Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 39

 

Ж.Чгийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 137/ШШ2016/00220 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Чгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Бд холбогдох,

2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.О нарын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ж.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 27-нд Д.Б нь намайг ажилд оруулж өгнө гээд 2 000 000 төгрөг авсан. Би 2013.12.27, 28-ны өдөр 2 сая төгрөгийг сая, саяар нь цувуулж өгсөн. Бид 2 танилцаад удаагүй би улсын ажилд ормоор байна гэж Б эгчтэй ярьж байсан. Д.Б эгч надад нэг сайн таньдаг хүн байгаа, 2 сая төгрөг өгвөл оруулж өгнө гэсэн.  Тэгээд би яг найдвартай оруулж өгөх юм уу гэхэд найдвартай гэсэн. Би өмнө 2 013, 2014 онуудад дэлгүүрт худалдагч хийж байгаад 2014 оны 1-4 сар хүртэлх хугацаанд ажилгүй байсан. Би дэлгүүрт суухаа болиод 4 сард Д.Б эгчтэй таараад ажил асуухад мэргэжилгүй хүн ажилд авахгүй гэж байна, чи сургалтанд суугаад ир гэсэн. Тэгээд би Оюутолгой ХХК-ний төслийн шугамаар өртөөний жижүүрийн сургалтанд хамрагдсан ба төгсөж ирээд 3 сар Замын-Үүд өртөөнд дадлага хийсэн, өргөдөл өгсөн боловч хариу ирэхгүй байсан. Дараа нь Б эгчтэй таараад ажил юу болж байна гэхэд эгч нь хэлсэн байгаа, одоо Монголын төмөр замд хүмүүсийг ажилд бүртгэж байна, чи анкетаа бөглөөд өгчих гэж хэлэхээр нь би анкетаа өгсөн юм. Б эгчтэй одоо холбоогүй байгаа.

Дараа нь Д.Б эгчээс мөнгөө нэхэмжлэхэд би нөгөө хүндээ 1500000 төгрөгийг өгсөн. Харин зуучилсан гээд 500000 төгрөгийг авсан гэж хэлж байсан. Тэр сургалт бол мэргэжилгүй хүмүүсийг мэргэжилтэй болгодог сарын 160000 төгрөгийн истпенттэй, нийгмийн даатгалын шимтгэл байгууллагаас төлдөг сургалт энэ сургалтанд би өөрөө хамрагдсан юм. Харин гэтэл одоо Д.Б эгч намайг сургалтанд суулгасан гээд ярьдаг, тийм зүйл байхгүй, би өөрөө сурсан. Одоо мөнгө нэхэмжлэхэд би чамайг сургалтанд суулгаж өгсөн биз дээ гэж хэлээд ам таглаад байдаг юм. Иймд 2 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ж.Чтэй 2009 онд танилцсан. Манай байрны хажуу дахь хүнсний дэлгүүрт худалдаг хийдэг байсан. Ч нь өөрийн амьдралаа ярьж, ах эгчийндээ байхад ямар хэцүү, өнчин тухай их зовлон тоочин хэлдэг байсан. Мэргэжилгүй болохоор ажилд орж чадахгүй юм. Танай төмөр замын сургуульд орж сурах юмсан гэж их ярьдаг. Би Чг өрөвдөж боломж гарвал туслах юмсан гэж бодож явдаг байсан. 2014 онд манай өртөөн дээр Оюунтолгойн төслөөр УБТЗ-ын сургуульд явах тухай цахилгаан ирсэн.

 Энэ тухай Чд хэлэхэд би сурмаар байна, та сураглаж тусалж өгөөч гэж гуйсан. би Чг өөрийн дүү шигээ санан, манай эгчийн хүүхэд, миний дүү гэж хэлж байгаад сургуульд бүртгүүлж өгсөн. Манай өртөөнөөс манай ажилчин залуугийн эхнэр, Ч хоёр л энэ сургуульд явсан. Чгээс бүртгэлийн хураамж 5000 төгрөг, сургуульд сурахад заавал төлөх ёстой нийгмийн даатгалын хураамжинд 160000 төгрөг надаар дамжуулж төлсөн. Би Чг сургуульд сургаж, мэргэжилтэй болгож их тус болсон гэж бодож явдаг. Ч өөрөө надад баярласан, талархсанаа хэлж байсан. Төмөр замын сургууль төгссөн хүний ажилд орох эрх нь нээлттэй байдаг. Ч сургуулиа төгсөөд цуг төгссөн хүнтэйгээ хамт манай өртөөнд дадлага хийж байгаад явсан. Чтэй ямар нэгэн мөнгө төгрөгний асуудал байхгүй бөгөөд шүүхэд өгч мөнгө нэхэмжилсэн байгааг ойлгохгүй байна, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Д.Бгөөс 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Чд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Чд олгож,

Хариуцагч Д.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэж,

Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б давж заалдсан гомдолдоо: Би Ж.Чгээс 2 сая төгрөг аваагүй байхад шүүх намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөр үүрэг үүссэн гэж шийдвэрлэж надаас 2 сая төгрөг гаргуулж Ж.Чд өгүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дэндүү нэг талыг барьж шийдвэр гаргасанд үнэхээр их гомдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.О давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Нэхэмжлэгч Ж.Ч нь 2 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй, 2 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэдэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж таамаг төдийхнөөр шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбараар мөнгийг өгсөн байна гэж үзэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан нотлох баримт өөрөө эргэлзээгүй байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 1 сая төгрөгийг юаниар тооцож өгсөн гэдэг атлаа юаниа хэдэн төгрөгөөр тооцож өгсөнөө ч мэддэггүй гэх мэтийн ямар ч баримтгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд 137/ШШ2016/00220 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Д.Бд холбогдуулан 2000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч Д.Б нь мөнгийг аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.О нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Тэдний гомдлыг үндэслэн хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал нэхэмжлэгч Ж.Ч нь ажилд орохын тулд хариуцагч Д.Бд 2000000 төгрөг өгсөн ба Д.Б нь түүнийг ажилд оруулж өгөөгүй гэсэн үндэслэлээр уг мөнгийг буцаан нэхэмжилсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2000000 төгрөг өгсөн болох нь тогтоогдоогүй байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 2000000 төгрөг өгснөө нотлоогүй байхад анхан шатны шүүх зөвхөн түүний тайлбарыг үндэслэн хариуцагч түүнд уг мөнгийг буцаан өгөх үүрэг үүссэн буюу хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 107 дугаар зүйлийн 107.2-т нийцээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл дээрх хуульд зааснаар зохигчийн тайлбар  бодит үнэнд нийцсэн байхаас гадна нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээ өөрөө нотлох ба ингэхийн тулд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, хариуцагчийн зүгээс гаргаж буй тайлбар, нотлох баримтыг няцаасан  байх шаардлагатай  болно.

Энэ утгаараа зохигч нь шүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт гаргах, цуглуулах, улмаар түүндээ үндэслэн тайлбар гаргасныг бодит үнэнд нийцсэн гэж үзэх боломжтой болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг хамааруулсан, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т эхэлж нэхэмжлэгчид нотлох үүргийг хариуцуулахаар зааснаас тус тус үзэхэд маргааны үйл баримтыг нотлох үүрэг нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоос  эхэлнэ гэж ойлгогдож байна.

Тиймээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдсон тохиолдолд хариуцагчийн татгалзал, тайлбар, түүний гаргасан нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэх нь мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т заасан зохигч талуудын мэтгэлцэх болон нотлох үүргийн хуваарилалтын зарчимд нийцэх юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримт  буюу нотолгооны хэрэгслээр тогтоогдсон гэж дүгнэн зөвхөн түүний тайлбарыг үндэслэсэн нь нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүйн гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд хариуцагч Д.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.