| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0163/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 195
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогч Б.А,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт А.Мт холбогдох эрүүгийн 1918002370187 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт А.М /РД: /, Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.М нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зул жавхлан” зочид буудлын 3 номерын өрөөнд найз залуу болох Э.Гтэй маргалдсаны улмаас өөрийнхөө гарыг шилэн аяганы хагархайгаар зүссэн ба түүний уг үйлдлийг таслан зогсоосон Б.Аийг шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Мийн өгсөн: Би өмнө өдөр нь найз залуутайгаа маргалдчихсан байсан. Найз залуу өрөөнд орж ирэхээр нь уурлаад ширээн дээр байсан шар айргийг унагаагаад асгачихсан. Тэгсэн буудлын хүлээн авагч харчхаад уурлаад байсан. Тэгэхээр нь би найз залуу руугаа “чи ирээгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Би зүгээр гэртээ орчих байсан” гэж хэлсэн. Энэ үед манай найз залуу буудлын хүлээн авагчтай ярилцаад үүдэнд зогсоод байсан. Тэгээд би уурлаад аяга аваад хана руу шидчихсэн. Аяга хагараад орон дээр үйрмэг нь унасан. Ингээд би хагалсан аяганыхаа томыг нь түүж аваад эргээд хартал Б.А “наад аяганыхаа хагархайгаар яах гээд байгаа юм бэ хая” гэж хэлсэн. Тэгээд би санамсаргүй гар луугаа цохичихсон, нэг мэдсэн Б.А намайг орон дээр дараад хэвтэж байсан. Тэгээд арай гэж доороос нь босоод эгч рүүгээ залгасан. Б.Аийн нүүр гэмтчихсэн байсан. Б.А “эхний удаа эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг болсон үүнийг нэхнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “нэг мөсөн шүүхийн шатанд эмчилгээний зардлыг нь өгнө” гэж хэлсэн. Эмнэлгийн төлбөр 300.000 төгрөг, өөрөөс гаргасан эмчилгээний зардал 155.000 төгрөгийг төлнө. Цалингийн хувьд өдрийн 25.000 төгрөгийн цалинтай ажилладаг гэсэн тул би 15 өдрийн цалинг төлнө... гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Аийн өгсөн: ... Тухайн үед би А.М болон түүний найз залуу хоёрт битгий муудалцаад байгаарай гэж хэлсэн. Тэгсэн энэ хоёр муудалцаж, хэрэлдээд цохилцож аваад байсан. Тэгэхээр нь манай найз залуу А.Мийн найз залууг өрөөнөөс аваад гарсан. Ингээд удалгүй би найз залуугаа дуудсан. Тэгсэн А.М буудлын шилэн аягыг хана руу шидчихээд хагархайгаар нь гараа зүсээд байхаар нь болиулах гээд дарж хэвтээд гаран дахь шилээ хая гэж хэлсэн. Тэгсэн урдаас сарвалзаад байсан. Гэтэл миний нүүрнээс цус гарч эхэлсэн. Би өмнө “............” зочид буудалд хүлээн авагч хийдэг байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад захирал ажилдаа ор гэж дуудсан боловч орж чадаагүй. Иймд цалингийн доод хэмжээгээр 2 сарын цалин 640.000 төгрөг, эмнэлгийн төлбөр 300.000 төгрөг, өөрөөс гарсан зардал 155.000 төгрөг нийт 1.095.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би 9 сард гадаадад амьдардаг ах, эгч рүүгээ явна. Түүнээс өмнө сорвио арилгуулах эмчилгээ хийлгэх бөгөөд гарсан зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Ц.Эийн өгсөн: ...02 цагийн орчим дээр чимээ гараад хүмүүс маргалдахаар нь дээшээ гарсан. 3 дугаартай өрөөнийхөн маргалдаж байхаар нь та нар гар гэж хэлсэн. Тэнд А.М, Г хоёр хоорондоо маргалдаж байсан. А.М нь Гаа цохиод байсан. Тэгснээ А.М аяга авч хана руу шидэж хагалснаа хагархайгаар нь гараа зүссэн. Б.А боль гээд бариад автал А.М нь Б.Аийн нүүр хавьцаа зүсчих шиг болсон. Тэгээд Б.Аийн нүүр, толгой, нурууны зүүн талын хэсгээс цус гарч байхаар нь би түргэн тусламж дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч Д.Дын өгсөн: ...Мөөгий найз залуутайгаа муудалцаад зочид буудлын шилэн аягыг найз залуу руугаа шидсэн. Б.А Мг, би найз залууг нь аваад салгасан. Тэгээд эргээд хартал манай найз охин Б.Аийн толгой, далны доод хэсгээс маш их цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч Э.Гийн өгсөн: ...А.М бид 2 маргалдаад нэлээн ноцолдсон. Тэгээд би зочид буудлын ажилтан эгчтэй юм ярьж байгаад эргээд харахад А.М нь аяга хагалчихсан барьж байгаад өөрийнхөө зүүн гарыг зүссэн. Тэгтэл Б.А нь А.Мийн дээр дарж хэвтсэн. Нэг мэдэхэд Б.Аийн толгойноос цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Гэрч А.Оийн өгсөн: ...”Зулжавхлан” зочид буудлын 3 дугаартай өрөөнд ороход Б.А орон дээр цаашаа хараад хэвтчихсэн, А.М нь Б.Аийн бүсэлхийгээр тэвэрчихсэн, Б.А нь А.Мийн хүзүүн дээр гараа тавьчихсан хоорондоо юм ярьж байсан. Тэгээд шалаар нэг цус болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
Б.Аийн толгойн баруун талд 0.5-1 сантиметр, зүүн доод уруул босоо 3-4 сантиметр, зүүн далны доод хэсэгт 5-6 сантиметр орчим босоо шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 32/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 289 дугаартай “Б.Аийн биед дух, доод эрүү, зүүн далны орчмын шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Ад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/,
А.Мийн цээжний баруун талд 1-2 сантиметр маажсан шархтай, зүүн гарын шуу дунд 1.5-2 сантиметр хөндлөн, 0.5-1 сантиметр, 0.5 сантиметр орчим тус тус зүсэгдсэн шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 36/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 293 дугаартай “А.Мийн биед зүүн гарын бугуйн дахь шарх, бүсэлхий ба баруун далны орчмын зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. А.Мт учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/,
Шүүгдэгч А.М нь 0.68 хувийн согтолттой гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 54/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч А.Мийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зул жавхлан” зочид буудлын 3 номерын өрөөнд иргэн Б.Аийн эрүүл мэндэд дух, доод эрүү, зүүн далны орчмын шархнууд бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул А.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Аийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 300.000 төгрөг, бусад эмчилгээний зардал 155.000 төгрөг, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 640.000 төгрөг, нийт 1.095.000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгчээ.
Хохирогчийн эмнэлгийн төлбөр болон эмчилгээтэй холбоотой зардалд 455.598 төгрөг зарцуулсан болох нь түүний гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байна. Харин ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлдээ холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.
Гэвч шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардал 155.000 төгрөг, эмнэлгийн төлбөр 300.000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалинд өдрийн 25.000 төгрөгөөр тооцож 15 өдрийн цалин 375.000 төгрөг төлөхөө илэрхийлж маргахгүй байна.
Иймд шүүгдэгч А.Мээс хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 300.000 төгрөг, эмчилгээний зардал 155.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 375.000 төгрөг, нийт 830.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн 265.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн сорвийг арилгуулах зардал нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч А.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа боловч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан танхайрах зөрчил үйлдэж байсан гэх хувийн байдал болон өөрийнхөө гарыг шилээр зүсэж эрүүл мэнддээ хохирол учруулсан үйлдлийг нь таслан зогсоосон хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх санал, хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг хохирол төлбөр нөхөн төлөөгүй байх тул 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч А.М нь торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч А.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хагарсан шилэн аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Мийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Мээс 830.000 /найман зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.А /РД:, утас: /-д олгож, хохирогчийн 265.000 /хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эд мөрийн баримтаар хураагдсан хагарсан шилэн аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР