Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00138

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2024/00547 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,550,087 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Зээлдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *******-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 2014 онд үйлдвэрлэсэн Nissan Note-E12 маркийн цэнхэр өнгийн ******* улсын дугаартай автомашиныг барьцаалан 15,000,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч дээрх гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу сар бүрийн 20-ны өдөр 694,891 төгрөгийн тогтмол төлөлт хийх байтал өнгөрсөн 577 хоногийн хугацаанд хуваарьт төлөлтийг зөрчин үндсэн зээл, үндсэн хүүд нийт 4,897,997 төгрөгийг төлснөөс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн хуваарьт төлөлт хийхийг зээлдэгчээс манай байгууллага удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.3, 3.4, 3.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч *******аас үндсэн зээл 13,383,939 төгрөг, хүү 7,166,148 төгрөг, нийт 20,550,087 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Би *******-аас нэхэмжилсэн 17,817,563 төгрөгөөс журмын дагуу 4,897,997 төгрөгийг төлсөн. 2013 оны 08 дугаар сард хураан авсан машины төлбөрт 12,000,000 төгрөгийг тус тус тооцуулж үлдэгдэл 919,566 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 16,897,997 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 20,550,087 /хорин сая таван зуун тавин мянга наян долоон/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,708 /гурван зуун таван мянга долоон зуун найман/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх талуудын хооронд зөвхөн фидуцийн гэрээний харилцаа үүссэн, түүгээр дуусгавар болсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа шүүхэд өгснөөр цуцлагдсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл, үндсэн зээл болон зээлийн хүүг тооцоолсон баримтыг шүүхэд өгсөн.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ гэх нэртэй гэрээ нь барьцааны болон фидуцийн гэсэн холимог гэрээний хэв шинжийг агуулсан. Дан ганц фидуцийн гэрээ байгуулсан тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болдог. Ийнхүү гэрээний үүргийг дуусгавар болсон эсэхийг дүгнэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийн хэмжээ, фидуцийн зүйлийн үнэ ач холбогдолтой байж болдог.

Гэтэл манай ******* үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон эд хөрөнгө болох автомашиныг өмчлөлдөө бодитоор шилжүүлэн авч, бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан барьцааны гэрээнд зааснаар барьцааны хөрөнгийн талаар талуудын харилцан тохиролцсон үнэлгээ 15,000,000 төгрөг /элэгдэл хорогдол ороогүй/ гэж тохиролцож, мөн гэрээний 3.2-т Гэрээний хугацаанд барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буурсан, үрэгдсэн, устгасан тохиолдолд барьцаалагч барьцааны хөрөнгийг дахин үнэлж, зээлийн үлдэгдлийг бүрэн хаахад хүрэлцэхүйц хөрөнгийг нэмж барьцаалах гэж заасан. Гэтэл зах зээлийн үнэлгээндээ хүрэхгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байтал шүүх түүнийг үнэлээгүй. Бидний хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хүртэл барьцаа хөрөнгийг түр өөрийн хадгалалт, хамгаалалтад авсан болохоос, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах зорилгогүй байсан.

Хариуцагч нь хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрснийг шүүх үнэлээгүй, мөн хариуцагч өөрөө зөвшөөрч 2024 оны 8 дугаар сард автомашинаа нэхэмжлэгчийн авто зогсоолд түр байршуулж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Гэтэл шүүх 2023 оны 08 дугаар сард үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангасан мэтээр үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн зэрэгт тус тус гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,383,939 төгрөг, хүү 7,166,148 төгрөг, нийт 20,550,087 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1. ******* нь *******тай байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1206130112000366 дугаартай Зээлийн гэрээ-гээр 15,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх7/

 

3.2. Талууд мөн өдрийн 1206130112000366 дугаартай барьцааны гэрээгээр 2014 онд үйлдвэрлэсэн Nissan Note-E12 маркийн цэнхэр өнгийн ******* улсын дугаартай автомашиныг барьцаалжээ. /хх8/

 

4. Нэхэмжлэгч ******* нь барьцаат зээлийн үйлчилгээ явуулах үйл ажиллагааны чиглэлтэй болох нь 2005 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх5/

 

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл уг үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.

 

5. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт нийт 4,897,997 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

5.1. Нэхэмжлэгч талаас 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндсэн зээлд 13,383,939.02 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 577 хоногт ноогдох хүү 7,715,563.94 төгрөг төлөхөөс 3,281,939.02 төгрөгийг төлсөн тул үлдэх хүүд 4,443,624.92 төгрөг, нийт 17,817,563 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулахаар шаардсан байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, нэхэмжлэгч *******-ийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байх тул 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр нэхэмжлэлийн үнийн дүнг 2,732,523.66 төгрөгөөр зээлийн хүүг нэмэгдүүлж шаардах эрхгүй гэж үзнэ./хх 1-2, 83-84/

 

5.2. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 13,383,939.02 төгрөг, хүүнд 4,443,624.92 төгрөг, нийт 17,817,563 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцнэ.

 

6. Харин, талуудын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн барьцааны гэрээ гэх гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт нийцээгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Тодруулбал, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талуудын тохиролцсон гэрээний зүйл болох 21,500,000 төгрөгийн үнэ бүхий Nissan note-E12 маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн ******* улсын дугаартай, цэнхэр өнгийн суудлын автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч тал барьцааны гэрээний 2.8-д заасны дагуу шилжүүлэн авч өөрийн нэр дээр бүртгүүлсэн байна./8, 63-64/ Барьцаалан зээлдүүлэх эрх бүхий этгээд нь хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй боловч уг эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй. Иймд талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэнэ.

 

6.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаан өгөх үр дагавар үүсэх тул уг автомашины өмчлөх эрхийг болон 2023 оны 8 дугаар сард хураан авсан автомашиныг хариуцагч *******д шилжүүлэхийг нэхэмжлэгч *******-д даалгаж шийдвэрлэнэ.

 

7. Иймд, анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг фидуцийн гэрээ гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэх хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2024/00547 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 17,817,563 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,732,524 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар ******* нь *******тай байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1206130112000366 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 2014 онд үйлдвэрлэсэн Nissan Note-E12 маркийн ******* улсын дугаартай цэнхэр өнгийн автомашины өмчлөх эрхийг, хураан авсан уг автомашины хамт хариуцагч *******д буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч *******-д даалгасугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******аас 247,038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,701 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ