Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00213

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05386 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

41,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь Нийслэлийн авто замын газраас гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх зорилгоор нэхэмжлэгчтэй 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээний болон өмнөх хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчид эрүүгийн болон иргэний эрх зүйн харилцаанд хариуцагч талд хэд хэдэн удаа хууль зүйн туслалцааг, мөн тендерийн баримт бичиг бүрдүүлэх, маргаан шийдвэрлүүлэх зэрэг туслалцааг байнга үзүүлсэн. Нэхэмжлэгч нь Нийслэлийн авто замын газартай холбоотой маргааныг амжилттай, 100 хувь хариуцагч талд шийдвэрлүүлсэн бөгөөд улмаар хариуцагч нь төлбөрийг бүрэн барагдуулан авсан ба нэхэмжлэгчтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй тул талууд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлэх акт байгуулан 212,877,056 төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулсан. Хариуцагч нь акт байгуулах болон байгуулснаас хойш шатанд хууль зүйн туслалцааны төлбөрийг хэсэгчлэн хэд хэдэн удаа төлсөн, үлдэгдэл 41,800,000 төгрөгийг тодорхой бус шалтгааны улмаас одоог хүртэл төлж барагдуулахгүй байгаа. Иймд гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор хариуцагчаас 41,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Манай компани нэхэмжлэгч хуульч, ******* болон түүний хамтран ажиллагч өмгөөлөгч *******тай иргэний хэд хэдэн маргаанд хууль зүйн туслалцаа авч хамтран ажилласан бөгөөд тус хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авсан иргэний маргаан бүр шүүхээр хянагдаж тухай бүр төлбөр тооцоог манай талаас хийж дуусгасан. Тухайлбал, ******* компанийн *******-д холбогдох хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагчаар орсон иргэний хэргийн маргаан 2018 оноос 2022 он хүртэл үргэлжилж бүрэн дууссан ба тус ажлын төлбөрийг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон *******, өмгөөлөгч ******* нарт *******аар дамжуулан хийж тооцоо дуусгасан. Өөрөөр хуульч *******аас дахин иргэний эрх зүйн харилцаанд гэрээний дагуу зөвлөгөө аваагүй болно. *******-ийн удирдлага Эрүүгийн журмаар зарим нэг хэрэгт шалгагдаж байсан бөгөөд тэрхүү эрүүгийн харилцаанд компаниас өмгөөлөгч *******, *******, ******* нараас хууль зүйн туслалцаа авч гэрээ байгуулан ажилласан. ******* нь өмгөөллийн эрх байхгүй учир өмгөөлөгчөөр ямар ч хэрэг маргаанд оролцож байгаагүй. Арбитрын хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нарыг оролцуулж амжилтайгаар хэрэг маргаанаа дуусгавар болгосонд манай зүгээс ч үүнд маш их талархалтай байдаг. Анх гэрээ байгуулахад *******т гэрээний төлбөрийг улсын төсвөөс авсны дараа төлнө хэмээн хоорондоо амаар тохиролцсон боловч төсвөөс мөнгөө аваагүй байхдаа *******т 80,000,000 төгрөг төлсөн.

Арбитрын хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлсийг манай компанийн эрх, ашгийг хамгаалан хэрэгт оролцсон өмгөөлөгчид өгөх нь зүй ёсны учраас бид ажлын төлбөрөө төлөөгүй удаасанд уучлал хүсэн ******* өмгөөлөгчид гэрээний үлдэгдэл төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлж 2018 оны гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохиролцсон ******* компанийн Нийслэлийн авто замын газартай маргалдсан Арбитрын хэрэг, маргаанд зохих ёсоор ажиллаж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан *******, үлдэгдэл төлбөрийг манай талын эрх ашгийг хамгаалан хэрэг маргаанд оролцсон, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн өмгөөлөгч ******* нарт бүрэн шилжүүлж тооцоо нийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 30,411,663 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 11,388,337 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,          60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 310,008 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар уг хэргийн хамгийн чухал ач холбогдол бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бие даан гүйцэтгэсэн өмгөөлөгч *******ыг гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр хариуцагчийн хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн, мөн хуулийн 37 дугаар зүйл, 40 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн, мөн нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй атал зөвхөн хариуцагчийн нотлох баримтыг дутуу үнэлж мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчиж хэт нэг талыг барьж хэргийг шийдсэн.

******* нь өмгөөлөх эрхгүй бөгөөд шүүхийн маргаан бүхий хэрэгт оролцохдоо өөр өмгөөлөгчөөр дамжуулан хэргийг шийдвэрлүүлдэг, өөрөө бусдаас өмгөөлөгчийн нэрийн өмнөөс өндөр дүн бүхий гэрээ хийж, гэрээний давуу байдлаа өөрөө ашиглаж,  хэргийг шийдвэрлүүлж оролцсон өмгөөлөгч нартаа маш бага мөнгө дамжуулан өгдөг, хуульч нэртэй боловч бусдыг айлган сүрдүүлж дарамталдаг зэрэг зохисгүй үйлдлүүд хийдэг. Энэ бүхний үнэн дүрийг мэдсэн өмгөөлөгч *******ын эрх ашиг хөндөгдсөн бөгөөд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүх хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.  Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх гуравдагч этгээдийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна. Учир нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний талууд нь ******* болон ******* нар бөгөөд арбитрын маргаанд хариуцагч талаас н.Ганбаатар гэх төлөөлөгч оролцсон. Энэ хэрэгт оролцсон хүн бүрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зөвхөн гэрээ хэн хэний хооронд хийгдсэн тухайн хүмүүст л хамааралтай буюу ******* болон ******* нарын хоорондох асуудлыг шийдэж байгаа болохоос хэрэгт оролцсон бусад хүмүүст хамааралгүй. ******* нь үлдэгдэл төлбөрийг *******т өгсөн гэж тайлбарладаг атлаа сүүлд гаргаж өгсөн харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримт дээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийн 10 хувийг ******* татварт суутгаж авна гэж бичсэн бөгөөд энэ үндэслэлээр тухайн мөнгийг өгөхгүй байгаа. Гэтэл гэрээнд энэ талаар тохирсон ямар нэгэн зүйлийг огт яриагүй тул гэрээний үнийн дүнгээр төлөх ёстой. Мөн ******* гэх хүнд мөнгийг өгсөн эсэх нь эргэлзээтэй. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 41,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “арбитрын хэргийг шийдвэрлэхэд хууль зүйн туслалцаа үзүүлсэн бөгөөд төлбөрийн үлдэгдэл 41,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

            1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “арбитрын хэрэгт өмгөөлөгч *******, ******* нар нь хамтран ажиллаж, хэргийг амжилттай шийдвэрлэж дууссан бөгөөд тухайн хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийн үлдэгдлийг өмгөөлөгч *******т бүрэн шилжүүлж дууссан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

            3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-гээр *******-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн авто замын газарт холбогдох маргаанд арбитр болон шүүхийн бүх шатанд *******-ийн эрхийг хамгаалж оролцох, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгийн 30 хувийг Б талд буюу *******т төлөх ба урьдчилгаанд 15,000,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /хх4-5/

 

            3.1. Талууд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-аар тус гэрээний 4 дүгээр зүйлд заасан төлбөр болох 307,877,056 төгрөгийн үлдэгдлийг нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* нь 212,877,056 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг *******т төлөх үлдэгдэлтэй болохыг харилцан тохиролцож, гарын үсэг зурсан байна. /хх6/

           

            3.2. Мөн хэрэгт хариуцагч ******* болон өмгөөлөгч ******* нар дээрх 212,877,056 төгрөгийн тооцоог нийлж үлдэгдэл 30,411,663 төгрөгийг өмгөөлөгч *******т өгч тооцоо дууссан тухай “харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээ” гэх нэртэй баримт, Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаартай *******-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газарт холбогдох хэргийн шийдвэр, өмгөөлөгч *******ын *******-д хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/08-1 дугаартай “...хууль зүйн  туслалцаа үзүүлэх гэрээг ******* нь намайг төлөөлөн танай компанитай намайг төлөөлөн тухай бүр байгуулж байсан,...ажлын үлдэгдэл төлбөрийг зохих ёсоор барагдуулсанд тооцон, талууд тооцоо нийлж Арбитрын хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг дуусгавар болгосон” гэсэн албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна./хх20, 22-28, 51-52/

 

            4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өмгөөлөгч *******ыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан байх боловч шүүхээс уг хүсэлтийг огт шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна./хх35/

 

5. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Арбитрын маргаанд өмгөөлөгчөөр ******* оролцож, 2024 оны 07 дугаар сард үлдэгдэл 30,000,000 төгрөгийг *******т өгсөн тул гуравдагч этгээдээр *******ыг оролцуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШЗ2024/22105 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт нийцээгүй байна. /хх62, 91,97/

           

6. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,008 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

                                   ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

   Ц.АЛТАНЦЭЦЭГ