Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 313

 

Э.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

ялтан Э.Энхтөр /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Э.Болорчимэг,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Энхтөр, түүний өмгөөлөгч Э.Болорчимэг нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Энхтөрд  холбогдох 201625031030 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарайд овогт Энхээгийн Энхтөр, 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 784б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЖЯ91112355/,

Э.Энхтөр нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд байрлах “Заан самбуу” дэлгүүрийн орчим хохирогч П.Баянмөнхтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа П.Баянмөнхийг зодож бие махбодид баруун чамархай яснаас доош чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Э.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Шарайд овогт Энхээгийн Энхтөрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Э.Энхтөрд 3 жил 5 сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Энхтөрд оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Энхтөрийн цагдан хоригдсон нийт 16 хоногийг хорих ял биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Энхтөр нь 2.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,

Хохирогч П.Баянмөнх цалин, орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг камерын бичлэг бүхий сидиг хэрэгт нь хавсаргаж, уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Энхтөр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 4 дүгээр сарын 30-ны 21-22 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Заан самбуу” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа манай дүү Энхбаярыг 3 хүн бүлэглэн зодож байсныг сонсоод ээжийн хамт очсон. “яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэтэл нэг залуу “чи муу одоо хэн бэ” гэж хэлээд намайг заамдсан. Нөгөө хоёр залуу нь “дахиад сайхан алалций” гэж хэлээд дайраад байсан. Тэгээд салгачаад, гэртээ хоёр хүүхэд үлдээсэн байсан тул яараад явсан. Намайг явсан хойно цагдаа ирээд бүгдийг нь хооронд нь гар бариулж хохирол, гомдолгүй гээд салцгаасан юм. Нөгөө гурван залуу салж яваад хоорондоо зодоон хийж байгаа нь камерыг бичлэгт бичигдсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Ялтан Э.Энхтөрийн өмгөөлөгч Э.Болорчимэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Энхтөр болон тэдний ар гэрийнхний эрх зүйн мэдлэг хомс байдлыг далимдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлал дэслэгч Э.Уянга нь хэргийг шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, хэт нэг талыг барьж П.Баянмөнх, Орхонсайхан, Цогтбаатар нарыг хэргээс цэвэрлэж шалгасан байдаг.

Энэ нь: Хавтаст хэргийн 29 дэх талд авагдсан хэрэг болсон газрын камерын бичлэггүй гэх мөрдөн байцаагчийн тэмдэглэл, Э.Уянга нь шүүхээс дуудсан зарлан дуудах хуудсыг авалгүй, “Хөдөө явж байна гэж худал хэлсэн” тухай бичиг хүргэгч Б.Оюун-Эрдэнийн тэмдэглэл, Шүүх хуралдааны тэмдэглэлд П.Баянмөнхийн мэдүүлгээ өөрчилсөн тухай, цохиулаад ухаан алдаад эмнэлэгт очсон эсвэл гэртээ харьсан гэх тогтворгүй мэдүүлэг, Бичиг үсэг мэдэхгүй Б.Алтанхуягийг өмгөөлөгчгүйгээр байцаасны дараа өмгөөлөгчийн гарын үсгийг нөхөж зуруулсан тухай шүүх хуралдааны тэмдэглэл, Хохирогч П.Баянмөнх “цохиулснаас болоод тухайн газартаа ухаан алдсан”, Гэрч Ц.Цогтбаатарын “маргаан маш хурдан болоод өнгөрсөн”, Гэрч Б.Алтанхуяг, Д.Цэрэндулам, Э.Энхтөр нарын “Энхтөр тэр залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход тэр эрэгтэй газар саваад унасан” гэх мэдүүлгийг Б.Алтанхуяг, Э.Энхтөр, Э.Энхбаяр, Д.Цэрэндулам нараас мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Э.Уянга тулгаж байцаасан нь бичлэг дээрх П.Батмөнх, Д.Орхонсайхан нар хоорондоо үргэлжилж зодолдсон, 7 минут 53 секундын орчимд Э.Энхтөр зодоон хийх гээд дайраад байсан Д.Орхонсайханаас зугтаад, уг зодоон болж байсан газраас зүүн тийшээ холдоод явчихсан, эргэж ирээгүй байдлаар нотлогддог, 30 орчим минут зодоон болсон байтал сүртэй зодоон болоогүй гэх Ц.Цогтбаатарын мэдүүлэг, мөн Д.Орхонсайхан нь П.Баянмөнхийг түлхэж айлын хашаа руу оруулсан бичлэг байхад “тухайн залууд цохиулаад эрчиндээ айлын хашаа руу орчихсон” гэсэн худал мэдүүлэг, Камерын бичлэгээс харахад П.Батмөнхөд учирсан гэмтлийг Д.Орхонсайхан учруулсан байж болзошгүй бичлэг байсаар байтал ганц Э.Энхтөрд холбогдуулан уг хэргийг шийдвэрлэсэн, Мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Э.Уянга нотлох баримтуудыг өөртөө нуун дарагдуулж, хэргийг дээр дурьдсанчлан будлиантуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтуудаар Э.Энхтөр шүүгдэн яллагдсан байна.

Энэ маягаар хуурамчаар бүрдүүлж, хэрэгт авагдсан эргэлзээ бүхий нотлох баримт бүрээр хүний хувь заяа шийдвэрлэхээр шүүх үнэлсэн нь туйлын учир дутагдалтай байна. Учир нь хэргийн бодит байдлыг нотлон харуулах зорилгоор, Э.Энхтөр өөрт олдсон боломжоо ашиглан “Заан самбуу” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг гар утсаараа бэхжүүлж авсаныг шинжилгээний байгууллага нотлох баримтын шаардлага хангахгүй гэж буцаасан атлаа хохирогч талаас ирүүлсэн хэргийн нөхцөл байдлыг хасч заасан бичлэгийг үнэлж, мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Э.Уянгын найруулсан дээр дурьдсан гэрч, хохирогчдын мэдүүлгээр Э.Энхтөрийг ялласанд Э.Энхтөр болон түүний ар гэрийнхэн гомдолтой байна.

Хохирогч П.Баянмөнхөд хэн, ямар үйлдлээр гэмтэл учруулсаныг нарийвчлан тогтоогоогүй, түүнд учирсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй байтал нэг удаагийн цохилтоос үүссэн хэмээсэн нь учир дутагдалтай байна. Мөн эзэн нь тодорхойгүй зодоон дунд байсан бүх хүнээс мэдүүлэг аваагүй, тэдгээрийн биеийн өндөр өмсөж явсан хувцас, согтолтын зэргийн талаар тодруулж байцаалт аваагүй, тухайн зодооныг салгасан гэх дэлгүүрийн худалдагчийн хүүхдүүдийг, зодоон болсон газрын ойр орчимдд амьдардаг, зодооныг харсан, бичлэгт байсан хүмүүсийг мухарлаж асуугаагүй зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн тогтоол хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх бөгөөд шүүгдэгч Э.Энхтөрд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдэлд хамааралгүй, хүндэдсэн байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, өөрөөр хэлбэл Э.Энхтөрд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Хохирогч П.Баянмөнх мөрдөн байцаалтын шатанд “...Энхбаяр болон Алтанхуяг хоёр Орхонсайхан, Цогтбаатар бид гуравыг дэлгүүр орох гээд явж байхад ирээд Орхонсайханыг Алтанхуяг нь мөрөөрөө мөрлөсөн. Түүнээс болоод хальт маргаад салсан. Бид гурав дэлгүүрээс гарч ирээд би голоор нь гарах гэтэл Энхбаяр гэх залуу миний гарыг бариад зогсоогоод хашааны булан руу авч явсан. Тэндээ очоод шууд үгийн зөрүүгүй цохиод намайг заамдаж аваад түрсээр байгаад нөгөө талын хашааны хажууд очоод хэд хэд цохиод тонгорч унагасан. Тэгээд зодоон эхэлсэн юм. Хэрвээ тэд нар бид гуравыг саатуулж зогсоогоогүй байсан бол зодоон хэрүүл маргаан гарахгүй байх байсан.” гэж /хх1, х140/,

гэрч Д.Цэрэндулам мөрдөн байцаалтын шатанд “...Манай дүүгийн хүүхэд болох Даваахүү “Заан самбуу” хүсний дэлгүүр рүү сүүнд яваад орж ирэхдээ “Энхбаяр ах “Заан самбуу” хүнсний дэлгүүрийн гадна талд танихгүй гурван ахад зодуулж байна” гэсэн. Тухайн үед Э.Энхтөр ажилаасаа ирээд хоол идэх гэж байсан. Тэгээд би Энхтөрийг “дүү чинь хүнд зодуулж байна, хурдан явъя” гэж хэлсэн. Бид хоёр “Заан самбуу” дэлгүүрийн гадна очиход Энхбаяр “Заан самбуу” хүнсний дэлгүүрийн зүүн урд талын хашааны булангаас цусаа гоожуулчихсан фудволк нь урагдчихсан байдалтай хоолойг нь боочихсон, нүүр рүү нь цохисон бололтой цус гарчихсан, гурван залуу хорьсон байдалтай зогсож байсан. Тэгсэн Энхтөр очоод “яагаад хүүхэд цохиод байгаа юм бэ” гэсэн чинь намхан биетэй малгайтай залуу Энхтөрийг “чи хэн бэ” гээд урдаас нь заамдаад авсан. Энхтөр заамдсан гарыг нь салгаад өмсөн явсан фудволкоо тайлж шидээд Энхбаярыг авах гэтэл хашаанаас тухайн үед Баянмөнх гэх залуу гартаа чулуу атгаад “ална” гээд хашаанаас гарч ирээд дайрсан. Энхтөр цохиулахгүйн тулд цээж рүү нь түлхээд холдуулсан. Тэгсэн өндөр биетэй залуу чи манай найзыг түлхдэг хэн бэ гээд Энхтөрийн өмдний тэлээнээс нь барьчихаад тавихгүй толгой болон хүзүү хэсэг рүү нь гараараа цохиод байсан.” гэж /хх1, х141/,

гэрч Л.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд “...манай гражийн нөмөрт Энхтөрийн дүү Энхбаяр нь нэг танихгүй залуу зогсож байсан. Тэгэхээр нь тэр хэдийг “та нар ах нараасаа уучлалт гуй, та нар том хүмүүсийг яаж байгаа юм бэ” гээд тэд нарыг уучлалт гуйлгуулсан. Тэгсэн Баянмөнх болон хамт явж байсан залуучууд нь нөгөө хоёр хүүхэдтэй маргалдаад зодолдоод эхэлсэн. Манай дэлгүүрийн хажууд байсан учраас би салгах гээд дундуур нь ороод чадаагүй. Тэгсэн Баянмөнх хамт явж байсан хоёр залуучууд Энхбаярыг манай дэлгүүрийн урд талын булан руу авч яваад газар унагаад зэрэг зэрэг цохиод байсан.” гэж /хх1, х144/,

гэрч Д.Орхонсайхан мөрдөн байцаалтын шатанд “...Тэгсэн Энхбаяр нь “за за” гэж хэлчихээд Баянмөнхийг бариастай чигээрээ гудамж руу тойроод шууд цохиод газар унагасан. Газар унагаад дээрээс нь цохисон, тэр үед Алтанхуяг нь намайг бариад авсан. Зуураад авах үед Энхбаяр нь миний араас толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн Баянмөнх босч ирээд Алтанхуягийг цохисон. Тэгээд би Алтанхуягтай зууралдаад, Баянмөнх нь Энхбаяртай зодолдсон.” гэж /хх1, х174/,

гэрч Э.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд “...Орхонсайхан нь миний тэлээнээс татаж аваад гражний ард талд очсон. Манай найз Алтанхуяг миний араас дагаад очсон чинь Алтанхуягийг нэг нь нүүр рүү нь цохиод газар унагасан. Тэгээд би Баянмөнхтэй зууралдаад хашаа налсан. Тэгтэл Цогтбаатар нь ирээд миний өмсөж явсан футволкноос зуураад хүзүүгээр боосон. Баянмөнх нь энд тэнд гараад намайг зодоод байсан. Орхонсайхан нь Алтанхуягийн уруулыг нь цоо цохисон байсан. Алтанхуягийг уруулны цусаа арчиж байхад гурвуулаа ирээд намайг зодсон.” гэж /хх1, х177/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Энхбаярын биед зүүн гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх 6444 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х218/,

“...Алтанхуягийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, дээд уруулын баруун хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 6445 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х224/,

“...Орхонсайханы биед хамарт зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 5992 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х227/ хэрэгт авагдсан хэргийн үйл баримтын талаар дэлгүүрийн гадаах камерт бичигдсэн дүрс бичлэгт /эд мөрийн баримтаар ирүүлсэн CD бичлэг/ тусгагдсанаас үзэхэд Д.Орхонсайхан, П.Баянмөнх, Ц.Цогтбаатар нарыг дэлгүүр лүү ороход болон дэлгүүрээс гарах үед нь Д.Алтанхуяг, Э.Энхбаяр нар нь өдөн хоргоож, улмаар харилцан заамдалцан, хоорондоо зодолдсон үйл баримт нэлээдгүй урт хугацаанд үргэлжилсэн байх бөгөөд эцэст нь дүүгээ өмөөрч ирсэн Э.Энхтөр нь П.Баянмөнхийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан  үйл баримт тогтоогджээ.

Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэн ноцтой үр дагаварыг үүсгэсэн харилцан зодоонд оролцсон этгээдүүдийн үйлдэл, тэдний сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоож, бүрэн дүүрэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй атлаа “Э.Энхтөр нь хохирогч П.Баянмөнхтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Иймд ялтан Э.Энхтөрийн өмгөөлөгч Э.Болорчимэгийн гаргасан "...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх"-ийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Энхтөрд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн шүүхээр дамжуулан тус дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Э.Энхтөрд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц.ОЧ