Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2017/0124/З |
Дугаар | 330 |
Огноо | 2017-05-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 330
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Т,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгон нэхэмжлэгч Д.Тг Тарвагтайн нурууны цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд нь эргүүлэн тогтоох, ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих ёсоор нь нөхөн төлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, Ц.Т, гэрч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т нь ой зүйч мэргэжилтэй, ой аж ахуйн магистр бөгөөд 2009 оноос Тарвагатайн нурууны цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж үүрэгт ажлаа хангалттай сайн гүйцэтгэж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээний биелэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдоно.
Иймд ч тус хамгаалалтын захиргаа жил бүр аудитын байгууллагын шалгалтад орж “санхүүгийн зөрчилгүй” гэж дүгнэгдэж байсан ба 2016 оны 10 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийнхаа дагуу 2014, 2015, 2016 оны эхний хагас жилийн ажилд шалгалт хийн “үлгэр жишээ сайн” үнэлгээ өгсөн болно.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар 2016 онд “Хурдны зам ” ХХК-нь зам тавьж байхдаа хязгаарлалтын бүсэд 33 ширхэн нойтон мод тайрч хууль зөрчсөний төлөө төлүүлсэн экологи эдийн засгийн үнэлгээний гурван сая төгрөгийг байгууллагын дансанд төвлөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулж мэргэжилтэн болгосон. Д.Тг ардчилсан намын гишүүн байсан гэдэг шалтгаанаар албан тушаал бууруулсан гэж үзэж байна. Төрийн албан хаагч төрийн албанд орохдоо намын гишүүний эрхийг түдгэлзүүлдэг бөгөөд аль нэг намын харьяалалд хамаардаггүй. Ганц Д.Т биш 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн дараа төрийн албан хаагч нарыг ажлаас нь чөлөөлсөн.
Хариуцагч талаас тусгай хамгаалалттай газар хууль зөрчиж 33 ширхэг нойтон мод тайрч зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн” 17дугаар зүйлийн 17.4-д заасан зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм.
Хариуцагч нь энэхүү захиргааны шийдвэр гаргах ажиллагаагаа “Захиргааны ерөнхий хуулийн” 3 дугаар бүлэгт заасны дагуу явуулаагүй. Тухайлбал ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах талаараа нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Гэнэтийн байдлаар ажлыг нь хүлээлцүүлсэн.
Түүнийг ажлаас нь чөлөөлж албан тушаал бууруулсан тушаалд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг баримталсан. Гэвч гурван сая төгрөгийг байгууллагын дансанд төвлөрүүлсэн гэж буруутгасан нь уг зүйлд заасан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Нөгөө талаар 2013 онд болсон асуудлаар 2016 онд буруутган албан тушаалаас чөлөөлж, албан тушаалаас бууруулж болохгүй гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбартаа захиргааны арга хэмжээ авсан гэсэн тайлбар хийсэн байсан. Үүнийг нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 131 дүгээр зүйлийн 131.2, “Төрийн албаны тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтуудтай холбоод үзэхэд зөрчлийг илэрснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаанд гомдол гаргасан бол тухай хүнд сахилгын шийтгэл ногдуулах хуулийн заалттай байдаг.
Нэхэмжлэгч хуульд зааснаар Д.Тг 2013 онд гаргасан алдаа дутагдлаас болж 2016 онд арга хэмжээ авах боломжгүй. Мөн хариуцагчийн нэхэмжлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27.1, 25.1-д заасныг зөрчсөн. Д.Т нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Шүүхэд хандахын өмнө тус яамны Төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлж Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийн төрийн жинхэнэ албан хаагчийг мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахгүй байх тухай заалтыг зөрчсөн байна. Гэтэл ийнхүү албан тушаалаас чөлөөлж, албан тушаал бууруулсан.
Хариуцагч байгууллага нь Д.Тгийн хөдөлмөрлөх эрхийг зөрчин хохироосон нь илэрхий байх тул зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.
Шүүхэд хандахын өмнө маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр тус яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч тус салбар зөвлөл шийдвэр гаргалгүй нэг сарын хугацааг өнгөрөөсөн болно. Ийм учраас хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандсан” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түвшинбат, Р.Дэжид нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сайдын тушаал нь холбогдох хуулийн хүрээнд харьяаллын дагуу ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч судалж, өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж үндэслэлтэй гэж шийдвэрлэсний үндсэн дээр гарсан. Тус яаманд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдолд 2013 оны 07, 10 дугаар сард Д.Т нь байгууллагынхаа дансанд Хурдны зам ХХК-аас мөнгө шилжүүлэн авч байршлуулсан гэх мэдээлэл байсан бөгөөд энэ дагуу холөогдох хуульд заасан хугацааг баримтлан, асуудалд дүн шинжилгээ хийж, магадлах шаардлага гарч Захиргааны ерөнхий хуульд зааснаар тайлбар авахаар тус яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Алтангэрэл 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11/1711 тоот албан бичгийг тус яамны харьяа газар болох Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 33 тоот албан бичгээр тус захиргааны даргаар ажиллаж байсан Д.Тгийн ирүүлсэн хариу тайлбар, ирүүлсэн дансны хуулга зэргийг судлан үзээд албан ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, дээд шатны байгууллагадаа уламжилж мэдэгдээгүй, ажлын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, Төрийн албаны тухай хуулийн захирах, захирагдах зарчмыг алдагдуулсан, санхүүгийн зөрчил гаргаж, хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна гэж үзсэн болно.
Энэ нь холбогдох хуулиуд болон бусад баримтуудад үндэслэгдэж байгааг дээд шатны байгууллага болох тус яамны хариуцсан газар болох Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн, дарга нар санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч Д.Тд захиргааны санаачлагаар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд албан тушаалыг бууруулах шийдвэрийг гаргуулж, тус хамгаалалтын захиргаанд мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулж байна.
Завхан аймаг дахь тус яамны харьяа Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга асан Д.Т нь ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан тухайн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны төлөв байдал, биологийн төрөл зүйлийн хувьсал, өөрчлөлтийн мэдээллийг харгалзан үзэлгүйгээр Хурдны зам ХХК-ийн зам тавихад дайран өнгөрөх тусгай хамгаалалттай газрын хилийн бүсэд мод тайрах зөвшөөрөл олгосон нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Д.Тгийн ажлын байрны зорилгод Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийнг бодлогын хэрэгжилтийг хангуулах, тухайн хамгаалалттай газрын байгалийн нөөц баялагийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, урт хугацааны стратегийг тусгасан менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг үр ашигтайгаар удирдан зохицуулах, менежментэд оролцох талуудын хамтын ажиллагааг хангах гэж заасан байдаг. Хурдны зам ХХК нь зам тавих үед нойтон мод огтлуулах шаардлага гарч байгаа талаар дээд шатны байгууллага болох яаманд албан ёсоор уламжлан мэдээлж үүрэг, чиглэл аван ажиллах ёстойгоос гадна дур мэдэн тус компаниас тайрсан модны экологи эдийн засгийн үнэлгээний 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сан Байгаль хамгаалах сангийн дансанд тушаахаар хуульчилсан холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж, байгууллагынхаа дансанд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төвлөрүүлж ажлын хариуцлага алдсан байна.
Мөн тус компаниас 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.050.000 /нэг сая, тавин мянган төгрөг/-ийг байгаль орчны төлбөр нэрээр авсан болохыг дансны хуулгаас тус яамны удирдлагууд мэдсэн болно.
Байгаль орчны салбарын хуулиудад энэхүү асуудлыг дараах байдлаар хуульчилжээ. Үүнд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан байгаль хамгаалах санд оруулна”, 2.Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 1/ойн санд учруулсан хохирол, энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсанаар тогтооно, 1/ ойн санд учирсан хохиролыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэж”, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Байгаль хамгаалах сангийн хөрөнгө энэ хуулийн 7.1-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ, 12 дугаар зүйлийн 12.1.4-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлыг нөхөн төлбөрийн орлого” гэж, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгуулага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан хохирлыг нөхөн төлнө”, 40 дүгээр зүйлийн 40.3-т “энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлбөр хураамж, түүнчлэн хууль бусаар бэлтгэж хураалгасан мод, модон материал, ойн дагалт баялгийг борлуулсны орлого, энэ хуулийн 42.1-д заасан нөхөн төлбөрийг хуульд заасны дагуу төсөвт оруулна” гэж тус тус заасан байдаг. Төсвийн данс буюу Байгаль хамгаалах сангийн дансруу мөнгө тушаалгах, байгууллагынхаа дансаар уг мөнгийг авах нь хоёр өөр ойлголт юм.
Д.Тгийн энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т заасан “Албан тушаал, /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн захиргааны санаачлагаар албан тушаалыг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Завхан аймгийн аудитын газар болон Байгаль орчин, аялал, жуучлалын яамнаас 2013-2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд нь хийсэн аудитын шалгалтууд нь шалгалт хийсэн нэр зүүж, алдаа дутагдлыг илрүүлэхгүй, нуун дарагдуулсан шинжтэй “Зөрчилгүй” гэсэн санал дүгнэлтийг гаргаж байжээ гэж үзэж болохоор байна. Д.Т нь дээрх хугацааны шалгалтуудад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтыг үндэслэн “тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгө нь аялал жуулчлалын болон бусад ажил, үйлчилгээнээс бүрдэнэ” гэсний дагуу байгууллагынхаа орлогод авсан хэмээн тайлбарлан итгүүлж, уг мөнгийг захирн зарцуулж байсан байна.
Д.Тгийн тайлбарыг Аялал жуулчлал хөгжүүлж, байгалийн цогцолборт газрын бүсэд аялах зөвшөөрөл хүссэн жуулчдын зорчих тасалбараас олсон орлого, 2. Бусад ажил үйлчилгээ гэдэг нь тухайн байгууллага нөөц бололцоогоо ашигласан олсон орлого буюу /байгууллага нь ажиллах хүчний нөөц бололцоондоо тулгуурлан мал аж ахуй эрхлэн өсгөж ашиг, шимийг нт хүртэх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж зарж борлуулсны орлого/ зэрэг тохиолдолд зөв тайлбар гэж үзнэ.
Харин мод огтлуулсны нөхөн төлбөрт авсан мөнгөн орлогыг дээрх хуулийн заалтаар тайлбарлах нь буруу юм. 2013 онд Архангай аймгийн Цахир сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүртэл зам барьж байсан Хурдны зам ХХК нь Солонготын даваа орчимд Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд ажиллахдаа замын зурагт орсон 33 ширхэг нойтон модыг огтолж авсны экологи-эдийн засгийн үнэлгээний 3.000.000 /гурван сая төгрөг/, байгаль орчны төлбөр нэрээр авсан 1.050.000 /нэг сая тавин мянга/, нийт 4.050.00 /дөрвөн сая тавин мянган төгрөг/-ийг Засгийн газрын тусгай сан буюу Байгаль хамгаалах сангийн дансанд Төрийн сангийн 100900013040 тоот дансанд тушаах ёстой гэдгийг байгаль орчны салбарт ажилладаг бүх хүмүүс маш сайн мэддэг, ажил үүрэгтээ өдөр тутам хэрэглэж, холбогдох хуулиудыг ягштал баримталж олон жил ажиллаж ирсэн, тогтсон уламжлал гэж хэлж болно.
Д.Т нь дээрх хуулиудыг илтэд буруугаар, өөрт ашигтай байдлаар хэрэглэж, тайлбарлаж дээрх шалгалтуудыг “хялбар аргаар” өнгөрүүлж байсны улмаас уг зөрчил иргэнээс өргөдөл, гомдол ирэх хүртэл Байгаль орчин аялал жуулчлалын яаманд мэдэгдэхгүй 2016 оны 4 дүгээр улирал хүрсэн байна. Дээр дурдсан нөхцөл байдал, хууль тогтоомжийг үндэслэн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1. 4, 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг үндэслэн Завхан аймаг дахь тус яамны харьяа Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Т нь Хурдны зам ХХК-аас зориулалтын бус 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хамгаалалтын захиргааны дансанд төвлөрүүлж хариуцлага алдсан гэж үзэж 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон тус хамгаалалтын захиргааны даргаас чөлөөлж, албан тушаал бууруулсан байна.
Нэхэмжлэгчээс “хариуцагч талаас тусгай хамгаалалттай газар хууль зөрчиж 33 ширхэг нойтон мод тайрч зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм” гэж маргажээ.
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны удирдлагын үйл ажиллагааны талаар иргэнээс 2016 оны 10 дугаарын сарын 14-нд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд өргөдөл ирүүлсэн байх бөгөөд уг өргөдөлд Д.Тг Хурдны зам ХХК-аас 70 мкуб модны үнэлгээнд 3 сая төгрөг авсан гэж ярьж байгаа нь ноцтой хардлага төрүүлж байгаа гэж дурджээ.
Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11/1711 дүгээр албан бичгийг Д.Тгаас тайлбар авахаар хүргүүлж, Д.Т нь холбогдох тайлбарыг ирүүлж байсан байна.
Хурдны зам ХХК нь 2013 онд Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газарт мод огтолж модны экологи эдийн засгийн үнэлгээний төлбөр гэж 3,000,000 төгрөгийг хамгаалалтын захиргааны дансанд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан байгаль хамгаалах санд оруулна”, 2 дугаар зүйлийн 12-д ”байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг” гэж зааснаас үзэхэд модны экологи эдийн засгийн үнэлгээний төлбөрийг байгаль хамгаалах сангийн тусгай дансанд төвлөрүүлэх хуулийн заалттай байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн үед дээрх хуулийн заалтыг зөрчиж албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байхад 2013 онд гаргасан зөрчилтэй холбогдуулан 2016 онд албан тушаал бууруулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, уг тушаал хүчингүй болсонтой холбогдуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болох 543.226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Тг Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болох 543.226 /таван зуун дөчин гурван мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ