Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/00170

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/02664 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,049,998 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр надтай уулзаад ахдаа маргааш гэхэд яаралтай 10,000,000 төгрөг олоод өгөөрэй, манай ээжийн бие муу байгаа, би ээжийгээ эмчлэх гэсэн мөнгө дутчихлаа гэсэн тул би маргааш нь өөрийн харъяалагддаг хадгаламж зээлийн хоршооноос 1 жилийн хугацаатай зээл авч, түүнд 10,000,000 төгрөгийг өгсөн. Энэ үед миний хүүхэд цусны цочмог хорт хавдар өвчнөөр өвдөж мөнгөний хэрэг их болсон. Гэтэл ******* нь Америкийн Нэгдсэн Улс руу яваад холбоогүй алга болсон. Би хадгаламж зээлийн хоршооноос зээлж авсан 10,000,000 төгрөгийн хүүг төлж байгаа, одоогоор 3,049,998 төгрөгийг  ******* надаас зээлж авсан мөнгөний хүүд би төлж хохироод байна. Иймд 10,000,000 төгрөгийг болон надад учирсан хохирол 3,049,998 төгрөг, нийт 13,049,998 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Увс аймагт оршин суух миний танил ******* гэх эмэгтэй над руу утсаар яриад манай нутгийн дүү ******* хүнд мөнгөө залилуулчхаад авч чадахгүй байна, та цагдаад ажиллаж байсан хүн туслаад өгөөч гэсэн. Энэ үед миний ээж өвчтэй байсан учир би *******ыг *******тэй уулзуулж мөнгийг нь хөөцөлдүүлэхээр болсон. Бид нар 2-3 удаа уулзсан. Энэ үед би *******ын мөнгийг аваад алга болсон хүмүүсийнх нь хаяг дугаарыг нь олж өгсөн. Мөн өөрийг нь цагдаагаас эрэн сурвалжилж байсныг нь зогсоолгож өгсөн. ******* надад ахаа баярлалаа гээд 10,000,000 төгрөгийг миний дансанд өөрөө шилжүүлж өгсөн. Түүнээс би *******аас ямар нэгэн мөнгө төгрөг зээлж гуйж аваагүй. Итгэл над руу *******ын ажлыг хөөцөлдөж байна, их нааштай болж байна. 70,000,000 төгрөгийг нь авч өглөө гэж хэлсэн. Одоо 300,000,000 орчим төгрөг үлдсэн гэж ярьж байсан. Энэ үед ******* байсан. Тухайн үед миний ээж 84 настай өндөр настан байсан ба хорвоогийн жамаар бурхан болсон. Иймд ээжид эмчилгээний мөнгө шаардлагагүй байсан. Би АНУ руу дүү рүүгээ явсныг ******* мэдэж байсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 13,049,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 223,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн ******* ХЗХ-нд төлсөн хүү болох 3,049,998 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

******* бусдад залилуулаад мөнгөө авч чадахгүй танил хүнээрээ гуйгаад ирэхэд миний бие өөрийн танил *******ийг явуулж, хамтарч багагүй мөнгө гаргуулж, *******д өгүүлсний хөлсөнд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг авсан. Гэтэл ******* нь над руу шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр зээл гэж бичсэнийг шүүхэд өгсний дараа мэдэж, тус баримтыг үндэслэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

4.2. ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг над руу шилжүүлэхдээ шууд утаснаасаа шилжүүлсэн, харин хэрэгт авагдсан ******* ХЗХ-той хийсэн гэрээ нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ байх бөгөөд мөнгө авснаас хойш 1 өдрийн дараах гэрээ байгаа тул тус хүү болох 3,049,998 төгрөгийг төлөх үндэслэл болохгүй байгаа тул зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүү тооцсон 3,049,998 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

******* нь надад мөнгө хэрэгтэй байна гэхээр би хадгаламж зээлийн хоршооноос 10,000,000 төгрөгийн зээл авч өгсөн. Надад хүнд өгөх 10,000,000 төгрөг байхгүй. Миний хүүхэд цусны хорт хавдрын өвчтэй. Миний хүү сард 20,000,000 төгрөгийн эм уудаг. Надад 10,000,000 төгрөгийн хүү төлөх боломж байхгүй. Би зээлсэн мөнгөө, хоршоонд төлсөн хүүгийн хамт гаргуулна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,049,998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

 

2.1. Нэхэмжлэгч ******* нь, ******* хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 67/04 дугаартай зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлж авчээ./хх7/

 

2.2. ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *******ын Хаан банкны ******* тоот дансанд 10,000,000 төгрөгийг “зээлүүлэв *******аас” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна./хх6/

 

2.3. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* нь зээлийн хүүд 3,049,998 төгрөгийг ******* ХЗХ-нд төлсөн болох нь кассын орлогын ордер гэх баримтаар нотлогдсон байна./хх5/

 

3. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь дээрх 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж, хариуцагч нь уг мөнгийг надад зээлдүүлээгүй, цагдаагийн байгууллагад байгаа асуудалд нь тусалсны төлөө баярлалаа гэж өгсөн гэх боловч нэхэмжлэгчээс уг мөнгийг шилжүүлсэн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар буцаан авах зорилгоор хариуцагчид 10,000,000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдсон байна. Хариуцагчаас зээл 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

3.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээрх мөнгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн, уг зээлийн хүүг хариуцагч ******* төлнө гэсэн боловч төлөөгүй тул би хоршоонд төлж байсан, мөн хүү ******* нь цусны цочмог хорт хавдар өвчнөөр өвчилж БНХАУ-д эмчлүүлж хүнд нөхцөл байдалтай байхад хоршооноос авхуулсан зээлийн хүүгээ төлөөгүй, надаар төлүүлсэн гэж тайлбарласан ба хариуцагч уг тайлбарыг үгүйсгэж няцаасан баримтгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн, *******т авч өгсөн зээлийн хүүд хоршоонд төлсөн 3,049,998 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт  нийцсэн. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Мөн “нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг утаснаасаа шууд шилжүүлсэн, харин хэрэгт байгаа ******* хадгаламж зээлийн хоршоотой хийсэн гэрээ нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ байх ба мөнгө авснаас 1 хоногийн дараах гэрээ байх тул зээлийн хүүд 3,049,998 төгрөгийг төлөх үндэслэл болохгүй байгаа тул хүү тооцсоныг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

4.1. Учир нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, ******* хадгаламж зээлийн хоршоотой хийсэн гэрээ нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн огноотой байх бөгөөд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн банкны мөнгөн шилжүүлгийн баримт нь уг өдрийн огноотой байгаа нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/02664 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

 ШҮҮГЧ                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ