| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/07705/И |
| Дугаар | 210/МА2025/00113 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/00113
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05229 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Хөдлөх эд хөрөнгө болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, 90,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
*******тай 2023 оны 06 дугаар сарын 28 өдрийн хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний ажиллуулж байсан ******* нэртэй фитнесийн газрын фитнесийн тоног төхөөрөмж, компанийн нэр, лого, нэр хүнд, хичээл, ая, пэйж хуудас зэрэг нийт 127 ширхэг зүйлийг гэрээний 3.1 дүгээр заалт болон хавсралт 1-д зааснаар 125,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Мөн уг фитнесийн үйл ажиллагааг явуулдаг ******* *******-ийн хувьцааг дагалдуулан над уруу шилжүүлсэн. Анх ******* нь фитнесийн үйл ажиллагаа явуулж буй байрыг сар бүр 6,050,000 төгрөгөөр түрээсэлдэг ба 2 жилийн хугацаанд уг түрээсийн төлбөрт өөрчлөлт орохгүй гэж амласан ба энэхүү нөхцөл байдал зэрэг нь түүнтэй дээрх гэрээг байгуулах гол үндэслэл болсон.
Гэрээний 3.2-т зааснаар миний бие урьдчилгаа 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба ******* нь урьдчилгаа төлбөр шилжүүлсний хариуд гэрээний 3.3-т заасан хугацаанд гэрээний 4.1-д заасан эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй 127 ширхэг хөрөнгийг шилжүүлэх үүргээ анхнаасаа биелүүлэхгүй гэрээний үүргийн зөрчлийг гаргасан. Учир нь эд хөрөнгө шилжүүлэх 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ******* нь МУ-д байхгүй, АНУ-руу явсан байсан ба өнөөдрийг болтол дараах гэрээний хавсралт 1-д заасан зүйлсийг шилжүүлэн өгөөгүй байна.
Хавсралт 1-ийн нэгдүгээр хүснэгтэд буй нийт 35,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Нэр, лого, нэр хүнд, хичээл ая, пэйж хуудас” зэргийг огт шилжүүлэн өгөөгүй. Оюуны өмчийн газраар баталгаажуулсан нэр, логоны гэрчилгээг хүлээлгэн өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй, тус фитнесийн газрын үйл ажиллагааны онцлог, нэр хүнд агуулсан сургалт, хичээлийн хөтөлбөр бүхий хичээл, аяыг хүлээлгэн өгөөгүй ******* фэйсбүүк группийн нэвтрэн орох эрх, админы эрхийг одоо хүртэл өгөөгүй, ******* нь өөрөө админ нууц үгээ эзэмшиж байгаа болно.
Тоног төхөөрөмжөө хүлээлцээгүй Америк явсан, спиннинг дугуйнуудын 50 хувь нь тухайн үед ажиллаагаагүй байсан, мөн спа төхөөрөмж эвдрэлтэй, спа төхөөрөмжийн ажиллуулах заавар, техникийн паспорт байхгүй, хүлээлгэн өгөөгүй, фитнесийн дугуйнуудыг эвдрэлтэйг мэдэгдэж, засаж өгөхийг хэлсэн боловч “засах засварчин явуулна” гээд завсарлаагүй. Компанийн санхүүгийн тамга, данс, пос машин, татварын нууц үг, тоон гарын үсэг хүлээлцээгүй, татвар, нийгмийн даатгалд өртэй байсан.
Иймд ******* нь гэрээнд заасан үүргүүдээ биелүүлэхгүй нэхэмжлэгч миний эрх ашгийг хохироосоор байх тул 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн "Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс ******* намайг татгалзсаныг баталж, *******аас 90 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Миний бие *******, *******тэй сайн дурын үндсэн дээр, бусдын шахалт дарамт, нөлөөлөлгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, 2023 оны 04 дүгээр сараас эхлэн ярилцаж, худалдах хөрөнгийн талаар удаа дараа мэдээлэл солилцож, нягталсны үндсэн дээр 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* *******-ийн эрхлэн явуулж байсан төвийн фитнесийн болон спа тоног төхөөрөмж, нэр лого, хичээлийн ая, пэйж хуудас, компанийн хувьцаа зэргийг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.
Аливаа бизнесийн салбарт, ялангуяа фитнесийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулах нь тухайн хүнээс ихээхэн идэвх, санаачилга, эрч хүч шаарддаг салбар юм. Фитнесийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүн унтах нойроо хагасалж, үндсэндээ амралтгүйгээр ажиллаж байж л амжилт гаргадаг нь тухайн үйлчилгээний онцлог юм. Миний бие энэхүү фитнесийн төвийг байгуулаад тухайн салбартаа өөрийн гэсэн байр суурь, нэр хүндийг бий болгож чадсан учир, манай төв хангалттай тооны байнгын, тогтмол үйлчлүүлэгчтэй байсан. Мөн би чадварлаг багш нараар багаа бүрдүүлж чадсан. Одоо энэ бүхнийг ******* өөрийн дүү *******ийн хамт ажиллуулж байгаа. Гэтэл энэ бүхнийг зөв удирдан, зохион байгуулж чадаагүй байгаа нь тухайн хүнээс л шалтгаалах зүйл болохоос биш, үйл ажиллагааны хүндрэл, ашиг орлогын асуудлаа бусдын буруу мэт тайлбарлаж, бусдад буруугаа тохож болохгүй. Иймд *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч *******аас 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хууль бус нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт шийдвэрлэж, хангасан 2 үзлэгийг огт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ТМ2024/01583 дугаар бүхий хуралдааны тэмдэглэлийн /хх73 хуудас/ 5 дугаар нүүрний 5 дахь мөрөнд хариуцагчийн өмгөөлөгчөөс фэйсбүүк пэйж хуудсанд үзлэг хийлгэх, 8 хуудас бүхий дэвтэрт үзлэг хийлгэх хүсэлтүүдийг гаргаж, шүүх хуралдаан дээр уг үзлэгүүдийг хийх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн /хх73 хуудас-27 мөр/ боловч тухайн өдрийн огноо бүхий шүүгчийн захирамждаа уг үзлэгийн талаар тусгалгүй, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон захирамж зөрүүтэй гарсан.
Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр захирамжаар шийдвэрлэсэн фэйсбүүк пэйж хуудсанд үзлэг хийж, харин шүүх хуралдаанд хэргийн оролцогч бүгд байхад шүүгч өөрөө уншиж танилцуулсан асуудал болох “эд хөрөнгө хүлээлцсэн утга бүхий” 8 хуудас дэвтэрт үзлэг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Харин уг дэвтрийг мэдүүлгийнхээ эх сурвалж болгож гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч *******ын мэдүүлэг дээр үндэслэн хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан.
2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 55 минутад эхэлсэн шүүх хуралдаанд мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ******* гэсэн хаягаас хариуцагчийн ******* и- мэйл хаяг руу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр илгээсэн “гэрээ дуусгавар болгох” тухай мэдэгдэлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан байдаг. Шүүхээс уг хүсэлтийг хангаж, үзлэг хийлгэхээр шийдвэрлэсэн боловч уг үзлэгийг хийгээгүй.
Тухайн өдрийн шүүх хуралдааны өмнө буюу 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 40 минутад эхэлж, 13 цаг 48 минутад дууссан шүүхийн үзлэгээр хариуцагч *******ын фэйсбүүк хаягаас явуулсан ******* гэх лого илгээсэн зурваст үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Гэтэл тус үзлэгийн дараа болсон шүүх хуралдаанд “Гэрээ дуусгавар болгох” тухай мэдэгдэлд үзлэг хийхээр шийдвэрлэсэн атлаа өмнөх үзлэгийн тэмдэглэлийн араас буюу хавтаст хэргийн 144 хуудсанд уг и-мэйлийг оруулж, үзлэг хийсэн мэтээр хавтаст хэргийг бүрдүүлсэн нь хэргийн оролцогчийг төөрөгдүүлсэн. Энэ и-мэйлд үзлэг хийнэ гэж шүүхээс шийдвэрлэсэн атлаа уг үзлэгийг хийлгүй хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Гэрээнд “худалдагч тал 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээний зүйлийг хүлээлгэн өгнө” гэж тохиролцсон боловч худалдагч тал болох хариуцагч нь гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа мөнгөө авсан өдрийн маргааш 2023 оны 7 сарын 1-ний өдөр АНУ-руу хаяад явсан.
Гэрээнд хариуцагч ******* нь өөрөө хүлээлцэх үүргийг хүлээсэн боловч дүү *******аар хүлээлцүүлсэн гэж маргаж, түүнийг гэрчээр оролцуулж гэрчийн мэдүүлэг өгүүлсэн анхан шатны шүүх энэхүү мэдүүлэг дээр үндэслэж, хүлээлцэх ажиллагаа хийгдсэн гэж дүгнэсэн нь гэрээний гол зүйлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй этгээдийн үйлдлийг зөвтгөсөн шүүхийн шийдвэр гарсан нь илт үндэслэлгүй болно.
Мөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг гэрч нь удаа дараа “хүлээлгэж өгсөн дэвтэр дээр байгаа” гэдэг боловч нотлох баримт шинжлэн судлахад хариуцагч талаас нэг ч “дэвтэр” гэх зүйл шинжлэн судлаагүй, энэхүү “дэвтэр” гэх зүйлийг үзлэг хийж үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулаагүй болно. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан гол зүйлсийг хүлээлгэж өгөөгүй нь гэрчийн шууд мэдүүлгээр нотлогдож буй бөгөөд хүлээлгэн өгсөн гэх зүйлсийнх нь мэдүүлгийн “эх сурвалж нь тодорхойгүй, байхгүй, тогтоогдоогүй үйл баримтыг үндэслэсэн байхад гэрчийн мэдүүлгийг хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Энэ үйл ажиллагааг тогтвортой явуулах, тоног төхөөрөмжийг ажиллуулах зөвлөгөөг заавал өгөх ёстой байсан. ******* өөрөө үйлчлүүлдэг байсан учир мэдээлэлтэй байгаа гэж татгалзлыг үндэслэл болгож байна. Үйлчлүүлдэг байсан гээд үйлчилгээг хэрхэн явуулах талаар мэддэг гэсэн үг биш.
Ингээд манай зүгээс анх хэлж байснаас нэхэмжлэгчид гэрээгээр хүлээлцэх үүргээ биелүүлээгүй, гэрээний зүйл болсон лого, тэмдгийг оюуны өмчийн гэрчилгээтэйгээр хүлээлгэж өгөх, мөн гэрээний үнэд орсон ая, хичээл батлагдсан хуваарь хөтөлбөр, хүлээлгэж өгөөгүй. Хамгийн чухал нь фитнесийн үйл ажиллагааг хүлээж аваад явуулж байхад маш олон хуучин үйлчлүүлэгчид 6 сарын хугацаатай эрх авчихсан сүүлийн 2 сарын хугацаанд тогтмол явсан байдаг.
5.2. Компани шилжсэнээр тухайн фитнессийн үйл ажиллагаа явагддаг үл хөдлөх хөрөнгийн түрээсийн харилцаа мөн дагалдан шилжсэн байдаг боловч бичгээр байгуулагдсан түрээсийн гэрээг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй. Анх хариуцагч нь фитнесийн үйл ажиллагаа явуулж буй байрыг сар бүр 6,050,000 төгрөгөөр түрээсэлдэг ба 3 жилийн хугацаанд уг түрээсийн төлбөрт өөрчлөлт орохгүй, тус газрын санхүүгийн тайлан гаргадаг бидний дунд түрээсийн төлбөр нэмэхгүй тохиролцоо байгаа гэж хариуцагчийн зүгээс амласан нь түүнтэй дээрх худалдах худалдан авах гэрээг байгуулах гол үндэслэл болсон.
Гэтэл түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн төлбөрөө 10 дугаар сард нь нэмэгдүүлж өөрчилсөн нь нэхэмжлэгчийн урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, худалдагч буюу ******* гэрээний 4.3-т заасан үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагч буюу нэхэмжлэгч *******т өгөх үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн төлбөрийн дарамтад орж, тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Хариуцагч нь гэрээ байгуулсны дараа буюу гэрээний урьдчилгаа 90,000,000 төгрөгөө аваад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл АНУ руу явсан ба гэрээний зүйлийг хүлээлгэж өгөх, цаашлаад яаж үйл ажиллагаа явуулах, тоног төхөөрөмжийн мэдээлэл, урьдчилан төлбөр төлсөн үйлчлүүлэгчдийн мэдээлэл, тооцоо, фитнессийн пэйж хуудасны админы эрх, нэр, лого зэргийг хүлээлгэн өгөөгүй. Компани татвар, нийгмийн даатгалд өртэй байх.
Иймд тус шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд татгалзах эрх үүсээгүй байна гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Фэйсбүүк хаяг болон хэрэгт авагдсан 8 хуудас дэвтэрт үзлэг хийх хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч гаргасан бөгөөд тухайн баримтад үзлэг хийнэ гэсэн атлаа хийгээгүй гэх нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь фэйсбүүк хаягт үзлэг хийсэн бөгөөд үзлэг хийх санал хүсэлттэй холбогдуулан 8 хуудас дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг дэвтэрт тухайн эд зүйлийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл байсан бөгөөд үүнд үзлэг хийгээгүй нь нэхэмжлэгч талын ямар нэгэн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад практик дээр нэгэнт түүнийг хүлээж авсан, түүнтэй холбоотой доголдлын талаарх гомдол, санал хүсэлт байгаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Гэрээг дуусгавар болсон тухай мэдэгдлийг мөн шинжлэн судлаагүй гэж нэхэмжлэгч тал маргадаг. Гэтэл үзлэг хийх явцад гэрээг дуусгавар болгохтой холбоотой мэдэгдлийг хариуцагчид танилцуулсан бөгөөд хариуцагч үүнийг эсэргүүцээгүй ба энэ талаар мэтгэлцээгүй тул энэ үндэслэлээр үзлэг хийх шаардлагагүй байсан гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хөдлөх эд хөрөнгө болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, 90,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хариуцагч ******* /худалдагч/, нэхэмжлэгч ******* /худалдан авагч/-тэй байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0289 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр тоног төхөөрөмж /фитнесс болон спа тоног төхөөрөмж/, нэр лого, нэр хүнд, хичээл ая, пэйж зэрэг хавсралт-1 заасан эд хөрөнгүүдийг 125,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд тохиролцжээ. /хх6-7/
2.1. Мөн, талууд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0288 дугаартай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр ******* *******-ийн нэг бүрийн хувьцааны үнэ 1,000 төгрөгөөр 100 хувийн хувьцааг 100,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /1хх12/
2.2. Дээрх гэрээний дагуу мөн өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, ******* *******-ийн 100 хувийн хувьцааг *******ийн нэр дээр шилжүүлж, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд нэхэмжлэгч ******* гүйцэтгэх захирлаар бүртгэгджээ. /1хх8-13/
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв.
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.” гэж заасан ба 8 хуудас дэвтэр нь хэрэгт эх хувиараа авагдсан байх тул тухайн дэвтэрт үзлэг хийх шаардлагагүй юм. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.
3.3. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дүгээр талд “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ээс таны мэйл хаяг руу гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэл явуулсан байсан. Та тэр мэдэгдлийг хүлээн авсан уу гэхэд хариуцагч гэрээ дуусгавар болгоё гэдэг мэйл ирсэн. Би гэрээ дуусгавар болчихлоо миний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй юм байна гэж ойлгосон...” гэж хариуцагч хүлээн зөвшөөрч буй энэ тохиолдолд цахимаар авсан эсэх талаар маргаагүй тул үзлэг хийх шаардлагагүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол мөн үндэслэлгүй.
3.4. Хэрэгт “худалдаж буй тоног төхөөрөмжийн жагсаалт” хавсралт 1 гэсэн баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байх бөгөөд уг жагсаалтын 1-д “нэр, лого, нэр хүнд, хичээл, ая, пэйж хуудас” гэсэн хэсгийг 35,000,000 төгрөгөөр хөрөнгийн нэр гэсэн 2 дахь хэсэгт 1-18 дугаарт бичигдсэн нэр бүхий эд хөрөнгүүдийг нийтэд нь 59,450,000 төгрөгөөр, хөрөнгийн нэр гэх 3 дахь хэсэгт 1-8 дугаарт бичигдсэн нэр бүхий эд хөрөнгүүдийг 30,550,000 төгрөгөөр, нийтэд нь 125,000,000 төгрөгөөр тооцон бичиж, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэж гарын үсэг зурагдсан баримт авагдсан байна. /1хх 7ар тал/
Мөн, гэрч *******аас, пэйж дээр зар тавих эрхийг өгсөн, мөн эд хөрөнгийг бодитоор 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэж өгсөн талаар мэдүүлсэн байх тул тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөөгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /1хх192-193/
3.5. Түүнчлэн, дээр дурдсан гэрээний хавсралт 1-д заасан тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч нь хүлээн авах үедээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх тул худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.
3.6. ******* *******-ийг худалдаж авахад татвар болон нийгмийн даатгалын өр төлбөргүй байхаар тохиролцсон гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна худалдах, худалдан авах гэрээнд тусгагдаагүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Иймд, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хэрэгжсэн, гэрээний дагуу эд зүйлийг хүлээлгэн өгсөн нь гэрчийн мэдүүлэг болон хүлээлгэж өгсөн актаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй болно.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.АЛТАНЦЭЦЭГ