Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 314

 

К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Мөнхцэцэг,

шүүгдэгч К.Тэмүүжингийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

шүүгдэгч П.Дарханбаяр, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Л.Оюун, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 104 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Мөнхцэцэгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарт холбогдох 201626023022 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Борис овогт Колягийн Тэмүүжин, 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт /Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 23 дугаар байр, 201 тоотод оршин суух бүртгэлтэй/, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун Жанжины 23-460 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УИ91121815/,

2. Соном овогт Пагамсүрэнгийн Дарханбаяр, 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт /Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, Цахир 22 дугаар гудамж, 23 тоотод оршин суух бүртгэлтэй/, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 16-44 тоотод түрээсээр оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ТЕ93062156/,

3. Малчин овогт Батдэлгэрийн Баярсайхан, 1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “МЦУУ” ХХК-ын Өмнөговь аймагт байх салбарт жолооч ажилтай, Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, 017-3 гудамжны 4 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ИИ94112635/,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1315 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 29 дүгээр байрны гадна Г.Энх-Амгалан, Б.Ариунбаатар нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Г.Энх-Амгалангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан 320.000 төгрөгийн эд зүйлийг, Б.Ариунбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан 550.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, ял сонсгожээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заахдаа “Энэ хэргийг ... бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг ... үйлдсэн” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан байна.

Хэргийн нөхцөл байдлаас харахад К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нар нь урьдчилан үгсэн тохиролцсон байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаагүй байна.

Иймд К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарын үйлдсэн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан “...бүлэглэн гүйцэтгэгч” эсхүл мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг”-ийн аль нь болохыг тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийж гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжийг зөв тодорхойлж тэдгээрт холбогдох хэргийг зүйлчлэх нь зүйтэй байна.

Тухайн үед К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нар нь “Файр” баарнаас автомашинаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо 29 дүгээр байрны 5 дугаар орцны ойролцоо буюу хэрэг гарсан гэх газар аль замаар яаж очсон замын чиглэлийг үзлэг хийх замаар тодорхойлох шаардлагатай байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарын унаж явсан гэх 12-70 УНЗ улсын дугаартай “Ниссан Тино” загварын автомашиныг битүүмжилсэн тогтоол байгаа боловч бодит байдал дээр битүүмжилсэн эсэх нь тодорхойгүй тогтоол гаргасан тул энэ байдлыг тодруулж, уг автомашины эзэмшигчийг тогтоож байцаах шаардлагатай гэх үндэслэлээр К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарт холбогдох 201626023022 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянгол дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор М.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93 дугаар зүйлд зааснаар бэхжүүлж цуглуулсан: Хохирогч Г.Энх-Амгалангийн “...найз Ариунбаатартай 03:17 цагийн орчимд гараад гэр рүүгээ харихаар 29 дүгээр байрны 5 дугаар орцны ойролцоо алхаад явж байхад араас 3 залуу ирээд нөгөө 2 чинь энд байна гээд намайг бор өнгийн юүдэнтэй куртиктэй залуу араас цохиж, би тэр үед ухаан алдсан байсан” гэх, хохирогч Б.Ариунбаатарын “...29 дүгээр байрны хажууд явж байсан чинь араас 3 залуу ирээд нөгөө 2 чинь энд байна гээд урт бор куртиктэй нь намайг гараараа цохиод би унахад дээрээс миний нүүр рүү өшиглөөд байсан. Тэр үед би ухаан алдсан байсан. Миний “ай фон-5” утас, “ай фон ай ватч” бугуйн цаг, солонгос монетон кольцон бөгж зэргийг дээрэмдсэн байсан” гэх мэдүүлгүүд хэрэгт авагджээ. Түүнчлэн яллагдагчаар татагдсан К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...дээрэмдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй” талаар мэдүүлсэн зэрэг байдлуудаас дүгнэхэд гэмт хэрэг үйлдэх явцад яллагдагч нар нь санаатай хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулсан, тухайн хэрэгт хамааралтай дээрх нотлох баримтуудыг мөрдөн байцаагч, прокурор үнэлж “бүлэглэж” үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг зааж яллагдагчаар татаж, ял сонсгох тогтоол болон яллах дүгнэлтдээ дурьдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт “энэ хэргийг..., бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, ...үйлдсэн” гэж заасан нь нэг зүйлийн нэг хэсэгт багтаж байгаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй нөхцөл байдал бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн журмын дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх “урьдчилан үгсэн тохиролцсон байж болзошгүй нөхцөл байдал” гэж ямар нотлох баримтыг үнэлэн дүгнэж байгаа нь тодорхой биш бөгөөд ямар ажиллагаа хийж шалгах үндэслэл байгааг заагаагүй, таамагласан шинжтэй байна гэж үзэх үндэслэлтэй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Энх-Амгалангаас дээрэмдэн авсан эд зүйлийн зарим болох түрийвч, банкны картуудыг П.Дарханбаяраас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч нарын болон яллагдагч нарын мэдүүлгүүдээр К.Тэмүүжин, П.Дарханбаяр нар нь Г.Энх-Амгалан, Б.Ариунбаатар нарыг зодож Б.Баярсайхан нь хажуугаар нь эд зүйлийг нь авч байгаа үйл баримт тодорхой нотлогдож тогтоогдсон байх тул аль замаар яаж очсон замын чиглэлийг үзлэг хийх нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд зайлшгүй хийх шаардлагатай ажиллагаа биш байх бөгөөд шүүх уг ажиллагаагаар ямар нөхцөл байдал тогтоох нь хэрэгт ямар ач холбогдолтой байгааг тодорхой дурдаагүй байна.

К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарын тухайн үед унаж явсан 12-70 УНЗ улсын дугаартай “Ниссан Тино” загварын автомашиныг битүүмжлэх тогтоол үйлдсэн боловч мөрдөн байцаалтын явцад уг тээврийн хэрэгсэл Р.Болорцэцэг гэх хүний нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогдсон ба түүнийг гэрчээр байцаах зорилгоор тэмдэглэгдсэн утсаар болон гэрийн хаягаар эрэн сурвалжлахад утас, хаяган дээрээ байхгүй, тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тогтоогдоогүй бөгөөд харин тухайн тээврийн хэрэгсэл нь эдгээр яллагдагч нарын өмчлөл, эзэмшилд байдаггүй болох нь эрх бүхий байгууллагын лавлагаагаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг ашигласан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай тогтоолын дагуу эд хөрөнгийг заавал хураахгүйгээр тухайн тээврийн хэрэгслийн үнийг тогтоож, албадан гаргуулах боломжийг хангасан байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201626023022 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 104 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Баярсайханы өмгөөлөгч Б.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг зөвшөөрөхгүй байна. Харин анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжиж байна. Учир нь хохирогч Энх-Амгалангийн “нөгөө хоёр чинь энд байна гэж хэлсэн” гэх мэдүүлгт үндэслэн шүүгдэгч нарын дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзсэн. Автомашинд ярьж байгаа зүйлийг гудамжинд явж байгаа хүн сонсох боломжгүй. Хяналтын камерын бичлэгийг харахад 2 залуу ирээд хохирогч нарыг нэг нэгээр нь зодож байгаа байдал харагддаг. Тэнд 3 хүн байгаагүй. Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл хэсэгт заасан аль нэг шинж нь байгаа юм чинь шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор хэргийг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж байсан. Хуульд бүлэглэн буюу урьдчилан үгсэн тохиролцсон гэж заасан учир хэргийн сэдэлт санааг заавал тогтоож байж уг гэмт хэргийн бүрэлдэхүүн мөн эсэхийг тогтоох ёстой. Прокуророос “шүүх таамагласан шинжтэй тогтоол гаргасан” гэж байгаа нь буруу юм. Шүүгдэгч нарын явсан зам, чиглэлийн тухайд заавал тогтоох ёстой зүйл юм. Шүүгдэгч нар хохирогч нарыг хайж очоод дээрэмдсэн, гэнэт тааралдаад юмыг нь авсан хоёр ялгаатай. Болорцэцэг гэж хүний тээврийн хэрэгслийг хураан авах гэж байгаа юм уу, худалдан борлуулах гэж байгаа юм уу, хохиролд тооцуулах гэж байгаа юм уу  гэдэг нь ойлгомжгүй байдлаар битүүмжилсэн байдаг. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан.” гэв.

Шүүгдэгч К.Тэмүүжингийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмижж байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон зүйл байхгүй гэдгийг хэлдэг.” гэв.

Шүүгдэгч П.Дарханбаярын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч П.Дарханбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 104 дүгээр шүүхийн тогтоолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, шүүх хуралдаанд зохих оролцогч нарыг бүрэн оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаасан энэхүү тогтоолд дурдсан үндэслэлүүдийг тодруулан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд зааснаар хууль зүйн үнэлэлт дүгнэлтийг өгч, бүхэлд нь шинжлэн судлах замаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 104 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, прокурор М.Мөнхцэцэгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол К.Тэмүүжин, Б.Баярсайхан, П.Дарханбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц.ОЧ