэрээ байгуулан худалдан борлуулсан бөгөөд энэхүү асуудал хариуцагч Д.Бд хамааралгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байдаг.

Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нар нэхэмжлэлдээ 2013 оны 12 сарын 28-ны өдрийн Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний хуулбарыг /нотариатын баталгаагүй/ хавсаргасан бөгөөд  гэрээний захиалагч гэсэн хэсэгт Х, утас 000000 гэж бичигджээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бгийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 129/ШЗ2024/02706 дугаар шүүгчийн захирамжаар А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан 2013 оны 12 сарын 28-ны өдрийн Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний захиалагч гэсэн хэсэгт Х гэж бичигдсэн, утас бичигдээгүй  байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Мгийн гаргасан 2013 оны 12 сарын 28-ны өдөр Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээг байгуулахад Х гэдэг хүн байгаагүй, гэрээнд Х гэж би бичсэн, 000000 гэсэн дугаар Д.Бийн утасны дугаар гэсэн тайлбараар талууд захиалгын гэрээ байгуулсан үйл баримттай маргаагүй, талууд гэрээний саналыг зөвшөөрч гарын үсэг зурж, хуульд зааснаар гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Хариуцагч тал төлбөр бүрэн төлөгдсөн гэж маргаж байгаа боловч төлбөрийг ямар хэлбэрээр, хэрхэн төлсөн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, 2020 оны 11 сарын 20-ны өдөр Ц.М гэдэг хүний ХААН банкны 00000000 данс руу 00000000 данснаас Х гэсэн нэрээр 2.500.000 төгрөг шилжүүлсэн нь орон сууцны төлбөр биш болохыг хариуцагч тал нотлоогүй, ХААН банкны 00000000 данс хэний эзэмшлийн данс болох нь тодорхойгүй, гэрээний үүргээ биелүүлэхийг байнга шаардаж байсан гэсэн нэхэмжлэгчдийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй байхад шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ мөн эсэхийг тогтоож байж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 461.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.,,, дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2024/00517 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч Я.Г, Ц.М нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 461.450 /дөрвөн зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг Төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..             

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                   Т.ГАНЧИМЭГ