Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1041

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: С.Уранбилэг

улсын яллагч: А.Сайнбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Батболд

хохирогч: Ж.Ж

түүний өмгөөлөгч: Б.Долгорсүрэн

шүүгдэгч: Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Ү  овогт Г Б  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906007701006  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ү овогт Г Б, 19 оны 6 дугаар  сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй,  ХХК-д жолооч ажилтай, ам  бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Баянгол  дүүргийн  дугаар  хороо дугаар хороолол тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Б нь Ж.Ж хамтарч бизнес хийнэ гэж хуурч 2018 оны 8 дугаар сарын 25-наас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд нийт 18.700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч   Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Ж.Ж хамтран малын мах авна гээд мөнгө авсан. Бид ашиг олох зорилготой байсан. Би байр авах гээд байрны урьдчилгаанд мөнгийг зарцуулсан. Би мөнгийг дансаар 17 удаагийн үйлдлээр авсан. Би нийт 18.700.000 төгрөгийг авсан. Би тухайн мөнгөөр 60 гаруй ямааны мах авсан ба үлдэгдэл мөнгийг орон сууцны урьдчилгаа мөнгөнд хэрэглэсэн. Би тухайн авсан ямаануудаа хөдөө байлгаж байгаа. Бид тухайн махнаас зохих хэмжээний ашиг олох боломжтой байсан. Хохирогч нь хөрөнгө оруулагчаар ажилласан гэв.

          Хохирогч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх шүүгдэгч нь манай компанид жолоочоор ажилд орсон. Манай ажил дээр ямааны мах зарвал ашигтай, би хөдөөнөөс мал олоход асуудалгүй, чи мөнгөө гаргачих гэж хэлсэн. Бид намар 10.000.000 гаруй төгрөг ашиг олохоор ярьсан байсан. Би 18.7000.000 төгрөгийг шүүгдэгчид шилжүүлсэн. 1.000.000 төгрөгийг том машины дугуй авахаар шилжүүлсэн. Надад хөдөө ажилтай байна гэж хэлсэн боловч хотод гэртээ байгааг нь би мэдсэн. Надад Лүн суман дээр 2-3 хонолоо гэх зэргээр худал хэлж байсан. Би мөнгө өгөхгүй бол цагдаад хэлнэ гэж хэлэхэд надад 3.000.000 төгрөг өгсөн. Надад дандаа худлаа хэлж байгаа. Би үлдэгдэл 15.700.000 төгрөгийг авах хүсэлтэй байна гэв.

        Шүүгдэгч  Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сард би  ХХК-д жолоочоор ажилд орсон юм. Намайг ажилд орох үед Ж  нь ломбарторын ажилтнаар ажиллаж байсан юм. Одоо ч мөн ажиллаж байгаа. Манай компани нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Би Ж 18.700.000 төгрөг зээлсэн юм. Уг мөнгийг хувьдаа ашиглаад дуусгасан. Уг нь Ж бид хоёр Архангай аймгаас мал авч махыг нь Улаанбаатар хотод борлуулахаар ярилцаж тохирсон юм. Тэгээд би авсан мөнгөө хувьдаа ашигласан. Мал авах ажиллагаанд 6.700.000 төгрөгийг зарцуулсан. Миний авсан мал одоо Архангай аймгийн Хотонд сумын Сант бригадад байдаг миний дүү Г Б байгаа. Би 254 тооны ямааг нэг бүрийг нь 45.000 төгрөгөөр бодож нутгийн иргэдээс авсан. Мал авах ажлыг би өөрөө 2018 оны 8 дугаар сараас эхлэн 10 дугаар сарын 15-н хүртэл хийсэн. Би малаа хөдөөнөөс нааш нь оруулж ирж чадаагүй юм. Би Ж мөнгө авсан талаараа гэрээ хийж нотариатаар батлуулсан. Би Ж мөнгийг төлж өгнө гэжээ. /хх-ийн 11/

         Хохирогч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би  ХХК болох геологи хайгуулын компанид ажилладаг юм. Манай компанийн оффис Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн академийн 50-1 тоот хаяг дээр байрлан үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компани 2018 оны 6 дугаар сард жолооч ажилд авахад Г.Б жолоочоор ажилд орсон юм. Тэгээд Г.Б бид хоёр хамтран ажиллахаар болсон. Мал хөдөө орон нутгаас оруулж ирээд хотод зарах болсон. Ингээд би 18.700.000 төгрөгийг Б өөрийн гэртээ хүлээлгэн өгсөн юм. Мөнгө аваад Б хөдөө орон нутаг руу явсан. Тэгээд малаа авч байна гэж ярьдаг байсан. 2018 оны 12 дугаар сард ярихад хөдөө байна гээд байсан гэтэл хотод гэртээ байсан мөртлөө надад худлаа хэлээд байсан байгаа юм. Нэг удаа мал хот руу орж ирж байгаа гэж хүртэл худлаа хэлсэн. Ингээд худлаа хэлээд байгааг нь мэдээд би 20.300.000 төгрөгийг өгнө гэсэн бичиг хийлгэж авсан. Тэгээд эргэж холбоо барихгүй миний мөнгийг өгөхгүй болохоор нь би цагдаад хандаж байгаа юм гэжээ.  /хх-н 7-9/          

          Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сард шиг санагдаж байна Ж ах Б мах худалдаж авах талаар тохиролцсон байсан. Тэгээд Ж ах Б гэдэг хүнтэйгээ нэг компанид ажилладаг бас мөнгө эргүүлж өгөхгүй байж болно чи гэрээ хийлцэхэд байлцаад өгчих гэж хэлсэн. ҮҮний дагуу 20.0 сая төгрөгийг зээлсэн гэж гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Ж ах надаас мөнгө зээлсэн мэтээр гэрээ хийсэн. Би түүнээс Баатархүүд мөнгө өгөөгүй. Уг мөнгө бол Ж ахын мөнгө байгаа юм гэжээ. /хх-н 12/

          Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхөр Ж Б хамтран ажиллая гэсэн юм байлаа. Мөнгө зээлэх учраас Б мөнгө буцааж өгөхгүй байж магадгүй гэдэг үүднээс миний төрсөн дүү З мөнгө зээлж байгаагаар гэрээ хийсэн юм. Ингээд би өөрийнхөө данснаас Б данс руу 16 удаа мөнгө шилжүүлсэн. Гэтэл Б манай нөхөртөө хийсэн гэрээгээ зөрчиж мөнгө авчихаад эргүүлж өгөөгүй. 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр Б эхнэр О 3.0 сая төгрөгийг 3 хувааж манай данс руу шилжүүлсэн. Одоо 15.700.000 төгрөгний авлага үлдсэн гэжээ. /хх-н 13/

         Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Ж би 2019 оны 1 дүгээр сарын 6-нд анх харсан. Манай нөхөртөө хамт ажилладаг гэдгийг нь дуулж байсан. Манай нөхөр Б, Ж ямаа худалдаж авах талаар ярилцсан гэдгийг мэдэж байсан. 2019 оны 1 дүгээр сарын 6-нд Ж манай гэрт ирээд мөнгөө авий гэсэн. Тэгээд би хүний мөнгө авсан юм чинь өгнө гэж хэлсэн. Мөнгийг буцааж өгнө гэж бичиг хийж өгөх үед би 18.700.000 төгрөг авсан гэдгийг нь мэдсэн. Манайх Баянгол дүүргийн 10 дугаар хороололд баригдаж байгаа байрнаас урьдчилгаа 30 сая төгрөгийг өгөөд авах байсан. Тэгээд тухайн үед байрны урьдчилгаа нэхэгдэж байсан болохоор Б ажил хийж урьдчилгаагаа олохоор болсон. 15.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд үлдсэн мөнгөө өгөөгүй учраас гэрээ цуцлагдсан. Манай өгсөн 15.0 сая төгрөгийг эргүүлж өгнө гэсэн. Ж мөнгө нь миний данс руу ирж байсан. Б ямааны мөнгө гэж хэлж байсан гэжээ.  /хх-н 15-16/

         Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33/:  Б.О гаргаж өгсөн Хас  банкны хуулга 2 ширхэгийг хэрэгт хавсаргасугай гэжээ. /хх-н 34-35/,    

         Г.Б ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 36-42/, гүйлгээний баримтууд /хх-н 48-59/

         Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 32 /,

         Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 17-18/

         Г.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 19/, прокурорын тогтоол /хх-н 20-21/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-23/ зэрэг болно.

        Г.Б нь Ж.Ж хамтарч бизнес хийнэ гэж хуурч 2018 оны 8 дугаар сарын 25-наас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд нийт 18.700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Г.Б нь хамтарч ямаа авч намар хот руу оруулж зарж ашиг олно гэж хохирогчтой ярилцаж тохирсон боловч өөрөө хөдөө явж ямаа худалдан авалгүйгээр өөрийн байр худалдаж авч байгаа урьдчилгаа мөнгөнд хийж бусдыг хуурч залилсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Г.Б дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилж авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

         Г.Б үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол болох  15.700.000 төгрөгийг гаргуулж Ж.Ж олгох нь зүйтэй гэж үзэв.       

          Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.            

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

       

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ү овогт Г Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар     Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногооор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                       

4. Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн  дугаар хороо, 10 дугаар хороолол,  тоотод оршин суух / регистрийн дугаартай/ Г.Б 15.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  тоотод оршин суух / регистрийн дугаартай/ Ж Ж олгосугай.

 8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН