| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01983/И |
| Дугаар | 210/МА2025/00021 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/00021
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******ад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,337,223.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-тай 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, гэрээгээр 2,500,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан.
1.2. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 48 cap хугацаа хэтрүүлэн банкийг хохироосон бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 2,657,034.70 төгрөг, үндсэн хүүнд 3,303,576.69 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1,034,931 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 341,680.82 төгрөг, нийт 7,337,223.21 төгрөг төлөөгүй.
1.3. Хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь хариуцагч өөрөө тухайн зээлийг хэрэглээний зээл руу шилжүүлж өгөх талаар банкинд 2021 онд хүсэлтээ бичгээр өгч талууд дахин гэрээ байгуулсан. Үүнээс хойш гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй тул энэ талаар банкнаас шүүхэд хандаж шийдвэр, магадлал гарсан байдаг. Мөн үүргийн гүйцэтгэлээ өөрөө хүлээн зөвшөөрснийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцохгүй.
Иймд кредит картын зээлийн гэрээний үүрэгт нийт 7,337,223.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Би 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөгийн эрхтэй кредит картыг 24 сарын хугацаатай авсан. Нэхэмжлэгч нь үндсэн зээлд 2,657,034 төгрөг, үндсэн хүүнд 3,303,576 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1,034,931 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 341,680 төгрөг, нийт 7,337,223.21 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл 2,500,000 төгрөгийн эрхтэй кредит карт авсны төлөө үндсэн зээлийн төлбөрт 2,657,034 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, мөн үндэслэлгүйгээр өндөр үнийн дүн бүхий хүү шаардсан, хуульд байхгүй хүү гаргуулах гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.2. Хэрэгт бичгээр зээлийг хэрэглээний зээл руу шилжүүлэхийг хүссэн баримт авагдаагүй, талуудын хооронд 2021 онд байгуулсан гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Түүнчлэн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Уг хугацааг сэргээсэн ямар нэгэн үйл баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн нэхэмжпэлтэй, *******ад холбогдох кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,337,223 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан кредит картын гэрээний дагуу төлбөр төлсөн үйлдлүүд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болно. Үүнийг картын хуулга дээрх 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1,320,000 төгрөгийн төлөлт, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний дагуу төлснөө хүлээн зөвшөөрсөн талаарх хариуцагчийн ...нэхэмжлэгч нь 18,923,352 төгрөгийн зээлээс 4,539,417 төгрөгийг кредит картын гэрээний үүрэгт суутган авсан талаар маргахгүй байна... гэх тайлбараар тогтоогдсон. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* шийдвэрт ...нэхэмжлэгч нь хариуцагчид 4,539,417 төгрөгийн зээлийг олгосон байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 4,539,417 төгрөгийн зээлд ногдох зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж, улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар магадлалд ...харин нэхэмжлэгч ******* нь өмнө байгуулагдсан гэх кредит картын зээлийн гэрээний үүргийг хариуцагч *******аас шаардахад энэхүү магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй гэж тус тус дүгнэсэн.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас 7,337,223.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч нь *******-тай 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 5.1.17-д ******* тоот хадгаламж, харилцах дансыг зээл бүрэн төлөгдөж, гэрээг дуусгавар болох хүртэл банк барьцаалах, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү хугацаандаа төлөөгүй тохиолдолд уг данснаас суутгаж, энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж заасан. Гэвч нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, түүнийг тасалдсан болгож харагдуулахын тулд гэрээ байгуулахаас өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгогдсон кредит картын тооцооллын хүснэгт гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Гэрээнд бичигдсэн дансны дугаар ******* , харин кредит картын тооцооллын хүснэгт дээр ******* дугаарын данс бичигдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэрэгт хамааралгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй баримтыг үндэслэн давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгч тал эрх зүйн үр дагавар үүсгэхгүй нөхцөл байдлыг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлд хамааруулж давж заалдах гомдол гаргасан нь хууль бус, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
5.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн үйл баримт хэрэгт авагдаагүй. Харин шүүхийн шийдвэрээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээний маргааныг хянан шийдвэрлэсэн. Тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,657,034.70 төгрөг, зээлийн хүүнд 3,303,576.69 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 1,034,931 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 341,680 төгрөг, нийт 7,337,223.21 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* нь 2,500,000 төгрөгийн зээлийн эрх бүхий кредит картыг 2 жилийн хугацаанд ашиглах, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн гүйлгээний хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувиар тооцож нэхэмжлэгч *******-д төлөхөөр тохиролцсон байна. /хх 8/
Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан, хүчин төгөлдөр байна. Түүнчлэн талууд зээлийн хүүг бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн гүйлгээний хүү 3.5 хувь гэж тохиролцсон талаар маргаагүй ба тус тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ.
4. Зээлийн гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай байх ба хариуцагч нь уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан байна.
4.1. Хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр талууд 18,923,352 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ******* кредит картын өр төлбөрийн төлөх зориулалтаар зээлдүүлэх нөхцөлийг тохирсон байх ба уг дүнгээс 4,539,417 төгрөгийг ******* тоот кредит картын төлбөрт тооцжээ.
Улмаар нэхэмжлэгч нь энэ гэрээний үүрэгт 22,730,109.06 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар магадлалаар зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 27-38/
Шүүхийн шийдвэрт уг зээлээр өмнөх ******* кредит карт болон ******* кредит картын зээлийн үүргийг гүйцэтгүүлсэн нь хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хүү тооцсон, хүүг нэмж актив олгосон шинжтэй болжээ. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь эрх, үүрэг бий болгохгүй тул нэхэмжлэгч ******* нь 2021 оны 10 сарын 29-ний өдөр ЗГ2805125838 тоот Зээлийн гэрээ-г үндэслэн хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй ... өмнө байгуулагдсан гэх 462868******3752 кредит карт болон 550160******7841 кредит картын зээлийн гэрээний үүргийг хариуцагч *******аас шаардахад энэхүү магадлал саад болохгүй гэж дүгнэжээ.
4.2. Дээрх шийдвэрт дүгнэгдсэн ******* тоот кредит карт нь маргаан бүхий 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний 2.1 дэх хэсэгт заасан кредит карт байна. Үүнээс үзвэл 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-тэй холбоотой байна.
4.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.
Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зохицуулсан. Түүнчлэн хуулийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох үр дагавартай.
Хэргийн баримтаас дүгнэвэл давж заалдах шатны шүүхийн магадлал 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гарснаар хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдох тул хариуцагчийн гаргасан зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзлыг хүлээн авах боломжгүй.
Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн гаргасан энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.
5. Иймээс нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь үндсэн зээлд 2,657,034.70 төгрөг, мөн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх зээлийн хүүнд 3,303,576.69 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын Кредит картын тооцооллын хүснэгт баримтыг үгүйсгэсэн тооцоолол бүхий тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхэд гаргаагүй байна.
6. Харин зээлийн гэрээний 2.1 дэх хэсэгт зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар заасан нь хуульд нийцээгүй байна. Тодруулбал зээлдэгч хариуцлага хүлээх үндэслэл болон хариуцлагын хэмжээг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тодорхойлсон бөгөөд зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Гэвч гэрээний дээрх нөхцөл нь тус хуулийн зохицуулалтад нийцээгүй тул нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,034,931 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 341,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч *******аас үндсэн зээл 2,657,034.70 төгрөг, зээлийн хүү 3,303,576.69 төгрөг, нийт 5,960,611.39 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 1,376,611.82 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/03630 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 5,960,611.39 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,376,611.82 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...7.1.2... гэснийг 7.1.1 гэж, ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч ******* 110,320 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 132,346 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ