Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00133

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04056 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

473,936,328 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь *******тай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №CDV104A, №CDV104B/01, CDV104C, CDV104D тус тус дугаартай нийт 4 амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан №CDV104A дугаартай амины орон сууц захиалгын гэрээгээр ******* нь Хан-Уул дүүргийн ******* хороонд байршилтай ********амины орон сууцны цогцолбор хотхонд D загварын ******* дугаартай 227 м.кв талбай бүхий амины орон сууцыг гэрээгээр тохиролцсон хугацаанд барьж, захиалагч буюу *******д хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь гэрээний 2.1-д заасан АОС үнэ 1,678,650,000 төгрөгөөс гэрээний 2.2-т заасан нэг дор 4 амины орон сууц худалдан авсны хөнгөлөлт 42,750,000 төгрөгийг хасаж гэрээний үнэ 1,635,900,000 төгрөгийг гэрээний 2.3, 2.4-т заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон.

Хариуцагч нь, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 350,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг, банкны санхүүжилтээр 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3,600,000,000 төгрөг, нийт 4,030,000,000 төгрөгийг төлсөн.

Хариуцагч нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан тул гэрээний үлдэгдэл 260,950,000 төгрөг, алданги 259,888,887,50 төгрөг, НӨАТ-ын зөрүү 19,013,636.36 төгрөгийг нэмж тооцон, нийт 539,852,523.86 төгрөг дээр  2023 оны ******* сарын 10-ны өдөр БГ-23-0049 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь жилийн 15,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зээлийн гэрээгээр сольсон.

Хариуцагч ******* нь талуудын хооронд байгуулагдсан БГ-20-0049 дугаартай “Зээлийн гэрээ-ний 4.1-д заасан үүргээ биелүүлээгүй, 2023 оны 0******* сарын 10-ны өдрөөс 2024 оны 0******* сарын 09-ний өдрийг хүртэлх 12 сарын зээлийн төлөлт болох үндсэн төлбөр, хүү нийт 315,957,552 төгрөгийг төлөөгүй.

Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гарах үеийн хугацаанд төлөх ёстой байсан үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 315,957,552 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй тул гэрээний заасны дагуу алдангид 2023 оны 0******* сарын 10-ны өдрөөс 2024 оны 0******* сарын 09-ний өдрийг хүртэлх нийт 361 хоног, нэг өдрийн алданги 1,579,787.76 төгрөг тул нийт алданги нь 570,303,381.36 төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу 157,978,776 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй. Иймд талуудын хооронд 2023 оны 0******* сарын 10-ны өдөр байгуулагдсан БГ-20-0049 дугаартай зээлийн гэрээний 2024 оны 0******* сарын 09-ний өдрийг хүртэл үндсэн зээл, хүүгийн төлөгдөөгүй үлдсэн төлбөрт 315,957,552 төгрөг, алдангид 157,978,776 төгрөг, нийт 473,936,328 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие *******-ийн Хан-Уул дүүргийн ******* хороонд байршилтай ********амины орон сууцны цогцолбор хотхонд 629.3 м.кв талбай бүхий амины орон сууцыг захиалан бариулсан.

Тус захиалгын дагуу нэхэмжлэгч нь амины орон сууцыг анх 2022 оны ******* улиралд багтаан барьж, хүлээлгэн өгөх ёстой байсан хэдий ч хойшилсоор 2023 онд 95 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцыг хүлээлгэн өгсөн. Талуудын тохиролцооны хувьд ямар нэгэн засваргүйгээр амины орон сууцыг хар байдлаар нь хүлээлгэн өгөхөөр тохиролцож үнийн хувьд 4,030,000,000 төгрөг байхаар тохирч миний зүгээс амины орон сууцыг хүлээн авахдаа дээрх төлбөрийг бүрэн гүйцэд төлж дуусгасан. Гэтэл нэхэмжлэгч нь тохиролцсон үнийн үнийн дүнгээс илүү төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, дээрх үнийн дүн бол бага үнийн дүн биш миний хувьд тус компаниас олон тооны амины орон сууц захиалсан тул тодорхой хэмжээний хөнгөлөлтийг эдлэхээр болж улмаар дээрх үнийн дүнг төлөхөөр болсон.

Мөн нэхэмжлэгч нь 100 хувийн гүйцэтгэлтэй буюу бүрэн гүйцэд амины орон сууцуудыг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан хэдий ч тэр үүргээ биелүүлээгүй бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй барилга хүлээлгэн өгч гэрчилгээг гаргуулсан. Мөн тус дутуу байсан хэсгийг би өөрийн зардлаар хийж гүйцэтгэн үйл ажиллагаа явуулж байтал ийнхүү мөнгөө гүйцэд төлөөгүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн мөн дутуу хүлээлгэн өгсөн барилгыг өөрийн зардлаар барилгын ажил хийлгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 473,936,328 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,527,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч компанид хүсэлт гаргаж №СDV104A дугаартай гэрээг цуцалж ******* дугаартай амины орон сууцыг авахаас татгалзаж /хх18/, харин № СDV104B дугаартай гэрээг үргэлжлүүлэх ингэхдээ төлбөрийг банкны зээлээр төлж барагдуулах хүсэлтэй байх тул банканд зориулж амины орон сууц тус бүрээр нь гэрээг хийх шаардлагатай байна гэснийг нэхэмжлэгч компани хүлээн авч № СDV104B дугаартай гэрээг амины орон сууц тус бүрээр 3 салгаж СDV104B/01, СDV104C, СDV104D дугаартай гэрээнүүдийг байгуулсан боловч хариуцагч ******* нь дахин хүсэлт тавьж /хэргийн 92-98 талд авагдсан и-мэйл дэх үзлэгээр илэрсэн хүсэлт/ “... дахин зээл судлуулах хэрэгтэй байна. Өмнөх гэрээгээр судлуулсан мэдээлэл хэтэрхий хуучирсан, мөн олон тусдаа орон сууцанд зээл гарахгүй байна... иймд амины орон сууц тус бүрээр хийсэн гэрээг нэгтгэн нэг том амины орон сууцаар гэрээг шинэчлэн үнийн дүнг өсгөн байгуулж өгвөл энэ удаад зээлээ бүтээнэ, төлбөрөө цаг хугацаанд нь төлнө” гэж хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч тал мөн л хүлээн авч, талууд харилцан тохиролцож 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тус гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан.

Тус “Амины орон сууц захиалгын гэрээ № СDV104B-нд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр №СDV104B/01, №СDV104C, №СDV104D тоот нийт 3 гэрээг нэгтгэн нийт үнэ 4,978,950,000 төгрөг болох бөгөөд үүнээс засалгүйгээр шилжүүлсний үнэ 500,000,000 төгрөг, нэг дор 3 амины орон сууц худалдан авсны хөнгөлөлт 188,100,000 төгрөгийг хасаж хариуцагчийн төлөх үнийн дүн 4,290,850,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Тус нэмэлт гэрээний 2.3 болон 2.4-т зааснаар хариуцагч ******* нь урьдчилгаа төлбөр 400,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний дотор, үлдэгдэл 3,890,850,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. /хх33-34/

Хариуцагчийн дээр дурдсан банканд зориулж 3 амины орон сууцыг нэгтгэн, хариуцагчийн хүсэлтээр гэрээний үнийг дүнг өсгөж 4,500,000,000 төгрөг болгон 2023 оны 0******* сарын 10-ны өдөр “Амины орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсны дүнд банкнаас хариуцагчид зээл олгож, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3,600,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид хугацаа хоцроон төлснөөр хариуцагч нь нийт 4,030,000,000 төгрөгийг төлсөн ч, гэрээнээс 260,950,000 төгрөгийн үлдэгдэл, алданги, гэрээг нэмэгдүүлсний зөрүү татварын дүн тооцогдсоныг хариуцагч зөвшөөрч и-мэйл ирүүлж байсан нь үзлэгээр нотлогддог болно.

Хариуцагч ******* нь талуудын хооронд байгуулагдсан БГ-23-0049 дугаартай “Зээлийн гэрээ”’-ний 4.1-т заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3.1.3-т зааснаар 2023 оны 0******* сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2024 оны 0******* сарын 09-ний өдрийг хүртэлх 12 сарын зээлийн төлөлт болох үндсэн төлбөр, хүү нийт 315,957,552 төгрөгийг төлөгдөөгүй.

4.3. Анхан шатны шүүх талуудын хооронд амины орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан тус гэрээний дагуу хариуцагч ******* нь 4,290,850,000 төгрөг төлөхөөс нийт 4,030,000,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоосон боловч үлдэгдэл төлбөрт дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс гадна хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хуралдаанд уг зээлийн гэрээ цаашаа үргэлжлээд явах эсэх талаар асуухад энэ зээлийн гэрээ үргэлжилнэ гэх ойлгомжгүй тайлбарыг өгсөн. Тухайн гэрээ үргэлжилсэн тохиолдолд уг гэрээгээр одоо шаардах боломжгүй. Хэрвээ зээлийн гэрээг цуцалсан бол хуулийн дагуу энэ талаарх мэдэгдлээ өгөөд, зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй болно. Гэтэл энэ талаар тодорхой зүйл байхгүй ба зээлийн гэрээний үүргийг шаарддаг.

Талуудын хооронд байгуулагдсан амины орон сууцыг захиалах, захиалгын гэрээнүүд нь тухайн актуудаар цуцлагдаад дуусгавар болсон байхад өмнөх захиалгыг гэрээний үүрэгт уг захиалгын гэрээнд заасан алдангийг нэмж тооцоод, дахиж зээлийн гэрээний алданги тооцсон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2023 оны 0******* сарын 10-ны өдрийн БГ-23-0049 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 315,957,552 төгрөг, алданги 157,978,776 төгрөг, нийт 473,969,328 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дараах гэрээг байгуулжээ. Үүнд:

№CDV104A дугаартай “Амины орон сууц захиалгын гэрээ”-гээр ******* нь Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын ********амины орон сууцны цогцолбор хотхон дахь АОС-ны D загварын ******* дугаартай, 199 м.кв талбайтай амины орон сууцыг 1,678,650,000 төгрөгөөр, /хх10-17/

 

3.2. CDV104B дугаартай “Амины орон сууц захиалгын гэрээ”-гээр ******* нь Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын ********амины орон сууцны цогцолбор хотхон дахь АОС-ны D загварын 104B дугаартай, 629.3 м.кв талбайтай амины орон сууцыг 1,678,650,000 төгрөгөөр, /хх19-23/

 

3.3. CDV104B/01 дугаартай “Амины орон сууц захиалгын гэрээ”-гээр ******* нь Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын ********амины орон сууцны цогцолбор хотхон дахь АОС-ны D загварын 104B дугаартай, 199 м.кв талбайтай амины орон сууцыг 1,709,650,000 төгрөгөөр, /хх24-26/

 

3.4. CDV104С дугаартай “Амины орон сууц захиалгын гэрээ”-гээр ******* нь Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын ********амины орон сууцны цогцолбор хотхон дахь АОС-ны D загварын 104C дугаартай, 199 м.кв талбайтай амины орон сууцыг 1,659,650,000 төгрөгөөр, /хх27-29/

 

3.5. CDV104D дугаартай “Амины орон сууц захиалгын гэрээ”-гээр ******* нь Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын ********амины орон сууцны цогцолбор хотхон дахь АОС-ны D загварын 104D дугаартай, 199 м.кв талбайтай амины орон сууцыг 1,659,650,000 төгрөгөөр захиалан бариулахаар тус тус талууд харилцан тохиролцжээ. /хх30-32/

 

3.6. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Амины орон сууц захиалгын гэрээ CDV013/204B-нд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр АОС үнэ нь 4,978,950,000 төгрөг байна, тус амины орон сууцыг захиалагч нь хар ханаар буюу дотор засалгүйгээр авч байгаа бөгөөд дотор заслыг 500,000,000 төгрөгт тооцож үнийн дүнгээс хасч 4,478,950,000 төгрөг гэж талууд өөрчлөлт оруулжээ. /хх33-34/

 

3.7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Амины орон сууц захиалгын гэрээ CDV013/104B-ний нэмэлт гэрээ-2”-гээр 104B тоот 629,3 м.кв талбай бүхий амины орон сууц АОС үнэ нь 5,028,950,000 төгрөг байхаар тохиролцож, хөнгөлөлтийг хасч гэрээний 4,340,850,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байна. /хх35-36/

3.8. 2023 оны 0******* сарын 10-ны өдөр талууд:

“1.1. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн СDV104B гэрээ, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн CDV013/204B өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн CD013/204B нэмэлт гэрээ-2, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн CDV104B/1 тоот гэрээ, CDV104C тоот гэрээ, CDV104D тоот гэрээ,

1.2. Энэхүү гэрээ цуцалсан актыг үйлдэх хүртэл хүчин төгөлдөр үргэлжилсэн бусад талуудын хооронд байгуулагдсан Хан уул дүүрэг, ******* хороо, Каса Да Винчи хотхон 104В, 104С, 104D тоот амины орон сууц захиалгын гэрээ түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт зэргийг цуцалж дуусгавар болгож,

1.3. Талууд энэхүү акт үйлдсэн өдрийн огноогоор 1.2-т заасан амины орон сууцуудад холбогдох шинэчилсэн гэрээг байгуулна” гэсэн акт үйлджээ. /хх38/

 

3.9. Мөн талууд 2023 оны 0******* сарын 10-ны өдөр CDV104B дугаартай амины орон сууц захиалгын гэрээг шинэчлэн байгуулж хариуцагч нь Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын ********амины орон сууцны цогцолбор хотхон дахь АОС-ны E загварын 104B дугаартай, 681 м.кв талбайтай амины орон сууцыг 4,500,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар талууд харилцан тохиролцсон байна. /хх39-45/

 

4. Талууд дээрх амины орон сууц захиалгын  гэрээний дагуу хариуцагч ******* нь 4,290,850,000 төгрөг төлөхөөс нийт 4,030,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн, уг гэрээний үлдэгдэл 260,950,000 төгрөг байсан тухай хэн аль нь тайлбарласан.

 

5. Талууд дээрх ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 260,950,000 төгрөг, алданги 259,888,887,50 төгрөг, НӨАТ-ын зөрүү 19,013,636.36 төгрөгийг нэмж тооцон, нийт 539,852,523.86 төгрөг төлөх үүргийг сольж, 2023 оны 0******* сарын 10-ны өдөр БГ-23-0049 дугаартай зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байна.

 

5.1. Уг зээлийн гэрээгээр хариуцагч ******* нь Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын ********хотхоны 104B, 104C, 104D тоот 3 амины орон сууцны урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 539,852,524 төгрөгийг, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, зээлийн төлбөрийг хавсралт-1 баталсан хуваарийн дагуу төлөх нөхцөлөөр харилцан тохиролцжээ. /хх46-49/

 

5.2. Дээрхээс үзвэл, талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөх үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэж үзнэ.

Тодруулбал, талууд эхлээд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ******* нь тодорхой ажлын үр дүнг хариуцагч *******д хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй. Үүргийн эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгэнэ гэдгийг үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх гэж ойлгох ба талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэлэлцэн тохирсон хөлс төлөх хариуцагч *******ын үүргийг, зээлийн гэрээний үүргээр сольсон гэх үндэслэлтэй байна.   

 

5.3. Харин, талууд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 260,950,000 төгрөгийн үүргийг сольж зээлийн гэрээ байгуулахдаа алданги, НӨАТ зэргийг оруулан тооцож, зээлийн дүнг 539,852,523.86 төгрөгөөр тохиролцсон байх ба шүүхэд алданги тооцож гаргасан зээлийн дүнгээс дахин алданги нэхэмжилсэн, түүнчлэн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

5.4. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр буюу зээлийн гэрээний үүрэгт 260,950,000 төгрөгөөс, 12 сарын хугацааны зээлийн хүүг тооцоход 40,708,200 төгрөг, нийт 301,658,200 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5.5. Нэхэмжлэгч талаас, зээлийн гэрээний дүнд оруулан тооцсон гэх НӨАТ-ын зөрүү 19,013,636.36 төгрөгт холбогдох шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 301,658,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 172,278,128 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч *******аас 1,666,241 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,527,640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ