| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01090/И |
| Дугаар | 01181 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 01181
2016 оны 09 сарын 27 өдөр Дугаар 142/ШШ2016/01181 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Төрийн банкны Булган салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч 1958 онд төрсөн, 58 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-12-27 тоотод оршин суух Алтан тан овгийн Ишгомбын Түмэндэмбэрэлд /регистрийн дугаар ФЖ58061413/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 2 777 011,97 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Оргил, хариуцагч И.Түмэндэмбэрэл, гэрч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагч И.Түмэндэмбэрэл, прокурор Ц.Сувдаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн И.Түмэндэмбэрэл нь Булган аймаг Төрийн банкны Хангал сумын Хялганат тооцооны төвөөс 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 121700036476 тоот тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулан 2 791 700 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр өрхийн хэрэгцээндээ хэрэглэхээр тэтгэвэрийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд сар бүр нийгмийн даатгалаас орох тэтгэвэрээ барьцаалуулан авсан. Зээлдэгч И.Түмэндэмбэрэл нь зээлийн гэрээний 3.1.1-т заасан хэсгийг зөрсөн бөгөөд энэхүү гэрээнд заасан нөхцөл байдал бий болсон ба зээлдэгч нь зээлийн төлбөрийн өр үүсгэн хугацаа хэтэрч зээлээ төлөхгүй байна. Иймд И.Түмэндэмбэрэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 2 138 867,63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 638 144,34 төгрөг нийт 2 777 011,94 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай банк сарын 1,5%-ийн хүүтэй зээлийн гэрээг иргэдтэй байгуулаад тэтгэвэрийн зээл олгодог. И.Түмэндэмбэрэл өөрөө зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зураад мөнгөө тоолж аваад явсан. Энд хүүг илүү бодсон зүйл байхгүй. Хэрвээ хугацаа хэтрэлт гарлаа гэхэд манайд шууд программ дээр гарч ирдэг. Таны тэтгэвэр зогссон байна, та мөнгөө хий гэж хэлдэг. Тухайн үед Б.Оюун-Эрдэнэд хэлэхэд хариуцагч өөрөө өгнө гэж хэлсэн байна лээ. Тэгээд алга болсон араас нь хөөцөлдсөөр байгаад 2 жил хугацаа хэтэрсэн. Сүүлдээ Нийгмийн даатгалын сангаас хаалгана гэж ярьсан байсан. Нийгмийн даатгалын сангаас хаах нөхцөл бол ямар ч төлбөрийн чадваргүй хүнд үйлчилдэг. Энэ хүн тийм хүн биш, өөрөө төлбөрийн чадвартай хүн учраас учраас сангаас хаалгах боломжгүй” гэв.
Хариуцагч И.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хялганат тосгоны Төрийн банкны тооцооны төвөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр надад холбогдуулан тэтгэвэрийн зээл 9 сарын мөнгө 2 138 867 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Би уг нь 2004 онд цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хуулийн дагуу 25000 төгрөгөөр тэтгэвэр тогтоолгоод 2014 оны 08 дугаар сар хүртэл тасралтгүй тэтгэвэрээ авсан. 2014 онд тэтгэвэр удаа дараалан нэмэгдсээр 258 000 төгрөг болсон. Энэ үед 12 сар буюу 1 жилээр тэтгэвэрийн зээл авсан боловч 9,10,11 дүгээр сарын тэтгэвэрийн мөнгө Булганы Нийгмийн даатгалын газарас банкинд шилжээд бусдыг нь тэтгэвэр зогсоосон гэсэн үндэслэлээр шилжээгүй. Энэ шийдвэрийг Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Баярмаа гэгч гаргажээ. Энэ тухай надад огт мэдэгдээгүй ба 2015 оны 4 дүгээр сард олж мэдсэн. Тэр цагаас хойш 2016 оны 04 дүгээр сард анх удаа Хялганатын Төрийн банкны ажилтан Оюун-Эрдэнэ утсаар ярьж таны тэтгэвэр зогсоогоод мөнгө чинь орж ирэхгүй байна авсан зээлний 9 сарын мөнгө 238 687 төгрөг үлдчихээд байна. Үүнийгээ төл гэсэн шаардлага тавьсан. Тэр өдөр нь Хялганатад өөрийн биеэр очиж уулзаж учир байдлаа ярьсан. Ингээд яах учраа олохгүй 2016 оны 07 дугаар сарын 09-нд хөдөө явж байтал Баттүшиг гэгч зээлээ төл, төлж чадахгүй бол гарах бүх зардалаа шүүхэд гэж загнасан. Миний тэтгэвэр 10 жил шахам явагдсан, энэ хугацаанд олон дахин шат шатны шалгалтанд ороод л зөвшөөрөгдөөд л байсан. Энэ хугацаанд би залуу ч байсан, ажил хийх чадвартай ч байсан, ажилд орох гэхээр тэтгэвэртэй гэсэн шалтгаанаар авдаггүй байсан. Одоо насны эцэст тэтгэвэр ч үгүй, ажил ч авахгүй хайран залуу нас гэж гомдож сууна. Банкны байгууллага чинь тэтгэвэрийн зээл өгөхдөө хүү шимтгэл жилээр нь авсан. Одоо төлүүлэх болохоор хүү торгууль нэмж тавиад байх шиг байна. Мөн тэтгэвэр зогслоо надтай харьцах хаяг, утас бүгд байна хоног сар алдалгүй ярихгүй байсаар нэг жил гаран болгочихоод гэнэт санасан юм шиг нэг удаа ярьчихаад өчнөөн хүү торгууль тавиад хүн дарамталдаг газар шиг санагдлаа.
Би гэртээ эхнэртэйгээ 2-лаа аьдардаг, эхнэр 240 000 төгрөгний тэтгэвэр авдаг, том охин бага охин Австри улсад нэг нь ажиллаж нэг нь оюутан бага сага хувцас хунар явуулж амьдарч байна. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эхнэр Батсугар маань нүүрэндээ муруйлт өгч артерийн даралтын бага зэргийн харвалт өгч жил гаран эмчлэгдээд одоо бараг хуучин хэвэндээ дөхсөн боловч сувилал бариа засал , рашаан усаар дэмжигдэн амьдарч байна.
Би санахдаа өр төлбөртэй банкны салбартаа тохирсон ажил хийж төлбөрөө барагдуулж болох болов уу гэж бодох юм, дээр дурьдсан зүйлүүдийг уншиж танилцаад надад тохирсон шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч И.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний 1 жилийн тэтгэвэр 3.000.000 төгрөг болж байгаа. Тэгээд би 2.791.000 төгрөг гар дээрээ авсан юм чинь надаас 270.000 төгрөг суутгаж авсан. Дээр нь би энэ мөнгийг төлөхөд яаж төлөх үү. Би ямар ч ажилгүй. Намайг ажилд авахгүй байна. Тийм учраас намайг ажилд аваад зээлээ төлье гэсэн. Түүнээс тулгасан зүйл байхгүй. Тулгасан гэж ойлгоод байна. Надад төр тэтгэвэр тогтоож өгсөн, төр буцаагаад авчихлаа. Энэ үндэслэлээр намайг жаахан харж үзээч” гэв.
Прокурор Ц.Сувдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа иргэн И.Түмэндэмбэрэлээс нийт 2 777 011,97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд төрийн өмчит Төрийн банкны хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуулийн дагуу төрийг төлөөлж оролцож байна. Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулахаар дэмжиж оролцож байна. Хариуцагч И.Түмэндэмбэрэл нь 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Төрийн банкнаас тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулж, зээл авсан байдаг. Ингэхдээ түүний гарт 2.791.700 төгрөг олгосон байдаг. Түүнээс сард төлөгдөх үндсэн зээл, хүүг хувилан тооцсон. Энэ хүн зээлээ аваад захиран зарцуулах эрх нь үүссэн. Тэтгэвэрийн зээл 3 сар олгогдоод өндөр насны тэтгэвэр буруу олгогдсон байна гээд зээл нь зогссон. Болзол хангаагүй байсан гэдгийг хариуцагч И.Түмэндэмбэрэл өөрөө сая тайлбарлаж байна. Банкны зүгээс зээлээ төлүүлэхээр ярьж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Хэдийгээр хариуцагч тухайн үед надад хэлээгүй гэж маргаж байгаа боловч хүлээсэн үүргийнхээ дагуу эргэн төлөлтийг сар бүр хийж байх ёстой. Тэтгэвэр ороогүй зогссон гэдгийг мэдсэн үеэс нийгмийн даатгалд хандаж өөрөө санаачлагатай хандах боломжтой байсан. Үүргээ биелүүлэх байтал үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн байна. Ингээд зээлээ төлөөгүй өдийг хүрсэн байна. Зээлийн хүү шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зогссон байна. Тийм учраас хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч И.Түмэндэмбэрэлээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 2 777 077 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч И.Түмэндэмбэрэл нь Булган аймгийн Төрийн банкны Хангал сумын Хялганат тооцооны төвөөс 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 121700036476 тоот тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулан 2 791 700 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, сар бүр 255 838 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан болох нь 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тэтгэврийн зээлийн өргөдөл, тэтгэврийн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Оюун-Эрдэнийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Зээлдэгчийн зээлээс 2014 оны 09, 10, 11 дүгээр сарын үндсэн зээл нийт 767 514 төгрөг, дээрхи 3 сарын хүү нийт 115 501 төгрөг төлөгдсөн, түүнээс хойш буюу 2014 оны 12 дугаар сараас хойшхи хугацааны үндсэн зээл, хүү төлөгдөөгүй тухайд талууд маргаагүй.
Төрийн банк И.Түмэндэмбэрэл нарын хооронд хийгдсэн тэтгэврийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар бичгээр хийгдэж талууд харилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан гэрээний гол нөхцөл болох зээл зээлийн хүүг буцаан төлөх хугацааг тохирсон хүчин төгөлдөр гэрээ байна.
Дээрх тэтгэврийн зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагчаас Иргэний хуулийн 451-д заасан зээл, зээлийн хүү төлөхийг шаардах эрхтэй.
Хариуцагч И.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд “...би сард 255 838 төгрөгийн тэтгэвэр тогтмол авдаг.255 838 төгрөгийг 12 сараар тооцоход 3 сая гаруй төгрөг болно.Надад 12 сарын зээл 3 сая гаруй төгрөг ирэх ёстой байтал банк үүнээс 270 гаруй мянган төгрөгийн хүү суутгаж авсан учраас би одоо хүү төлөхгүй” гэж маргаж байгаа боловч хариуцагч дээрхи тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Төрийн банк И.Түмэндэмбэрэлд тэтгэвэрийн зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан суутгаж авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч И.Түмэндэмбэрэлээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн үндсэн зээл 2 138 867 төгрөг, хүү 638 144 төгрөг, нийт 2 777 011, 97 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Булган салбарт олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 382,19 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 59 382,19 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч И.Түмэндэмбэрэлээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2 777 011,97 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган салбарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59 382,19 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч И.Түмэндэмбэрэлээс 59 382,19 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Булган салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА