Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 19

 

               

Г.Д т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1941 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр тогтоол, БНМАУ-ын Дээд шүүхийн 1941 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 269 дүгээр тогтоолтой Г.Д т холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Дорнод аймгийн Дарьганга сумын 7 дугаар багийн харьяат, 1941 оны байдлаар 40 настай байсан, эрэгтэй, Г овогт Д .          

Г.Д  нь Монгол ардын хувьсгалт нам засгийг түлхэн унагаж, эзэрхэг хаант засгийг тогтоон байгуулахын тулд хувьсгалын эсэргүү хорт цуурхлыг тарааж байсны дээр Японы самуурай нараас тус улсын хил хязгаарт довтлон байх үед уг ажлыг улам идэвхтэй явуулж, ард олныг нам, засгийн өмнөөс эсэргүүцүүлэхийг чармайн цуурхал тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1941 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Г.Д ийг Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэнч шударга хөдөлмөрчдийн жагсаалаас бүрмөсөн тусгаарлаж, шууд буудан алж, ялыг батлагдмагц гүйцэтгэж, түүний хөрөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

БНМАУ-ын Дээд шүүхийн 1941 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47, 48 дугаар зүйлийг нэгтгэсэн нэмэлт хуулийн 2.1-д зааснаар Г.Д т оногдуулсан ялыг 8 жил хорих ял болгон өөрчилсөн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1941 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 39 дүгээр тогтоол болон БНМАУ-ын Дээд Шүүхийн 1941 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шинэчлэн хянасан эрүүгийн хэргийн 269 дүгээр тогтоолоор Г.Д т тус улсын Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47, 48 дугаар зүйлийг нэгтгэсэн нэмэлт хуулийн 2.1-д зааснаар 8 жил хорих ял хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хавтаст хэрэгт Г.Д  мэдүүлэхдээ: “миний бие ардын хувьсгалт нам засагт олон зүйлийн хортой эсэргүү цуурхал тарааж, феодалын засгийг японы эзэрхэг түрэмгий нарын тусламжтайгаар байгуулахаар японыг магтаж байсан нь үнэн. Энэ туулай жилээс эхлэн луу, могой жилүүдэд шашин ирж, хийдүүд хурал хурна, зүүн хойно шашин бурханд дуртайг нь үлдээж, нам засгийг дагасныг нь ална, япон удахгүй ирнэ, энэ үед Ардын засаг устаж үгүй болно гэх цуурхлыг тус сумын 5 дугаар багийн И овогтой лам явсан С-с ярьсныг цааш тарааж байсан нь үнэн ба “Чи намайг албан газарт хэлвэл чамайг ална” хэмээн айлгаж байсан. Миний бие энэ шашин дахин дэлгэрч япон улс энэ засгийг устгана гэсэн нь үнэн болов уу хэмээн сонирхон ярьж явсан нь үнэн” гэж,

Мөн “1939 онд Япон нь Дорнод хязгаараар зэвсэглэн довтлоход манай улсаас ямар ч хохиролгүйгээр япон улсыг няцаасан хэмээн хувьсгалт нам засгаас ухуулан таниулах ажлыг хийхэд нь би энэ худал, манай талаас хорогдолгүй япон улсыг дийлж үл чадна, ард олны саналыг хуурч байна гэсэн үгийг би ярьж байсан” гэж мэдүүлжээ.

2. Гэрч М.Ж, Б.Ш, Л.У, Б.Р, Д.Н нарын мэдүүлэгт: “Д ийг төр засгийн эсрэг цуурхал тарааж байсныг сонсоогүй” гэж,

3. Гэрч М.Д-ийн мэдүүлэгт: “Д аас ноос бэлтгэл хэмээн ардуудын хонины ноосыг байн байн авсаар гэр бүрэх эсгийгүй болж байна” гэж,

4. Гэрч Д-ийн мэдүүлэгт: “Д аас энэ ардын засаг удахгүй өөрчлөгдөж хүн бүхэн япон хэмээх хуучин засгийг мандуулж, лам ноёдын эрхийг олгох болно” гэх зэргээр ярьж байсан гэж мэдүүлжээ.

5. Д  нь нэг нутгийн лам И-н С-с “Одоо манай буддын шашин, төр хоёр ирнэ, энэ туулай жилээс эхлэн луу, могой жилүүдэд шашин ирж, хийдүүд хурал хурна, одоо зүүн хойно шашин бурханд дуртайг нь үлдээж, нам засгийг дагасныг нь ална, япон удахгүй ирнэ, энэ үед Ардын засаг устаж үгүй болно” гэх цуурхлыг ярьсныг цааш тарааж байсан нь үнэн ба “чи намайг албан газарт хэлвэл чамайг ална” хэмээн айлгаж байсан гэж мэдүүлсэн байхад энэ мэдүүлгийнх нь үнэн эсэхийг тогтоохоор И.С-той нүүрэлдүүлэн шалгаж хэн нь үнэн ярьсныг шалгаж тогтоогоогүй байна.

Дээрх мэдүүлэг, баримтуудаас үзэхэд Г.Д ийн тараасан цуурхлын санаа зорилго, тухайн нийгэм, засаг төрийн үйл ажиллагаанд болон хувь хүмүүст ямар хор хохирол учруулсныг хөндлөнгийн баримтуудаар бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

Д ийн тараасан гэх эл цуурхлууд нь тухайн цаг үедээ ард олны дунд түгээмэл яригдаж байсан зүйлүүд байх ба зарим нэг цуурхал нь тухайн цаг үеийн мэдээллийн дутагдалтай байдлаас таньж мэдэх гэсэн чанартай зүйлүүдийн талаар ярьсан яриа байх бөгөөд эдгээр цуурхал ярианы улмаас хохирол учирсан гэх баримт тогтоогдоогүй байхад улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн.../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

4. Г.Д т Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47, 48 дугаар зүйлийг нэгтгэсэн нэмэлт хуулийн 2.1-д зааснаар 8 жил хорих ял хилсээр шийтгэсэн үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в/-д зааснаар түүнийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байна.

Г.Д т Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1941 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 39 дүгээр тогтоол болон БНМАУ-ын Дээд Шүүхийн 1941 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шинэчлэн хянасан эрүүгийн хэргийн 269 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47, 48 дугаар зүйлийг нэгтгэсэн нэмэлт хуулийн 2.1-д зааснаар 8 жил хорих ял хилсээр шийтгэсэн тогтоолыг хүчингүй болгож, Дорнод аймгийн Дарьганга сумын харьяат, Г овогтой Д ийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Г.Д т холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг харьцуулан судалж үзэхэд Г.Д ийн олны дунд тараасан цуурхал ярианы санаа зорилго, учирсан хохирол, хор уршгийг нотолж чадаагүй, зарим гэрчүүдийн мэдүүлсэн “...Д ийг төр засгийн эсрэг цуурхал тарааж байсныг сонсоогүй” гэсэн цагаатгах талын баримтыг няцаан үгүйсгээгүй зэргээр холбогдсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдоогүй байхад хилсээр ял шийтгэсэн нөхцөл байдал тогтоогдов.

Г.Д ийн гэм буруутайд тооцогдож, хилсээр ял шийтгүүлсэн Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47, 48 дугаар зүйлийг нэгтгэсэн нэмэлт хуулийн 2.1-д заасан үйлдэл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д тодорхойлсноор “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иймд Г.Д ийг улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлэн, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1941 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр тогтоол, БНМАУ-ын Дээд шүүхийн 1941 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 269 дүгээр тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр тус тус хүчингүй болгон, Г.Д ийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1941 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр, БНМАУ-ын Дээд шүүхийн 1941 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 269 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Г-ийн Д-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ               Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                   С.БАТДЭЛГЭР 

                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                          Б.ЦОГТ