Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 198

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Д.Од холбогдох эрүүгийн 1918000000178 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                   

Монгол Улсын иргэн, Т овогт Д.О /РД: /, Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.

 Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.О нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ..... дугаар байранд байрлах гутал засварын ажилтан Д.Чийн Самсунг трэнд 350 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч авч явж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Огийн өгсөн: Д.Чийг таньдаг байсан. Мобикомын сүлжээнд үнэгүй ярьдаг болохоор нь гар утсыг нь авсан. Буцааж өгөөгүй нь миний буруу. Гар утсыг нь хүнд 10.000 төгрөгөөр зарсан. Гар утсыг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Чийн өгсөн: Дархан сумын 13 дугаар багийн 22 дугаар байрны зоорийн давхарт байрлах гутал засварын газартаа байж байтал зүс таних манай хуучин хорооллын залуу орж ирээд “эгчээ гар утсаа өгч байгаач, ганц ярьчхаад өгье, энд сүлжээ унаад байх шиг байна” гэж хэлээд миний гар утсыг аваад гадагшаа гарсан. Гэтэл буцаж орж ирэхгүй болохоор нь нөхрийнхөө гар утсаар өөрийн гар утас руу залгахад нөгөө залуу “одоохон, би ойрхон явж байна” гэж хэлсэн. Тэгээд дахиад 30 минут орчим хүлээгээд орж ирэхгүй болохоор нь гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Би алдсан гар утсаа буцааж авсан Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч О.Аын өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монхоо буюу Д.О, н.Б буюу Угаанаа 2 манай ажил дээр ирээд “нэг шил архи уух гэсэн юм” гээд Самсунг тренд загварын гар утсыг 15.000 төгрөгөөр аваач гэж хэлсэн. Би авахгүй гэхэд ядаж 12.000 төгрөгөөр аваач гэж гуйсан. Надад 10.000 төгрөг л байна гэхэд Угаанаа, Монхоо хоёр надаас 10.000 төгрөг аваад явсан. Би Монхоог өөрийнхөө гар утсыг зарж байна гэж бодсон. Монхоо надад 10.000 авчирч өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,

Шүүгдэгч Д.Огийн яллагдагчаар өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байрныхаа таньдаг гутал засварын ажил хийдэг эгчээс гар утсыг нь “хүнтэй ярьчхаад өгье” гэж хэлээд авсан. Тэгээд хүнтэй утсаар ярьчхаад тэр чигээр нь гар утсыг нь авч яваад О.Анхбаяр гэх таньдаг залууд 10.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Цагаан өнгөтэй, арын тагны ирмэгүүд хагарсан, ар хэсэгт нь 352913/06/351047/1 гэсэн сериал бичиглэлтэй Самсунг тренд загварын гар утсыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/,

Цагаан өнгөтэй, 352913/06/351047/1 сериал дугаартай Самсунг тренд загварын гар утсыг хохирогч Д.Чт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “иргэн Д.Чийн эзэмшлийн Самсунг тренд-350 загварын хэрэглэж байсан гар утас 250.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Огийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн 22 дугаар байранд байрлах гутал засварын ажилтан Д.Чийн Самсунг трэнд 350 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч авч явж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Д.Оийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Чт 250.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Ч нь алдсан гар утсаа биет байдлаар нь буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Чийн өгсөн “...Би алдсан гар утсаа буцааж авсан Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12/, Цагаан өнгөтэй, 352913/06/351047/1 сериал дугаартай Самсунг тренд загварын гар утсыг хохирогч Д.Чт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.О нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгч Д.О нь торгох ялаар шийтгэж өгнө үү, торгуулийг төлөх боломжтой гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Д.Огийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Д.Ог Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн ба Д.О нь тэнссэн хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Огийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Од хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Огийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР