Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2024/0385/з |
Дугаар | 001/ХТ2024/0085 |
Огноо | 2024-09-23 |
Маргааны төрөл | Татвар, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2024/0085
гомдолтой, Татварын ерөнхий газрын Татварын
хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч,
Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Шүүгчид: Г.Банзрагч
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0433 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2024/0390 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0252 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, Д, өмгөөлөгч Д, хариуцагч Ц, П, З, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, Т нарыг оролцуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч, Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0068970 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай;
2.Хэргийн нөхцөл байдал: Хариуцагч татварын улсын байцаагч нар “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэн “Р Н” ХХК-д дөрвөн мянган нэгжээр торгох шийтгэл ногдуулсан.
3.Гомдол гаргагчаас “... үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар дүгнэсэн” гэж, хариуцагч нараас “... шаардсан баримтыг гаргаж өгөөгүй, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “ ... “хариуцагч нараас шаардсан баримтуудыг гаргаж өгөхөөс татгалзсан нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хамаарна” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-д заасныг тус тус баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан нь тогтоогдсон” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л гомдолдоо:
6.1.Татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын зорилгоор хэмжээгүй эрхтэй биш, тэдэнд өмнө шалгаж акт тогтоож, татварын маргаан таслах зөвлөл шийдвэрлэсэн хугацааны асуудлыг дахин шалгах, хамаарахгүй баримт цуглуулах эрх хэмжээгүй олгоогүй.
6.2.Өмнө шалгалт хийгдэж тогтоогдсон хугацааны санхүүгийн баримтууд нь Татварын ерөнхий хуулийн 41.12.3-д заасан шаардлагатай санхүүгийн баримт биш.
6.3.Шүүхүүд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 07 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 179 дүгээр шийдвэр, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны “шүүхийн шийдвэрийг биелүүл” гэсэн 45 дугаар тогтоол зэрэгт тус тус тогтоогдсон асуудлыг үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, эдгээрт заасныг хэрэгжүүлэлгүйгээр акт үйлдсэн нь асуудлыг дутуу шийдвэрлэсэн.
6.4.Шүүхийн шийдвэрт нэрлэн заасан “Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын” талаар дүгнэлт өгөөгүй.
6.5.Татварын улсын байцаагч нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлдэггүй, энэ талаар тайлбар, гомдол гаргасны төлөө шийтгэлийн хуудсаар торгож байгаа нь үндэслэлгүй.
6.6.Шүүхүүд энэ байдлыг зөвтгөж, “татварын улсын байцаагч нарын шаардсан баримтууд нь зайлшгүй шаардлагатай” гэж үзэж байгаад гомдолтой байна.
6.7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу холбогдох баримтуудыг бүхэлд нь гаргаж өгсөн бөгөөд татварын улсын байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварын хяналт шалгалтаас хэтэрч, иж бүрэн шалгалт шиг баримт шаардаж байгаад гомдолтой байна.
6.8.Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 07 дугаар тогтоолд хамаарах 2012-2016 онуудын шалгаж, улмаар дээрх шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчиж байна.
6.9.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0433 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2024/0390 дүгээр магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0252 дугаар тогтоолоор гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Хариуцагч нараас гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
10.Хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0068970 дугаар шийтгэлийн хуудсаар “шаардсан баримтыг гаргаж өгөөгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу дөрвөн мянган нэгжээр торгох шийтгэлийг “Р Н” ХХК-д оногдуулжээ.
11.“Р Н” ХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах тухай” хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар Монгол Улсын Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 3.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн татварын илүү төлөлтийг түүний хүсэлтийн дагуу харилцагч татварын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан шалгалтыг хийж, төсвөөс буцаан олгох НӨАТ-ын илүү төлөлтийн дүнг баталгаажуулсан актыг үйлдэн, Татварын ерөнхий газарт хүргүүлнэ” гэж заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 250000003 дугаар актаар “Р Н” ХХК 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 4,803,427,388.3 төгрөгөөр төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулж Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.
12.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг явуулж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 21191000210 дугаар актаар 4,724,000423.48 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж, тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцож, “Р Н” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 83,767,802.96 төгрөгөөр тогтоосныг ”Р Н” ХХК эс зөвшөөрч “хүчингүй болгуулах”-аар шаардлага гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 179 дүгээр шийдвэрээр “маргаан бүхий захиргааны актыг шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
13.Шүүхийн шийдвэрийг биелүүлж Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн улсын байцаагч нар дахин хяналт шалгалтыг гүйцэтгэж 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-21230000016 дугаар акт гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл гомдлын дагуу хянаад 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар тогтоолоор тухайн актыг мөн түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаасан байна.
14.Үүний дагуу Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч, О, Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц нар хяналт шалгалтын ажиллагааг шинээр явуулахдаа татвар төлөгчөөс баримт шаардахад “Р Н” ХХК “2007-2018 онуудад хэрэгжүүлсэн төсөвтэй холбоотой ерөнхий болон туслах гүйцэтгэгчийн гэрээ, бүтээгдэхүүн, бараа материал худалдан авах, захиалга”-ын зэрэг баримтуудад “урьд маргаан таслах зөвлөлийн тогтоол, болон шүүхийн шийдвэрээр эцэслэн дүгнэлт өгсөн, 2012-2016 онуудын баримтуудыг дахин шаардаж байгаа нь хууль бус” гэх агуулгаар гаргаж өгөхөөс татгалзсан.
15.Улмаар татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т заасан буюу “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” үүргээ зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулжээ.
16.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 “татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана”-д зааснаар татварын хяналт шалгалтыг татварын алба эрсдэлд үндэслэн өөрийн, эсхүл хүсэлтээр буюу татвар төлөгчийн санаачилгаар хэрэгжүүлэхээр байна.
17.Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д татвар төлөгч “илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд “Р Н” ХХК тухайн эрхийн хүрээнд “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах тухай” хүсэлтээ гаргажээ.
18.Татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлтэд үндэслэн тухайн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх тохиолдолд татварын улсын байцаагч холбогдох баримтыг шаардаж болох боловч шаардсан баримтыг гаргаж өгөөгүй нь татвар төлөгчийг татварын хууль тогтоомжийг зөрчсөн буюу Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгөх үүргийг татварын албаны санаачилгаар явагдаж байгаа хяналт шалгалтын үед татвар төлөгчөөс шаардахаас бус эрхийнхээ хүрээнд гаргасан хүсэлтэд үндэслэсэн хяналт шалгалтын үед шаардахгүй.
19.Тодруулбал, хариуцагч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хянаж, буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж баталгаажуулснаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас буцаан олгох шийдвэр гаргахаар хуульчилсны дагуу “Р Н” ХХК-ийн хүсэлт, гаргаж өгсөн баримтын хүрээнд 2012-2016 оноос бусад хугацааны буцаан олгох албан татварын хэмжээг хянаж, баталгаажуулах эсэхийг шийдвэрлэх боломжтой.
21.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд шийтгэл оногдуулах тухай Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0433 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2024/0390 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдол гаргагч “Р Н” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч, Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0068970 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж гомдол гаргагч “Р Н” ХХК-д олгож, гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР