Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0068

 

“П” ХХК-ийн гомдолтой

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч улсын байцаагч Ш.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 594 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийг тус тус баримтлан “П” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Лхам, улсын байцаагч Ш.З, улсын байцаагч П.Х нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо: “...улсын байцаагч зөрчил хянан шалгах ажиллагааг 60 хоногийн дотор явуулах байтал 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эхэлсэнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Улсын байцаагчийн газрын тосны бүтээгдэхүүнээс дээж авах, шинжилгээнд өгөх ажиллагаа нь стандарт зөрчсөн, “АС АС” ХХК-ийн кодыг илүү гарсан гэх үндэслэлээр манай компанийн шатахууны дээжийг авсан байдаг нь даргынхаа баталсан удирдамжийг зөрчиж, дур мэдэн коджуулсан савыг солих эрх улсын байцаагчид байдаг эсэх, цаашлаад шатахууны дээжийг сольсон гэх хардлага төрүүлж байна. Дээж авсан бүтээгдэхүүний үлдэх дээжийг 45 хоног хадгалах ёстой байхад маргаан таслах дээжийг 30 хоног хадгалаад устгасан нь гомдол гаргагч компанийн дахин шинжилгээ хийлгэх эрхийг зөрчсөн, хяналт шалгалтын үйл явц бүхэлдээ хууль, журам, стандартыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаартай шийтгэлийн хуудсаар “П” ХХК-ийг “стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдсан” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, гомдол гаргагч хуулийн этгээдээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар “...шатахуунаас дээж авах, шинжлүүлэх ажиллагаа нь хууль зөрчсөн, манай компанийн худалдаалж байсан шатахуунаас дээж авсан сав солигдсон, маргаан таслах дээжийг утгасан байсан учраас манай шатахуунаас марганц илэрсэн гэдэг нь эргэлзээтэй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн СШ18/241 дүгээр “Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудас”-д шинжилгээнд ирүүлсэн 00560308 кодтой дээж бүхий Аи-92 автобензинд марганецийн агууламж 0.6+0.01мг/дм3 гэж,  СШ18/240 дүгээр “Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудас”-д шинжилгээнд ирүүлсэн 00260308 кодтой дээж бүхий Аи-92 автобензинд марганецийн агууламж 0.7+0.01мг/дм3 гэж тус тус тодорхойлсон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар “Шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлтээр марганецийн агууламж 06-09 мг/дм3 тодорхойлогдож байгаа нь хөдөлгүүрийн түлш, этилжээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн байх тул хариуцагч улсын байцаагч нар нь дээрх шинжилгээний үр дүнгийн хуудас болон дүгнэлтийг үндэслэн “П” ХХК-ийг стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдсан болохыг тогтоож, шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Гомдол гаргагчаас “...шатахуунаас дээж авсан сав солигдсон” гэж маргасан байх боловч “П” ХХК-ийн ШТС-12 салбараас 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр авсан дээжийг 00560308 кодтой саванд авсан болох нь хэрэгт авагдсан “Бүтээгдэхүүнээс дээж авсан акт”, дээж авсныг баталгаажуулсан гэрэл зургаар нотлогдож байх ба дээж авах ажиллагаанд ШТС-12 дугаар салбарын түгээгч Н.Амарбаясгалан байлцсан, улсын байцаагч нар нь Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт болгож тус газраас авсан бөгөөд дээж авах зориулалтын шилэн лонхонд уг дээжийг савлаж авсан, савыг таглан битүүмжилж, тусгайлан дугаарласан код бүхий лацыг дарж дээж авсан 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөө Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид шинжлүүлэхээр өгөхдөө бүрэн бүтэн байдлын талаар тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан, дээжийг тус лабораторийн химич инженер Л.О хүлээн авч, шинжилгээ хийсэн нь тогтоогдсон, дээж авах явцтай холбогдуулан шалгуулагчаас тухайн үед ямар нэгэн санал гомдол гаргаагүй байх тул “..шатахууны сав солигдсон” гэж үзэх үндэслэлгүй, шатахуунаас дээж авахдаа холбогдох хууль, журам, стандартыг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа зөрчсөн гэх гомдлын тухайд, хариуцагч улсын байцаагч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-т заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдуламын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН