Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/00020

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/04270 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

*******-ийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн ******* тоот хаягт баярлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 905,62 м.кв газар болон мөн *******а тоот хаягт баярлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 919 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг нийт 65,686,000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т бодитой байх, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх, аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, 8.3.5-д үнэлгээний өдөр болон тайлан бэлтгэсэн он, сар, өдрийг тайланд тусгах, 8.3.9-т хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тайланд тусгах гэж заасан шаардлагуудыг үнэлгээний тайлан нь хангаагүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гажилт гэж тухайн үнэлгээний зүйлийн онцлог болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан үнэлгээнд ашиглаж байгаа журам, аргачлал, заавар нь үнэлгээний олон улсын стандартын зарим шаардлагаас өөр байх нөхцөл байдлыг хэлнэ гэж заасан бөгөөд энэ талаар үнэлгээний тайланд заавал тусгах ёстой. Өөрөөр хэлбэл, гажилт байсан бол тухайн гажилтыг тусгах, үнэлгээнд нөлөөлөхүйц гажилт байгаагүй бол байхгүй байсныг тодорхой тусгахыг хуулиар шаардсан байхад үнэлгээний тайланд тусгаагүй нь тайланг бүрэн дүүрэн хийгдсэн гэж үзэхгүй.

1.2. Зах зээлийн хандлагын аргаар үнийг тогтоохдоо жишиг болгон авсан ижил төсөөтэй гэх хөрөнгүүдийн үзүүлэлт нь үнэлж буй хөрөнгийн үзүүлэлтээс өөр өөр, тухайн орон нутгийнхаа өөр бүсэд хамаарах хөрөнгөтэй жишсэн зэрэг алдаатай үнэлгээ болсон байна. Тодруулбал, үнэлж буй өмчлөх эрх бүхий 2 газар нь хил залгаа оршдог, нэг хүний өмчлөлийн нийт талбайгаар нь тооцвол 1824,62 м.кв талбайтай газрыг 600 м.кв, 700 м.кв болон 960 м.кв талбайтай газартай харьцуулсан байна. Мөн үнэлж буй өмчлөх эрх бүхий 2 газар нь Сэлэнгэ-Дарханы хоорондох Олон улсын чанартай авто замаас 40-50 метр зайтай оршдог байхад жишиг болгон авсан 4 газар Дархан-Уул аймгийн Дархан сум доторх орон нутгийн автозамаас 200-аас 400 метрийн зайтай байхад засмал замаас алслагдсан зайн тохируулга /13.5/-ыг 1.15 гэсэн итгэлцүүрээр тооцсон нь буруу юм. Түүнчлэн, замын ангиллын ялгааг тооцоогүй байхын зэрэгцээ, жишиг болгосон 4 газрын хоорондох засмал замаас алслагдсан зай нь нэг нь нөгөөгөөсөө 2 дахин зөрүүтэй байхад бүгдийг 1.15 гэсэн итгэлцүүрээр тооцсон нь үнэлгээний тайланг бодитой гаргахаас зайлсхийж, хэт хялбарчилсан байж болзошгүй байна. Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн гэх газар Дархан сумынхаа хойд талд, Сэлэнгэ, Алтанбулагийн хилийн боомт явах зам дагуу байдаг бол, Баталион гэх газар нь Шинэ Дарханы зүүн урд байдаг суурьшлын бүс болно. Эдгээр нь хоорондоо хүн амын нягтаршил, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлөөр ялгаатай. Иймээс хоорондоо харьцуулагдах боломжгүй хөрөнгөтэй харьцуулан үнийг бууруулж багаар тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.

1.3. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д үнэлгээний өдөр болон тайлан бэлтгэсэн он, сар, өдрийг үнэлгээний тайланд тусгахаар байхад зөвхөн тайлангийн огноог тусгасан боловч үнэлгээний өдрийг тусгаагүй. Үнэлгээнд жишиг болон авсан 4 хөрөнгө болох газрынхаа эх сурвалжийг тодорхойлоогүй, www.facebook.com гэсэн цахим хаягийг дурдсан байх боловч үүнээс хойших өргөтгөл хаягийг тодорхой тусгаагүй нь жишиг болгосон хөрөнгө нь бодитой бус байх магадлалтай тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9-д заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгах шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгахаар заасан бөгөөд 11 үзүүлэлт тусгасан байхыг шаардах хэр нь, үнэлэх хөрөнгийн тодорхойлолт хэсэгт зөвхөн хаяг, хэмжээг тусгасан байх тул шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Иймд *******-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 756 дугаар магадлалаар *******оос 81,080,298 төгрөгийг гаргуулж *******, ******* нарт олгож шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаагааг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч *******т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж байсан боловч тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

2.2.Төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын *******, ******* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгой ******* тоот хаягт байршилтай газруудыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23280519/07 болон 23280519/09 тоот тогтоолоор битүүмжлэн, хураан авч талуудад үнийн санал авахад зөрүүтэй үнийн санал гаргасан. Тиймээс *******-ийн шинжээч Ц.Оюунчимэгийг томилж, үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй газрыг 32,602,320 төгрөгөөр, эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй газрыг 33,084,000 төгрөгөөр тус үнэлснийг талуудад мэдэгдсэн.

2.3.Хэт багаар үнэлсэн талаар нэхэмжлэгч тал ярьж байгаа боловч *******ын өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгө дотроо барилга байгууламж объект байхгүй, хоосон газар байдаг. Харин харьцуулсан газар дотроо үл хөдлөх эд хөрөнгөтэй газар байдаг. ******* нь өмнө нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт ...хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, гэж маргах боловч уг үндэслэлийг нотолсон үнэлгээний тайлан, зах зээлийн жишиг үнийг тодорхойлсон баримт зэрэг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй гэх дүгнэлтийг хийж, энэхүү дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус болсон гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...үнэлэгдэж буй хөрөнгө болон харьцуулсан хөрөнгийн ялгаатай байдал, Олон улсын авто зам болон орон нутгийн доторх авто замын дэргэд байрлах байрлалын ялгаа, авто замаас хол ойр орших байдал, талбайн хэмжээний их бага байдал, зэрэгцэн орших 2 газрыг тус тусдаа орших жижиг газартай харьцуулсан байдлаас үнэлгээнд нөлөөлөх байдлыг тодорхойлоогүйгээс үнэлгээ үндэслэлгүй буюу хэт багаар тогтоогдсон гэж тодорхойлж маргасан. Тэдгээр ялгаатай байдлыг тодруулах, тогтоолгохоор үзлэг хийлгэх хүсэлт, үнэлгээчнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзсан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй гэх нь хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэл болно.

4.2. Нэхмжлэгч *******ын Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн ******* тоот хаягт орших улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 905,62 м.кв, мөн зэргэлдээ орших *******а тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 919 м.кв талбайтай, Дархан хотоос хойшоо явдаг Олон улсын зэрэглэлтэй авто замаас 50 метр зайтай оршдог өмчлөх эрх бүхий газруудыг Шинэ Дарханы Баталион гэх газарт, орон нутгийн доторх авто замаас 200-400 м.кв зайтай байрладаг, 600 м.кв, 700 м.кв газруудтай харьцуулсан нь үнэлгээ хэт багаар тогтоогдсон байж болзошгүй гэж үзэхээр байна. Том зай талбайтай газрыг олон янз зориулалтаар ашиглах боломжтой болох, аливаа үйл ажиллагааг илүү далайцтай өргөнөөр явуулах боломжтой, авто замын ангиллын ялгаа болон зайнаас хамаарч үнэлгээнд нөлөөлж болох хүчин зүйлсийг бүрэн тодорхойлж чадаагүй нь илт байхад хөрөнгийн үнийг үндэслэлгүйгээр бууруулах, хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Төлбөр төлөгчийн хөрөнгийг хурааж дуудлага худалдаагаар худалдан борлуулах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилготой боловч хөрөнгийнхөө ашиг өгөөжийг багасгуулах, үр шимийг бодитоор хүртэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг, ******* тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний 905.62 м.кв талбайтай газрыг 32,602,320 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах, *******а тоот гэр бүлийн хэрэгцээний 919 м.кв талбайтай газрыг 33,084,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.

 

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00600 дугаар шийдвэрээр хариуцагч *******оос 78,470,416.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлээс 16,844,565.29 төгрөг, хариуцагч Э.Бат-Эрдэнэд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2023/00756 дугаар магадлалаар хариуцагч *******оос 80,519,749 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

 

4.1.Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 23280519 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх46/

 

4.2. Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг, ******* тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний 905.62 м.кв талбайтай болон эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах, *******а тоот, гэр бүлийн хэрэгцээний 919 м.кв талбайтай газруудыг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23280519/07 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 23280519/09 дугаартай тогтооол хураан авсан талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэн маргаагүй.

 

4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс газруудыг тус бүр 150,000,000 төгрөгөөр, төлбөр авагчаас газруудыг тус бүр 4,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнийн санал ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/52 дугаартай тогтоолоор *******-ийн үнэлгээчин Ц.Оюунчимэгийг шинжээчээр томилон эрх, үүргийн тайлбарласан. /хх-ийн 61-64, 69/

 

4.4. Шинжээч ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг, ******* тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний 905.62 м.кв талбайтай газрыг 32,602,320 төгрөгөөр, мөн хаягт байрлах, *******а тоот, гэр бүлийн хэрэгцээний 919 м.кв талбайтай газрыг 33,084,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 4-151/3905 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч *******т мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх8/

 

5. Дээрх үнэлгээний тайлангууд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.3.5, 8.3.9-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх, аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгасан байх шаардлагыг тус тус хангасан.

 

Тодруулбал, шинжээч дүгнэлт гаргахдаа зах зээлийн хандлагын аргаар газруудыг ижил буюу төсөөтэй 4 газартай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээ хийснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчлөлийн 905.62 болон 919 м.кв талбайтай хоосон газар байх ба үнэлгээний тайланд орон нутгийн доторх замаас 200-400 километрийн зайд байрлах Баталион гэх нэртэй газрын 700, 600, 960 м.кв талбайтай хоосон болон хувийн сууцтай газартай харьцуулан дүгнэлт хийсэн нь үнэлгээг хэт багаар тогтооход нөлөөлсөн гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр, шинжээч зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийх нь илүү ач холбогдолтой гэж үзээд газруудын албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг нийт 65,686,320 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн гэж үзнэ. Мөн хөрөнгийн үнэлгээний тайланд газрын зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...орон нутгийн өөр бүсэд хамаарах хөрөнгөтэй жишсэн, үнэлгээнд нөлөөлж болох хүчин зүйлсийг бүрэн тодорхойлж чадаагүй байхад хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүйгээр бууруулсан, тайлан бүрэн дүүрэн хийгдээгүй, үнэлгээний өдрийг тусгаагүй гэх давж заалдах гомдлыг хангаагүй.

 

5.1. Түүнчлэн, нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар болон гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

6. Шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2024/21371 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн шинжээчийг гэрчээр оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/04270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ