Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/0083

 

“Т а т” ХХК, “М м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:            Х.Батсүрэн

Танхимын тэргүүн:         Д.Мөнхтуяа

Шүүгчид:                              П.Соёл-Эрдэнэ                      

                                                 Ц.Цогт      

Илтгэгч шүүгч                  Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга:  У.Оюунзаяа                   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/ШШ2024/0022 дугаар шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгч “М м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М а т а” ГҮТББ-ын төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлоор,

Нэхэмжлэгч  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгч “М м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М а т а” ГҮТББ-ын төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “Т а т” ХХК, “М м”  ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын Хавсралт 1-ийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар заасан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” А/71 дүгээр тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г хавсралтаар шинэчлэн баталж, уг тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчны сайдын 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 117 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлсний хэмжээ”-г хүчингүй болсонд тооцсон байна.  

3.Нэхэмжлэгч “Т а т” ХХК-аас дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... Байгаль орчны сайдын 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 117 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар тусгай хамгаалалттай газарт орж ирж буй жуулчдаас авах нэг удаагийн хөлсний хэмжээг баталж тогтоосон байдаг. Цагаанхаднаас Гашуунсухайт авто замын боомт хоорондох зам нь Говийн бага дархан цаазат газраар дайран өнгөрдөг тул тусгай хамгаалалттай газар нутгаар манай компанийн хүнд даацын авто машин бүр нэвтрэн өнгөрөх тутамдаа тус бүр 1000 төгрөгийг хамгаалалтын захиргаанд төлдөг байсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар хүнд даацын авто машин тус бүрээс нэвтрэн өнгөрөх тутамд нь 50,000 төгрөг төлүүлэхээр 50 дахин нэмэгдүүлсэн нь журмын зорилго, бодит нөхцөл байдалд нийцээгүй бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрөх авто замаар нүүрс экспортын тээвэр хийж буй компанийн үйл ажиллагаанд саад учруулж байна.

3.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргээ биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн ” гэж маргажээ.

4.Нэхэмжлэгч “М м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М а т а” ГҮТББ-аас дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

4.1.“... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” А/71 дүгээр тушаалаар иргэн болон бүх төрлийн тээврийн хэрэгслээс хураамж авахаар өөрчилсөн боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 117 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх журам”-д тээврийн хэрэгслээс хураамж авах талаар ямар ч зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, журмаар зохицуулахгүй харилцааг үүсгэж, шинээр татвар хураамжийг бий болгосон. Дархан цаазат газрын хамгаалалтын болон хязгаарлалтын бүс дэх улсын болон орон нутгийн чанартай авто замаар дамжин өнгөрч буй зорчигч, тээврийн хэрэгсэл, орон нутгийн ачаа, экспортын тээвэрчид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ямар нэгэн үйлчилгээ авдаггүй тул хураамж төлөх үндэслэлгүй.

4.2.Экспортын тээвэр гүйцэтгэж буй тээврийн хэрэгсэл нь 100-135 тонн нүүрс ачдаг тул хатуу хучилттай авто замаас гарах ямар ч боломжгүй бөгөөд дархан цаазат газрыг үзэх, унаган төрхийг нь алдагдуулах, байгалийн баялаг ашиглах ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа явуулдаггүй тул уг тушаалын үйлчлэлд хамаарахгүй... Гэтэл хураамж авч байгаа нь хэм хэмжээний акт тэгш үйлчлэх зарчмыг алдагдуулж, эрх зүйн зөрчил үүсгэсэн. Улсын болон орон нутгийн чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс хураамж авах эсэх, тухайн бүсэд үйлчилгээ эрхэлж буй иргэн, байнга байрладаг аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл өдөрт олон удаа нэвтэрдэг бол хэрхэн хураамж авах, хамгаалалтын бүсэд төвлөрсөн суурин газар байгаа тохиолдолд хэрхэх талаар ямар ч зохицуулалт байхгүй, байцаагч өөрийн үзэмжээр шийдвэрлэхээр байгаа нь хэм хэмжээний актын нөлөөллийн шинжилгээг бодитоор хийгээгүй, хэм хэмжээний акт тэгш үйлчлэх боломжгүй болохыг нотолж байна …” гэж маргажээ.

5.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлогын хэмжээг тогтоох бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад олгосон. Энэ эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг” шинэчлэн тогтоосон. Захиргааны хэм хэмжээний актыг гаргахын өмнө холбогдох бүхий л судалгааг хийж, нөлөөллийн шинжилгээний дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлсэн. Иймд маргаан бүхий тушаал нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдлыг тогтоосон, хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

 6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж,

 6.1.“... Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоохдоо холбогдох судалгаа, нөлөөллийн шинжилгээ хийж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаарт нийтэлсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

6.2.Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аялал жуулчлалын тухай 2000 оны хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.4, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.40-т зааснаас үзэхэд тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрч буй нэхэмжлэгч компанийн нүүрс тээврийн ачааны машинуудыг ямар нэгэн үйлчилгээ авсан, эсхүл тухайн нутаг дэвсгэрт нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулсан гэж үзэж төлбөр авч төсөв бүрдүүлэхээр тухайн хураамжийг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй.

6.3.Тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрдөг ачааны машинтай этгээд буюу нэхэмжлэгч нүүрс тээврийн компанийн жолооч нар нь аялал жуулчлал хийхгүй, мөн тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрхийг үзэх, түүнд нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаггүй, улсын чанартай авто замаар зорчиж, зам ашигласны төлбөрөө тухайн компанид төлдөг, хог хаягдлын төлбөрийг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн тогтоолоор баталсны дагуу төлдөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн 2023 оны А/71 дүгээр тушаал нь нэхэмжлэгч нарт чиглээгүй, тухайн тушаалын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байдал тогтоогдоогүй. Харин нэхэмжлэгч нарын хөндөгдсөн эрх, ашиг сонирхол нь тухайн тушаалыг хэрэгжүүлж буй этгээдийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байна ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7.Нэхэмжлэгч “М м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М а т а” ГҮТББ-ын төлөөлөгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

7.1.Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Монгол Улсын хууль, стандартыг баримтлалгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлээгүй тухайд: Шүүх “... А/71 дүгээр тушаал нь Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын бүсээр дайран өнгөрч байгаа авто замаар нүүрс тээвэрлэж буй компаниудад бус, жуулчдад зориулагдсан байна” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч уг тушаалыг хууль тогтоомжид нийцүүлэх, хууль бус үйлдлийг нь зогсоох талаар шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаа нь гомдол гаргах үндэслэл болж байна.

7.2.Хэргийн материалд авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Захиргааны ерөнхий хуулийн 59, 61-72 дугаар зүйлд заасны дагуу хийсэн “Нөлөөллийн шинжилгээ”-ний хамрах хүрээ нь зөвхөн жуулчлалд зориулж хийгдсэн, олон жилийн өмнө тогтоон мөрдүүлж байсан нэвтрэх хураамжийн хэмжээгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн байсан.

7.3.Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим”-ын 12 дугаар зүйлд “Дархан цаазат газрын нутаг дэвсгэрийг дайран гарсан улс, орон нутгийн чанартай авто замаар зорчих иргэн, түүнчлэн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийх үүрэг бүхий албан тушаалтан тухайн дархан цаазат газраар зөвшөөрөл авахгүйгээр нэвтэрч болно” гэж заасантай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаал зөрчилдсөн. Түүнчлэн дээрх тушаал нь нэвтрэх хураамжийг хэрхэн авах, юунд зарцуулах, тайлагнах, хяналт тавих асуудлыг ямар нэгэн журам гарган зохицуулаагүй байгаа нь хуульд нийцээгүй.

7.4.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.40-д “... “хураамж” гэж төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг ...” гэж заасан. Гэтэл бодит нөхцөл байдал дээр Говийн бага дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Цагаанхад суурьшлын бүс, нүүрсний ачилт буулгалтын талбай буюу гаалийн хяналтын бүсүүд байдаг бөгөөд эндээс нүүрс ачсан тээврийн хэрэгсэл Дархан цаазат газрын захиргаанаас ямар нэгэн үйлчилгээг авахгүйгээр улсын чанартай авто замаар яваад Гашуунсухайт авто замын боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил гараад Баяннуур аймгийн Ганцмод боомтод нүүрсээ буулгадаг. Өөрөөр хэлбэл, улс хоорондын экспортын ачаа тээвэрлэгчид тогтоож өгсөн замаас гарч дархан цаазат газрыг үзэх, байгалийн баялаг ашиглах, унаган төрхийг нь алдагдуулах ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа явуулдаггүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ямар нэгэн үйлчилгээ авдаггүй. Иймд маргаан бүхий А/71 дүгээр тушаалын хавсралтын 1-д заасан 3,5 тн-с дээш бодит жинтэй ачааны автомашин Говийн “Б” Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөхөд 50,000 төгрөгийн хураамж авдаг хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байгаа тул гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй” гэсэн тайлбар, нэхэмжлэгч “Т а т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг тус тус өгөв.

ХЯНАВАЛ:

9.Нэхэмжлэгч “М м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

10.Хяналтын шатны шүүхээс маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалт хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгнө.

11.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 18/ дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г баталсан байх бөгөөд уг тушаалын хавсралтын “Дархан цаазат газар” гэсэн 1 дэх хүснэгтийн “Ачааны машин” гэсэн баганад (3.5 тн-оос дээш бодит жинтэй) 50,000 төгрөг” гэж заажээ.

12.Энэхүү А/71 дүгээр тушаал нь эрх зүйн хэлбэрийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан “захиргааны хэм хэмжээний акт” байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

13.Давж заалдах шатны шүүхээс “хариуцагч дээрх тушаалыг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах журмын дагуу баталсан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй заалт (хураамж) нь тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зорилгоор нэвтэрч байгаа хүн, ачааны машин, нисдэг тэрэг зэрэгт хамаарахаас бус тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрч буй ачааны машинтай этгээдэд буюу аялал жуулчлал хийхгүй, тухайлбал, нэхэмжлэгч нүүрс тээврийн компанийн жолооч нарт үйлчлэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

14.Учир нь, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зорилго, мөн А/71 дүгээр тушаалын талаарх Нөлөөллийн шинжилгээний танилцуулга, түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.40-д заасан “хураамж”-ийн зохицуулалт (төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгө)-аас үзвэл маргаан бүхий хураамжийг “тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зорилгоор нэвтэрч буй этгээдээс хамгаалалтын захиргаа нь тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлсний төлөө авч буй мөнгөн хөрөнгө” гэж тайлбарлахаар байна. Үүнийг ч хариуцагч тал зөвшөөрсөн тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар өгөв.       

15.Гэвч маргаан бүхий тушаал буюу захиргааны хэм хэмжээний актын зорилго, үйлчлэх хүрээ нь тодорхойгүйгээс бодит байдалд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, тэдгээрт сөрөг үр дагавар үүсгэж байгаа нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

16.Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актад тавих эрх зүйн шаардлагыг зохицуулсан бөгөөд 60.1.2-т зааснаар уг акт нь “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” учиртай. Өөрөөр хэлбэл, захиргааны хэм хэмжээний актын агуулга, зорилго, үйлчлэх хүрээ нь “тодорхой байх” ёстой.

17.Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамж” нь ямар зорилгоор батлагдсан, хэнд үйлчлэх нь тодорхойгүй байгаа нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй, үүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол сөргөөр хөндөгдсөн гэж үзэхээр байна.

18.Хэдий тийм боловч уг хураамж нь тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хийх зорилгоор нэвтэрч буй этгээдийн хувьд (ямар автотээврийн хэрэгсэл ашиглаж байгаагаасаа хамааран) үйлчлэх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаан бүхий заалтыг хүчингүй болгох боломжгүй юм.

19.Иймд хариуцагч А/71 дүгээр тушаалын Хавсралтын Тайлбар хэсэгт тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээ буюу ямар зорилгоор, хэнээс авах/авахгүй талаар (тухайлбал, улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг) тодорхой заах шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсний дагуу маргаан бүхий тушаалын холбогдох заалтыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

20.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/ШШ2024/0022 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын хавсралт 1-ийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар заасан хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл буюу уг хавсралтын Тайлбар хэсэгт тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээг тодруулж заах хүртэл 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол уг хэм хэмжээний актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж, “2” гэснийг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч “М м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М а т а” ГҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.БАТСҮРЭН  

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Д.МӨНХТУЯА

    ШҮҮГЧИД                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                      Ц.ЦОГТ

                                                                               Г.БАНЗРАГЧ