Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 199

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч О.Э,

Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н овогт Ч.Тод холбогдох эрүүгийн 1818009390012 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н овогт Ч.Т /РД: /, Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр нь шүүгдэгч Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Их сургуулийн гудамжны 6-1-50 тоотод “архи уулаа” гэх шалтгаанаар хамтран амьдрагч О.Эыг хутга ирлэдэг төмрөөр зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, шуу, хонго, шилбэ, зүүн бугалганы цус хуралт, баруун далны орчмын зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн О.Эын өмсөж байсан 2 ширхэг даашинз, 1 ширхэг ноосон цамц, 1 ширхэг хөхний даруулга, хавар намрын гутал 1 хос зэргийг хутгаар зүсэж урсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.Тын өгсөн: Бид 2 хамт амьдраад 2 жил болж байна. Тэр өдөр хохирогч архи ууж ирээд унтахгүй байсан болохоор нь хэд цохисон. Хувцасны 160.000 төгрөгийг төлнө. Харин эмчилгээний зардал гэдэг нь ойлгомжгүй байна гэх мэдүүлэг,

Хохирогч О.Эын өгсөн: Манай ажлын газрын хүүхдийн төрсөн өдөр болоод шар айраг уучхаад гэртээ харьсан. Тэгтэл Ч.Т нь миний дотуур хувцаснаас бусад бүх хувцсыг тайлж байгаад хутга ирлэдэг төмрөөр намайг зодсон. Дараа нь миний хувцсыг хутгаар урж тастаж хаясан. Би хувцасны мөнгө 160.000 төгрөг, эмчилгээний зардал 125.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Насанд хүрээгүй гэрч Б.Үын өгсөн: ...ээж гаднаас архи үнэртүүлээд орж ирэхэд Ч.Т нь ээж рүү нэг зүйл шидсэн, юу шидсэнийг би мэдэхгүй. Дараа нь Ч.Т нь ээжийг орон дээр хэвтүүлж байгаад хутга ирлэдэг төмрөөр зодсон. Би болиоч гэж хэлэхэд Ч.Т нь “чамд ямар хамаатай юм бэ?” гээд ээжийг зодоод байсан. Би гадагшаа гараад цагдаа дуудах гэсэн боловч Ч.Т нь “гарах юм бол ална шүү чамайг” гэж сүрдүүлсэн. Ээж Ч.Тод зодуулж байхдаа орилоод байсан чинь “дуугүй бол” гээд зодоод байсан. Тэгээд ээж дуугүй болсон чинь Ч.Т нь зодохоо больсон. Ч.Т нь ээжийг зодсоны дараа ээжийн хувцаснуудыг хутгаар ураад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Шүүгдэгч Ч.Тын гэрчээр өгсөн: ...О.Э шөнө 1 цагийн орчимд архи уучихсан согтуу ирэхээр нь “чи архи уугаад энэ орой болтол хаагуур явж байгаад ирж байгаа юм?” гэж хэлэхэд О.Э нь “чамд ямар хамаатай юм бэ? Чиний мөнгөөр ууж байгаа биш” гэх мэтээр агсам тавьсан. Тэгэхээр нь би унтаач гээд ор луу түлхэж унагаахад О.Э нь орилж чарлаад гарч явах гээд байсан. Тэгэхээр нь би О.Эын 2 гарын булчин руу нь гараараа 4-5 удаа цохиход О.Э нь “ерөөсөө өвдөхгүй байна” гэж хэлэхээр нь би хутга ирлэдэг төмрөөр О.Эын гарын шуу, өгзөг рүү нь 4-5 удаа цохисон. Тэгээд хувцас, гутлыг нь хутгаар ураад тавьчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

О.Эын 2 гарын бугалга, баруун шуу, баруун өгзөг, гуя хөхөрч хавдсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 14/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай “О.Эын биед баруун бугалга, шуу, хонго, шилбэ, зүүн бугалганы цус хуралт, баруун далны орчмын зулгаралт, тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. О.Эын биед илэрсэн дээрх гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “иргэн О.Эын хэрэглэж байсан даашинз 2 ширхэг, ноосон цамц 1 ширхэг, хөхний даруулга 1ширхэг, хавар намрын гутал 1 хос зэрэг нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Т, хохирогч О.Э нар нь хамтран амьдардаг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч Б.Ү нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж, бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох бөгөөд Ч.Тын “архи уулаа” гэх шалтгаанаар хамтран амьдрагч О.Эыг хутга ирлэдэг төмрөөр цохисон, өмсөж байсан хувцсыг нь хутгаар зүсэн урж өмсөх боломжгүй болгосон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Тын хутга ирлэдэг төмрөөр цохисон үйлдлийн улмаас хохирогч О.Эын эрүүл мэндэд баруун бугалга, шуу, хонго, шилбэ, зүүн бугалганы цус хуралт, баруун далны орчмын зулгаралт, тархи доргилт бүхий учирсан, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх тул Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Эын биед хөнгөн хохирол, эд материалд 160.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс хувцасны зардалд 160.000 төгрөг, эмчилгээний зардалд 125.000 төгрөг, нийт 285.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эрүүл мэнд..., ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Гэвч хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Ч.Тоос хувцасны үнэ 160.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол 125.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, хохирогчид 160.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нар 160.000 төгрөг хүлээлцсэн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ч.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгч нь торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү. Торгох ялыг ойрын хугацаанд бүрэн төлөх боломжтой гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Ч.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 17 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 225.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдлэх ялыг 345.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Т нь торгох ялыг бүрэн төлөх боломжтой гэх бөгөөд шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Тыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тын цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас 255.000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 345.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн 125.000 /нэг зуун хорих таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Тод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР