Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2016/00976

 

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2016/00976

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантийн 6-166б тоотод оршин суух Боржигон овогт Нямдоржийн Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Баянхангай сум, 2 дугаар багт оршин суух Д.Лхагвад холбогдох,

6 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уртнасан, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.                                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Машины үнэ 2 000 000 төгрөг, 2010 оноос хойшхи хугацаанд миний машинаар өдрийн 10 000 төгрөг олох ёстой байсан гэж үзээд 4 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөг нэхэмжилж байна. Д.Лхагвагийн дүү Цоож ахад би машинаа зарлаа гэж яриад хамт явж байхад Д.Лхагва гухай “агаа нь авчихъя” гэж хэлсэн. Ингээд миний машиныг авахаар болоод Ниссан Блюберд 2973 УНВ маркийн улсын дугаартай, цагаан өнгийн машиныг 2 300 000 төгрөгөөр зарахаар болж зуун айлд нотариатаар орж машинаа хүлээлгэн өгсөн. Тухайн өдөр мөнгө өгч чадаагүй байж байгаад 2010 оны 11 сард 300 000 төгрөг өгсөн. 2011 оны 3 дугаар сард БЗД-ийн шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр шүүхээс буцаасан. 2011 оны 6 сард Орос улс руу засварчнаар ажиллахаар яваад 2016 оны 1 сард ирсэн” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Уртнасан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“6 сая төргөг төлөх ёсгүй гэж үзэж байна. Анх . Н.Эрдэнэбат манай нөхөрт машин зарахдаа эвдэрхий машин өгсөн байсан. Мотор, радиаторын  дээд таг нь хагархай байсан учраас зуун айлд очиж 10 000 төгрөгөөр засуулж байсан. Тэгэхэд засварчин энэ радиатор найдваргүй гэж хэлж байсан. Бас хроп нь хагархай байсан ба Н.Эрдэнэбат анх машинаа зарахдаа мотор авч тавиарай гэж хэлсэн байсан.

Би эвдэрхий машин өгсөн учраас энэ машины мөнгийг нь өгөхгүй гэж уурласан. Энэ машинаас болоод өвгөн бид хоёр их муудалцсан. Ингээд манай хүн 300 000 төгрөг өгсөн. Энэ машиныг янзлаад, явдаг байсан бол хамаагүй, би мөнгийг нь өгөх байсан.

Тухайн үед Н.Эрдэнэбатад ийм эвдэрхий машин зарлаа гэж хэлж байсан. Манай нөхрийн төрсөн Цоожоор дамжиж энэ машиныг авч байсан. Тухайн үед моторын мөнгөө хасаад 1 500 000 төгрөгөөр энэ машиныг авч байсан. Уг машиныг янзлах гэж өчнөөн их мөнгө зарлагадсан учраас одоо нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломжгүй. Надаас зөндөө их зарлага гарсан.” гэв.

Шүүх хуралдаан дээр хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг /хх 4, 20, 37-40/  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбат, хариуцагч Д.Лхагваагаас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэл, машины үнийн үлдэгдэл 2 сая төгрөг, гэрээг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол 4 сая төгрөг, бүгд 6 сая төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч зөвшөөрөхгүй байна.

Машиныг 1,5 сая төгрөгөөр худалдан авахаар 2010 оны хавар Н.Эрдэнэбаттай тохирч 300 000 төгрөгийг тухайн үед нь төлсөн, машин доголдолтой байсан тул ашиглах боломжгүй байсныг өөрт нь хэлж байсан, олон жилийн дандаа ийм их мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй, мөнгө төлөхгүй гэж хариуцагч тал маргаж байна.

Хариуцагч Д.Лхагваас 6 000 000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Н.Эрдэнэбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбат нь хариуцагч Д.Лхагвад Ниссан Блюберд маркын автомашинаа 2 300 000 төгрөгөөр худалдсан талаар болон уг машинаар таксинд явж өдөрт 10 000 төгрөгийн орлого олох байсан, хариуцагч Д.Лхагвад холбогдуулж 2011 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, 2011-2016 оны 1 сард Орос улсад ажиллаж, амьдарч байсан гэж тайлбарлаж байх боловч шүүхэд энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлож чадаагүй болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан ба 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” тул нэхэмжлэгч нь шаардах эрхээ алдсан байна гэж үзэх үндсэлэлтэй байх тул Н.Эрдэнэбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Д.Лхагваас 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Эрдэнэбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг шүүх хуралдаанд оролцсон талд мэдэгдсүгэй.

7. Шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Э.АРИУНАА