Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 134/ШШ2016/00130

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, эмэгтэй, 49 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Хэрлэн захын хашаанд оршин суух, Говьсүмбэр аймгийн Тохижилт Сүмбэр ОНӨУҮГазарт усан санч ажилтай, Боржигон овогт Шүхэртийн Түмэндэлгэрийн /РД:ЧЛ67122581, утас:89931225/ хүсэлттэй

 

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Түмэндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Түмэндэлгэр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Түмэндэлгэр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хром Юфтийн үйлдвэрийн даргын 114 дүгээр тушаалаар арьс наагчийн ажилд орсон. 1986 онд Улаанбаатар хотод үслэг эдлэлийн үйлдвэр шинээр ашиглалтанд орсон болохоор би мэргэжлийн дагуу тэр үйлдвэрт хатаагчаар шилжин ажилласан. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Үслэг эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаар тушаалаар хими механик боловсруулалтын цехэд гинжин раман хатаагчаар томилогдон тасралтгүй уг байгууллагад 1997 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл хугацаанд ажилласан. Үслэг эдлэлийн үйлдвэр 1992 онд нэрээ өөрчилж Үслэг эдлэлийн “Сор” ХК болсон. Би Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “тэтгэврийн хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжилийн жагсаалт”-ын “хөдөлмөрийн халуун нөхцөл”-ийн 6-д зааснаар тэтгэвэрт гарах гэтэл миний ажлаас чөлөөлсөн тушаалд Үслэг эдлэлийн “Сор” ХК-ийн механик тасгийн ажилчин Ш.Түмэндэлгэр гэж бичсэнээс болж хүнд хортой нөхцөлд ажилласнаар тэтгэвэрт гарах боломжгүй байна. Мөн 1995 онд хүүхэд төрүүлсэн боловч хүүхэд маань 2 сарын дараа нас барсан учраас буцаад ажилдаа орсон. Иймд 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хром Юфтийн үйлдвэрт арьс наагчаар, 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд /хуучнаар Хөнгөн үйлдвэрийн яамны арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Үслэг эдлэлийн үйлдвэрийн Механик боловсруулалтын цех/ Үслэг эдлэлийн “Сор” ХК-д гинжин раман хатаагчаар ажилласан байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Түмэндэлгэр нь Улаанбаатар хотын Хром Юфтийн үйлдвэрт 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд арьс наагчаар, Үслэг эдлэлийн “Сор” ХК-д 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд /хуучнаар Хөнгөн үйлдвэрийн яамны арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Үслэг эдлэлийн үйлдвэрийн Механик боловсруулалтын цех/ гинжин раман хатаагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв: Үндэслэл нь:

Нэхэмжлэгч Ш.Түмэндэлгэр нь Улаанбаатар хотын Хром Юфтийн үйлдвэрт 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд арьс наагчаар ажиллаж байсан болох нь Хөнгөн үйлдвэрийн техникийн сургуулиас түүнд олгосон 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 139716 дугаартай тухайн үед суралцаж байсныг тэмдэглэж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ц.Болормаа, Д.Ариунаа нарын мэдүүлэг, Үслэг эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн нөхөн гаргасан 83 тоот тушаалын хавсралт, 1988 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хурлын протокол зэргээр,

 

мөн нэхэмжлэгч нь Хөнгөн үйлдвэрийн яамны Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн үслэг эдлэлийн үйлдвэрт /сүүлд Үслэг эдлэлийн “Сор” ХК болон өөрчлөгдсөн/ 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд гинжин раман хатаагчаар ажиллаж байсан болох нь Хөнгөн үйлдвэрийн техникийн сургуулиас түүнд олгосон 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 139716 дугаартай тухайн үед ажиллаж байсныг тэмдэглэж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр, Архивын Ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 582 дугаартай 1988-1990 оны хооронд авч байсан цалингийн тодорхойлолт, ХХЕЯ-ын Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Үслэг эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 179 дугаартай “Нөхөн тушаал гаргах тухай” тушаал, Арьс эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн нөхөн гаргасан 83 тоот тушаалын хавсралт,  Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Үслэг эдлэлийн үйлдвэрийн 1988 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн “Протокол”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 002268392 дугаартай Үслэг эдлэлийн үйлдвэр нь 1992 оноос Сор ХК болж нэр хэлбэрээ өөрчилсөн тухай лавлагаа, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 278 дугаартай Ш.Түмэндэлгэрийн 1995-1997 оны “Сор” ХК-аас авч байсан цалингийн талаарх архивын лавлагаа, мөн хэлтсийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1603 дугаартай Үслэг эдлэлийн Сор ХК нь 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай тодорхойлолт, Үслэг эдлэлийн “Сор” Компанийн “Танан-Эрдэнэ” пүүсийн эзний 1996 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай “Ажлаас халах, тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, Үслэг эдлэлийн “Сор” Компанийн захирлын 1996 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 159 дугаартай “Шагнан урамшуулах тухай” тушаал, Гүйцэтгэх захирлын 1996 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 159 тоот тушаалын хавсралт №2 “Танан-Эрдэнэ” Пүүсийн ажилчин, албан хаагчдын шагналын тодорхойлолт, гэрч Д.Ариунаа, Ц.Болормаа нарын мэдүүлэг, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэдийгээр хэрэгт авагдсан тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудад нэхэмжлэгчийн албан тушаалыг ...хими, механик боловсруулалтын цехэд ажилчин, хатаагч гэж тэмдэглэсэн байгаа ч Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 3.6-д арьс шир, үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн гинжит ба раман хатаалгын хатаагч гэж нэрлэн зааж өгсний дагуу нэхэмжлэгч нь энэхүү нэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан, мөн гинжит болон раман хатаалгын хатаагч гэж байснаас дангаараа хатаагч гэсэн албан тушаал байгаагүйг фото зургаар нотолсон тул түүний албан тушаалын нэрийг гинжин раман хатаагч гэж үзсэн болно.

 

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Шүхэртийн Түмэндэлгэрийг Улаанбаатар хотын Хром Юфтийн үйлдвэрт 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд арьс наагчаар, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Үслэг эдлэлийн үйлдвэрт /Үслэг эдлэлийн “Сор” ХК-д/ 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд гинжин раман хатаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Түмэндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.НАРАНЧИМЭГ