Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1024

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: С.Нямсүрэн

улсын яллагч: Ц.Гантулгабат

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

хохирогч: Т.Ж

түүний өмгөөлөгч: Ж.Давааням

шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Х овогт Г Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906018021012  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Г Б, 19 оны 3 дугаар  сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-үүр суманд  төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 4, эцэг, эх , хүүхдийн хамт Баянзүрх  дүүргийн  дүгээр хороо Хоршооллын 1 дүгээр гудамжны тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 420/7 дугаар байрны 1 дүгээр хэсэгт үйл ажиллагаа явуулдаг Фүжи Шоп нэртэй япон барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс нийт 9.157.800 төгрөгийг завшсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч   Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 сараас “Фүжи шоп” гэдэг япон барааны дэлгүүрт худалдагчаар орсон. Эхний 3 сар тооллого хийгээгүй, дараа сараас сар болгон тоолоход бараа дутаж эхэлсэн. Менежер Ж эгчтэй ярилцаад сар болгоны цалингаасаа төлөхөөр болсон. Ингээд би 2019 оны 02 дугаар сард олгойгоор эмнэлэгт хэвтэхэд дахин бараагаа тоолохоор болж дүүгээ байлцуулан тоолоход дахин бараа дутаж байсан дүн нь  2-3 дахин өссөн байсан. Тэгээд менежер Ж эгч намайг эмнэлэгт байхад ирээд одоо ийм төлбөр гарсан юм чинь захиралд хэлэхгүй бол болохгүй эгч нь захиралд хэлж, гуйгаад график гарган төлөхөөр бичиг хийлгүүлэн авахаар ярилцсан боловч захирал зөвшөөрөөгүй шүүхээр явж хохирлоо барагдуулах хэрэгтэй гэж хэллээ гэсэн. Би одоо 3 настай охинтой, манай охины аав нь надад бараг тусалдаггүй. Мөнгө хэрэг болоод байна гэхээр ажил орж ирэхгүй, мөнгөгүй байна гэж хэлдэг. Манай ээж аав надад туслахгүй. Яагаад гэвэл аав тусдаа амьдралтай, ээж болохоор энэ талаар хэлэхээр уурлаад байдаг юм. Би ажил хийж байгаад хохирол мөнгийг нь барагдуулна гэв.

        Хохирогч Т.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 04 дүгээр сараас анх би энэ дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн. 04 дүгээр сарын 10-аас худалдагчид бараа хүлээлгэж өгсөн. Тэгээд анх 06 дугаар сарын 30-нд тоолоход 765.000 төгрөгийг дутагдал гарсан. Үүнийгээ шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Бид хоёр байнга харилцаатай байсан. Эгчээ цалингаасаа төлөөд явъя гэж хэлэхээр нь би шүүгдэгчид итгэсэн. Тэгээд 08 сарын 25-ны тооллогоор 1.562.000 төгрөг болж, дараа нь 10 сард тоолоход 2.000.000 сая гаруй тэгээд хамгийн сүүлд 28-нд тооллого хийнэ гэж мэдэж байсан. Тэгээд Б эмнэлэгт хэвтэж эхлээд нүдний хагалгаанд орж,  дараа нь олгойны хагалгаанд орсон байсан. Шүүгдэгч надад хэлэхдээ манай нөхрийн ах Дарханд байдаг. Тэгээд ах байраа зараад миний өрийг төлнө гэж хэлсэн гэсэн. Тэгээд шүүгдэгчийг эмнэлэгт хэвтэж байхад би өөрөө, шинэ худалдагч, шүүгдэгчийн дүү, бид 3 тоолсон. Тэгэхэд нийт 9.157.000 төгрөгийг өр гарсан байсан. Би тэгээд дараагийн худалдагчид энэ өртэй нь хүлээлгэж өгч, дэлгүүрээ ажиллуулж байгаа. Би 01 дүгээр сард очиж уулзахад Б болон түүний нөхөр нь байсан. Тэгэхэд надад  өр төлбөрөө төлнө гэж хэлсэн. Би нийт 8.213.300 төгрөг төлүүлэх шаардлагатай байна. Мөн үүн дээр өмгөөлөгчийн хөлс, 80.000 төгрөг “Давно” үнэлгээний компаний дүгнэлт гаргахад төлсөн хөлс зэрэг орж байгаа юм. Надад мөрдөн байцаагч заавал аудит хийлгэ гэж хэлсэн. Би үүнийг Б хэлэхэд тэрээр хийлгэж чадахгүй гэсэн. Тэгээд аудитын дүгнэлт хийлгэж чадаагүй. “Давно” үнэлгээний компаний үнэлгээгээр манай барааг нийт дутагдсан барааны үнийг 6.000.000 гаруй төгрөгөөр үнэлсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би Б яг 8.213.300 төгрөг төлүүлэх хүсэлтэй байна гэв.

        Шүүгдэгч  Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 4 дүгээр сараас Фүжи шоп-д ажилд ороод 2019 оны 2 дугаар сарын  28 хүртэл ажиллахдаа нийт 8.213.300 төгрөг дутаасан. Уг бараа материалын төлбөрийг төлнө гэж гомдол гаргагч Т.Ж ярилцсан байгаа. 2019 оны 5 дугаар сард Дамно ХХК-аас гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ. /хх-ийн 95/

         Хохирогч Т.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сараас би Олимп плаза төвд лангуу түрээслэж Фүжи шоф нэртэй япон барааны дэлгүүр ажиллуулахаар болоод худалдагч авна гэж зар тавьсан. Зарын дагуу Б анкет бөглөж өгсөн. Уг хүнтэй аман гэрээ байгуулж сарын 650.000 төгрөг өгөх, 3 хоног амархаар тохирч сар бүрийн 15,30-нд цаоингаа хоёр хувааж өгч байхаар тохиролцсон. Ажилд ороход нь бүх бараагаа тоолж хүлээлгэн өгсөн. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 28-нд тооллого хийтэл 9.157.800 төгрөгний бараа дутсан. Тухайн үед Б өвчтэй эмнэлэгт байсан болохоор өөрөөс нь зөвшөөрөл аваад түүний төрсөн дүү Б  байлцуулж байгаад тооллого хийсэн. Б тооллогын талаар хэлэхэд ажиллаж байхдаа барааны мөнгөнөөс авч ашиглаж байснаа хүлээгээд төлбөрийг төлнө гэсэн. Уг мөнгөнөөс 939.500 төгрөгийг цалин болон эмчилгээнд нь зориулж цуглуулсан мөнгө байсан болохоор хасаад одоо 8.218.300 төгрөгийг төлүүлэхээр байгаа. Сар бүрийн сүүлээр буюу заримдаа хоёр удаа тооллого хийхээр мөнгө дутна асуухаар агуулахад бараа байгаа гэнэ нэг бол хүн аваад явсан гэдэг байсан юм. Ийм асуудал удаа дараа давтагдсан. Тэгэхээр нь би сүүлд тооллого хийгээд тэгээд мөнгөн дүнг гаргаж ирсэн. Б охиноо хувийн цэцэрлэгт өгсөн, байрны түрээс төлдөг гэж хэлдэг байсан. Тэгээд цалин нь амьдралд хүрэхгүй байна гэж ярьдаг байсан ер нь дуугүй талдаа хүүхэд байсан гэжээ.  /хх-н 59-62/          

          Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр миний гар утас руу залгаад Б ажлаа өгнө гэж байна дараагийн ажилтанд нь хүлээлгэн өгөхийн тулд бараагаа тоолж авмаар байна чи хүрээд ирнэ үү эгч чинь эмнэлэгт байгаа юм байна гэсэн. Тэгээд би хамт тооллого хийсэн. Бүх барааг тоолж дараагийн худалдагчид нь хүлээлгэн өгсөн. Тооллого дууссаны дараа 9.0 сая төгрөгний бараа дутлаа гэж хэлсэн. Би уг баримт дээр нь гарын үсэг зурсан. Яагаад бараа дутсан талаар нь би мэдэхгүй байна. Манай эгч төрөхдөө нүдэнд нь цус тунарсан байсан бөгөөд 2019 оны цагаан сарын үеэр нүдэн дээр нь юм гарч томроод өвчтэй байна гэж байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлтэл хортой хавдар гэж хэлсэн байсан. Тэгээд хагалгаанд орсон. Эхлээд нүдний дараа нь олгойны хагалгаанд орсон. Тухайн хагалгааны зардал мөнгийг аав, ээж хоёр л гаргасан байх. Хаанаас мөнгө төгрөг олсон талаар нь би мэдэхгүй байна. Бид нар зээлтэй байгаа гэхдээ төлбөрийг нь бага багаар төлж өгнө гэжээ. /хх-н 65-66/

          Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 86-88/         

          Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: 6.325.445 төгрөг гэжээ. /хх-н 82/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 89-90/

          Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 69/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 70-76/

          Т.Ж тооллого хийсэн 60 хуудас баримтыг хэрэгт хавсаргав гэжээ. /хх-н 98-177/, Г.Б гаргаж өгсөн нэг ширхэг баримт /хх-н 178/

          Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 50/

          Г.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 80/, прокурорын тогтоол /хх-н 91-92/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 94-95/ зэрэг болно.

        Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 420/7 дугаар байрны 1 дүгээр хэсэгт үйл ажиллагаа явуулдаг Фүжи Шоп нэртэй япон барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс нийт 9.157.800 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Т.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ажилд ороход нь бүх бараагаа тоолж хүлээлгэн өгсөн. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 28-нд тооллого хийтэл 9.157.800 төгрөгний бараа дутсан. Тухайн үед Б өвчтэй эмнэлэгт байсан болохоор өөрөөс нь зөвшөөрөл аваад түүний төрсөн дүү Б  байлцуулж байгаад тооллого хийсэн. Б тооллогын талаар хэлэхэд ажиллаж байхдаа барааны мөнгөнөөс авч ашиглаж байснаа хүлээгээд төлбөрийг төлнө гэсэн. Уг мөнгөнөөс 939.500 төгрөгийг цалин болон эмчилгээнд нь зориулж цуглуулсан мөнгө байсан болохоор хасаад одоо 8.218.300 төгрөгийг төлүүлэхээр байгаа. Сар бүрийн сүүлээр буюу заримдаа хоёр удаа тооллого хийхээр мөнгө дутна, асуухаар агуулахад бараа байгаа гэнэ нэг бол хүн аваад явсан гэдэг байсан юм. Ийм асуудал удаа дараа давтагдсан гэсэн мэдүүлэг

          Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2018 оны 4 дүгээр сараас Фүжи шоп-д ажилд ороод 2019 оны 2 дугаар сарын  28 хүртэл ажиллахдаа нийт 8.213.300 төгрөг дутаасан. Уг бараа материалын төлбөрийг төлнө гэж гомдол гаргагч Т.Ж ярилцсан байгаа. 2019 оны 5 дугаар сард Дамно ХХК-аас гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг

         Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн... Б ажлаа өгнө гэж байна дараагийн ажилтанд нь хүлээлгэн өгөхийн тулд бараагаа тоолж авмаар байна чи хүрээд ирнэ үү эгч чинь эмнэлэгт байгаа юм байна гэсэн. Тэгээд би хамт тооллого хийсэн. Бүх барааг тоолж дараагийн худалдагчид нь хүлээлгэн өгсөн. Тооллого дууссаны дараа 9.0 сая төгрөгний бараа дутлаа гэж хэлсэн. Би уг баримт дээр нь гарын үсэг зурсан. Яагаад бараа дутсан талаар нь би мэдэхгүй байна. Манай эгч төрөхдөө нүдэнд нь цус тунарсан байсан бөгөөд 2019 оны цагаан сарын үеэр нүдэн дээр нь юм гарч томроод өвчтэй байна гэж байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлтэл хортой хавдар гэж хэлсэн байсан. Тэгээд хагалгаанд орсон. Эхлээд нүдний дараа нь олгойны хагалгаанд орсон. Тухайн хагалгааны зардал мөнгийг аав, ээж хоёр л гаргасан байх. Хаанаас мөнгө төгрөг олсон талаар нь би мэдэхгүй байна. Бид нар зээлтэй байгаа гэхдээ төлбөрийг нь бага багаар төлж өгнө гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Г.Б нь тус дэлгүүрт ажиллаж байхдаа дараа нь мөнгийг нь нөхөөд цалингаа буухаар хийчихнэ гэж бодон гоо сайханы барааг зээлээр авч хэрэглэх, бэлэн мөнгө авч хувьдаа хэрэглэх гэх зэргээр бараа болон бэлэн мөнгө авч дараа нь бүрэн нөхөж хийж чадаагүйгээс дутаасан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Түүнд холбогдох үйлдлийг зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв тохирсон байх тул Г.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуццуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Г.Б нийт 8.293.300 төгрөгийг гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

          Өмгөөлөгчийн хөлс бол энэ хэргийн улмаас учирсан бодит хохирол биш учир шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.    

          Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт Г Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.Б 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                             Г.Б нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг  тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх  дүүргийн 24 дүгээр хороо Хоршооллын 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суудаг, РД: , Г.Б 8.293.300 төгрөгийг гаргуулж Т.Ж олгосугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН