Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 359

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: бгХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь Бг ХХК-ийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан татварын чөлөөлөлтөнд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 26,467,284,00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адн, Б.Цн, Н.Бр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бг”-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингисийн өргөн чөлөөнд 50 дугаар байрны 15, 16 дугаар давхарыг оффисын зориулалтаар ашигладаг боловч Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн 6.1 “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг, улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож, нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, мөн хуулийн 9.1 “Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана” гэсэн заалтыг зөрчиж тайлангаа өгөөгүй, нуун дарагдуулж ирсэн болно.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2015 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх үл хөдлөх хөрөнгийн төлөөгүй нуун дарагдуулсан бол ногдох татвараас чөлөөлж, хариуцлагаас төр нэг удаа өршөөсөн болно. Уг хууль батлагдсанаас хойш Татварын албанд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, мөн татварын байгууллагаас 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шинээр баталсан маягтын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 19,473,294,54 төгрөг, татварыг дахин шинээр баталгаажуулан, ил тод болгож 2 дахь удаагаа тайлагнасан юм.

Татвараас  чөлөөлөгдөх асуудлаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст хандсан боловч тус татварын хэлтэс 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/07 тоотоор: 26,467,284,00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх үндэслэлгүй байна” гэсэн хариуг өгсөн.

Дээрх хариуг эс зөвшөөрч Татварын Ерөнхий газарт “Хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн зарчмыг үндэслэн уг хуулийн дагуу бусад аж ахуйн нэгжийн нэгэн адил татвар төлөлт болон хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. 

Манай 2015 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх үл хөдлөх хөрөнгийн татварыг огт төлөөгүй нуун дарагдуулсан, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй явж ирсэн, үүнийгээ 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу хуулийн хугацаанд Татварын байгууллагаас 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шинээр баталсан маягтын дагуу дахин шинээр баталгаажуулан, ил тод болгож тайлагнасан учраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу төлөлт болон хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байгааг хүлээн авахыг дахин хүссэн”. 

Гэвч Татварын ерөнхий газар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10/07 тоотоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлагдахаас өмнө буюу 2013 онд, 2014 онд дээрх үл хөдлөх хөрөнгийн тайланг гаргаж байсан учраас эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй” гэсэн хариуг өгсөнийг мөн зөвшөөрөхгүй байна.

Учир нь манай байгууллага нууж байсан үл хөдлөх хөрөнгийн татварын тайлангаа бүр 2013 он, 2014 онд тайлагнаж байсан мэтээр гүтгэн бичиж зориуд өршөөлийн хуульд хамруулахгүй байгаагаас хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдан компанийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Иймд шүүхээс хүсэхэд нэхэмжлэгч бгХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдан 26,467,284,00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой болохыг тогтоож, бгХХК-ийг 26,467,284,00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргахыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс-д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бг нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, 50 дугаар байрны 15, 16 давхарыг оффисын зориулалтаар ашигладаг боловч Үл хөдлөх албан татварын хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, тайлангаа өгч байгаагүй учир Эдийн Засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдан 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шинээр баталсан маягтын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 19,473,294,54 төгрөгийн татварыг дахин шинээр баталгаажуулан ил тод болгож 2 дах удаагаа тайлагнасан. Тиймээс уг хуульд заасны дагуу 1 удаа хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй юм гэж үзсэн байна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоос сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй 3.1 Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож, бүртгүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч нь энэ хуулийн дээрх заалтад хамаарах үндэслэлгүй байна.

Учир нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 50 дугаар байрны 15, 16 давхарыг оффисын зориулалтаар ашигладаг 000076530 үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээний дугаартай, 884334819 төгрөгийн үнэлгээний дүнтэй үл хөдлөх эд хөрөнгийг орон сууц, үйлчилгээний зориулалтаар нэхэмжлэгч өөрөө ХУД-ийн Татварын хэлтэст 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүсэлтээ өгөн бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ХУД-ийн 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, 50 дугаар байрны 15, 16 давхар оффисын зориулалтаар ашигладаг үл хөдлөх эд хөрөнгөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдахаас өмнө бүртгүүлж мэдүүлсэн байх тул Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамаарахгүй юм.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно. 8.1 Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно гэж заасны дагуу ХУД-ийн 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, 50 дугаар байрны 15, 16 давхарын үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдон тооцогдсон болно.

Уг үл хөдлөх эд хөрөнгө нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамаарахгүй тул 26467284 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг чөлөөлөх үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч бг-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эн шүүхэд хандан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь бг-ийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан татварын чөлөөлөлтөд хамруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 26,467,284,00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарын хууль зүйн үндэслэлийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 –т “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй”, 3.1-д “Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацааг нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхээр байна.

Бодит байдал дээр бгХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингисийн өргөн чөлөөны 50 дугаар байрны 15, 16 давхарт байрлах 1,050.39 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэхээр  2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст нэхэмжлэгч хүсэлтээ өгөн бүртгүүлснээр эд хөрөнгө нь ил болсон байна. 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, 50 дугаар байрны 15, 16 давхар оффисын зориулалтаар ашигладаг үл хөдлөх эд хөрөнгөө Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдахаас өмнө бүртгүүлж мэдүүлсэн байх тул Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамаарахгүй байна.

Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлоно”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, 50 дугаар байрны 15, 16 давхарын үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдон тооцогдсон болох нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн 000076530 дугаар гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэл, үндсэн хөрөнгийн үлдэгдлийн 2013, 2014 оны тайлан, бг-ийн санхүүгийн тайлан, баланс, хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч бгХХК нь 2013, 2014 оны санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь бгХХК-ийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан Татварын чөлөөлөлтөд хамруулаагүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  26,467,284.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхийг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

 

          Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.1, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Бг ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь Бг ХХК-ийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан татварын чөлөөлөлтөнд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 26,467,284,00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.ОЮУНГЭРЭЛ