Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2016/00993

 

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2016/00993

Төв аймаг


Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулах “Шорнойн эхэн” ХХК, захирал Ц.Баярмаад холбогдох,

35 32 553 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“2008 онд төсвийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн 35 000 000 төгрөгийг “Шорнойн эхэн” ХХК хоёр хуваан авч суманд Техник дундын үйлчилгээний төв байгуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Шорнойн эхэн” ХХК дээрх 35 000 000 төгрөгөөр техник худалдан авч орон нутгийн өмчид бүртгүүлэн түрээслэн дээрх 35 000 000 төгрөгийг 2009 оноос 2010 онд эргэн төлөх үүргийг 2008 оны 05 сарын 08 өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний 3.7-д заасан үүргээ бүрэн биелүүлэхгүй 2016 оны 06 сарын 13 өдрийн байдлаар тооцоход гэрээнд заасны дагуу 35 000 000 төгрөг төлөхөөс 9 552 000 төгрөг төлсөн. Одоо 25 448 000 үлдэгдэл, хугацаа хэтэрсэн алданги 10 484 553 төгрөг, нийт 35 932 553 төгрөг байна.

Иймд 35 932 553 төгрөгийг “Шорнойн эхэн” ХХК-ны захирал Ц.Баярмаагаас гаргуулах нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“Ц.Баярмаа захиралтай “Шорнойн эхэн” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг өөрчлөх, тухайн компаниас засаг даргад хандаж гаргасан өргөдлийг судлан шийдвэрлэх зэргээс шалтгаалж иргэний хэргийн нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд биднийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 106 дугаар зүйлийг ойлгосон.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газар нь  “Шорнойн эхэн” ХХК, захирал Ц.Баярмаад холбогдуулан 35 923 553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “... Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч “Шорнойн эхэн” ХХК, захирал Ц.Баярмаад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.АРИУНАА