Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/00169

 

 

 

 

 

*******ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/04822 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 27,510,000 төгрөгийг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хуваарилалтад өөрчлөлт оруулав.

 

            1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 27,510,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03654 дүгээр шийдвэрээр *******ийг *******-ийн Захиргаа удирдлагын газрын хуулийн хэлтсийн ахлах хуульчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,166,658 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/00310 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх47-50, 7-16/

           

2.1. Түүнчлэн, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ШХ2024/00428 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /хх51/

 

            3. Хариуцагч *******ны гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/60 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******ийг ахлах хуульчийн албан тушаалд эгүүлэн томилж, дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна./хх6/

 

            4. Иймд нэхэмжлэгч *******ийн дээрх шүүхийн шийдвэрээс хойш ажилд эгүүлэн томилох хүртэл хугацааны буюу 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 5 сар 18 хоногоор тооцон 3,500,000*5=17,500,000 төгрөг, 166,666*18=2,999,988 төгрөг, нийт 20,499,988 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,010,012 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            4.1. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх дундаж цалин хөлсийг буруу тооцсон гэх гомдлыг хангахгүй. Учир нь, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03654 дугаар шийдвэрээр түүний ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо, дундаж цалин хөлс нь 1 сард 3,500,000 төгрөг, өдөрт 166,666 төгрөг гэж шийдвэрлэсэн байна./хх8-17/ Иймд анхан шатны шүүх, дундаж цалин хөлсний хэмжээ нь дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

            5. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл, шийдвэрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гардаж авч, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр буюу ажлын 10 өдрийн дотор нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт нийцжээ./хх18-22/

 

            5.1. Харин, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2024/17372 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д нийцээгүй байна.

 

5.2. Иймд дээрх захирамжийг гаргаснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан журмын дагуу аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд холбогдуулан гомдол гаргасан гэж үзэх бөгөөд хуульд заасан хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл буюу гомдлыг шүүх улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй юм.

 

            6. Түүнчлэн, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/04822 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,500 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******-аас 260,450 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсөвт оруулсугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д тус тус зааснаар хариуцагч болон нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,111 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ